Манай сурвалжлагч С.ТУУЛ Нью-Йорк хотоос мэдээлж байна
НҮБ үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан өндөр түвшний, хүндэтгэлийн чуулганы нээлт өчигдөр Нью-Йорк хотод боллоо. Эл нээлтийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцов. Нийт 154 улсын төр, засгийн тэргүүн энд хүрэлцэн иржээ. Жил бүр болдог НҮБ-ын Ерөнхий ассамблейн уулзалтаас энэ удаагийн чуулган юугаараа онцлог вэ. 80 жилийн ойгоороо тус байгууллага үүссэн анхны зорилгоо биелүүлсэн, эсэх, цаашид ямар статустай оршин тогтнох, хэрхэн өөрчлөгдөх, үүнд тулгарч буй санхүүгийн бэрхшээлээс эхлээд анхааран хэлэлцэх зүйл олон байгаа юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа улс орнуудад энх тайван тогтоох, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор НҮБ-ыг байгуулж байв. Харин цаашид дэлхийд НҮБ хэрэгтэй юү. Ийм эргэлзээ, асуулт гарах болжээ.
Америк улс тэдэнд төлөх татвараа багасгана хэмээн Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдсэн. Энэ мэт тодорхой шалтгаанаас үүдэн уг байгууллага төсвөө 30 хүртэл хувиар танахад хүрч, тэр хэрээр энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах, хүний эрхийн зөрчлийн эсрэг авах арга хэмжээний төсөл, арга хэмжээнүүдийн санхүүжилт буурахад хүрээд буй юм. Энэ бүх сорилтыг хэрхэн давах туулах, НҮБ-ын алдаа, оноо юу байв, хэрхэн сайжруулах вэ гэдгийг энэ өдрүүдэд Нью-Йорк хотод хэлэлцэж байна. Тэд ойн баяр тэмдэглэх гэж цуглаагүй. Бас “Энэ бол НҮБ хэмээх нэг байгууллагын ой биш, энх тайван, дайн хоёрын дунд оршиж буй ч энх тайвныг сонгосон хүмүүсийн түүх юм” хэмээн тодотгож байлаа. Мөн Ерөнхий ассамблейн энэ жилийн чуулган болон ерөнхий санал шүүмжлэлийг “Хамтдаа хүчтэй 80 жил: Энх тайван, хөгжил, дэвшил, хүний эрхийн төлөөх илүү сайхан ирээдүй” сэдвээр зохион байгуулж буй юм. НҮБ-ыг анх байгуулсан үзэл санааг сэргээж, олон талт, дипломат хамтын ажиллагаанд суурилж шийдвэрээ гаргаснаар дэлхийн энх тайван байдлыг хангана гэж оролцогчид үзэж буй юм. Тэд НҮБ-ыг илүү сайжруулах, дутууг нь нөхөх ёстой гэдэгт санал нэгдэж байв. Ерөнхий ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхийлөгч Аннеллана Беарок ч илтгэлдээ энэ талаар онцолсон. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өнгөрсөн гуравдугаар сард “НҮБ 80” санаачилга дэвшүүлж буйгаа мэдэгдсэн билээ. Улмаар НҮБ-ын системийг хамарсан Ажлын хэсэг байгуулж, тэд байгууллагын үр ашгийг нэмэгдүүлж, зардлыг бууруулах, мандатын хэрэгжилтийг хангах, бүтцийн өөрчлөлт хийх үндсэн гурван чиглэлээр ажиллаж буй аж.
Манай улс 1961 онд НҮБ-д элссэнээс хойш Ерөнхий ассамблейн ээлжит болон тусгай чуулган, дээд, өндөр түвшний уулзалт, хурал, арга хэмжээнд төр, засгийн тэргүүний түвшинд тогтмол идэвхтэй оролцож, хувь нэмрээ оруулж ирсэн. Мөн 1991 оноос хойш Ерөнхийлөгчийн түвшинд оролцож буй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдөр дээрх Хүндэтгэлийн чуулганы нээлтэд оролцохоос гадна Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милавтович, Индонез Улсын Ерөнхийлөгч Прабово Субианто нартай уулзсан юм.
Тэгвэл өнөөдөр Ерөнхий ассамблейн 80 дугаар чуулган албан ёсоор эхэлнэ. Уг чуулганы ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд Төрийн тэргүүн оролцож, олон улсын харилцаан дахь тулгамдсан асуудлаар Монгол Улс ямар байр суурь баримталж байгаа талаар хүргэхээр төлөвлөжээ.
Олон улсын харилцаа судлаачид НҮБ-ын шинэчлэл, цаашдын статус, Монгол Улсын гадаад бодлогын талаар өөр өөрийн байр суурийг илэрхийлж буй юм. Тухайлбал, судлаач Д.Баярхүү “НҮБ-ыг орлуулах олон улсын Засгийн газар хоорондын байгууллага бий болгох магадлал алга. Тиймээс уг байгууллагын үйл ажиллагааг илүү сайжруулах, хүчтэй болгох, тогтоол шийдвэр нь хэрэгждэг байх оновчтой механизмыг олох тухай одоо ярьж байна. НҮБ-ын санхүүжилт хүндэрч байгаа. АНУ жилд 500 сая ам.долларын татвар төлдөг, үүнийгээ бууруулах, үр дүнгээ үзэх талаар ярьж байна. Гэхдээ шууд санхүүжилтээ хасахгүй болов уу. Санхүүжилтгүйгээр тус байгууллага ажиллахад хүнд учраас оролцогчид үүнийг хэрхэн шийдэх талаар бас хэлэлцэж байна” гэв. Судлаач П.Мягмардорж “Дэлхий хоёр том эвсэлд хуваагдаж, олон туйл үүсэж байна. Гэвч манай улс үүнд хуваагдалгүйгээр олон туйлт биш, олон тулгуурт, тэнцвэртэй бодлого баримталдаг. Ерөнхийлөгч Ерөнхий ассамблейн чуулганд биечлэн оролцож буй нь үүний нэг баталгаа юм” гэлээ.
Сонирхуулахад, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 80 дугаар чуулганыг 190 орчим орны сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынхан сурвалжилж байна.