-Эмч, багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхгүй бол ажил хаяна-
Цалингаа нэмүүлэхийг шаардсан багш нарын жагсаалд эмч нар нэгдлээ. Тэд ч мөн цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж, үгүй бол ажил хаяна гэдгээ илэрхийлж байна. Тодруулбал, эмч, ажилтнуудын үндсэн цалинг нэмэхийг шаардсан “Эрүүл мэндийн салбарын зөв шинэчлэлийн төлөө” уриатай жагсаал, цуглаан Сүхбаатарын талбайд өчигдөр 10.30-15.00 цагт болов. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос уг жагсаалыг зохион байгуулсан бөгөөд өрх, сум, аймаг, дүүрэг, улсын төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн эмч, ажилтнууд нэгдсэн юм. Нийслэл төдийгүй 21 аймаг, сумдад энэхүү жагсаал зэрэг болжээ.
“Хийсэн хөдөлмөртөө тохирсон цалин авмаар байна”, “Гүйцэтгэлээр санхүүжих тогтолцоог шинэчил”, “Шөнийн ээлжийн мөнгийг хуулийн дагуу олго”, “Хүний нөөцийн хомсдолыг арилга” гэх мэт уриа, лоозон барьсан, нэг удаагийн цэнхэр халад өмссөн эмч нар талбайд ирсэн байв.
Цалингаа 1000 ам.долларт хүргэхийг шаардсан багш нар өнгөрсөн сарын 25- нд төв талбайд жагссан. Гэвч үр дүнд хүрээгүй тул дахин жагсаж, өнгөрсөн долоо хоногоос 11.00-15.00 цагийн хооронд цуглах болжээ. Тодруулбал, Төрийн ордны өмнө хэсэгт багш нар Д.Сүхбаатарын хөшөөний урд эмч нар жагсав. Эмчийн цалин амьдралд хүрэлцэхгүй, хоёр ажил хийгээд ч хоосон хонохдоо тулсан гэдгээ эмч нар нуусангүй. Тэд цалингийн хэмжээг 3.5 саяд хүргэхгүй бол ажил хаяхаа мэдэгдсэн юм. Багш нар ч мөн энэ сарын 15-нд улс орон даяар ажил хаяхаа мэдэгдээд буй.
Жагсаалд оролцож байгаа эмч нараас байр суурийг нь сонслоо. Арьсны өвчин судлалын үндэсний төвийн эмч У.Саруул “Сард гурван удаа шөнийн ээлжид хонож байж бага зэрэг нэмэгдэл авдаг. Ингэж ажилласнаараа бид эрүүл мэндээ золиосолж байна. Ямар нэгэн эрсдэл гарч, хүний амь эндвэл хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Зүтгэж зүтгэж сардаа 2.6 сая төгрөгийн цалин авдаг. Үүнийг Эрүүл мэндийн сайд эмч нарын дундаж цалин мэтээр иргэдэд ойлгуулж байна” гэв. Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Ж.Болдбаатар “Эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлыг шийдүүлэхийн тулд Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгээ төлөөлөн бид 10-лаа ирлээ. Гүйцэтгэлийн санхүүжилтийг нэвтрүүлснээс хойш эмнэлгийн төсөв доголдолж эхэлсэн. Ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрээд байна. Орон нутгийн эмч, ажилтнууд 1.1-1.6 сая орчим төгрөгийн цалин авдаг. Амьдрал, ахуйгаа залгуулахын тулд өрнөөс өрний хооронд амьдарч байна. Манай эмнэлэг II шатлалынх. Аймгийн хэмжээнд 20, Хэнтий, Дундговь, Төв, Дорноговь аймгаас шилжин суурьшигчид нийлээд 30 гаруй мянган хүнд тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Авто осолд өртсөн иргэд олноороо ирдэг. Ослын газарт 7-10 хүний бүрэлдэхүүнтэй баг очиж тусламж, үйлчилгээ үзүүлдэг юм. Энэ бүхэнд хүний нөөц, эм, тариа, санхүү хүндрэлтэй байдаг. Манай эмнэлэг өмнөх сарын үр дүнгийн урамшуулал олгоогүй, ирэх сарын цалин тавих төсөвгүй байна. Энэ байдлаараа арванхоёрдугаар сард цалин олгохгүй бололтой” гэлээ. Харин Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн арга зүйч Г.Мягмарсүрэн эмч нар дэлхийн хэмжээний цалин хүсээгүй, ядаж, хөгжиж буй орны жишигт хүргэх хэрэгтэйг сануулав. Тэрбээр “Хөгжиж буй орнуудын эмч, сувилагчдын цалин биднийхээс өндөр. Ядаж цалингаа 1000 ам.долларт хүргэмээр байна. Эмч мэргэжил эзэмшихийн тулд зургаан жил, ахиад ерөнхий мэргэшил гээд 7-9 жил сурч байна. Энэ хугацаанд тухайн хүн амьдралаа өөд нь татаж чадах уу. Тухтай амьдрах байр, унах машинтай болохыг хүснэ биз дээ. Би эрүүл мэндийн салбарт 20 жил ажиллалаа. Эмнэлгийн ажилчдад олгодог цалингийн зээл урьд нь 1.1-.1.2 хувийн хүүтэй байсан. Гэтэл хэд хоногийн өмнө зээл авахад 1.45-1.7 хувь болж өсжээ. Цалингийн зээлийн хүүг ингэж нэмсэн нь төр, засагтай холбоотой. Бид өнөөдөр аргагүйн эрхэнд ажлаа хаяад ирж байна. Хэн ч бидний ажлыг хийхгүй шүү дээ” гэв. Мөн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч П.Баасансүрэн “Эмч, сувилагч, асрагч, үйлчлэгч гээд эмнэлгийн ажилтнуудын ар талд өчнөөн хүн амьдарч байгаа. Ар гэртээ санаа зовохгүй ажлаа хийх нөхцөлөөр хангаж өгөөч. 1.5 сая төгрөгийн үндсэн цалинтай эмч нар яаж амьдрах юм. Жижүүрт хонож, нойр, хоолгүй ажиллаж байж илүү цагийн нэмэгдэл авдаг. Гэтэл илүү цагийн нэмэгдлийг ч хангалттай тооцож, олгодоггүй. Эрүүл мэндийн даатгалын сангаас гүйцэтгэлийн санхүүжилтийг хасчихсан. Маш хүнд байдалтай байгаа. Жагсахаас өөр алга арга. Цаашид цалин нэмэхгүй бол тэмцлээ үргэлжлүүлнэ” гэв.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайзан дээр гарч “Эмч нарын цалинг нэмэх асуудлаар Ерөнхий сайдтай уулзана” хэмээсэн ч эмч, ажилтнууд түүнийг тай¬зан дээрээс буухыг шаардаж, шийдэл ярихыг хүссэн юм.
ЭМЧ НАРЫН ЦАЛИН НЭМЭХ АСУУДЛЫГ СУДЛУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГДЭВ
Эмч нарын төлөөллийг Ерөнхий сайд Г.Занданшатар хүлээн авч уулзав. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн дарга Ч.Нарантуяа Ерөнхий сай¬дад тавьж буй шаардлагадаа гурван асуудал хөндсөнөө хэллээ. Үүнд салбарын ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэн нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг ДНБ-ий зургаан хувьд хүргэх, эмнэлгүүдийн урсгал зардал болон эмч, ажилтнуудын ажлын иж бүрэн хувцасны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхийг дурджээ.
Цалин бага, хүний нөөц дутагдалтай учраас эмч, сувилагч нар ачаалал ихтэй, илүү цагаар ажиллаж байна. Эмнэлгүүд эмийн өртэй, эм тариагаа авч чадахгүй байгаагаас иргэд эрүүл мэндээрээ хохирох эрсдэлд орлоо. Гүйцэтгэлийн санхүүжилт алдагдсан. Тэтгэвэрт гарсан эмч, ажилтнууд 36 сарын тэтгэмжээ авч чадахгүй байна. Тэтгэмжийг хоёр хувааж олгохыг эсэргүүцэж буйгаа ахмад эмч, ажилтнууд илэрхийлсэн. Орон нутагт ажиллаж, амьдрах орчин тааруу учир залуу эмч, мэргэжилтнүүд очихгүй байна. Эрүүл мэндийн салбарт ажиллагчдын цалин банкны зээлийн шаардлага хангадаггүй зэрэг асуудлыг тэд хөндсөн юм.
Үүний хариуд Ерөнхий сайд Г.Занданшатар эрүүл мэндийн салбарын зөв шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаа илэрхийлээд хамтарсан ажлын хэсэг байгуулав. Цалин нэмэх асуудлаар Сангийн яамны төлөөлөл ажлын хэсэгт орж, бодит боломжийг ярилцан, гарц, шийдэл хайхыг үүрэг болголоо.
Ч.Болор