Газрын тухай хууль хэрэгжиж, иргэдэд 0.07 га газар үнэ төлбөргүй олгож эхэлснээс хойш олон хүн газраа өмчлөн авч үл хөдлөх хөрөнгөтэй болон эдийн засгийн эргэлтэд оруулж буй билээ. Гэвч нийслэлийн иргэдийн олонх нь газар өмчилж авч чадаагүй. Зарим нь хүсэлт огт гаргаагүй бол нэг хэсэг нь цахим газар олголт нэрээр хотоос зайдуу дэд бүтэц хүрээгүй хэсэгт өмчлөх эрх эзэмших болсон. Гэвч тэндээ хашаа хатгасан нь нэн цөөн. Улаанбаатарын иргэдийн нэг хэсэг нь хотын төвөөс зайдуу цэвэр агаартай, уул, ус, мод, горхи булагтай газарт зуслангийн байшинтай болж, тэр хэсэгтээ хашаа барьж, эзэмшиж ашиглаж буй. Түүнийгээ хувьчилж авсан нь ч бий. Хашааны газраа авч үл хөдлөх хөрөнгөтэй болох гэсэн зарим хүн нийслэлийн болон дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албаныхны хүнд суртал, иргэдийг удаа дараа чирэгдүүлдгээс залхан газар өмчлөх эрхээ ч эдэлж чадахгүй мухардаж суугаа.
Уг нь иргэдийг өмчтэй болгоход зөвлөн чиглүүлж, туслах ёстой хүмүүс бол Газар зохион байгуулалтын албаныхан. Харамсалтай нь, тэд мэдээлэлд ойр эрх мэдлээ ашиглаж, боломжтой газруудыг нь өөрсдийн болон хамаарал бүхий этгээд, найз нөхдөдөө өгдөг. Эсвэл хахууль аваад хэн нэгэнд давуу байдал олгочихдог. Тиймдээ ч авлигатай нэр холбогддогоороо гааль, татварынхны араас газрын албаныхан жагсдаг билээ. Газрын албаны олон ч хүн хээл хахуулийн хэрэгт холбогдон шалгуулж, шүүхээс ял шийтгүүлсэн. Тухайлбал, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргаар ажиллаж байсан нэгэн бусдад буюу ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан, нэг намын нөхөр болох О.Магнайд давуу байдал олгосныг нь анхан шатны шүүх тогтоож ял шийтгээд буй. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны удирдах албан тушаалтан нь хятадуудад их хэмжээний газар олгосныхоо хариуд хахууль авсан үйлдэл дээрээ баригдаж эрүүгийн хариуцлага хү лээж байв. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эрх бүхий албан тушаалтан нь газар өмчлүүлэх шийдвэр гаргуулсныхаа хариуд иргэдээс эхнэрийнхээ дансаар дамжуулан хахууль авч байсныг шүүх тогтоож, ял оноосон. Орон нутагт ч ялгаагүй Засаг дарга, газрын даамал нь бусдад давуу байдал олгох явдал гарсаар. Жишээ нь, Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргаар ажиллаж байсан эмэгтэй газрын даамалтайгаа нийлж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй, ИТХ-аар ч шийдвэрлээгүй байхад хэлэлцсэн мэтээр хуурамч баримт бүрдүүлж, “Гацуурт” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Хөдөлмөрийн баатар Л.Чинбатад их хэмжээний газар олгосныг шүүх тогтоосон. Энэ мэтээр жагсаавал олон хүний нэр хөвөрнө.
Одоо ч цөөнгүй хүн шалгуулсаар л байгаа. Газрын албаныхны хэрэгжүүлдэг элдэв дүрэм, журам, шийдвэр нь авлигын эрсдэл үүсгээд байхад огтхон ч хайхрахгүй өнөөг хүрэв. Өөрөөр хэлбэл, газар өмчлүүлэх, эзэмшүүлэх эрхийн мэдээллийг нээлттэй өгдөггүй, хэний хүсэлт хаана, хэрхэж байгаа талаар иргэдэд танилцуулдаггүйн цаана Газар зохион байгуулалтын албаныхны авлига, ашиг сонирхол нуугдаж, танил тал, хамаарал бүхий хүмүүстээ үйлчлэх нөхцөлийг бүрдүүлж буй билээ.
ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛЬ АЛБАНД АВЛИГЫН ЭРСДЭЛ ӨНДӨР ВЭ
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны харьяа төвийн дүүргүүдийн эл албаныхан дундаас авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон хүмүүс ихэвчлэн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийнхэн байдаг. Учир нь тус хоёр дүүрэгт олгох газрын нөөц байдаг болохоор албан тушаалаа урвуулж, халаасандаа хэдэн төгрөгтэй болох гэсэн ажилтнууд нь үүнийг овжин ашигладаг гэхэд хилсдэхгүй. Жишээ дурдъя л даа. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын I албаны газар зохион байгуулагчаар ажиллаж байсан Ц.Отгонбямба гэх хүн иргэн Г.Нямбаярын тавьсан саналын дагуу 20 айлын газрыг нэг байршлыг нь гурван сая төгрөгөөр захирамжийг гаргуулна хэмээн урьдчилан тохиролцож, тус дүүргийн Газар зохион байгуулалтын II дугаар албаны газар зохион байгуулагч О.Сайнбаяртай хамтран Арцатын аманд газар олгохын тулд хахууль өгөхийг шаардсан хэрэгт холбогдон АТГ-т шалгуулж байв. Тэгвэл эл хэрэгт холбогдсон О.Сайнбаяр нь ЦОБА ХХК-ийнхнаас хахууль авсан хэрэгтээ ял шийтгүүлсэн билээ. Тодруулбал, “Хадат вилла” төслөө хэрэгжүүлэхийн тулд иргэдээс худалдан авсан газраа тус компанийн захирал Ц.Баасандоржийн эхнэр Ж.Галмандахын нэр дээр бүртгүүлж, 15 жилийн хугацаатай газар эзэмших гэрчилгээ гаргуулан авсан байдаг. Уг гэрчилгээг авахын тулд ЦОБА ХХК-ийн лиценз менежер гэх албан тушаал хашдаг М.Батбаяр нь 2023 оны нэг болон гуравдугаар сард хоёр ч удаа О.Сайнбаярт хахууль өгснийг шүүх тогтоосон юм.
Мөн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын II албаны газар зохион байгуулагч О.Хадбаатар нь тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Гүнжийн хоолойн ам гэх газарт газар эзэмшихээр гаргасан таван хүний өргөдөл, материалыг хүлээн авч судалж, шийдвэр гаргуулахдаа хахууль авсан хэрэгт холбогдсон нь ч бий.
Эдгээрээс гадна Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ажилтан Г.Билэгсайхан найз нөхдийн харилцаатай Г.Буяндэлгэр гэх эмэгтэйгээс 1.5 сая төгрөгийн хахууль авч, газар олгох шийдвэр гаргуулсан хэрэгтээ хэд хоногийн өмнө ял авлаа. Шүүхээс Г.Билэгсайханы нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэв. Түүнд хахууль өгсөн хэрэгт холбогдсон Г.Буяндэлгэр нь хэдийгээр дээрх мөнгийг найзын хувьд зээлдүүлсэн гэж буй ч шүүхийн хэлэлцүүлэг, хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтаар энэ нь тогтоогдоогүй гэж үзэн, долоон сая төгрөгөөр торгох ял оноосон. Тэдний хахуульд өгч, авсан 1.5 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм.
ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ НЭР ДЭЭР ГАЗРАА ШИЛЖҮҮЛЭХИЙГ ЗӨВШӨӨРӨӨГҮЙ АТЛАА БУСДЫНХЫГ “ДЭЭРЭМДСЭН” НЬ Ч БИЙ
Сонгинохайрхан дүүргийн нутаг, Ар Гүнтэд зуслангийн газар эзэмшдэг нэгэн иргэн төрсөн хүүхдүүдийнхээ нэр дээр эрхээ шилжүү лэх хүсэлт 2019 оноос хойш хөөцөлдөөд шийдвэрлүүлж чадалгүй өнөөг хүрчээ. 2020-2021 онд цар тахлын жилүүд таарсан учраас идэвхтэй хөөцөлдөж чадалгүй өнгөрч. 2023 оноос идэвхтэй хөөцөлдөж эхлэхэд цахилгааны шугам татаж, үл хөдлөх хөрөнгө үүсгэсэн баримт, зөвшөөрлөө авчир гэсэн шаардлага тавьсан байна. Үүнийг нь ёсоор болгоод дахин очтол газрын хянан баталгааны зураг дахин хийлгэж ир гэж. Өмнө нь нэгэн байгууллагаар хийлгэхээр гэрээ байгуулсан ч мөнөөх “Ковид-19”-ийн хөл хорионоос болж зургаа авч чадаагүй гэнэ. Ингээд дахиад л тодорхой төлбөр төлж, хянан баталгааны зураг хийлгэв. Гэтэл газрын төлбөр, татвараа төлөөгүй байна, төлөөд ир гэж. Зүүн салаан дахь “Баянхошуу” дэд төвөөс Таван шарын уулзвар дахь Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст очиж төлөөд буцах гэсээр байтал бүтэн өдрийн ажил алдагдсан гэнэ. Ингээд дараа нь нөгөө бүрдүүлсэн бүх баримтаа аваад очтол Ар Гүнт хариуцсан даамал нь хянаж үзээд бүрдүүлсэн зарим баримт, бичгийг нь огт хэрэггүй гээд буцаагаад өгч. Улмаар нөгөө газрынх нь солбилцлыг мэдээллийн сандаа хийж үзээд “Ойн сангийн давхардалтай байна. 2019 оноос өмнө шилжүүлж болдог байсан. 2020 оноос хойш ийм газарт нэр шилжүүлэхгүй байгаа” гээд хэдэн жилийн хөөцөлдсөн ажлыг нь хөсөрдүүлчих нь тэр. Энэ нь эхэнд өгүүлсэнчлэн элдэв дүрэм, журам гэсэн халхавч дор иргэдийг хясан боогдуулж, хахууль авах нөхцөлийг бүрдүүлсэн юм биш биз гэсэн хардлага төрүүлэв.
Яагаад гэвэл Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны зохион байгуулагч Г.Мөнхбат нь эрх мэдлээ урвуулан ашиглаж, тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг, Ар Гүнтэд байрлах хоёр ч иргэний газрыг Энхбаяр гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, жинхэнэ эзэмшигч тухайн хоёр иргэн нь Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд ямар ч хүсэлт, өргөдөл гаргаагүй байхад дураараа авирлан, өөр хүний нэр дээр шилжүүлэн “дээрэмдчихсэн” нь тодорхой болж. Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд энэ хэргийг хэлэлцээд Г.Мөнхбатын хийсэн хууль бус үйлдлийн улмаас 4.6 сая төгрөгийн хохирол учирсан гэж үзэн уг мөнгийг түүнээс гаргуулж, улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн юм. Улмаар Г.Мөнхбатын нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна. Өдгөө хувьдаа нэгэн аж ахуйн нэгж байгуулан ажиллуулж буй түүнд 5.4 сая төгрөгөөр торгуулах нь эрүүгийн хариуцлага хүлээгээгүйтэй адил биз.
Энэ хоёр баримтаас үзэхэд нийслэлийн удирдлагаас, эсвэл Газар зохион байгуулалтын албанаас гаргасан ойн сан бүхий газарт нэр шилжүүлэхгүй гэх журам, дүрэм нь авлигын эрсдэл үүсгэсэн нь илэрхий байна.

ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ДЭЭР ГАЗАР ОЛГОСОН НЬ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ БИШ ГЭЖ ҮҮ
Баянгол дүүргийн хуучнаар 20, өдгөө 29 дүгээр хорооны нутагт нэгэн аж ахуйн нэгж өөрийн эзэмшиж буй газартаа оффис, үйлчилгээний барилга барихын тулд нийтийн эзэмшлийн орц, гарцыг хаахаар болжээ. Тухайн аж ахуйн нэгж нь эзэмшлийн талбайдаа өөрч лөлт оруулах хүсэлт нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан юм байна. Үүнийх нь дагуу 9622 ам метр талбай эзэмшиж байсныг нь нэмэгдүүлж, 10065 ам метр болгон 1681610154 нэгж талбарын дугаартай гэрчилгээ олгосон аж. Гэтэл эл газар нь Газрын кадастрын мэдээллийн санд бохир усны шугамын хамгаалалтын бүстэй давхацсан байгааг Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн ерөнхий газраас тогтоон нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд мэдэгджээ. Харамсалтай нь, тус албаныхан дээд газрынхаа албан тоотыг үл ойшоож, хууль зөрчин олгосон зөвшөөрлөө хүчингүй болгох арга хэмжээ авахгүй байгаа юм. Уг нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.8-д “Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд Усны тухай хуулийн 31.2.1-д зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд 17.8.4-т “Газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгох” хэмээн тусгажээ. Мөн хуулийн 8.1.6-д “Тухайн нутаг дэвсгэрт цэвэр, бохир усны шугам сүлжээний хамгаалалтын зурваст баригдсан барилга байгууламж, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, эдгээр зөрчлийг гаргуулахгүй байх арга хэмжээг авах” эрх нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад байхаар заасан. Хуулийн эдгээр заалтыг үндэслэн дээр дурдсан талбайг нэмэгдүүлж, инженерийн шугам сүлжээг давхцуулан олгосон зөвшөөрлөө хууль тогтоомжийн хү рээнд шийдвэрлэхийг Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн ерөнхий газраас нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд мэдэгдсэн юм билээ.
9622 ам метр талбайн хэмжээг нэмж, 10065 ам метр болгон олгохдоо Газрын тухай хуульд заасан 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүй, дуудлага худалдаа явуулаагүй нь нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны эрх мэдэлтнүүд мөн л авлигад өртөн бусдад давуу байдал бий болгосон юм биш биз гэсэн хардлага төрүүлэв. Газрын албаныхны албан тушаалаа урвуулдаг, бусдад давуу байдал олгодог, хясан боогдуулах замаар хээл хахууль авдаг явдал хууль хяналтын байгууллагынхны хараанаас мултрахгүй гэдгийг байнга санаж баймаар сан.
Д.Дайчин