Жишээ 1
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвөөр анх байгуулсан цагаас нь хойш үйлчлүүллээ. Жил ирэх тусам сайжирдаг байтал улам л дордоод байх юм. “Дээрээс сур” гэсэн гээд сэргээн засахын мэргэжилтнүүд нь ажлын цагаар яваад өгнө. Зарим өдөр ийм, тийм хуралтай гээд олдохгүй. Ажилдаа ялархсан хүмүүс л байна. Хүүхдэд өгч байгаа хоол нь шим тэжээл, порц багатай. Хөхөө өвлийн хүйтэнд хөдөөнөөс хүүхдээ дагуулаад олон хүн ирчихсэн байхад сургалтуудаа цаг тухайд нь чанартай ормоор байна. Нэг сургалт хагас цаг гэдэг ч 20 орчим минут л үргэлжилдэг. Амралтын өдрүүдэд ямар ч сургалт байхгүй учраас хүүхдүүд, эцэг, эх- чүүд дэмий л сэлгүүцэж өнгөрүүлдэг. Ямар цэцэрлэг биш дээ.
Жишээ 2
Би дөрвөн настай аутизмтай хүүгийнхээ хамт тус эмнэлэгт энэ сард 10 хоног хэвтсэн юм. Урьд нь 2022 онд хэвтэж, тусламж, үйлчилгээ авч байсан. Тухайн үед хэвтэн эмчлүүлэгсэд цөөн, эмч, ажилтнууд нь чин сэтгэлээсээ ханддаг байв. Харин энэ жил хэвтэхэд хэл, хөдөлгөөн, хөдөлмөр заслын зэрэг сургалтын чанар муудсан санагдлаа. Анх энд хэвтэхэд хүүг маань гурван нас хүрээгүй гээд хэл заслын эмчилгээнд хамруулаагүй юм. Иймээс энэ жил хэл заслын сургалтыг зорин зорин ирсэн ч хүүг маань уйлаад байна гээд багш нь сайн тулж ажиллаж чадаагүй. Эмнэлгээс гарахын даваан дээр хэл засалч “Хүү чинь авиа, үг хэлэхгүй байгаа учраас хэл заслын эмчилгээ үр дүнгүй. Эхний ээлжид танин мэдэхүйн сургалтууд чухал” гэсэн. Эхний өдрөө л ингэж хэлсэн бол цаг алдахгүйгээр эмчилгээгээ солиулах байсан. Мөн хөдөлмөр заслын сургалтад нэг танхимд олон хүүхэд, багш байдаг учраас үр дүн муутай. Нэг багш хагас цагт 2-3 хүүхэдтэй ажиллаж байна.
Жишээ 3
Хөдөлмөр заслын багш нар тухайн хүүхдийн хөгжлийн түвшин, ахицын талаар ямар ч тэмдэглэл хөтлөхгүйгээр олон хүүхдийг нэгэн зэрэг оруулаад хичээллэсэн болоод л гаргаж байсан. Өчигдөр юу хийснийг нь ч мэдэхгүй, нэг зүйлээ дахин дахин давтуулах жишээтэй. Зарим нь “Та өөрөө хийлгэчих” гэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйг нь заалгасан мэргэжилтнүүд эцэг, эхчүүдээс илүү л баймаар юм. Сурагчдын амралтаар хэвтэн эмчлүүлэгчид олон болчихдог, зарим үед нь хүнгүй шахуу. Үүнийг эмнэлгийн удирдлагууд зохицуулж, хуваарилж болно шүү дээ. Тийм зохион байгуулалт, сэтгэл дутсаны улмаас хөгжлийн бэрхшээлтэй олон хүүхэд өөрийн онцлогт тохирсон оновчтой, чанартай үйлчилгээ авч чадахгүй байна. Ер нь хөл, толгой нь олдохгүй бужигнасан газар болсон байна лээ. Хүүхдийн нас, хөгжлийн бэрхшээлийн онцлог харгалзахгүй, хольж оруулаад хэцүү санагдсан. Багш, ажилтнуудын харилцаа ч сайнгүй. Хүүхдийг өндөр дуугаар загнаж зандраад. Ийм хүүхдүүдтэй ингэж л харьцахгүй бол болохгүй гэх жишээний. “Ийм хүүхэд” гэж ямар хүүхдийг хэлээд байна вэ.
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд хэвтэн эмчлүүлсэн хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчдын төлөөлөл ийн ярьсан юм. Манай улсад хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг улсын болон хувийн эмнэлэг олон. Харин хүүхдэд зориулсан сэргээн засах төв цөөн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, үндэсний ганц байгууллага. Энэ төвийг 2019 онд БНХАУын Засгийн газраас 35 сая орчим ам.долларын буцалтгүй тусламжаар барьж өгсөн юм.
Тус төв нь хэдий хотын төвөөс алслагдсан ч барилгын зай талбай их, тав тухтай, орчин нөхцөл нь үнэхээр сайхан гэнэ. Гэвч энд иргэд тав тухыг эрэлхийлж бус, хүүхдэдээ зайлшгүй хэрэгтэй эмчилгээ, үйлчилгээг чанартай хүртэхийн тулд очдог. Өөрөөр хэлбэл, тулгуур эрхтний бэрхшээлтэй, тархины саа, саажилттай, даунтай, аутизмын хүрээний эмгэгтэй, хөдөлгөөн, хэл ярианы хоцрогдолтой гээд сэргээн засах тусламж, үйлчилгээ зайлшгүй шаардлагатай хүүхдүүдээ дагуулсан эцэг, эхчүүд, асран хамгаалагч нарын зорьдог газар. Хүүхдийнхээ чадварыг бага ч болтугай хөгжүүлэх юм сан, үг хэлдэггүй бол авиа ч болов гаргаасай, ганцаараа алхахгүй ч таяг тулаад яваасай, хүний нүд рүү харж, анхаарал нь тогтоосой, биеэ даах чадвартай болоосой хэмээн итгэл найдвар тээж, очдог. Гэтэл үндэсний хэмээх тодотголтой эл төвийн үйл ажиллагаа, багш нарын харилцаа хандлага, сургалт жилээс жилд муудаж буйг иргэд шүүмжлэн, сэтгэл гонсгор байх болсноо ч цахим орчинд илэрхийлж буй.
ЦАЛИН БАГА, АЧААЛАЛ ИХ ТУЛ ТОГТОЖ ҮЛДДЭГ НЬ ЦӨӨН
Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 0-18 насны 14 мянга гаруй хүүхэд бий гэх статистик байна. Жил ирэх бүр энэ тоо нэмэгдэх болсныг, ялангуяа аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэд олширч байгааг эрүүл мэндийн байгууллагынхан хэлдэг. Тухайлбал, аутизмын хүрээний эмгэгтэй 2395 хүүхэд бүртгэгдсэнийг Монголын аутизмын холбооны зөвлөх Л.Алтангэрэл хэлсэн. Гэхдээ энэ нь албан ёсны тоо биш бөгөөд үүнээс ч хэд дахин олон байхыг үгүйсгээгүй. Учир нь манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн бүртгэл, мэдээлэл бүрэн бус байдагтай холбоотой. Эдгээр хүүхэд нас, биед хүрээд хэрхэн ажиллаж, амьдрах вэ. Тэдний онцлогт нь тохируулсан эрүүл мэндийн болон боловсролын үйлчилгээ хамгийн чухал. Халамжийн биш, хөдөлмөр эрхлэх чадвартай иргэнтэй байх нь улсын бодлого, зорилт. Нэгэнт хөгжлийн бэрхшээлтэй нь тогтоогдсон хүүхдүүдийн тухайд сэргээн засах үйлчилгээ нэн шаардлагатай. Тэд нэг удаагийн эм тариагаар эдгэрэхгүй, харин урт хугацааны сэргээн засах тусламж, үйлчилгээний ачаар хөл дээрээ өндийж чадна. Ийм ч учраас олон улсад хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, сэргээн засах, хоёрдогч бэрхшээл үүсэхээс сэргийлэх, хамт олонд түшиглэн хөгжүүлэх, нийгмийн харил цаанд оролцоход нь дэмжлэг үзүүлэхийг сэргээн засах төвийн үүрэг гэж тодорхойлдог. “Сэргээн засах эмчилгээ нь энгийнээр бие махбодийг эрүүлжүүлэхээс гадна хувцсаа өмсөх, халбагаа барьж сурах зэргээр чадамжийг сайжруулдаг. Архаг өвчтэй хүүхдийг бүрэн эдгээх боломжгүй. Харин сэргээн засах эмчилгээгээр хүүхдийн өөртөө үйлчлэх чадамжийг сайжруулах, цаашид ажлын байранд гарахад нь тусалдаг” хэмээн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн нэгэн мэргэжилтэн тодотгосныг онцолъё.
Нэг ч гэсэн хүүхдийн амьдралын чанарыг нь дээшлүүлж, одоогийн байгаа түвшнээс нь ахиулахын төлөө чин сэтгэлээ зориулан ажилладаг хөдөлмөр, хөдөлгөөн, хэл засалчид энэ төвд мэдээж бий. Тэд хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй тулдаа л хотын төвөөс зайдуу энэ газарт өдөр бүр ирж ажилладаг биз. Үүнийг бататгах мэт хэвтэн эмчлүүлж буй зарим иргэн “Төвийн орчин тухтай, эмч, ажилтнууд нь ч туршлагатай” хэмээсэн. Харин хүүхдийн оронд бэхэлдэг ширээнүүд нь эвдэрчихсэн тул хооллох, хичээлийг нь хийлгэхэд хүндрэлтэй байсныг дуулгасан юм.
Манай улсад хөдөлмөр, хөдөлгөөн, ахуй, хэл засалч мэрэгжилтэн тун цөөн. Үнэндээ ийм мэргэжилтэн шаардлагатайг ч мэддэггүй, ойлгодоггүй байсан цаг саяхан. Харин сүүлийн үед нийгмийн хэрэгцээ, шаардлагын улмаас хэл, хөдөлмөр засалчаар хүүхдүүд сурах болжээ. Номыг нь үзсэн мэргэжилтнүүдийг хувийн байгууллагынхан өндөр цалингаар урвуулчихдаг гэмтэй. Улсын байгууллагууд цалин бага, ачаалал их тул тогтож үлддэг нь цөөн. Сэргээн засах энэ төвд ч мөн хуучин ажиллаж байсан туршлагатай хүмүүс нь буурь сэлгэжээ. Залуучуудын нуруун дээр яваа эл байгууллагын нэгэн эмч “Үнэхээр ядарч байна” хэмээн шуудхан хэлсэн. Тэрбээр “Хичээл сургууль амрахаар ачаалал эрс нэмэгддэг. Үүнийг байгууллагын удирдлага мэддэг байж урьдчилж зохицуулахгүй, нэг дор гэнэт олон хүүхэд авснаар сургалтын үр дүн муудсан” хэмээсэн.
ОНЦЛОГТОО ТОХИРСОН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙНА
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар ЭМДС-гаас 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Ийм хэмжээний тусламж, үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлсэн гэсэн үг. Харамсалтай нь, хүүхдүүд өөр өөрийн онцлогт тохирсон тусламж, үйлчилгээ авч, сэтгэл дүүрэн байж чадахгүй байна. Наад зах нь тус төвийн цайны газрыг тогтвортой ажиллуулж, сахиурууд халуун хоол, цайтай байх боломжоор хангах хэрэгтэй. Түрээслэгч нь өөрчлөгдсөн, санхүүжилт байхгүй зэрэг шалтгаанаар цайны газар нь байсхийгээд л хаалгаа барьчихдаг. Уг нь сахиурууд 10 мянган төгрөгийн тасалбараар хоол иддэг байж. Харин энэ сарын дундуур цайны газрыг ажиллуулж, хоолны үнийг гурван мянган төгрөгөөр нэмжээ. Сахиурт хоол өгдөггүйг нь мэдээгүй ирсэн асран хамгаалагч нар эхний хэд хоногтоо мацаг барих нь холгүй байдаг гэнэ. Туршлагатай хүмүүс бол талх, боов боорцог, амархан муудахгүй хүнс ахиухан авч раад эмнэлгийнхээ гал тогооны хөргөгчинд хадгалдчихдаг аж. Хөдөөнөөс ирсэн, хотод танил талгүй хүмүүс л хэцүүдэх нь. Гэвч тэд “Амралтын газар ирсэн биш, хүүхэд минь л сайжирч байвал болно доо” гүрийсээр. Өвчтэй хүүхдээ сахиж буй аав, ээж, ах, эгч, эмээ, өвөөд нь халуун хоолоор үйлчлэх нь хүн ёсны хэрэг баймаар.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн үүрэгт ажлаа авсан даруйдаа халаа сэлгээ хийж, цөөнгүй эмнэлгийн даргыг өөрчлөн, багагүй будилаан хутгасан. Үүний хоморгод Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийнхөн ч өртсөн. Тус төвийн дарга Г.Ууганцэцэгийг ажлаас нь чөлөөлж, СЭМҮТ-ийн удирдлагаар томилсон. Харин Г.Ууганцэцэгийн оронд Б.Хандсүрэнг өнгөрсөн оны наймдугаар сард томилсон билээ. Ажлаа аваад удаагүй байгаа дарга бүсгүй одоогоор тус төвд ямар ажил хийсэн нь тодорхойгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв цэцэрлэг биш гэдгийг шинэхэн дарга нь анхааралдаа авна уу. Цаашлаад салбарын яам болох ГБХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын удирдлага олон хүүхэд, тэдний гэр бү лийн илтгэл найдвар болсон тус төвийн үйл ажиллагааг илүү сайжруулж, бэлтгэгдсэн туршлагатай мэргэжилтнүүдээ авч үлдэхэд анхаарахгүй бол дэлхийн жишигт хүрсэн эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ үзүүлэх зорилгоо биелүүлэх нь бүү хэл, үйлчлүүлэгчгүй үлдэх вий. Бусдын барьж байгуулж өгсөн барилгыг “амьтай” байлгах сэтгэл, зүтгэл бий гэж найдъя.