
“Агсал хулай” төвийн захирал Н.Бурмаатай онлайнаар ярилцлаа. Хархан багаасаа бий биелж, тав дахь үеийн өв тээгч хэмээх эрхэм алдрыг хүртсэн тэрбээр өдгөө Япон Улсад сурч, ажиллахын сацуу монголчуудын өнө эртний соёл, нандин өвийг бусдад заан сурталчилж яваа нэгэн. Тэрбээр шавь нарынхаа хамт жил бүр тайлан тоглолт зохион байгуулж иржээ. Дэгжин шаавай бүжигчин энэ удаа өөрийн бие даасан “Саран дэг” тоглолтоо гурав хоногийн дараа толилуулах гэж буйг дуулгахад таатай байна.
-Японд нэлээд хэдэн жил боллоо. Та олон нийтийн газар бүжиглэж, язгуур урлагаа сурталчилж яваа харагддаг. Энэ талаар ярихгүй юу?
-Япон Улсад ажиллаж, амьдраад гурван жил болж байна. Японы уламжлалт баяр ёслолд оролцох үедээ эсвэл байгалийн сайханд очоод бүжиглэх дуртай. Гол нь хүмүүс, нутгийнхан маш дуртай хүлээж авдаг.
-Тэдний ертөнц манай язгуур урлагийг тэгтлээ дотно хүлээж авч байна уу?
-Монголын бий биелгээг маш халуун дотноор хүлээн авдаг. Монголчуудыг өвөрмөц сэтгэхүйтэй, тэнгэр язгууртай ард түмэн хэмээн хүндэтгэдэг. Япончууд өөрсдийгөө ч мөн тэнгэр заяатай хэмээн үздэг учраас биднийг өөрсөдтэйгөө ойрхон гэж ойлгодог юм шиг санагддаг. Түүнчлэн зарим нь өвөг дээдэс нь Монголтой холбоотой байсан байж магадгүй гэж ярьдаг.
-Японд олон шавьтай болсон уу?
-Өнгөрсөн хугацаанд Японд амьдрахдаа олон шавьтай болсон. Япон хүмүүс болон Өвөрмонголчууд голчлон бүжиг заалгахаар ханддаг. Хүүхэд, том хүн гэлтгүй олон хүн суралцаж байна. Тэдэнд үндэсний урлагаа заахаас гадна хичээж, сайн сурч байгааг нь хараад урамшиж, шавь нартайгаа хамт хоёр удаа тайлан тоглолт хийсэн.
-Монголд хэр их ирдэг вэ.
-Мэдээж нутагтаа ирэлгүй яах вэ. Ирэх бүрдээ байгаль дэлхийдээ бүжиглэж, урам авдаг. Мөн бүжгийн хувцсаа Монголд урлуулж, монгол хүмүүсийн хийсэн үндэсний хувцсаараа гоёх дуртай. Багш нартайгаа уулзаж, шинэ бүжиг сурна. Ер нь байнга эрэл хайгуул хийж, өөрийгөө хөгжүүлэхийг зорьдог.
-Та язгуур урлагийн талаар илтгэл тавьсан байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч.
-“Торгуудын их нүүдэл-255” ойрад судлалын эрдэм шинжилгээний хуралд оролцсон. Энэ үеэр савардан биелгээний талаар судлаач, эрдэмтэд өргөнөөр оролцож, ном бүтээл гарган хэлэлцүүлэг өрнүүлсэн. Торгууд гүнж Ж.Лхамжав эгчтэйгээ хамт бий бийлж, бие даасан илтгэл тавьсан.
Манай торгууд угсаатанд савардан биелгээ гэж өвөрмөц биелгээ бий. Гэвч одоо энэ биелгээг бийлэх хүн тун цөөхөн болсон. Манай нутагт 90 настай Думаа гуай л савардан биелгээгээ бийлж, товшуур хөгжмөө тоглосоор сууна. Тэрбээр хүүхэд багачууддаа зааж өгч байгаа. Өөр газар бараг бийлэгдэхгүй шахам байна.
Тиймээс савардан биелгээг илүү судлах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор илтгэл тавьсан юм. Би багаасаа бий биелгээг уламжлан сурч, өвлөн авсан. Гэхдээ морин хуур шигээ илүү хөгжүүлж, дэлгэрүүлье гэсэн бодол тээж явдаг. Харамсалтай нь бий биелгээг сурч мэдэхээр ирэх хүн цөөн. Тиймээс сэтгэл эмзэглэх үе ч бий. Гэсэн ч түүхийг нь судалж, илтгэл тавьж, аль болох түгээн дэлгэрүүлэхийг зорьж байна.

-Тоглолтоо хийх гэж байгаад тань баяр хүргэе. Бэлтгэл хэр байна вэ? Тоглолтынхоо талаар мэдээлэл өгөөч.
-2026 оны дөрөвдүгээр сарын 11-нд Японы Токио хотод бие даасан “Саран дэг” тоглолтоо хийнэ. Миний гурван жилийн турш зааж сургасан шавь нар тоглолтод оролцоно. Мөн Монголоос уран бүтээлчид ирж оролцох юм. Дэлхийн өвд бүртгэгдсэн ховор нандин язгуур урлагийг толилуулахыг зорьж байна.
Тухайлбал, ятга шигээ уян зөөлөн аальтай Мийгаа эгчтэйгээ “Саран дэг” тоглолтдоо шанз, ятга хөгжмөөр хоршин “Үлгэрийн холбоо” хэмээх сайхан аялгууг тоглоно. Энэ бол тодорхой зохиогчгүй, ард түмний сэтгэлд хоногшсон гайхалтай аялгуу юм.
“Саран дэг” тоглолтын найруулагчаар Т.Цэцэгмаа ажиллаж байна. Мөн миний шавь Оюунцэцэг эгч тоглолтод оролцохоор Монголоос ирсэн. Торгууд угсаатны Цацал, Эрээн хавирга, Жудар, Савардан зэрэг биелгээгээ толилуулж, үзэгчдэд гайхалтай нэгэн үдшийг бэлэглэнэ гэж бодож байна.
Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд Б.Баярсайхан “Саран дэг” тоглолтод минь хүрэлцэн ирэхээр болсон. Монгол бүжгийн урлагаа Япон оронд түгээн дэлгэрүүлэхэд минь дэмжиж буйд нь талархаж байна.
-Бий биелгээ үүсэж хөгжсөн үүх түүхийн талаар залууст юу хэлэх вэ?
-Бий биелгээ бол бидний ахуй соёлоос үүссэн урлаг. Биелгээнд цай чанах, тэнгэр бурхандаа талархах, цай сүүний дээжээ өргөх зэрэг ахуйн сайхан үйлсийн хөдөлгөөн шингэсэн байдаг.
Жишээлбэл, торгууд биелгээнд уул усандаа өргөл өргөх, шинийн нэгний өглөө хангайдаа мөргөх хөдөлгөөн хүртэл бий. Миний бодлоор бий биелгээ нь тухайн нутаг орныхоо онцлогт зориулагдан бийлэгддэг.
Цацал биелгээ ч өөрийн гэсэн домогтой. Хайр сэтгэлийг илэрхийлсэн биелгээ ч бий. “Би эндээс нүүнэ, чи намайг дагаж явах уу” гэдэг санааг хүртэл биеийн хэлэмж, харцаар бүжгээр илэрхийлдэг. Бүсгүй хүний гоо сайхан, цог жавхааг ч бүжигтээ шингээсэн байдаг.