АНУ-ын Сансар судлалын агентлаг (NASA) “Artemis II” хөтөлбөрөө албан ёсоор эхлүүлж, дөрвөн сансрын нисэгчтэй “Orion” хөлгийг энэ сарын 1-нд сар луу хөөргөсөн билээ. Энэ нь сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд хүн төрөлхтөн жолоодлогот хөлгөөр сарны тойрог замд хүрсэн анхны түүхэн үйл явдал болж буйгаараа онцлогтой. Тэгвэл тус хөлгийн багийнхан сарны нөгөө талд хүрч, урьд өмнө төдийлөн харагдаж байгаагүй өвөрмөц өнцгөөс авсан гэрэл зургуудыг илгээгээд буй. Эдгээр зургийг NASA инстаграм хуудсаараа дамжуулан олон нийтэд дэлгэсэн нь дэлхий даяарх шинжлэх ухаан сонирхогчдын анхаарлыг ихэд татаж байна.
Гэрэл зургуудад сарны гадаргуугийн онцлог бүсүүдийг маш тод дүрсэлсэн бөгөөд тэдгээрээс Mare оrientale буюу Дорнод тэнгис онцгой анхаарал татаж буй юм. Ойролцоогоор 900 гаруй км-ийн голчтой энэхүү аварга тогоо нь сарны наад болон цаад талын заагт оршдог геологийн ховор тогтоц аж. Эрдэмтдийн үзэж буйгаар энэ нь хэдэн тэрбум жилийн өмнөх асар хүчтэй солирын мөргөлдөөн болон галт уулын идэвхжлийн үр дүнд үүссэн байна.
Сарны тэнхлэгээрээ эргэх болон дэлхийг тойрох хугацаа ижил байдаг. Шинжлэх ухаанд үүнийг Tidal locking буюу таталцлын түгжээ гэж нэрлэдэг бөгөөд эл үзэгдлийн улмаас бид дэлхийгээс сарны нэг талыг л хардаг байна. Харин эсрэг тал буюу бидэнд харагддаггүй хэсгийг зөвхөн сансрын хөлөг болон хиймэл дагуулын тусламжтайгаар ажиглах боломжтой юм.
“Artemis II” хөтөлбөрийн баг сарны цаад талд хүрэхдээ эх дэлхийгээс ойролцоогоор 407 000 км-ийн зайд очсон нь хүн тээвэрлэсэн сансрын нислэгийн түүхэн дэх шинэ дээд амжилт болжээ. Энэ нь 1970 оны “Apollo-13” хөлгийн багийн тогтоосон амжилтыг ахиулсан үзүүлэлт юм. Одоогоор “Orion” хөлөг сарыг тойрох аяллаа дуусган, эх дэлхий рүүгээ буцах замдаа оржээ. Нислэгийн явцад сансрын нисэгчид сарны таталцлын хүчийг ашиглан тойрон нисэх (lunar flyby) маневр хийж, сарны гадаргууд 6545 км-ийн зайд ойртсон нь сүүлийн 50 жилд хүн төрөлхтөн саранд хамгийн дөхсөн тохиолдол болж мөн түүхэнд үлдлээ. Төлөвлөгөө ёсоор хөлөг Номхон далайд, Сан-Диего хотын ойролцоо ирэх баасан гарагт газардах юм. “Orion” хөлгийн багт Рид Уайзмен, Жереми Хансен, Кристина Кох болон Виктор Гловер нар багтсан бөгөөд энэхүү нислэг нь зөвхөн технологийн дэвшил төдийгүй хүн төрөлхтний танин мэдэхүйн шинэ эрин үеийг эхлүүлж буйг судлаачид онцолж байна. Сарны цаад талаас илгээсэн эдгээр гэрэл зургууд нь бидний урьд өмнө харж байгаагүй ертөнцийн нэгээхэн хэсгийг нээж өгснөөрөө түүхэн ач холбогдолтой.
Э.Сүйлэн