Бельги улсад зохион байгуулсан мэргэжлийн дугуйчдын дээд ангиллынхны оролцдог “Tour of flanders” уралдаанд Монголын дугуйн үндэсний шигшээ багийн тамирчин, Испанийн “Burgos burpellet BH” багийн легионер С.Жамбалжамц хурд сорьжээ. Энэ удаагийн уралдаан ширүүн бороотой, хүчтэй салхитай, цаг агаар хүнд нөхцөлд болж дугуйчдын тэсвэр хатуужлыг шалгасан аж. Чулуу ихтэй, огцом өгсүүр зам нь Олон улсын дугуйн холбооны дэлхийн цуврал тэмцээнүүдийн хамгийн хэцүү замын нэгд тооцогддог. Үүнд оролцсон тамирчдаас 54 нь замаа дуусгалгүй орхиход С.Жамбалжамц 278.2 км-ээс 153 км-т нь тэргүүлж уралдсан байна. Олон улсад шууд дамжуулсан тус тэмцээний үеэр “Euro sport”-ын тайлбарлагчид түүнийг “Монголын тамирчин 110 дахь удаагаа болж буй энэхүү дэлхийн нэр хүндтэй уралдаанд анх удаа оролцож тэсвэр хатуужил, овсгоо самбаа, эр зоригоо харууллаа” хэмээн онцолжээ. Дээрх уралдаанд Словенийн алдарт тамирчин Тадей Погачар зургаан цаг 20 минутад замаа дуусгаж түрүүлсэн юм.