Өнгөрсөн сонгуулиар нийслэлийн ИТХ хэн ч мэдэхгүй А.Баяр гэдэг даргатай болсон билээ. Намтар түүхийг нь харвал эмч мэргэжилтэй гэх ч чагнуур зүүж, өвчтөн эмчилж байсан, эсэх нь эргэлзээтэй. Аав Мээрэнгийн Амарбаясгалан нь 2007 оноос хойш БНХАУ-ын иргэн Hurilesha буюу Сайннамарын Хүрэл гэгчтэй “Умардын ган” ХХК-ийг хамтран эзэмшиж ирсэн. Хятадын иргэн С.Хүрэл нь “Хүрэл-интернэшнл” ХХК тэргүүтэй 10 гаруй компанийн өмчлөгч, ерөнхий захирал бол А.Баяр 2010 онд “Хүрэл-интернэшнл транс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож байжээ. Тэр цагаас хойш А.Баяр аавынхаа хятад найз С.Хүрэлийн хамтрагч болж “Юу Эс Эл” ХХК-ийг 2010 оноос хойш, “Жун Мэнг Куанг Е Тоүзи Житуан” ХХК-ийг 2011 оноос хойш тус тус хамтран эзэмшжээ. Өөрөөр хэлбэл, түүний ажилласан хугацааны ихэнх нь С.Хүрэл ахтайгаа байж. Хэдийгээр А.Баяр Баянзүрх дүүргийн ИТХ-ын даргаар ажилласан гэдэг ч төдийлөн танигдаагүй “товариш” гэнэт л хот гэдэг их айлын нэгдүгээр хүн болсон нь яах аргагүй “сайн ах” Бат-Амгалангийнх нь буян гэдгийг хүмүүс мэднэ.
А.Баяр нийслэлийн ИТХ-ын даргын албыг хүлээж аваад, хүндэт индэр дээрээсээ “Улс эх орныхоо төлөө чин сэтгэлээсээ ажиллах боломж олгон, нэр дэвшүүлсэн Хотын намын хорооны дарга Х.Нямбаатар, дэмжиж тулсан Э.Бат-Амгалан нартаа баярласнаа илэрхийлж байв. Түүнчлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хийж хэрэгжүүлэх бодлого, хэтийн төлөв, алсын хараад нийцүүлэн иргэд, олон түмнийхээ дуу хоолойг шигтгэн тууштай, дэмжиж хамтран ажиллана. Улаанбаатар хотын алсын хараа, хэтийн зорилт 2040 он хүртэл хэрэгжүүлэх “Шинэ сэргэлт-Шинэ Улаанбаатар” хөтөлбөрийг зоригтой, зорилготой, шинэ үеийн лидер хотын Засаг даргатайгаа хамтдаа хэрэгжүүлж, Монголын төлөө чин сэтгэлээ зориулна. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид бид Засаг даргын хамт эв нэгдэлтэйгээр ажиллах болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээн тангараг тавих шахам юм болсон гэдэг.
Энэ лут тангаргаас жил гаруйхны дараа А.Баяр шинэ үеийн лидер, хайртай дарга Х.Нямбаатарынхаа эсрэг зогсож, бүр Баянзүрхийнхнийг түүний эсрэг турхирсан нь ч ил болов. Туулын хурдны зам барихтай холбоотойгоор иргэд хуваагдан зарим хэсэг нь хотын дарга Х.Нямбаатарыг огцрохыг шаардаж байгаа. Туулын хурдны зам барих ажил ганц Х.Нямбаатарынх биш. Төслийг нь, ажлыг нь, хөрөнгө мөнгийг нь ярилцаж шийдвэр зөвшөөрөл олгодог нь А.Баярын удирддаг хурлын хамтдаа гаргасан шийдвэр, хэрэгжүүлэх үүрэг нь. Ёстой хаа ч явсан хамтдаа байх ажил. Гэтэл эв нэгдэлтэй байж, хамтдаа хотын хөгжлийн төлөө зүтгэнэ гэж тангараг тавьж байсан А.Баяр улс төрийн хариуцлагаас бултаж, уснаас хуурай гарахаар “түгжилдэж” хамтарч гаргасан шийдвэрээсээ буцан, Х.Нямбаатарыг галын шугам руу түлхчихээд араар нь хотын даргын хийх ёстой аж ахуйн ажлаар нь оролдсон шиг “попорч” явна.
А.Баярын энэ үйлдэл хурлын болон хотын ажилд дарамт, тушаа болж байгаад эгдүүцсэн нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарын албан бланк дээр А.Баярыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхлээд байгаа нь хурлын даргадаа өгч буй дүн байж таарна.
А.Баяр нийслэлийн ИТХ-ын дарга, өөрөөр хэлбэл, нийслэлийн бодлого тодорхойлогч. Гэвч түүний үйлдэл нь хотын менежер үү, орлогч дарга уу, Замын цагдаагийн дарга уу, юу хийгээд байна аа гэж харагдах болсон. Нэг талаар энэ хүн гүйцэтгэх засаглалын ажилд их л дурлаад байх шиг.
А.Баяр яагаад өөрийнхөө болон хурлынхаа шийдвэрийн эсрэг үйл хөдлөл хийгээд байна гэдэг нь сонирхол татахын зэрэгцээ маш том эрх ашиг байна даа гэх хардлага ч төрүүлнэ. Магадгүй түүний олон жил ажилласан бизнестэй холбоотой, одоо ч хэлхээ холбоо нь тасраагүй ашиг сонирхол байгаа юм биш биз. Гүйцэтгэх засаглалыг шохоорхоод байгаа А.Баярт нийслэлийн ИТХ-ын ажил нэгэнт сонирхолгүй, зүгээр л том даргын дүр эсгэх алба болоод байгаа юм биш үү. Жижиг хүнд алба нь томдохоор тийм нэг л дээгүүр сэвсэн, бүгдийг мэдэгч, чадагч дүртэй, би-гээр өвчилдөг гэм бий. Тийм үед төр, засгийн бодлого шийдвэр ч юу юм бэ гэж харагддаг байх. Нийслэлийн ИТХ-д гэхэд Засгийн газрын хэмнэлтийн бодлого лав хамаагүй бололтой. Нийслэлийн ИТХ 45 төлөөлөгчтэй. Энэ тоо олон жил өөрчлөгдөөгүй.
Харин А.Баярын үед нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны орон тоо нэмэгдэж 50 гаруй болсон нь цахим хуудсан дээр дурайж байна. Эдгээрийн 11-12 нь дарга. Бас таван туслахтай. Ёстой нөгөө “100 ямаанд 60 ухна” гэгч л болоод байна. “Том толгойтой” А.Баяр Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийг даргалдаг. Үүнтэй холбоотой Засгийн газрын хэмнэлтийн бодлогыг сөрсөн бас нэг баримт бий нь тус зөвлөлийн төсвийг огцом нэмэгдүүлж 80 тэрбум төгрөгт хүргэсэн явдал. Гэхдээ ийм их мөнгө зарцуулаад нийслэлд гэмт хэрэг, зөрчил бодитоор буурсан уу гэвэл үгүй. Харин энэ их мөнгө хаашаа юунд зарцуулагдаад байна вэ гэдэгт анхаарахгүй байж болохгүй асуудал.