БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьсан Ногоон нуур 1008 айлын орон сууцын барилгыг гүйцэтгэгч талаас манай улсад хүлээлгэн өгөөд таван сар гаруйн хугацаа өнгөрлөө. Тодруулбал, өнгөрсөн оны аравдугаар сарын 16-нд тухайн барилга, байгууламжийг албан ёсоор хүлээлгэн өгөх ёслол болж, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, БНХАУаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань нар оролцсон юм.
Хотын төвөөс ердөө 1.4 км зайд байрлах, Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт орших Ногоон нуур орчимд 1008 айлын орон сууцыг БНХАУ-аас 347.4 сая юань буюу монгол төгрөгөөр 166.7 тэрбумын буцалтгүй тусламжаар барьсан билээ.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан “1008 айлын орон сууцыг 2025 оны арванхоёрдугаар сард Улсын комисс бүрэн хүлээж авсан. Одоо энэ орон сууцыг иргэдийн газраар солих ажлын судалгаа хийх ажлын хэсэг гарсан. Түүнээс биш, хэн дуртайд нь шууд худалдахгүй” гэж энэ оны нэгдүгээр сард мэдэгдэж байв.
Бид өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөлтэй танилцахаар газар дээр нь очсон юм. Гэтэл эзэнгүй хоосон барилга угтлаа. Хаалгыг нь том цоожоор цоожилж, барилгын урд талд хүүхдийн цэцэрлэг бололтой барилга барьж буй хэдэн хүн ажиллаж харагдав. Эргэн тойронд нь эл хуль, нам гүм. Арга ч үгүй биз, ганц ч айл төвхнөөгүй эзэнгүй барилга анир чимээгүй байхаас өөр яах билээ. Уг нь Улсын комисс хүлээгээд авчихсан, оршин суугчид нь төвхнөчхөөр хугацаа өнгөрсөн юм сан. Тус барилгын гадна хашаанд “960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга. Гэрээний хугацаа 2024 оны аравдугаар сараас 2026 оны арванхоёрдугаар сар, захиалагч Боловсролын ерөнхий газар” гэсэн самбар байв. Тухайн барилгыг тойроод мөн л өндөр өндөр барилгууд барьжээ. Урдхан талд нь Сангийн яамны ажилтнуудын орон сууц гэх тодотголтой барилгууд сүндэрлэж. Барилгачдын хоол, цайг бэлдэж буй тогооч эмэгтэй “Энэ Ногоон нуурын орон сууцыг түрээслээд өмчилнө гэж сонсоод яваад очтол ганц ч хүн байгаагүй. Хаана хандаж, хүсэлт гаргах юм бол. Би хажуугаас нь харсаар л үлдэх юм шиг байна. Чи мэдээлэл дуулбал надад хэлээрэй” гэв.
Тухайн барилга орчимд харуулын ганц ажилтан байсан юм. Тэрбээр “Хүмүүс ирээд “Энэ барилгыг түрээслээд өмчлүүлэх болов уу” гэж надаас их асуудаг. Би юу ч мэдэхгүй” гэлээ. 1008 айлын орон сууцыг 2021-2024 оны хооронд ашиглалтад оруулахаар анх гэрээлсэн ч “Ковид-19” цар тахлын улмаас барилгын ажлыг түр хугацаанд зогсоож байв. Мөн хөрсний ус ихтэй байсан учраас барилгын ажлыг эхлүүлэхдээ 19 цооног өрөмдөж, усыг нь хатаасан гэнэ. Ингэснээр, зоорийн давхар үерийн усанд автахааргүй болсон гэх мэдээллийг албаныхан хэлсэн.
1008 айлын орон сууц нь нийт найман блок, 21 давхар цутгамал төмөр бетон хийцтэй, газар доороо автомашины зогсоолтой аж. Төслийн хүрээнд 100 гаруй айлын газрыг чөлөөлж, 4.4 га талбайд бүтээн байгуулалт хийжээ. Сургууль, цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж гээд хүнд ээлтэйгээр төлөвлөсөн байна лээ. “Дахин төлөвлөлтийн хүрээнд дахиж, хотын төвд өндөр барилга бариулахгүй, бетонон ширэнгэ болж гүйцлээ” хэмээн унтууцаж байсан нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын мэдэлд эл “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийг шилжүүлсэн түүхтэй. Харин одоо эл төсөл бүхэлдээ Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны мэдэлд очжээ. Нийслэлийн ЗДТГ-ынхнаас лавлахад “Сэлбэ-20 минутын хот төслийг хариуцаж хэрэгжүүлж байгаа, “Ногоон нуур 1008 айлын орон сууц” хамааралгүй” гэсэн юм.
ТӨӨРӨГДӨЛ
Байртай болох гэсэн иргэдийн эрэлтэд дөрөөлж, залилах гэмт хэрэг газар авсныг хууль хүчний байгууллагынхан сануулсаар удаж буй. Ногоон нуур 1008 айлын орон сууцын нэр барьж, иргэдийг залилсан явдал ч гарчээ. Уг сууцад иргэдийг хамруулна, урьдчилгаа авч, түрээсний гэрээ хийнэ гэх мэтээр иргэдийг залилж буй нь ор үндэслэлгүй мэдээлэл болохыг салбарын яамнаас нь сануулж, анхааруулга гаргаж байв. БНХАУ-ын талаас манай улстай гэрээ байгуулахдаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ашиглана гэх болзол тавьсан байж. Гэтэл иргэд түрээслээд өмчлөх боломжтой хэмээн ойлгож, харьяа яам болон Төрийн орон сууцын корпорацаас “Хүсэлт хэзээ авах вэ” хэмээн асууж шалгаах болжээ. Хариуцсан яам, тамгын газрын удирдлага, мэргэжилтнүүд анхнаасаа бодит мэдээллээр иргэдийг хангаж чадаагүй тул ийн төөрөгдөл үүссэн аж.
Энэ талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Хот байгуулалт, орон сууцжуулалтын бодлого, зохицуулалтын газрын дарга О.Одбаяраас тодруулахад “1008 айлын орон сууцад газраа чөлөөлсөн болон гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд орох боломжтой. Гэхдээ Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт амьдардаг иргэний газраар солихгүй. Нийслэлийн инженерийн шугам, дэд бүтцэд холбогдсон гэр хорооллын айлуудын газар чөлөөлөлтийг хийж, дараагийн төсөл, хөтөлбөр буюу орон сууц барих чиглэлээр ажиллана. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт дэд бүтцэд холбогдсон газрууд бий. Тухайлбал, Дамбадаржаа, Сэлбэ орчимд газар чөлөөлж, барилга барьж байна. Өөрөөр хэлбэл, 1008 айлын орон сууцад дахин төлөвлөлтийн хүрээнд газраа чөлөөлсөн иргэд түрээслээд өмчлөх юм. Дахин төлөвлөлтөд орсон газартаа барилга барих хүртэл “Ногоон нуур”-ын орон сууцад байрлах боломжтой. Ер нь бол иргэд үнэ тохиролцож, газраа чөлөөлөх, орон сууцаар солих, бэлэн мөнгө аваад нүүх зэрэг сонголттой” гэв. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас эдгээр орон сууцын 752-ыг нь өмч лүүлэх, үлдсэн 252 байрыг түр хугацаар түрээслэх тухай Засгийн газраас тогтоол баталсан хэмээн мэдэгдэж байв. Өөрөөр хэлбэл, 1008 айлын орон сууцад иргэдээс нэмж захиалга авахгүй, тоот бүр эзэнтэй болсон мэтээр мэдээлсэн. Гэвч бодит байдалд тухайн барилга ийн эзэнгүй таван сар гаруйн нүүр үзэж буй бөгөөд энэ хугацааны дулаан, ус зэрэг ашиглалтын зардлыг төрөөс гаргаж байна. Барилгын ашиглалтын зардлыг Улсын комисс хүлээн автал гүйцэтгэгч тал буюу Хятадаас гаргаж байсан бол өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш манай улс хариуцаж буй гэнэ.
ХҮЛЭЭЛТ
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмын талаар өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд олон нийтэд мэдээлэл өгсөн. Тэрбээр 10 гаруй жил шинэчлээгүй байсан дээрх журмыг батлуулснаар эрх зүйн орчин сайжирсныг дурдаад өнгөрсөн жил 1526 орон сууц ашиглалтад оруулсан гэж ярьсан. Ингэхдээ “БНХАУ-тай хамтарч буй Ногоон нуур 1008 айлын орон сууцыг энэ журам гарснаар түрээслээд өмчлөх хэлбэрээр айлууд орох, түрээслээд өмчлөх, мөн газраа байраар солих боломж бүрдэж байна. Цаашлаад газар хаана байж болох вэ, тэнд барилга барихаар бүс чилсэн журмын дагуу хэрэгжүүлнэ. Нийслэл Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулна” гэсэн юм. Энэ нь түрээслээд өмчлөхийг хүссэн иргэдэд хүлээлт үүсгэсэн. Харамсалтай нь, дээрх барилга нь хэн бүхэнд хүртээлгүй бөгөөд зөвхөн дахин төлөвлөлтийн бүсэд амьдарч, газар чөлөөлж буй иргэдэд л хамааралтай байж.
Гэхдээ найдлага ингээд тасраагүй. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам 5002 айлын “Солонго-1”, “Солонго-2” төсөл хэрэгжүүлж буйгаа дуулгасан. Энэ оны сүүлчээр айл өрхийн 60-70 хувийг оруулна. Үүнийг иргэд түрээслээд өмчлөх боломжтой, гэхдээ тухайн үед нь иргэдээс хүсэлт авч сонгон шалгаруулна. Төрийн албан хаагч болон хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, олон хүүхэдтэй иргэдийг эхний ээлжид оруулах талаар салбарын яамнаас мэдээлсэн юм. “Солонго-1”, “Солонго-2” төслийг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутагт хэрэгжүүлж буй. Гэвч иргэд хотын төвд, сар бүр хямд өртөг төлж, байртай болохыг хүсэж, Ногоон нуур 1008 айлын орон сууц руу хошуурсан ч хаалттай хаалга мөргөж байна.
Монгол, Хятад хоёр орны найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааны бэлгэдэл болгож, Ногоон нуурын 1008 айлын орон сууцыг сүндэрлүүлэв. Гэхдээ хэзээ оршин суугчдаа хүлээн авч, барилгыг “амь” оруулах нь тодорхойгүй. Эзэнгүй барилгын ашиглалтын зардал татвар төлөгчдийн халааснаас урссаар, багагүй хугацаа өнгөрлөө. Салбарын яамныхан нь ч орон сууцыг хурдхан эзэнтэй болгож, төсвийн мөнгийг хэмнэх хэрэгтэйг нуугаагүй. Нийслэл, яамнаас хамтарсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд аль аль хэсгийн газрыг чөлөөлж, ямар айлуудыг нүүлгэн шилжүүлэх талаар судалж байгаа тул ийн хүлээгдэж буй гэдгийг учирласан юм. Улсын комисс хүлээж аваад бараг хагас жилийн хугацаа өнгөрөх гэж байхад хариуцсан газрынхан нь “Судалгаа хийж байна” гээд сууж буй нь ичмээр хэрэг биш гэж үү. “Бэлэн хоол”-ыг ч халбагадаад идэж чадахгүй, цаг хугацаа, төсөв, хөрөнгө үрсээр суух уу.