Элэгний В, С вирусний халдварын парентерал (арьс цоолж орох) тохиолдол нэмэгдэх болсныг Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс анхааруулсан юм. Тус төвийн Насанд хүрэгчдийн цочмог гепатитын тасгийн эрхлэгч, доктор М.Оюунгэрэл “Гепатит В, С нь элэгний В, С вирусээр үүсгэгддэг халдвар юм. Вирусний халдвар авсан тохиолдолд арьс, салст шарлаж, огиулж бөөлжиж, ядарч сульдах зэргээр цочмог шинжээр илэрдэггүй тул хүмүүс өвчнөө мэдэхгүй явсаар архагшуулж, элэгний хатуурал цаашлаад хавдарт шилждэг. Сүүлийн гурван жилийн хугацаанд улсын хэмжээнд гепатит вирусний цочмог халдвартай нь батлагдсан хүмүүсийн 60 орчим хувь нь бохир зүү тариураас халдвар авсан байна. Өөрөөр хэлбэл, В, С вирустэй өвчтөний цусаар халдварласан зүү тариур, эмнэлгийн багаж хэрэгслээс халдвар авчээ. Тухайлбал, гоо сайхны мэс ажиллавар, чих, уруул, хамартаа ээмэг зүүх зэргээр бохир зүү тариур хэрэглэсний улмаас халдвар дамждаг. Үүнээс гадна бэлгийн замаар дамжин халдварладаг” гэв.
Гоо сайхны мэс ажиллавар, шивээс хийлгэх нь эрсдэлийг нэмэгдүүлж буй гол хүчин зүйл болохыг ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд хэлэв. Мөн өвчлөгсдийн олонх нь 24-35 насны залуус байгааг онцолсон. Сүүлийн хоёр жилд Насанд хүрэгчдийн цочмог гепатитын тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн дунд судсаар мансууруулах бодис хэрэглэдэг, донтох эмгэгтэй залуус цөөнгүй байгааг дуулгасан юм.
Ч.Болор