Иранд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-наас эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн. Инфляц өссөн нь үүний үндсэн шалтгаан байв. Уг хөдөлгөөн удалгүй улс төрийн өнгө аястай болж, шашныхан давамгайлсан засаглалыг халахыг шаардах болсон. Эрх баригчид нь хөдөлгөөнийг өөрсдийн дадал болсон хүчирхийллийн аргаар дарах гэж оролдож өнгөрсөн хугацаанд олон ч хүний амь эрсдэв. “Iran international”-ийн мэдээлснээр 36 мянга гаруй хүн амь үрэгдсэн бол “Time” сэтгүүл 30 мянга гэсэн тоо дурдсан байна лээ.
Ираны эрх баригчид эсэргүүцэн тэмцэгчдийн эсрэг хүч хэрэглээд байвал ард түмнийг нь дэмжиж, цэргийн хүч хэрэглэж довтолно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сүрдүүлсэн. Туркийн Үндэсний тагнуулын академийн орлогч дарга Хаккы Уйгур Иран, АНУ-ын хооронд бий болоод байгаа нөхцөл байдал улам хурцдаж байгааг задлан шинжилж үзжээ. Уг материалд өгүүлснээс үзвэл 1979 онд болсон Исламын хувьсгалаас хойших ихэд эвгүйцсэн Тегеран, Вашингтоны харилцаа Ираны цөмийн хөтөлбөрөө урагш ахиулсан 2010 оны эхнээс улам төвөгтэй болсон байна. 2016 оны эхээр Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож, Ираны бүс нутгийн бодлогыг бий болгогчдын нэг генерал Касем Сулеймани 2020 оны нэгдүгээр сард алагдсан зэрэг үйл явдал тус хоёр улсын харилцааг бүр ч хурцдуулжээ. АНУын тавьсан эдийн засгийн хоригоос олон талаар шалтгаалж 2010-2020 онд Ираны эдийн засгийн өсөлтийн хэмнэл зогссон аж. Байдений засаг захиргаа гарч ирээд ч байдал сайжирсангүй, ОХУ-д зэвсэг нийлүүлсний улмаас Иран улс Украинтай үүссэн дипломат маргаанд татагдан ороотхов. 2023 оны аравдугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэл Израил руу довтолсон нь Тегераны хувьд айхтар ноцтой хүчин зүйл боллоо. Иранд Израилын стратегийн хандлагад эрс өөрчлөлт оров. Тель-Авив нэгэнт тогтсон дипломат хэм хэмжээ, олон улсын заншлыг бүдүүлгээр зөрчин Сири дэх Ираны цэргүүд төдийгүй түүний улс төрийн төлөөлөгчийн газруудад нь эргэлзээгүйгээр цохилт өглөө. Арабын ертөнц дэх Ираны гол холбоотон Башар Асадын дэглэм 2024 оны эцсээр унав. Улмаар 2025 оны зургаадугаар сард Иран, Израилын хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлж 12 өдөр үргэлжлэв. Цөмийн хөтөлбөрийн асуудлаар АмерикИраны хэлэлцээр үргэлжилж байхад Израилын хийсэн гэнэтийн дайралт Ираны цэргийн дээд командлалд ноцтой хохирол учруулж, агаараас эсэргүүцэн хамгаалах тогтолцоог нь устгаж орхив. Иран пуужингийн хариу цохилт хийж, АНУ оролцсоноор энэ зөрчилдөөн төгсөв.
Аравдугаар сарын 7-ноос хойших тус бүс нутагт үүссэн үйл явдлууд цааш гинжин урвалаар өрнөхийг туршлагаасаа гадарласан Иран хямралын эхний саруудад ойрын холбоотнууддаа, юуны түрүүнд “Хезболла”-д бас Иракт хандав. Гэвч эрч хүч багатай зөрчлийг аяндаа намжина гэх бодлоор цаг хугацааны хувьд сунжруулах алхам Иран хийсэн нь хүссэн үр дүнд хүрсэнгүй. Ираны албан ёсны хүмүүс анхааруулж сануулж байснаар дайн улс орных нь дотоод руу “халдварлав”.
Иранд олон түмний эсэргүүцэл, тэмцэл ид байхад Дональд Трамп Ираны Засгийн газарт хандан “Жагсагчдыг алахгүй байхыг” уриалаад үгэнд нь орохгүй бол үр дагавар нь үлэмж байх болно хэмээн сүрдүүлсэн юм. Олон мянган хүн тэнд амиа алдсаар байхад Цагаан ордны тэргүүн бодитой ямар ч алхам хийгээгүй ч тус бүс нутагт Америкийн цэргийн оролцоо үлэмж хүчтэй болж хувирав.
Нэгдүгээр сарын дундаас Трампын хандлага өөрчлөгдөж, цөмийн зэвсгийн талаар хэлэлцээ хийхгүй бол Тегеранд цохилт өгнө гэж заналхийлэх болов. Персийн буланд АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг, бүлэг ч очоод байрлачихлаа. Ираны зэвсэгт хүчин ч “байлдааны хийгээд батлан хамгаалахын бэлэн байдалд бүрэн орсон” гэж хуурай замын хүчний командлагч Амир Хатами саяхан мэдэгдлээ. Тэрбээр “Дайсан хэрэв алдаа хийвэл өөрийнхөө болон бүс нутаг, сионист дэглэмийн аюулгүй байдлыг эргэлзэх юмгүй эрсдэлд оруулна шүү” хэмээн анхаарууллаа.
Трамп саяхан Цагаан ордонд үг хэлэхдээ Тегеранд үзүүлэх дарамтаа хүчтэй болгов, “Хэлэлцээ хийнэ гэж найдаж байна. Хийхгүй бол юу болохыг харамз” гэж хэлээд Ираны эрэг рүү нэмж цэргийн хөлөг онгоцнууд илгээснээ нотлов. Тегеран зөрүүдэлбэл “урьд нь хэн ч, хэзээ ч төлж байгаагүй үнийг тэд төлөх болно” хэмээн тэрбээр нэмж хэлсэн байна. Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи цөмийн хөтөлбөрийн талаарх яриа хөөрөөг сэргээхэд бэлэн гэж өнгөрсөн долоо хоногийн эцсээр Истанбулд айлчлах үеэрээ хэлсэн байна.
Ираныг Трамп чухам яах гээд байгаа, түүнд Иран хэрхэн хандаж буй талаар дорно дахиныг судлаач Никита Смагинаас ВВСгийн сурвалжлагч санал бодлыг нь лавласнаас сонирхуулья.
-Трамп чухам Иранд юу гэж заналхийлээд байгаа юм бэ?
-Цохилт өгнө гээд байгаа юм. Чухам ямар цохилт өгч, юуг нь сүйтгэх гээд байгаа юм бүү мэд. Трампын толгойд юу эргэлдэж буйг бид мэдэхгүй. Гэхдээ 12 өдрийн дайнаар дуусгаж чадаагүйгээ гүйцээхийг, цөмийн болон пуужингийн объектуудад нь цохилт өгөхийг оролдож болох юм. Ираны удирдлагыг өөрчлөхийг тэр хүсдэг юм билээ. Тодруулбал, дээд удирдлагыг нь устгах бодолтой байж болох юм.
-Тодруулбал, Иранаас Трамп чухам яг юу хүсээд байгаа юм бол?
-Тегеран цөмийн хөтөлбөрөөсөө бүрэн татгалзаж, энэ асуудлаар хэлэлцээр хийхийг Иран зөвшөөрвөл энэ нь Трампын хувьд ялалт болох бололтой. Иран үүнд яаж хандах нь одоогоор бидэнд тодорхой биш байна.
-Венесуэлд хийсэн үйлдлээ Трамп давтаж болзошгүй талаар Та ярьж байсан. Магадгүй аятоллаг (шашны дээд удирдлага) нь олзолж авах тухай Трамп бодож байж ч болох юм. Тэгэхдээ тэр аятолла нь сайтар нуугдаж байдгаас түүнийг олзлох нь ихээхэн төвөгтэй явдал гэж Та хэлж байсан... -Олзолж авна гэхээсээ түүнийг устгах нь илүү бодитой байж мэднэ. Аятоллагийн нуугддаг газар нь хаана байдгийг би мэдэхгүй, америкчууд бодвол надаас илүү мэдэж байдаг биз.
-Шууд зэвсэгт тулгаралт боллоо гэхэд Америкт Иран ямар хариу барьж чадах вэ. Агаарын цэргийн хүчин нь хэр вэ. Ираны дэглэмийн зэвсэглэлд чухам юу юу байна вэ?
-Иранд үнэндээ агаараас эсэргүүцэн хамгаалах ямар ч хэрэгсэл байхгүй. 12 өдрийн дайнаас өмнө байсан энэ талын хэрэгсэл нь ихэд сүйдсэн. Өнгөрсөн хугацаанд Иран бусад улсаас бараг юу ч аваагүй. Ормузын хоолой гэж нэг айхтар юм бий. Энэ нь Ираны нефтийг экспортлохтой холбоотой. Сүүлийн 10 жилийн байдлыг авч үзвэл Хятад улс Персийн булангаас нефтийн 50 орчим хувийг авч байгаа. Тийм болохоор нефть зөөх гол зам болох Ормузын хоолойг Иран хаагаад байвал Саудын Араб, Катар, Арабын Нэгдсэн Эмиратад их бэрхшээл учирна. Хятад ч, АНУ ч энд дайн үүсгэхээс болгоомжлоод байдаг нь үүнтэй холбоотой. Хэн нэг нь довтолбол Иран энэ хоолойг хаачихна.
-Тегеранд Москва туслах юм биш үү?
-Юугаар туслах юм. АНУ-тай байлдахад Орос бэлэн биш. Гэхдээ болж буй үйл явдал түүний санаанд нийцэхгүй байгаа, түншээ алдахыг мэдээж хүсэхгүй шүү дээ. Сүүлийн хэдэн жил дараалан Орос улс хэд хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө Иранд оруулсан. Төмөр зам, атомын цахилгаан станцын төсөл хэрэгжүүлсэн. Орос одоо зэвсгийн тусламж үзүүллээ ч хүчний харьцааг өөрчилж чадахгүй. Нөхцөл байдалд нөлөлөөх бодитой боломж Орост тун бага...
Сүүлийн үед олж авсан мэдээллээр бол Иран улс АНУ-тай ойрын үед хэлэлцээр хийнэ гэж Гадаад хэргийн яамных нь албан ёсны төлөөлөгч Ислмаил Багай мягмар гарагт мэдэгдсэн байна. Хэлэлцээрийг хийх газраа эцэслэн тохиролцохоор Тегеран зөвлөлдөж байгаа юм байна. Тэгвэл Иран, АНУ хоёрын хооронд зуучийн үүрэг гүйцэтгэхэд бэлнээ Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган илэрхийллээ. Тэрбээр “бүс нутгийн дайн” хийхийг бид эрс эсэргүүцэж, асуудлыг яриа хөөрөө, эрүүл сэтгэхүйгээр шийдэхийн төлөө тэмцэнэ гэж хэлсэн байна. Ирантай хэлэлцээр хийхэд Америкийн талаас Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф оролцох аж.
Р.Жаргалант