Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлгүүдийн бүртгэлийн дугааруудыг хооронд нь холион бантан хутгаж, улмаар аялалд явна хэмээн гэрээ байгуулан залилан мэхэлсэн тохиолдол гарлаа. Аялал жуулчлал, барилгын материалын худалдаа, ор чуулгын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр улсын бүртгэлд бүртгүүлсэн, Ч.Номин-Эрдэнэ гэх хүний үүсгэн байгуулсан “Хаан мөнх трэйвэл” ХХК-ийнхан “Чин баян трейдинг” компанитай тусгай үүргийн нислэг үйлдэх гэрээ хийжээ. Улмаар 2024 оны наймдугаар сарын 7-ны 09.00 цагт “Буянт-Ухаа” нисэх буудлаас Хан Хэнтийн нурууны дархан цаазат газрын Хэрхлүүр, Хагийн хар нуур чиглэлд хүмүүсийг нисдэг тэргээр аялуулахаар тохиролцсон аж. Уг гэрээг байгуулахдаа “Хаан мөнх трэйвэл” ХХК-ийн удирдлага “Ми-171Е” загварын JU-9993 дугаартай нисдэг тэргээр явна” гэж тусгасан юм байна. Ингээд товлосон өдөр болоход “Ми-171Е” загварын JU-9993 дугаартай нисдэг тэрэг эвдэрсэн гэсэн албан бичиг “Чин баян трейдинг” компанид хүргүүлээд урьдчилгаа төлбөрийг нь ч буцаан олголгүй өдий хүрч, шүүх, цагдаад шалгуулахдаа тулаад буй гэнэ.
Чинбатын Номин-Эрдэнэ гэх хүний үүсгэн байгуулсан “Хаан мөнх трэйвэл” ХХК ямар дархан эрхтэй болоод агаарын хөлгүүдийн дугаарыг “бантагнуулж” гэрээ байгуулан бусдыг мэхэлж, урьдчилгаа төлбөрт авсан мөнгөө буцааж төлөлгүй луу унжиж байна вэ гэсэн асуулт урган гарах нь ойлгомжтой. Иргэний нисэхийн тухай хууль, холбогдох олон улсын болон дотоодын эрх зүйн баримт бичигт зааснаар агаарын хөлгөөр арилжааны нислэгийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага нь “Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ” хэмээх бичиг баримт авсан байх шаардлагатай. Уг гэрчилгээг Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-аас холбогдох хууль, дүрмийн дагуу олгодог юм. Тэгвэл тус газрын албан ёсны бүртгэлд нэр бүхий таван аж ахуйн нэгж л нисдэг тэрэг болон жижиг нисэх онгоцоор нислэг хийх зөвшөөрөл, гэрчилгээ авсан байх юм. Өөрөөр хэлбэл, “Хаан мөнх трэйвэл” гэх аж ахуйн нэгж нисдэг тэрэг, жижиг оврын онгоцоор зорчигч, ачаа тээвэрлэх зөвшөөрөл огт аваагүй гэсэн үг. Тийм байтлаа гэрээ хийхдээ “Ми-171Е” загварын JU-9993 дугаартай нисдэг тэргээр явна” гэж тусгасан. ИНЕГ-аас гаргасан агаарын хөлгийн бүртгэл, таних тэмдгийн жагсаалтад “Хаан мөнх трэйвэл” ХХК-ийн гэрээнд дурдсан агаарын хөлөг огт бүртгэлгүй байгаа юм. Тодруулбал, “Ми171” загварын нисдэг тэргийг Н.Нямтайшир эзэнтэй “Хүннү эйр” ХХК ашигладаг бөгөөд бүртгэлийн дугаар нь JU-6600 аж. Харин “Ми171Е” загварын агаарын хөлөг нь Монгол Улсын зэвсэгт хүчин буюу Агаарын цэргийн командлалын харьяа ангийнх. Харин JU-9993 агаарын хөлгийн бүртгэлийн дугаарыг “Геосан” ХХК-ийн эзэмшлийн CESSNA 208B загварын бага оврын онгоцонд 2009 онд олгож, одоог хүртэл ашиглаж буй юм билээ. Үүнээс үзэхэд “Геосан” ХХК-ийн эзэмшлийн жижиг оврын онгоцны бүртгэлийн дугаарыг Зэвсэгт хүчний агаарын цэргийн “Ми-171Е” загварын нисдэг тэргэнд “нааж” нисэхээр гэрээ байгуулан аялал захиалагчаа залилсан гэж хэлж болохоор.
Аялал захиалагч нь чухам хэдэн төгрөг “Хаан мөнх трэйвэл” ХХК-д төлөөд хоёр жил орчмын хугацаа өнгөрсөн ч одоо болтол буцаан авч чадахгүй байгаа нь бизнесийн нууц биз.

ОВОО БОСГООГҮЙ БОЛ ШААЗГАЙ ХААНААС СУУХ ВЭ
Зэвсэгт хүчний агаарын цэргийн харьяа ангийн нэр дээр бүртгэлтэй “Ми-171Е” загварын нисдэг тэрэгний дугаарыг энд яагаад ашиглав гэдгийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж тогтоох биз ээ. Гэхдээ овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэж ардын үг бий. Зэвсэгт хүчний агаарын цэргийн 303 дугаар ангийнхан улсын агаарын хөлгөөр арилжааны нислэг хийж, татвар төлөгчдийн мөнгөөр авсан шатахуунаар, зах зээлийнхээс хямд үнээр Хэрхлүүр, Хагийн хар нуур чиглэлд аялагчдыг авч нисэж байсан тохиолдол өмнө нь олон гарч байсан. Агаарын хөлгөөр нислэг хийх эрхгүй “Хаан мөнх трэйвэл” ХХК-ийнхны ард энэ ангитай холбоотой хүн байхыг үгүйсгэхгүй гэсэн хардлага бий.Тиймч учраас “Ми-171Е” загварын нисдэг тэргээр ниснэ” гэж зоригтойгоор гэрээ байгуулсан байх магадлалтай. Харин Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлалынхан ийм гэрээ байгуулсан, мөнгө аваад буцаан төлөхгүй байгаа залилангийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг мэдээгүй, тийм гэрээ ч хийгээгүй гэдгээ хэлж буй юм.
Гэхдээ улсын агаарын хөлгөөр арилжааны нислэг хийх эрх зүйн орчныг 2003 онд хуульдаа тусгаж, агаарын тээвэрлэгч хувийн аж ахуйн нэгжүүдийн бизнестэй өрсөлдөх нөхцөлийг, тэдний орон зайг булаах боломжийг зэвсэгт хүчний нисэх ангийнханд олгосон гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, 2003 онд баталсан Улсын нисэхийн тухай хуульд анх арилжааны нислэг хийх ангилал оруулан баталсан байдаг. Уг нь бол энэ заалтыг оруулахдаа арай өөр нөхцөл байдлыг үндэслэсэн гэдэг. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжиж, Үндсэн хуульд цомхон чадварлаг, өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна гэх заалт хэрэгжиж эхэлснээр хил хамгаалах зэрэг бусад нисэх салбартай байгууллагууд цөөрсөн. Үүний дараачаас цаг агаарын нөхцөл, ган, зуд, түймэр зэрэгт гамшгаас хамгаалах байгууллагынхныг нисдэг тэргээр хүргэх, олон улсын хүмүүнлэгийн байгууллагынхныг агаарын хөлгөөр тээвэрлэх шаардлага үүссэн байдаг. Тэр үед зөвхөн зэвсэгт хүчин л нисдэг тэрэгтэй үлдсэн бөгөөд ийм ажиллагаанд явах зардлыг төсөвт тусгадаггүй байж. Тиймээс агаарын хөлгийн нисэх буудлаас хөөрөх, буух, бусад үйл чилгээний зардал зэрэг тодорхой хэмжээний хөрөнгө шаардагдах болсон юм. Үүнийг нь шийдвэрлэх үүднээс “арилжааны нислэг” гэх ангилал оруулсныг буруугаар ашиглаж буйг иргэний нисэхийн байгууллагын мэргэжлийн олон хүн тайлбарладаг юм. Арилжааны нислэгт явж болох заалтыг зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисгэгч нар овжин ашигласан гэх яриа ч үнэний ортойг цэргийн нисэхэд ажиллаж асан олон хүн баталдаг.

УЛСЫНХ НЬ ЗОРИУЛАЛТААРАА, ХУВИЙНХ НЬ АРИЛЖААНДАА НИСЭЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ
УИХ-аас баталсан Улсын нисэхийн тухай 2003 оны хуульд тусгаснаар “улсын агаарын хөлөг” гэж цэрэг, цагдаа, хил хамгаалах, гаалийн болон төрийн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагын агаарын хөлгийг хэлэхээр тодорхойлсон. Өнөөдөр манайд улсын агаарын хөлгийг зэвсэгт хүчин, хил хамгаалах, онцгой байдлын байгууллага ашиглаж байгаа билээ. Цагдаагийнханд уг нь гэмт хэрэгтэй тэмцэх, эрэн сурвалжлах шуурхай ажиллагаа зохион байгуулахад улсын агаарын хөлөг хэрэгтэй ч төсөв хөрөнгөөс шалтгаалан төр авч өгдөггүй юм даг. Тэгсэн атлаа даахгүй нохой булуу хураахын үлгэрээр төрийн байгууллагуудад янз бүрийн хуучирсан онгоц гадаадын аж ахуйн нэгжүүдээс худалдан авчихсан тохиолдол бий. Түүнийг нь нисгэж чадахгүй, засуулах, наймаагаа буцаах гэхээр болдоггүй, төсвийн буюу татвар төлөгч дийн мөнгийг үргүй зарцуулчхаад ус балгасан мэт л сууж байна. Гадаадын зарим хүн манай энэ байдлыг овжноор ашиглан төсвийн хөрөнгөөс авахын тулд аж ахуйн нэгж байгуулан нисэхийн салбарт орж ирэхийг зорьж буй нь ч бий.
Энэ бүгдийг үлдээгээд дахин эрх зүйн орчны хуудуутай байдлаа сөхье. УИХ 2023 онд баталсан Иргэний нисэхийн тухай хуулийн 5.1.3-т “Агаарын тээвэрлэгч” гэж Иргэний нисэхийн дүрмийн дагуу олгосон агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдийг хэлэхээр заасан. Энэ дагуу агаарын хөлгөөр арилжааны нислэгийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага нь Иргэний нисэхийн дүрэм (ИНД)-119-ийн “Агаарын тээвэрлэгч-гэрчилгээжүүлэлт” эрх зүйн баримт бичгийн хүрээнд Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ авсан байх шаардлагатай юм байна. Төлбөрт ачааллын хэмжээ нь 2000 кг-аас бага, нисэх багийн гишүүдийн суудлаас гадна 12 ба түүнээс цөөн тооны зорчигчийн суудалтай онгоцоор гүйцэтгэх агаарын тээврийн үйл ажиллагааг ИНД-135 “Агаарын тээврийн үйл ажиллагаа-Багтаамж багатай онгоц, нисдэг тэрэг” дүрмээр зохицуулна гээд тов тодорхой дүрэм, журам үйлчилж буй. ИНД-119-д “Ерөнхий зориулалтын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ-нисдэг тэрэг болон ес, эсхүл түүнээс цөөн зорчигчийн суудалтай нисэх онгоцоор арилжааны нислэгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрдөг” гэж тусгасан бол ИНД-135-д “ИНД-119-ийн дагуу олгосон шугамын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигч, эсхүл ерөнхий зориулалтын агаарын тээвэрлэгчийн гэр чилгээ эзэмшигчийн агаарын хөлөг ашиглан гүйцэтгэж байгаа арилжааны нислэгийн үйл ажиллагаанд тавих үйл ажиллагааны шаардлагыг тогтооно” гэж тусгасан.

Харин “Улсын агаарын хөлгийг бүртгэх, бүртгэлээс хасах, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох бүрэн эрхийг цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага хэрэгжүүлнэ”. “Улсын агаарын хөлгөөр арилжааны нислэг үйлдэх бол Иргэний нисэхийн тухай хуулийг баримтална” гэж Улсын нисэхийн тухай хуульд заасан байгаа юм. Үүнээс үзэхэд зэвсэгт хүчний нисдэг тэргээр арилжааны нислэг үйлдэхийн тулд ИНЕГ-т хандан гэрчилгээ, бүртгэл хийлгэх ёстой баймаар. Хэрэв ийм арга хэмжээ аваагүй бол хууль зөрчсөн үйлдэл болох нь.
Түүнчлэн Иргэний нисэхийн тухай хуульд “Агаарын тээвэрлэгч нь зорчигчийн амь нас, эрүүл мэнд, ачаа, тээш, шуудан, эд хөрөнгөд учирсан хохирлыг барагдуулах хариуцлагын даатгалд даатгуулсан байна” хэмээн хуульчилсан бол Улсын нисэхийн тухай хуульд даатгалын талаар ямар ч заалт байхгүй. Тэгэхээр улсын агаарын хөлгөөр хийж буй нислэгийн цаад баталгааг Засгийн газар хариуцах ёстой болж буй юм. Тиймдээ ч “Симба” хэмээн нэрлэгддэг, УИХ-ын гишүүн асан Ц.Батаа олон жилийн өмнө улсын нисдэг тэргээр үнэг хөөж яваад осолдуулчхаад даатгалаа тухайн үеийн Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчнээс нэхэж байсан гэх яриа гарсан нь оргүй ч биш байх. Мөн Увс аймгийн Малчин сумд 2001 онд осолдсон нисдэг тэргэнд сууж явсан Японы иргэдийн ар гэрийнхэн ч манай төрөөс мөнгө нэхэмжилж шүүхэд хандаж байсан нь ч улсын агаарын хөлгийн нислэгийн бүр цаад эзэн нь Засгийн газар гэж үзсэнтэй ч холбоотой.
Удахгүй БХЯ-наас Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барих гэж буй. Уг хуулийн төслийг хэлэлцэх үед иргэний болон арилжааны нислэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийнхэн төрд дуу хоолойгоо хүргэж, өөрсдийнх нь бизнесийг булаагаад байгаа цэргийн нисэхийнхний “дээрмийг” таслан зогсооход чиглэсэн акц өрнүүлэх ёстой бус уу. Тэгэхгүй аваас татвар төлөгчдийн төлсөн мөнгөөр шатахуун аваад, түүнийг зарж хөлждөг, эсвэл зах зээлийнхээс хямдаар арилжааны нислэг хийж мөнгө завшдаг явдал үргэлжилсээр байх болно. Ямарваа нэг нислэгт яваад элдэв осолд өртвөл хариуцлагыг нь хэн ч хүлээлгүй, буруутан нь олдохгүй өнгөрөх жишиг манайд тогтсон шүү дээ. Тиймээс улсын агаарын хөлөгтэй төрийн байгууллагууд нь гамшиг осол, зэвсэгт хүчний байлдах чадвар, хил хамгаалах чиглэлийнхээ ажилд нисээд, иргэний нисэхийн салбарынхан нь арилжааны нислэгээ үйлдэж, аялагч, жуулчдын мөнгийг татах нь зүйд нийцэх бус уу. Ташрамд, УИХ-д өргөн барихаар болоод буй Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дэх “арилжааны нислэг” гэх заалтыг “хү мүүнлэгийн” хэмээн өөрчилбөл ган, зуд, гал түймрийн нөхцөл байдалтай танилцахаар олон улсын байгууллагаас ирэгсэд, төрийн байгууллагынханд үйлчлэхэд дөхөмтэй болох биз ээ.