УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Х хуудсандаа “Ипотекийн зээлд хамрагдагсдын жагсаалт ил болно. Ипотекийн буюу зорилтот бүлэгт хүрэх нэн хөнгөлөлттэй зээлээр таваас дээш орон сууц авсан 12 мянга гаруй иргэн давуу эрх эдэлсэн гэх мэдээлэл бий. Гэтэл олонх нь анх удаа зээл авах гэж 2-3 жил оочерлох” хэмээн жиргэсэн. Энэ нь хуурай өвсөнд түймэр тархах адил нийгмийн сүлжээнд тү гэж, олон нийтийг ихээхэн бухимдуулж байна. Ипотекийн зээлд хамрагдахаар 35 мянган иргэн хүсэлтээ өгчхөөд, хү лээж суугаа. Гэтэл мөрөөдлийг нь мөнгөтэй нэгэн уландаа гишгэчихлээ. Ганц байр авах гэж үйлээ үзэж байхад 12 мянган хүн эл боломжийг нь хулгайлж, таваас дээш байр авсан нь үнэн бол энэ нийгэм хэдийн ялзарчээ.
Цахим орчинд олны танил хүмүүс болон жирийн иргэд бусдын боломжийг хулгайлсан 12 мянган хүний нэрийг ил болгож, хариуцлага тооцохыг шаардаж эхэллээ. Тухайлбал, хуульч О.Батхүү “Сайдаар ажиллаж байсан хүн худлаа хэлэхгүй байх. Ийм хөнгөлөлттэй зээлийг таван байран дээр авна гэдэг дугаар хорооны иргэний чадах юм биш. Даргаар яриулсан, банкны захирлыг таньдаг, эсвэл барилгын компани нь ярьж байж гаргаж таарна. Банкууд хэдхэн компанийн байранд л ипотек гаргана гэж шахдаг болсон. Одоо таван байртай хүмүү сийн дөрвийнх нь зээлийг энгийн буюу өндөр хүүтэй арилжааны зээлд шилжүүлэх ёстой. Ингэснээр 48 мянган хүнд ипотекийн зээл олгох боломжтой болно” гэжээ. Үүнийг олон нийт ихээхэн дэмжиж, “Шударгаар хөдөлмөрлөсөн хүмүүс нь хохироод, танил тал, эрх мэдэлтэйд нь хууль үйлчилдэггүй юм байна”, “Ямар банк, хэн гэдэг хүнд давхардсан зээл олгосныг шалгах амархан”, “Жилд 20 мянган ипотекийн хүсэлт ирдэг. Хэрэв 48 мянган иргэний хүсэлтийг шийдэх санхүүжилттэй болчихвол хоёр жилийн дараалал үгүй болно”, “Иргэн нэг удаа л ипотект хамрагдах эрхтэй гээд хоёр дахь байраа арилжааны зээлээр өндөр хүүтэй авсан. Банк дабль стандарттай юм” гэх мэтээр бичсэн байна.
Уг зээлийг 2013 онд залуусыг орон сууцтай болгох зорилгоор, онцгой нөхцөлтэй гаргасан. Гэвч өдгөө, зорилгоосоо хазайж, зорилтот бүлэгтээ бус, хэн эрх мэдэл, танил талтайд нь үйлчлэх болжээ. УИХ-ын дарга Н.Учрал “Ипотект хамрагдсан иргэдийн мэдээллийг нэг сарын дотор ил болгох үүргийг Монголбанканд өгсөн” хэмээсэн. Харин Төвбанк “Санхүүжилтийг арилжааны банкуудад хуваарилах байдлаар оролцдог. Хэн гэдэг иргэнд ипотекийн зээл олгохоо банкны зээлийн хороогоор шийддэг. Монголбанк үүнд хөндлөнгөөс оролцох боломжгүй” гэсэн хариу өгсөн байна билээ.
Л.Энх-Амгалан гишүүн мэдэгдэлдээ ямар нэг тайлбар өгсөнгүй, чимээгүй байна. Хоёр ч салбарын сайдаар ажиллаж байсан, улс төрийн хариуцлагатай алба хашдаг хүний хувьд түүнийг арай ч амандаа орсноо хэлээгүй байх гэж олон нийт итгэж байна. Өндөр албан тушаалтнууд оролцсон байж болзошгүй ийм ноцтой мэдэгдэл хийчхээд хууль, хүчний байгууллагад шалгуулах арга хэмжээ авах байлгүй дээ. Авлига, хээл хахуулийг мэдсээр байж эс үйлдэхүйгээрээ зүгээр суухгүй гэж найдъя.
Ч.Цэлмэг