(Шог өгүүллэг)
Ц.ДОРЖГОТОВ Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн
Нохой гаслам халуун өдөр тогоо нэрж галд шарагдсан Бүтэд эмгэн бүгчим гэрт бүтэж үхдэгийн даваан дээр сарампай модон хаалгаа сархийтэл нээж, толгойгоо гадагш цухуйлгавал хөлстэй духыг зөөлөн сэрхрээ тааламжтай яа сэрүүцүүлэв. Өмгөр гэрийн дэлгэсэн үүдээр буцалсан хоормогийн ааг, халуун архины хамар хоолой цоргисон охьтой холилдон гадагш урслаа. Гэтэл Бүтэд авгайн дүлийрч хатуурсан чихэнд олон малын газар дэлхий пижигнүүлсэн их төвөргөөн цуурайтахад эмгэн наранд гялбасан улцан нүдээ анивчин байж хараачилбал ташуур далайсан баахан морьтон хар хурдаар довтолгон айсуй. Эмгэн асгарсан хөлсөө гарын араар яаруухан шудрангаа,
-Хөөе, цаана чинь ташуур далайсан юун олон архичин бэ гэвэл гэрийн сүүдэрт тоглож суусан ач охин нь
-Архичид биш ээ. Сүүлээ годойлгосон оодонгийн тугалууд хар хурдаараа жадгадан ирж явна гэв. “Өө, насаа нэм” гэж эмгэн уулга алдаад гэртээ орж нэрсэн архиа том вааранд салга гараараа савируулалгүй шалавхан юүлж амжив. Ач охин гэрт гүйж орж ирснээ,
-Ээ гялай, ваар маань дүүрчихлээ. Чихэр, боов авч иднэ дээ гэж алга ташин цовхчиход Бүтэд,
-Хош золиг минь. Чи тэгээд “манайх ваар дүүрэн архи хураасан” гэж буусан, суусан амьтан хүнд ам алдуузай гэж сануулав.
-Би ч яах вэ. Та л өөрөө архиа хүнд өгчихөөд байдаг шүү дээ гэж охин хэвлүүхэн мэтгэлцэхэд эмгэн тэр дорхноо инээмсэглээд -Нээрэн ч дээ, миний охин тийм сүрхий ухаантай шүү гээд толгойг нь илж өхөөрдлөө. Хонь хариулсан өвгөн Пяранлай их л уцаартай ирэв. Тэрбээр эмгэндээ
-Бүтэд минь, чиний гурил идэж, цай уух хөг өнгөрсөөн. Тарваганд зүүсэн ганц хавхыг минь хулгайч авчихаж гэв. Эмгэн харамссан боловч -За яах вэ, ваараа дүүргэсэн. Архиа цай, гурил болгоно доо гэж өвгөнөө тайтгаруулахад Пяранлай
-Уг нь би ганц хоёр тарваганд төрийн хар хүн байна, төмөр гутал өмсгөөд арьсаар нь идэх гурил, уух цай л олох гэсийм гэж ялимгүй наргиантай мөртлөө цаагуураа нэлээд гомдонгуй өгүүлжээ. Чингэтэл тэднийхийг чиглэн хөнгөн тэрэг айсуй. Пяранлай өвгөн
-Наймаачид л биз, манай энүүгээр ондоо юу явах вэ. Чи гар султай шүү. Одоо чинь зах зээлийн үе. Архиа зүгээр өгөхгүй. Аяга давс, атга гурилаар солино гэж сануулахад Бүтэд “Чи өөрөө тэсдэггүй шүү. Амаа хавхиж суугаарай” гэж өөдөөс нь анхааруулав.
Олон хүн ирсний дотор танихаас ганц сумын Засаг дарга явлаа. Засаг дарга хамт ирсэн хүмүүсээ танилцуулав. Хоймор суусан нүдэндээ шилтэй халзандуу эрийг “Ардын Их Хурлын депутат Зуузай” гэснийг л хоёр хөгшин хагас хугас тогтоов. Их Хурлын гишүүн Зуузай залуу хүн хэрнээ бузгай монголжуу, сүрхий ёсорхог нэгэн байлаа. Том цагаан хөөргөөр тамхилангаа тун ч сунжруу мэнд сольж эхлэхэд өвгөн дориун хариулж байснаа сүүлдээ эртний Монголын мартагдсан зарим мэндийг мэдэхгүй бажгадав.
Зуузай гишүүн нүдээ анин залбирснаа өвгөний бурхан ширээнд духаа зөөлөн хүргээд хүрд эргүүлэхэд хоёр хөгшин “Үгүй ер, бас ийм дарга байдаг байх нь ээ” гэж гайхаж уярав. Зуузайг ингэмэгц дагалдан яваа бараа бологчид бүгд дэрхийн босож дэлгүүрт оочерлодог социалист зуршлаараа бурханд мөргөх гэж өрсөлдөн дайрлах нь зах зээлийн үед бурхны өршөөл хүртэл хувьчлагдаж дуусах нь уу гэлтэй. Тэдний нүд өлөн ховдог агаад түгшүүртэй. Хамгийн хачирхалтай нь аймагт насаараа намын дарга хийж бурхан шатааж, бүрхээр жалавч машинаараа хэмх дайрч яваад ардчиллын өнгөнд тушаал бууж, саявтар сумын Засаг даргын албанд дөнгөж тогтсон Амгай Ардын Их Хурлын депутат Зуузайн урдуур мөлхөн зүтгэсээр бурхны өмнө сөхөрч Пяранлай өвгөний шороотой балиар адсаганд хүйтэн нойтон магнайгаараа амьсгаадан байж гурвантаа мөргөөд “Ум ма ни бад мэ хум” гэж жижиг гэрт дэндүү чангадав уу гэлтэй уншуут бурхнаас түгхийтэл адис авч хүрд эргүүлээд санаа амарсан янзтай буцаж доохнуур даруухан суув. Эцэст нь жолооч хархүү тос болсон хар гараасаа нэрэлхэн байж залбираад дээжин ширээнд сандруухан мөргөлөө.
Ингээд Их Хурлын гишүүн амьдрал судалж эхэллээ. Тэрбээр хоёр хөгшнөөс гэнэт Их Хурлынхаа албан хэллэгээр
-Ямар хүндрэл байна. Юугаар хомсдож сууна гэж асуухад Пяранлай, -Хүндрэл гайгүй дээ гэж мөнхүү Их Хурлын хэллэгээр хариулах гэж тэвдэнгүй оролдсоноо “Харин дарга та юу гэлээ. Аа тийм, хомсдол гэвэл уух цай, идэх гурилаар л гурингатаж сууна. Гурингатаж сууна гэнэ, хомсдож сууна” гэв. Засаг дарга Амгай өвгөн эмгэн хоёрт хандан
-Танай бор гэрт төрийн жолоо залалцаж яваа Зуузай гишүүн заларч байна. Олдошгүй энэ завшааныг хоосон алдах эрх та муу хоёрт байх ёсгүй шүү! гэж сурсан зангаараа хоёр хөгшнийг элэг барин загнах гэснээ гэнэт ардчиллын үед алба хааж буйгаа санан сэхээ авч “Юугаар хомсдож байна, түүнийгээ одоо илэн далангүй ярих момент учирлаа. Малчид хүндрэлээ тодорхой илэрхийлэхгүй бол Зуузай гишүүн та нарт юугаар туслахаа яаж таах юм бэ. Зүйтэй юү, эрхэм гишүүн Зуузай гуай” гэж Зуузайд хошуу дэвссэнээ эргэж хоёр хөгшнийг
-Одоо чинь ардчиллын үе. Буруудаж буудуулахаас бүү ай! гэж зандрав.
Сүүлдээ ач тус үзүүлэхээр морилсон Зуузайн яриа Пяранлайд ойлгогдохоо болив. Дутагдаж буй гурил, цайг хаанаас яаж олох арга ухаан зааж өгөөгүй атлаа жаахан сууж байгаад л “Төр засгаас та хоёр ямар туслалцаа хүртмээр байна хэлээч” гэж шалгаагаад тайван суулгахгүй нь яршиг болов. Тавагтай идээ сүүтэй цайгаа зочдод барьсан боловч өвгөнд нэг л юм дутагдаад болж өгдөггүй. Тэгээд Пяранлай эмгэндээ сэмхэн “Дарга нарт амсуулах юм” гэж дохилоо. Бүтэд ваартайгаас гожин шилэнд таслах гэснээ нэрэлхэж томхон данхаар дүүрэн архи юүлж сөгнөв.
Хөдөө газар ийм сайхан л гэнэ, шимийн архи эм л гэнэ, яриа хөөрөө жинхэнэ өрнөлөө дөө. Данхтай нанчид чилж гийчид улам тухлав. Пяранлай тэссэнгүй эмгэн рүүгээ дахин дохилоо. Хоёр дахь данх хоосров. Гэтэл Амгай босож эмгэний чихэнд “Бүтэд гуай ийм том хүн танайд дахиад заяахгүй шүү. Юм байвал бүгдийг гарга” гэж тулгав. Ваартай сархад дууслаа. Нүд нь дуниартсан Зуузай явахдаа өвгөн эмгэн хоёрт дахин дахин үнсүүлээд
-Та хоёр төр засгаас юу хүсмээр байна, түүнийгээ надаас гуй. Айлтгүй гуй. Хөөрхий хөдөөгийн хөгшчүүд минь бүр ядарчихаж. Нууцгүй хэлэхэд миний ард түмэн тун ядуу байна. Би харамсаж байна. Үүнийг би бодлогын хүрээнд боловсруулж ажил болгон явуулахаа амлая. Юугаар хомсдож байгаагаа мэддэггүй гэнэн цагаан бүдүүлэг харанхуй малчид минь хөөрхий еэ гээд уйлснаа өвгөний хүзүүгээр тас тэвэрч -Наана чинь чамд туслахаар Их Хурлаас би ирчихээд байна шүү дээ, дурак минь! хэмээн учир зүггүй сэгсчихэд өвгөн дургүйцэж, “Гурил, цай, гутал хувцас” гэж хашхирав. Эмгэн “Лаа, чүдэнз, бас давс” гэж нэмлээ. Зуузайн нүд гэнэт ухаан орж байна уу гэлтэй дүрлийснээ “Аа тийм, лаа, давс, тэрийг би мэдсэн” гэж зогисох зуур өгүүлээд Амгайдаа хөтлөгдөн машинд орж “Баяртай” хэмээн төр засгийн сайхан инээдээр мялаасаар давхин одлоо.
Хоёр хөгшин хавх ч үгүй, архи ч үгүй, гурил, цай, лаа, чүдэнз ч үгүй, яана даа гэж халаглан, зэлүүд нутагтаа торойсоор хоцортол ашгүй дахин нэг машин айсуй харагдав. Эмгэн “Яана аа, наймаачид л байх. Архи, тарваганы арьс аль аль нь байхгүй, хоёулаа юугаар гурил, цай, лаа, чүдэнз авах вэ” гэж гаслахад өвгөн
-Наймаачид бол ч яамай. Их Хурлын гишүүд л биш байгаасай гэж халширсан байдалтай уцаарлажээ.
1993 он
Энэ цагийн хяслан
Орчин үед сайд болохын өмнөхөн буюу намын нөхөд дэмжээд, Их Хурлаар орохоор цаг, минут тоолж байх мөч шиг урт адармаатай, ухаан бодол бараан цагаанаар эргэх тийм хором үгүй аж. Хүн гэдэг адын хүсэл, ёроолгүй шуналтай амьтан болохоороо сайд болуутаа “дайсан”- уудаа хэрхэн дарж, бах таваа хангаж, улмаар яаж өөртөө ашигтай нөхцөлийг үүсгэх вэ гэдгээ л хамгийн эхэнд зүрхээ эрвэгнүүлэн бодно. Хувь заяаны тавил энэ хойно “бэрс” гарах нь тодорхой болсон үед өөрөөр яах ч билээ.
Сайд болохоор нэр дэвшсэн “ганган” Хасуур тэр адармаатай мөчийг тархиа бүрэн улайсган туулав. Олон жилийн хүсэл мөрөөдөл нь биелэх цаг ойртсонд ачаа үзүүлэх нөхрөө, бач харуулах дайснаа ялгаж салгана гэдэг хамгийн хэцүү байлаа. Дээр нь намдаа хандив нэрээр өгсөн 800 сая төгрөгөө яаж олж авах вэ гэсэн асуулт ёстой жинхэнэ хөлсийг нь бурзайлгав. 800 сая гэдэг бага мөнгө биш. Тэр мөнгийг сайдын суудлаа ашиглан тэрбум хол давуулан унагах хүсэл гозолзоно. Тэгж ажиллахгүй бол “Эх орон, ард түмэн минь” гэж нойр, хоолгүй зүтгэсэн сайд байх нь ямар ч утгагүй санагдана. Заримдаа тэр “Сайд гэдэг үг чинь ерөөсөө ил утгаараа “сайн ид” гэж хэлээд байна шүү дээ. Тэгээд ч Засгийн газар ойр ойрхон огцроод байгаа үед бушуухан л сайн идэж санаснаа гүйцээх хэрэгтэй” гэж зоригоо хурцална.
Одоо цагт хар зоригоор л хамаг ажлыг бүтээж, хангалттай юм олно гэдгийг Хасуур шиг оюун ухаандаа шингээсэн хүн ховор. Энэ нь Хасуурын давуу тал юм. Тиймдээ ч тэр эгзэгтэй цагт хэнийг ч гэсэн цусгүй алахыг зүй ёсны явдал гэж үзнэ. Сая намын нөхдийн дундаас ганц нэг нөхөр “Уул уурхайн сайдаар тавихад Хасуур ашиг сонирхлын зөрчилтэй” гэж шүүмжлэн болиулж, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд дээр арайхийж үлдээснийг бодон гол нь харлаж, яаж хорслоо тайлахаа бодно. “Уг нь уул уурхайн чиглэлээр өдий жил зүтгэсэн надад Уул уурхайн сайд нь ашигтай байсан юм. Хармагтайн ордыг гадаадынхантай үгсэн хусах байсан юм” гэж бодоход цээж нь багтарна. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын гарт бас л том боломж бий гэж бодовч сэтгэл нь үл амрах аж.
Харин хэдэн жилийн өмнө ашиглалтын талбайн хэмжээ хэтрүүлсэн, нөхөн сэргээлт хийгээгүй нэрээр нэлээд үг хэл тарьж байсан хэлтсийн дарга Ламзавыг сайд болуутаа ажлаас нь халж, лааз өшиглүүлнэ гэхээс алга нь халуун оргино. Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны мэргэжилтэн Цэрэндарьзав гэдэг бүсгүйтэй танилцаж жиг ургуулж явснаа бодоод “Хэлтсийн дарга болгон өөд татаад үе үе хөдөө авч яван жаргалаа эдэлнэ дээ” гэхээс дуу алдах шахав. Тэгснээ толинд өөрийгөө харав. Увайгүй байдалтай хөх царай, хорсол нуугдсан хоёр нүд, эрүүний тагжгар хар сахал зэрэг нь улам бүр сүрийг нэмсэн мэт харагдана. Хасуур “Би ч жинхэнэ босоо хийморьтой, аз нь шовойсон аавын хүү шүү” гэж өөртөө шивнэв. Яг энэ үед Тахилтын алтны ордыг өөрөөс нь өрсөж ашиглан, ёстой хагартлаа баяжсан “хачиг” Бавуу, “гахай” Баадай нар санаанд нь бууж “Та хоёрыг байгаль орчны хуулиар шантаажлан дарж, шүүхээр ялын тогтоол уншуулахаа мэдэх байлгүй, би” гэж их л зүхэлтэйгээр дуу алдлаа.
Хасуурын сэтгэлд энэ мэт олон бодол эргэлдэж бушуухан сайд болж хүслээ гүйцэлдүүлэх сэн гэхээс цаг хугацаа аймаар удаан санагдана. Арга буюу цагаа харахад хоёр урт зүү нь урагшилж байгаа нь мэдэгдэхгүй дүлий дүмбэ оргих бөгөөд харин секундын зүү нь Хасуурын догдлолыг ойлгосон мэт завгүй довтолгоно. Хүсээд байхад саатан зогсдоггүй цагийн зүү өнөөдөр хясаад байх шиг санагдахад хорвоогийн энэ адармаатай араншинг өөрийн дураар өөрчлөх сөн гэж хүртэл бодно. Хүлээлтийн энэ адармаатай мөчид хүний оюун ухааны хүүдийд багтахгүй юм байдаггүй аж. Жинхэнэ бохир, цэвэр хоёроор хахаж ер ханахгүй. Хасуурын хувьд бодолд нь бохир юм ер алга. Боломж гарсан үедээ хорсол зэвүүцлээ тайлах юм уу, өөрийн дайсан гэгдэх нөхдийг замаасаа зайлуулж хэн болохоо харуулах нь хүний ёс хэрэг гэж бодоход сэтгэл нь хангалуун байлаа.
Саяхан уул уурхайн лицензээ сунгуулах, улмаар шинэ лиценз авах гэж яамны үүд сахиж, Ламзав шиг юмнуудад мөнгө атгуулж явснаа бодоод инээд нь хүрэв. “Одоо тэр муусайнуудыг гөлөг болгоно” гэж бодоход цээжинд нь омог бяр амтагдана. Ийнхүү Хасуур бодолдоо жарган догдлон суутал Их Хурлын хуралдааны танхимд дуудах нь тэр. Цаг тоолон хүлээсэн баярт мөч ухралтгүйгээр тэврэн авахад тэр биеэ барьж тун ихэмсэг байдалтайгаар танхимд алхан орлоо. Намын нөхөд нь бахдалтай харж, алга ташин угтах нь халаг байв. Хасуур дотроо “Энэ хэддээ сая саяыг атгуулж, цаашид ч шагнана гэж амласны хүчинд өөр хандаж байна шүү” гэх зэргийг бодож суув. Намын бүлгийн дарга нь Хасуурын намтрыг танилцуулж, хамт олны үнэлгээ гээд тэнгэрт тултал магтахад хамаг бие нь халуу шатан, ер бусын хөхүүн байлаа. Ганц нэг гишүүдийн асуултад тун ихэмсэг бардам байдалтай хариулж бузгай толгой гэдгээ харуулав.
Энэ үед Улсын Их Хурлын дарга “Сайдад нэр дэвшигч Хасуурын талаар Авлигатай тэмцэх газар болон Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас авлигын болон хууль бус орлогын ноцтой гэмт хэрэгт холбогдуулан шалгах болсныг мэдэгдсэн албан бичиг зэрэг ирсэн” хэмээн пал хийлгэв. Хасуурын толгой руу том лантуу буух шиг болоход дотор нь балартан нүд нь харанхуйлах шиг боллоо. Тэр бараг жолоодлогоо алдаж “Би намдаа 800 сая төгрөг өгсөн шүү дээ” хэмээн хашхирав. Ордны хамгаалалтынхан сандран гүйлдэж түүнийг хурлын танхимаас чирэх шахам гаргаж ирэхэд Хасуур “Хайран мөнгө, хайран мөнгө” гэж уйлан чарласнаа гараа угз татан авч Төрийн ордны коридороор хурдлан гүйв. Араас нь хамгаалалтынхан гүйсэн боловч гүйцэлгүй гудамжинд алджээ. Харин түүнийг сайд болоод гарч ирэхийг хүлээн байсан найз нар нь олж авч арайхийн тайтгаруулахад “Буу авч явсан ч болоосой” хэмээн гасалж байв. Түүнийг ийнхүү гасландаа нэрвүүлэн үхлүүт хэвтэхэд цахим мэдээлийн бүх сувгаар үнэн худалтай, хорсол атаархалтай, хов живтэй мэдээлэл цацагдаж, багахан хугацааны сэтгэхүйн “дайн” өрнөж, нөгөө талаар хошин шог жүжгийн шинэ тавилт үргэлжилж байж билээ. Ай, энэ цагийн хүний явдлыг тоймлох аргагүй. Хорвоо гэж...