Театрын улаан хамбан хөшиг алгуур нээгдэх тэрхүү агшинд үзэгчид бодит амьдралаас тасарч, өөр нэгэн ертөнцөд хөл тавьдаг. Суутнуудын бүтээсэн гайхамшигт хөгжмийн эгшиг, бүжгийн хэмнэлээр дамжуулан хүний сэтгэлийн гүн дэх гуниг, хайр, хүсэл тэмүүлэл, эмзэглэлийг урлагийн хэлээр амилуулах нь хүн төрөлхтний оюун санааны охь, соёл иргэншлийн үнэт өв болсон сонгодог урлагийн мөн чанар билээ. Эл урлаг Монголын хөрсөнд өөрийн өнгө төрхийг олж, үе үеийн уран бүтээлчдийн нөр их хөдөлмөрөөр үзэгчдийн хүртээл болсоор ирсэн. Харин өдгөө ариун театрын хөшигний цаана, үзэгчдийн төдийлөн олж харахааргүй тэрхүү орон зайд чухам юу болдог вэ. Тэгвэл Монголын сонгодог урлагийн гал голомт хэн хүний явцуу эрх ашигт үйлчилдэг, хүсэл сонирхол, нөлөөллөө тогтоох тулга тойрсон хэрүүлийн бай болсон нь харамсалтай.
УРЛАГИЙНХАН Ч “ХУВЬ НЭМЭР”-ЭЭ ОРУУЛСАН
Урлагийг нүүрс, эсвэл алт шиг граммаар нь хэмжиж, ашиг орлогоор нь үнэлэх боломжгүй. Энэ бол эдийн засгийн бус, оюун санааны үнэт баялаг. Улс орны хөгжил, иргэдийн соёл, сэтгэлгээний түвшнийг илтгэх гол үзүүлэлтүүдийн нэг нь ч яах аргагүй сонгодог урлаг байдаг. Гэтэл өнөөгийн нийгэмд урлагийг ердөө хөгжөөн баясгах, зугаа цэнгэл төдийхнөөр явцуу ойлгож буй нь хөөрхийлөлтэй. Хэн ч байсан урлагаас ашиг хонжоо хайж, хэдэн тасалбар зарснаар нь тухайн бүтээлийн үнэ цэнийг хэмждэг болоод удав. Гэхдээ энэхүү ташаа ойлголтод зөвхөн нийгмийг буруутгах аргагүй. Үүнд урлагийнхан өөрсдөө ч тодорхой хэмжээгээр “хувь нэмэр” оруулсаар ирсэн. Өөрсдийгөө соён гэгээрүүлэгч хэмээн тунхагладаг атлаа дотооддоо эв нэгдэлгүй, ашиг сонирхлын зөр чилд автаж, олон нийтийн итгэлийг алдагдуулж буй нь гашуун үнэн. Нийгмийн буруу ойлголтыг залруулж, соёлын дархлааг тогтооход урлагийнхан манлайлах учиртай ч тэд өнөөдөр улбар байшин доторх хэрүүл, цалин мөнгөний асуудалдаа түүртэн, эрхэм үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрчээ.
ӨӨРСДИЙН ТААЛАЛД НИЙЦЭЭГҮЙ УДИРДЛАГЫГ ШАХАН ЗАЙЛУУЛДАГ
Сүүлийн жилүүдэд ДБЭТ-т нэгэн гаж тогтолцоо бүрдсэн нь уран бүтээлчид өөрсдийн таалалд нийцээгүй удирдлагыг шахан зайлуулах “тактик” юм. Өмнөх захирал Ц.Түвшинтөгсийг “Нийтийн дуучнаар удирдуулахгүй” хэмээн эсэргүүцэж, дараа нь Б.Сарантуяаг түр орлон гүйцэтгэгчээр томилсон ч хэл ам, хэрүүл тэмцэл намжсангүй. Эцэст нь АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин Д.Алтанхуягийг жинхэнэ мэргэжлийн хүн хэмээн итгэж томилсон ч уран бүтээлчид нь дахиад л эсэргүүцэл илэрхийлж, жагсаал цуглаан хийсээр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлсэн юм. Үүнээс хойш тус театр өнөөг хүртэл захиралгүй байна. Өөрөөр хэлбэл, удирдлага нь тогтворгүй, “толгой”-гүй театрт өнөөдөр эрх ашгийн төлөөх тэмцэл ноёлж байна гэж болохоор.
Энэ бүхэн эцэстээ хэний эрх ашиг вэ. Захирлаар хэнийг ч томилсон уран бүтээлчид нь эсэргүүцэж, суудлаас нь сугалж шиддэг энэхүү “чөтгөрийн тойрог” театрыг хөгжүүлж байна уу, эсвэл мөхөл рүү нь түлхэв үү. Мэргэжлийн өндөр түвшний уран бүтээлч сайн менежер, чадварлаг удирдагч байхын баталгаа биш. Гэвч удирдлагын ийм тогтворгүй байдал театрын урт хугацааны төлөвлөгөө, гадаад харилцаа, санхүү гийн чадамжид том цохилт өгөх нь тодорхой.
Харин олон улсад Ла Скала, Метрополитен опера тэргүүтэй алдарт театрууд уран бүтээлийн бодлогоо улс төрөөс ангид, мэргэжлийн засаглалын зарчмаар тодорхойлдог. Тэд ТУЗ-өөр дамжуулан санхүүгийн бие даасан байдлаа хангаж, удирдлагаа нээлттэй сонгон шалгаруулж томилдог. Дэлхийн жишигт театрын захирал, эсвэл уран сайхны удирдагчийг улс төрийн шийдвэрээр бус, 2-3 жилийн өмнөөс зарласан олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар томилж, удирдлагын багтай 5-10 жилийн урт хугацааны гэрээ байгуулдаг аж. Мөн art management буюу урлагийн менежментийн загвараар санхүү, маркетинг, хандивын сан (Endowment fund) бүрдүүлэх ажлыг мэргэжлийн түвшинд зааглан өгснөөр уран бүтээлчид нь захиргааны ажил, мөнгө төгрөгтэй хутгалдахгүйгээр зөвхөн тухайн бүтээлдээ анхаарах боломж бүрддэг байна.
ФАГОТ, КОНТРБАСС, НАРИЙН БҮРЭЭ ТОГЛОХ ХҮНГҮЙ БОЛЖЭЭ
Бодит байдалд сонгодог хөгжмийн гол цөм болсон оркестрын хөгжимчид өнөөдөр цалингаас цалингийн хооронд, өрийн дарамтад амьдарч буй нь гашуун үнэн. Тэдний сард гар дээрээ авдаг нэг сая төгрөг нь амьдралын наад захын хэрэгцээнд нь ч хүрэлцдэггүйг салбарынхан нь хэлдэг. Тиймээс мэргэжилдээ хайртай уран бүтээлчид амьжиргаагаа залгуулахын тулд гэр бүлийнхээ орлогоос хумсалж, эсвэл арга буюу урлагийн замналыг орхиход хүрч байна. Үүний уршгаар Улсын Филармони болон ДБЭТ-ын хүний нөөц эрс цөөрч, томоохон бүтээл туурвихын тулд гаднаас хөгжимчин гуйж суулгадаг жишиг тогтжээ. Ялангуяа фагот, контрбасс, нарийн бүрээ зэрэг зэмсгийг тоглох мэргэжилтэнгүй болов.
Гэвч энэ бүх асуудлыг олон нийтэд ил тод мэдээлж, бодит байдлыг сурвалжлах гэсэн хэвлэл мэдээллийнхнийг театр халгаадаггүй нь хамгийн том хаалт болж байна. Уран бүтээлч дийн ажиллах орчин, ахуйн нөхцөлийг нүдээр үзэж, үнэнийг мэдээлэх гэхээр “Одоохондоо удирдлага тодорхой болоогүй”, “Мэдээлэл өгөх боломжгүй” гэх хоёрхон өгүүлбэрээр ам таглаад хоёр сарын нүүр үзлээ. Үнэндээ хөгцөрсөн хана, зэвэрсэн шугам, бохирын үнэрт дарагдсан хонгилоо хэнээс ч нуух боломжгүй шүү дээ. Театрын барилгад засвар, үйлчилгээ хийлгүй олон жил болсноос уран бүтээлчдийн нүүр хувиргах өрөө, амралтын хэсэг наад захын эрүүл ахуйн шаардлага хангахаа болиод удаж байгаа. Дээврээс нь дусаал гоождог, хананых нь будаг ховхорсон, чийгтэй өрөөнд өдөржин бэлтгэл хийж буй уран бүтээлчдээс дэлхийн хэмжээний чанар нэхэх нь утгагүй. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг төрийн байгууллага атлаа үйл ажиллагаа нь хувийнх мэт хаалттай, удирдлагын томилгоо нь нууц зэрэглэлд явагддаг нь хачирхалтай. Тэгтэл салбарын яам нь соёлын алсын хараатай бодлого боловсруулахаас илүү тэй театрын удирдлагын халаа сэлгээ, элдэв ач холбогдолгүй арга хэмжээ зохион байгуулахад л хамаг төсвөө шавхчихдаг аж.
Бид оюун санааны хувьд дэлхийгээс хоцрохгүйн тулд соёлын салбарт, тэр дундаа сонгодог урлагт эрс шинэчлэл хийх шаардлагатайг салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Тэд сонгодог урлаг бол үндэсний оюун санааны дархлаа учраас урлагийн байгууллагуудыг эрх мэдэлтнүүдийн явцуу сонирхол, улстөржилтөөс ангид байлгах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх цаг болсныг хэлсэн.
Юуны түрүүнд уран бүтээлчдийн хөдөлмөрийг бодитоор үнэлж, цалин хөлсийг олон улсын жишигт биш юм гэхэд дотоодын амьжиргааны өртөгт нийцүүлэн нэмэгдүүлэх ёстой. Мөн удирдлагын томилгоог нээлттэй сонгон шалгаруулж, мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтэд үндэслэдэг тогтолцоонд шилжүүлэх хэрэгтэй байгаа юм. Удирдлага нь тогтвортой ажиллаж байж л театр хөгждөг дэлхийн жишгийг бид дагах учиртай. Түүнчлэн уран бүтээлчид өөрсдөө хандлагаа өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Дотооддоо хэрүүл маргаан дэгдээж, нэгнийгээ үгүйсгэж суухын оронд нийгэмдээ сонгодог урлагийн үнэ цэнийг сурталчлах, үзэгчдийн боловсролд анхаарах, чанартай бү тээл туурвихад нэгдэх нь нэн чухал билээ.
Э.Сүйлэн