Төрийн соёрхолт, яруу найрагч Р.Чойномын нэрэмжит яруу найргийн бүсчилсэн тэмцээн Хэнтий аймгаас эхэллээ. Яруу найрагчийн төрсөн нутгаас эхэлж буй тус наадам шинэ залуу яруу найрагчийг тодруулах зорилготойгоос гадна орон нутагт түүний бүтээлийг сурталчлахад чиглэж байна. Р.Чойномын нэрэмжит яруу найргийн наадам анх удаа 1993 онд болж, 1995, 1997, 1999 оноос хойш зургаан жил завсарласны дараа 2005 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр хотод болжээ. Энэ наадамд нийт 65 найрагч оролцсон бөгөөд наадмын тэргүүн байрыг “Болор цом”-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир хүртсэн байна.