Санкт-Петербургт И.Е.Репиний нэрэмжит урлагийн академи 1757 онд байгуулагдаж, дэлхийд алдар нэрээ мөнхөлсөн олон уран бүтээлч бэлтгэсэн байдаг. Харин 1952 оноос энэ академид анхны монгол зураач суралцаж төгссөнөөс хойш өдгөө жар гаруй уран бүтээлч төржээ. Тэдгээр төгсөгчид манай дүрслэх урлагт гарч ирсэн урлагийн шинэ чиглэлийн эхлэлийг тавьж, урлагийн санг өвөрмөц бүтээлээрээ хөгжүүлж ирсэн түүхэн замналаа илэрхийлсэн үзэсгэлэн гаргалаа. Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийсэн тус үзэсгэлэнд Төрийн шагналт, Ардын зураач Л.Гаваа, До.Болд, Л.Ганхуяг, Төрийн шагналт барималч Ц.Амгалан, Урлагийн гавьяат зүтгэлтэн, барималч А.Даваацэрэн, В.Пүрэвсүх, уран зураач С.Дондог зэрэг уран бүтээлчийн 50 гаруй бүтээл дэлгэгджээ. Уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн ирэх сарын 6 хүртэл үзэгчдийн хүртээл болно.