Крымийн хойг Украины өмнөд хэсэгт оршдог, 27 мянга орчим ам дөрвөлжин км талбайтай нутаг юм. Үүний 72 хувийг нь тэгш тал, 20 хувийг уул хяр, үлдсэн хэсгийг нь гол ус эзэлдэг. Энэ хойгийн зүүн, өмнөд хэсэг нь Хар тэнгис, дорнод хэсэг нь Азовын тэнгисээр хүрээлэгддэг. Умраас өмнөд захаа хүртэл 195 км, баруунаас зүүн тийш 325 км, сунаж тогтсон байрлалтай.

Крымд хур тунадас ховор. Нутгийн ихэнх хэсэгт жилд дунджаар 300- 500 мм, харин уулархаг нутагт нь 1000 мм хүртэл тунадас унана. Үүнээсээ ч болдог уу энд гол тийм ч элбэг бус. Хамгийн том гол нь 232 км урт Салгир. Ихэнх гол горхи нь уулнаас эх авна. Харин их нарлаг нутаг юм. Жилд нар гийж байдаг хугацааны үргэлжлэх цагаар ЗХУ-д эхний байранд ордог байж. Тухайлбал, жилийн туршид нэг өдрийн долоон цагт нь нартай тунгалаг байдаг гэж бичсэн байдаг юм. Эндхийн ургамал маш олон төрөл зүйлтэй гэсэн. 2300 орчим төрлийн ургамалтай. Тэгсэн хэрнээ уул нурууд нь ойгүй нүцгэн, харин өөр хаана ч байхгүй ховор ургамал элбэгтэй. Уулынх нь хормойгоор навчит ойтой. Амьтны ертөнц нь ч тал хийгээд уулархаг нутгаараа ихээхэн ялгаатай.
Крымийн түүх их эртнээс эхтэй юм байна. Одоогоос 100 гаруй мянган жилийн тэртээгээс буюу эртний чулуун зэвсгийн үеэс л энд хүн амьдарч эхэлсэн гэж үздэг. Хүй нэгдлийн үеийн хүмүүсийн амьдарч байсны ул мөр эндхийн хаа сайгүй, ялангуяа агуйнуудад элбэг бий. Уулархаг нутгаас нь хүрэл зэвсгийн үеийн эд өлгийн зүйлс олдоно. VIII зуунаас Крымд славян хүмүүс үзэгдэх болж, тэд IX-XI зуунд тус нутгийн гол хүч болж байсан байна.
Крымийн түүхэн хөгжилд түүний газар зүйн аятай байрлал ихээхэн нөлөөлсөнд эргэлзэх юмгүй. Европын орнуудаас дорнод руу, Перс, Энэтхэг, Хятадыг зорьсон худалдааны зам дундад зуунд үүгээр дайрч өнгөрдөг байж. Венецийн Николо, Маффео Поло нар болон Фламандын Рубрук, Арабын Ибн Батутта зэрэг түүхэнд нэрээ үлдээсэн аялагч, судлаачид Крымээр дайрч явж байжээ.
XIII зуунд тус хойгийг Бат хаан эзэлснээр Крым Алтан ордны улсад хамаарах болсон байна. Гэвч энэ улс задарч, аажмаар Оросын харьяанд орох явцад энд Крымийн хаант улс хэмээх тусгаар улс бий болжээ. Үүнийг энэ нутагт үүссэн анхны тусгаар тогтносон улс гэж үздэг. Гэхдээ Крым оршин тогтносон олон зуун жилийн түүхэндээ нэг бус удаа бие даасан улсын статустай байсан юм билээ. Энд скиф, грек, татар гээд олон үндэстэн суурьшиж байжээ. Крымийн хаант улс тухайн үедээ Түрэгийн эзэнт улсын гол холбоотон, Зүүн Европын хамгийн хүчирхэг гүрний нэг байв.
Энэ улс хүчиндээ эрдэж бардан хавийн орнууддаа амар заяа үзүүлдэгг үй байсан гэдэг. Украин, Польш, Московитийн Орос руу байсгээд уулгалж дээрэм тонуул хийж, хүмүүсийг нь олзолдог байлаа. Оросууд Казанийг булаан авсанд өсөрхөн 1571 онд Москва руу довтолж, түймэрдсэн удаатай. Чухам тиймээс ч Крымийн хаант улсыг оршин тогтносон бүх үеийн туршид Орос, Украины ард түмэн түүний эсрэг тэмцсээр байжээ. 1654 онд Орос, Украин хоёр нэгдсэн нь энэ тэмцэлд онцгой үүрэг гүйцэтгэсэн байна. Оросын эртний газар нутгийг эргүүлж авах гэсэн олон зууны тэмцэл Крым Оросын эзэнт улсын бүрэлдэхүүнд орсноор 1783 онд зогссон аж. Энэ оны дөрөвдүгээр сарын 8-нд Оросын хатан хаан II Екатерина Крымийг Орост нэгтгэх тухай тунхаг бичигт гарын үсэг зуржээ. Уг үйл явц ихээхэн дэвшилт үүрэг гүйцэтгэж, Крымийн эдийн засаг, соёлын хөгжлийг түргэсгэсэн юм.
1917 онд Октябрын хувьсгал ялсны дараа гурван жилийн туршид Крымд дотоодын хувьсгалыг эсэрг үүцэгчид болон Германы булаан эзлэгчид, Антантын орнуудын интервенцийн тэмцэл өрнөв. 1920 оны арваннэгдүгээр сард Улаан арми Врангелийг бут цохисноор Крымд Зөвлөлт засаг бүрэн ялсан байна. Түүнээс хойш энд өрнөж байсан Зөвлөлтийн хүмүүсийн энхийн хөдөлмөрийг фашистууд үгүй хийсэн юм. Дайны гал энэ хойгт 1941 оны наймдугаар сараас дүрэлзжээ. Крымийг 1944 оны дөрөв, тавдугаар сард Зөвлөлтийн арми чөлөөлөв. Украины хувьд гэвэл Москвагийн их сургуулийн Түүхийн факультетийн доцент Дмитрий Володихиний ярьснаар бол тус улс оршин тогтносон хугацааныхаа туршид хоёр удаа л тусгаар улсын статустай байжээ. Эхнийх нь XVII-XVIII зууны эхэн хүртэл. Тэр үед Запорожийн гетманууд энэ улсыг захирч байв. Гэвч II Екатерина хатан хаан 1764 онд гетмануудын цол хэргэмийг хүчингүй болгосноор Оросын эзэнт улсын бүрэлдэхүүнд Украин оржээ. Украин тусгаар улсын эрхтэй байсан хоёр дахь хугацаа нь тун богино бөгөөд 1918-1920 оны иргэний дайны үед хамаарна. Аль ч үед нь Крым Украинд ямар ч хамааралгүй байжээ. Иргэний дайны дараа ч Украин улсын өнөөгийн хил хязгаарыг тогтооход Крым бас л түүний бүрэлдэхүүнд байсангүй. 1920-1946 онд автономит улс, дараа нь муж болсон Крым ЗСБНХОУ-ын бүрэлдэхүүнд багтаж байлаа. Харин Украин улс Орост нэгдсэний 300 жилийн ойг тохиолдуулан тухайн үеийн Зөвлөлтийн удирдагч Никита Хрущев Крымийг Украинд бэлэглэсэн юм.
Крым бүр Зөвлөлт засгийн үеэс л амралт сувилал, аялал зугаалгын нэг гол бүс нутаг байв. Украин улс 1991 онд Оросоос туурга тусгаарласнаас хойш Крымийн байдал нэлээд дордсон гэж сүүлийн үед хэвлэлд бичиж байна. Крымд хоёр сая хүн оршин суудгийн 60 гаруй хувь нь оросууд аж. Нийт хүн амын нь ердөө 334 мянга нь л ажил эрхэлдэг гэсэн баримт байна. Үүнээс үзвэл ажил хийдэг нэг хүн ажилгүй таван хүнийг тэжээдэг байх нь. 2013 оны эцсийн байдлаар бол ажилтай хүний тоо 251 мянга байсан гэсэн баримт ч бас байна. Тэгвэл бусдаар тэжээлгэгчийн тоо бүр ч нэмэгдэж таарна.
Өнгөрсөн оны байдлаар Крымд сарын дундаж цалин 1200-2500 гривень байжээ. Энэ нь өнөөгийн ханшаар бол 140-280 доллартай тэнцэх бололтой юм. Түүнээс гадна крымчүүдийн нэлээд нь улирлын чанартай орлоготой, өөрөөр хэлбэл зуны дэлгэр цаг болж жуулчид, амрагчид олноор ирэхийг хүсэн хүлээж байдаг гэж байгаа. 2013 онд энд 5.9 сая хүн ирж амарсны 1.5 сая нь оросууд байжээ. Тэгэхлээр хэдхэн хоногийн дараа энд болох санал асуулгаар Крымийг ОХУ-тай нэгтгэхийг хүн амын нь олонх дэмжчихвэл Орос гүрний нуруун дээр хоёр сая ядуу зүдүү хүн, үр ашиг муутай, нэлээд сүйдсэн дэд бүтэц ирэх нь. Эндхийн хүн амын 60 гаруй хувь нь орос үндэстэн гэж дээр хэлсэн шүү дээ. Крымийн автономит БНУын Сайд нарын Зөвлөлийн даргаар саяхан томилогдсон Сергей Аксёнов нь ч “ОХУ Крымийг бүрэлдэхүүндээ авах шийдвэрээ ирэх долоо хоногт гаргана гэдэгт бид найдаж байгаа. Санал асуулгаас өмнө тэд бидэнд зөвш өөрлөө өгөх учиртай. Крымийг хүлээж авахад татгалзах зүйлгүй гэсэн зөвшөөрөл ОХУ өгсний дараа ард нийтийн санал асуулга хууль эрх зүйн хувьд хүчин төгөлдөр болох юм” гэж сурвалжлагчид ярьсан байна лээ.
И.РЭНЧИНХАНД