Энэ жил цас багатай, дулаахан өвөл болж байгаа учраас гэр хорооллын айлууд нүүрс бага түлж байна. Тиймээс агаарын бохирдол өмнөх жилийнхээс төдийлэн өсөөгүй гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгийн Агаарын чанарын хэсгийн ахлах инженер Ш.Нямдаваа хэлэв. Гэхдээ агаарыг бохирдуулагч олон төрлийн бодис байдаг. Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй утаа, тоос, манан бидний нүдэнд харагдсаар л байна. Тиймээс нийслэлийн аль бүсэд агаарын бохирдол хамгийн их байгаа талаар сурвалжиллаа.
“Миний хүүхдүүд гэр хороололд амьдарсныхаа төлөө төрөл бүрийн өвчин тусаж, бохир агаараар амьсгалж байгаад харамсаж байна” хэмээн иргэн Г.Доржсүрэн ярилаа. Тэр бол Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны оршин суугч. I хорооллын арын дэнжид амьдардаг Г.Доржсүрэнгийнд оройн 19.00 цагийн үед очив. Айл бүр галаа түлдэг энэ цагаар тэдний гэрийн эргэн тойронд битүү утаан хөшиг үүсдэг байна. Тэрбээр “Энэ хавийн шороо тоос болон нүүрсний утаа холилдож, хэдхэн метрийн урд байгаа орон сууц харагдахаа больдог. Өтгөн манан шиг утаанаас болоод урд яваа машиныг харахгүй үе ч бий. Үүнээс болж зам, тээврийн осол гарах нь цөөнгүй” гэв.
Орчин үед агаарын бохирдлоос үүдэлтэй “шинэ” төрлийн олон өвчин гарч байгааг эмч мэргэжилтнүүд хэлдэг. Жишээлбэл, сүүлийн жилүүдэд нярай хүүхдийн 80-90 хувь нь төрөлхийн тархины даралттай байгаа төдийгүй, зүрх судасны өвчнөөр нас барагсдын тоо нэмэгдэж байгааг Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны өрхийн эмнэлгийн их эмч Д.Отгонцэцэг хэлэв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага манай улсын агаарын бохирдлыг аюултай хэмжээнээс хэтэрч, гамшгийн хэмжээнд хүрч байгааг сануулсан. Энэ бохирдлын ихэнх хувийг гэр хорооллын нүүрсний утаа эзэлдэг болохыг холбогдох байгууллагууд тогтоожээ.
Гэр хороолол ихээр төвлөрсөн газруудын нэг нь дээр дурдсан Сонгинохайрхан дүүргийн I хорооллын хойд дэнж юм. Тус дүүргийн 30 дугаар хорооны нийгмийн ажилтан Б.Энхням “Манай хороо 1300 гаруй өрх, 6000 орчим хүн амтай. Салхигүй үед I хорооллын айлууд утаанд автдаг. Учир нь уул болон өндөр орон сууц ихтэй учраас утаа сарних боломжгүй. Мөн манай хороонд дандаа гэр хорооллын айлууд амьдардаг. Уг нь иргэдийн санаачилгаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Барилга хот байгуулалтын яамтай хамтарч 169 айлыг дахин төлөвлөлтөд хамруулахаар болсон. Тэд орон сууцанд хамрагдсан ч агаарын бохирдол дорвитой буурахгүй л байх” гэв. Гэр хороолол төвлөрсөн газар агаарын бохирдол их байгаа ч ачаалал ихтэй төв замуудад азот, хүхэр зэрэг хорт бодисын ялгарал хэвийн хэмжээнээс 3-4 дахин өндөр байдаг аж. Учир нь машины түлш, шатахуунаас хүхрийн хий ихээр ялгардаг байна. Хортой ангилалд багтах уг хий амьсгалын замын эрхтэнүүд, уушгинд сөрөг нөлөө үзүүлдэг.
Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны “Эрүүл жаргалан” өрхийн эмнэлгийн их эмч Д.Отгонцэцэг “Агаарын бохирдол их болохоор иргэд нярай хүүхдээ салхилуулах боломж байдаггүй. Тийм учраас хүүхдүүд хүчилтөрөгчийн дутагдалд ордог. Эхийн хэвлийд байхдаа ч тэд хүчилтөрөгчөөр дутагддаг. Учир нь жирэмсэн эхчүүд агаарын бохирдлоос болж хүүхдээ хэвийн тээж чадахгүй байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд уушгины хатгалгаанаас болж нас барж буй хүүхдийн тоо эрс нэмэгдэж, багтраа өвчтэй болон харшилтай хүний тоо ч жил ирэх бүр өсөж байна” гэсэн юм. Нийслэлийн Агаарын чанарын алба, Ус цаг уур орчны хүрээлэнтэй хамтран гэр хороолол төвлөрсөн газруудыг хуваан авч, автомат төхөөрөмж байршуулан, агаарын бохирдлын хэмжээг хянадаг аж. Ус цаг уур орчны хүрээлэнгийн хянадаг байршлуудаас 100 айл, Баянхошуу, Дарь эх, I хороолол орчим агаарын бохирдол хамгийн их гэж гарчээ. 20 гаруй газар байрлах уг төхөөрөмж хүхэрлэг хий, тоосонцор, нүүрстөрөгчийн исэл, азот зэрэг бодис агаарт ямар хэмжээтэй хуримтлагдаж байгааг тогтоодог. Төхөөрөмж суурилуулсан газруудаас Амгалан, Нисэх, Толгойт, XIX хорооллын агаарын бохирдлыг Нийслэлийн агаарын чанарын албаныхан хариуцаж agaar.mn сайтад мэдээлдэг байна.
Уг сайтад мэдээлснээр Баянзүрх дүүргийн VIII хороо буюу Амгалан орчимд агаар “маш их бохирдолтой” гэж гарсан юм. Гэтэл манай сонины сурвалжлах багийг Амгаланд очиход агаарын бохирдол тийм ч их байгаагүй бөгөөд оршин суугчид, хорооны ажилтнууд уг мэдээллийг үгүйсгэж байв. Энэ талаар Баянзүрх дүүргийн VIII хорооны засаг дарга А.Бямбадолгор “Манай хороо 14 мянга гаруй хүн амтай. Гэр хорооллын айлуудын ихэнх нь төслийн зууханд хамрагдсан. Мөн орон сууцанд амьдардаг айл олон бий. Хотын төвөөс зайтай болохоор цөөн оршин суугчтай. Тиймээс бусад дүүргийг бодвол манай хороонд агаарын бохирдол харьцангуй бага” гэв. Амгаланд байрлах Нийслэлийн Агаарын чанарын албаны автомат төхөөрөмж тус газрын хүхэрлэг хийн агууламжийг өндөр хэмжээтэй байгааг тогтоосон аж. Тус газарт нүдэнд харагдах тоосонцор бага байгаа ч хүхэрлэг хийн хэмжээ ихэссэн байна. Гэхдээ энэ бодисын хэмжээ хэт өндөр байгаа нь эргэлзээтэй учраас Ус цаг уур, орчны хүрээлэнгийн Агаарын хэсгийн ахлах инженер Ш.Нямдаваа автомат төхөөр өмжийг шалгуулах хүсэлт тавиад байгаа гэсэн.
Утааг “албадан” шүүх эко яндан зохион бүтээжээ

Дэлхийн оюуны өмчийн байгууллага, Солонгосын оюуны өмчийн байгууллагатай хамтран манай улсад “Инновацийн шийдэл буюу тулгамдаж буй асуудлыг шийдэх шинэ санаа” нэртэй уралдаан зарлаж, өнгөрсөн сард дүгнэсэн. Тус уралдаанд “ARYA” компанийн захирал З.Золжаргалын бүтээсэн агаарын бохирдлыг бууруулах эко яндан гуравдугаар байр эзэлжээ. “Эко технологи” буландаа уг төхөөрөмжийг танилцуулж байна. Богино хугацаанд агаарын бохирдлыг бууруулах, өртөг багатай төхөөрөмж бүтээхийн тулд З.Золжаргал хоёр жил туршилт хийжээ. Түүний зохион бүтээсэн төхөөрөмжийг янданд суурилуулснаар гэр хорооллын айлуудын түлж буй нүүрсний утааг агаарт тархахаас өмнө цэвэршүүлэх “ид шид”-тэй.
Уг төхөөрөмж нь цахилгаан сэнс, богино яндан, шүүлтүүр гэсэн гурван хэсэгтэй. Цахилгаан сэнсийг тогонд залгаснаар зууханд агаар сорогдож, түлшийг хурдан хугацаанд шаталтад оруулна. Ингэснээр бохир утаа богино яндангаар дамжин шүүлтүүрт хуримтлагддаг байна. Өөрөөр хэлбэл, энэхүү төхөөрөмж нүүрсний утааг шүүлтүүрийн тусламжтайгаар цэвэршүүлдэг аж. Эко яндан 45 ваттын цахилгаанаар ажилладаг учраас уг төхөөрөмжийг хэрэглэх айлын тогны мөнгөн дээр сардаа 2000-3000 мянган төгрөг л нэмэгдэнэ гэсэн үг юм. Үүнийг гэр ахуйн бүх төрлийн янданд суурилуулах боломжтой юм байна. Зохион бүтээгчийн хэлж байгаагаар уламжлалт зууханд галлагаа хийхэд дөрвөн цаг утаа гардаг бол сүүлийн үеийн төслийн зуух энэ утааг хоёр цаг болгон багасгасан байна. Харин эко яндангийн хувьд галлагаа яаж хийхээс хамаарч, түлш шатаж эхлэхэд 5-10 минут шүүгдсэн цагаан утаа л гаргана. Галаа асаахдаа төхөөрөмжийн сэнс ажиллах товчлуурыг дарснаар яндангийн шүүх ажиллагаа эхэлнэ. Утааг “албадан” шүүж байгаа учраас угаартах, зуух дэлбэрэх зэрэг аюултай байж болзошгүй гэж зарим хүн үзэж байгаа ч зохион бүтээгч аюулгүй ажиллагааг бүрэн хангасан хэмээн тайлбарлаж байна.
Айлуудын хэрэглэж буй энгийн яндан аюулгүй байдал талаасаа шаардлага хангадаггүй. Учир нь яндангаар гадагш цог хаяж, гэр шатах магадлал өндөр. Харин эко яндангийн шүүлтүүр битүү болохоор тийм аюул байхгүй. Бохир утаа нөөцөлж буй шүүлтүүрийг улиралд нэгээс хоёр удаа солихоос гадна тоос сорогчоор цэвэрлэх боломжтой учраас яндан бөглөрч, угаартах аюулгүй аж. Эко яндангийн төмөр, сэнс, мотор зэрэг түүхий эд олдоц ихтэй учраас машины болон уурын зуухны янданд суурилуулах хэмжээтэйг ч үйлдвэрлэх боломжтой гэдгийг З.Золжаргал захирал ярилаа. Уг төхөөрөмжийг зах зээлд 350 мянган төгрөгөөр борлуулах төлөвлөгөөтэй байгаа ч энэ жил нэмэлт туршилт, судалгаа хийхээр болжээ. Учир нь ШУТИС болон бусад лабораторид эко янданг шинжлэх зориулалтын төхөөрөмж байхгүй аж.
Манай улсад байдаг лабораториуд утаа бууруулах төслийн зуухыг л шинжилдэг байна. З.Золжаргал өмнө нь ус чийг нэвтрүүлэхгүй, дулаанаа удаан хадгалах гэрийн дулаалга зохион бүтээж байжээ. Энэ дулаалга эсгийг бодоход хоёр дахин илүү дулаан хадгалах чадвартай бөгөөд цаваг берзент зэргийг хэрэглэх шаардлагагүй тул иргэдийн мөнгийг хэмнэх давхар ашигтай гэсэн. Мөн тэрбээр дөрвөн улирлын турш хэрэглэж болох машины хучлага зохион бүтээжээ. Халуун нарнаас хамгаалсан зуны хучлага, хүйтнээс хамгаалах өвлийн хучлагаа одоо Бөмбөгөр худалдааны төвийн гадна борлуулж байгаа юм байна.
Э.НЯМДУЛАМ