Цуврал №7
Бид олон давхар орон сууцыг ганцхан жилийн дотор барьчихдаг хэрнээ хоёр давхар цэцэрлэгийг хоёр жилд ч барьж чаддаггүй улс. Учир юунд байна вэ. Хөрөнгө мөнгөгүйд үү, эсвэл цэцэрлэг барих хүсэлгүйд үү. Эс бөгөөс эргээд өгөх ашиг, эрх мэдэлтний халаасанд орох мөнгө багатайд ч байж болох. Монгол Улс хоёр сая дахь иргэнээ 1988 онд өлгийдөн авчээ. Харин гурван сая дахь иргэн маань тун удахгүй төрөх гээд дээгүүр, доогуур байр сав бэлтгээд завгүй байгаа. Гэвч тэдэнд сургуулийн өмнөх боловсрол эзэмших цэцэрлэг, сурах сургууль алга. Хоёр сая дахь иргэн төрөх үед манайх 909 цэцэрлэгтэй байж. Нийгэм, эдийн засгийн байдалтай холбоотойгоор 2000 он гэхэд 259 цэцэрлэг хаалгаа барьж, 650 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байв. Харин 2000-2014 онд улсын хэмжээнд хувь, хувьсгалын 447 цэцэрлэг шинээр ашиглалтад орж, өдгөө 1067 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, 1988 оноос хойших 26 жилийн хугацаанд цэцэрлэгийн тоо 158-ханаар нэмэгдсэн байгаа юм. Хүн ам маань саяар өсөж байхад цэцэрлэг 158-аар л нэмэгдэнэ гэдэг хэвийн үзүүлэлт лав биш. Тэгээд болоогүй цэцэрлэг шинээр барих нь бүү хэл байгаа хэдэн хуучин цэцэрлэгээ нураачихаж чадахгүй, зориулалт нь өөрчлөгдөж, хувийн компанийн агуулах төдийхнөөр ашиглагдаж байгаа цэцэрлэгүүдээ буцаагаад авчих сачий манай төрд алга. Тусгаар тогтносон улс ийм байх уу. Мөнгөгүй юм уу гэхээр бас тийм биш. Хэрэгтэй, хэрэггүй нь үл мэдэгдэх олон төсөлд хэчнээн тэрбумаар нь зарцуулж л байдаг.
Бид өмнөх цувралууддаа зориулалт нь өөрчлөгдсөн цэцэрлэг болон ашиглах боломжгүй болж, үйл ажиллагааг нь зогсоосон сургуулиудыг сурвалжилсан. Харин энэ удаа нурааж, шинээр барихаар болсон 10 цэцэрлэгийн тавыг нь онцоллоо. Эдгээр цэцэрлэгт хүмүүжиж байсан хүүхдүүдийг ойролцоох цэцэрлэгүүдэд хуваарилсан бол эрхлэгч, багш нарыг нь яаж ийгээд ажлын байртай золгуулжээ. Гэсэн ч ажилгүй байгаа багш цөөнгүй бий. Үйл ажиллагааг нь зогсоогоод багагүй хугацаа өнгөрсөн ч барих нь бүү хэл, нураагаагүй цэцэрлэг олон байна. Зөвхөн тавдугаар цэцэрлэг л өдгөө ашиглалтад ороход бараг бэлэн болжээ. Тус цэцэрлэгийн үйл ажиллагааг өнгөрсөн гуравдугаар сард зогсоосон. Хэрэв хүсвэл жил хүрэхгүй хугацаанд цэцэрлэг барьж болдгийг үүнээс харж болно.
1. Хүний нүдэнд харагддаггүй цэцэрлэгийг Баянзүрх дүүргийн V хороонд барьж байгаа бололтой. 146 дугаар цэцэрлэгийн барилгыг нийслэлийн төсвийн 181.7 сая төгрөгөөр өнгөрсөн наймдугаар сард нураасан. Өдгөө хашаан дээр нь “Барилгын ажил явагдаж байна” гэсэн бичиг хаджээ. Барьж байгаа гэх барилгыг нь яаж ч хайгаад олж харсанг үй. Тус цэцэрлэгийн барилгыг нийслэлийн хөрөнгөөс хасаж, бүртгэл хасах тогтоол 2012 оны есдүгээр сард гарч, дараа жил нь цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоожээ. Харин нураах хөрөнгийг дөнгөж л өнгөрсөн хоёрдугаар сард шийдсэн. V хороо 146-гаас гадна хоёр цэцэрлэгтэй. 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгт нь 240 хүүхэд хүмүүждэг. Нэг цэцэрлэгт хоёр настай 90 хүүхэд бүртгүүлснээс дөнгөж 20-ийг нь авдаг болоод хоёр дахь хичээлийн жилийнхээ нүүрийг үзэж байгаа ч цэцэрлэг агаар дээр баригдсаар. Концессийн гэрээгээр барихаар болж, Энэтхэгийн хөрөнгө оруулалттай компани сонирхож байсан ч яам нь татан буугдсанаар бүх ажил зогсчээ.
2. Хүүхдийн инээд цангинадаг байсан Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэг одоо дүлий дүмбэ оргисон хоосон барилга төдий. Эцэг, эхчүүдийн хүүхдээ цэцэрлэгт хүргэж, авахаар явдаг байсан жим арилж, саяхан орсон цасан дээр нохойн мөр л харагдана. 1954 онд ашиглалтад орсон тус барилгын хана цуурч, мөөгөнцөртсөн тул цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр өнгөрсөн оны наймдугаар сард гарчээ. Таван бүлэгтээ дунджаар 220 хүүхэд авдаг, 24 багш, ажилтантай байсан 18 дугаар цэцэрлэг хүүхдүүдээ дүүргийнхээ дөрөв, ес, 37, 74 дүгээр цэцэрлэгт тараажээ. Харин багш нар нь хувь, хувьсгалын цэцэрлэгүүдэд ажиллаж байгаа бол туслах багш нар ажилгүй суугаа гэнэ. Цэцэрлэгийн эрхлэгч БШУЯ, нийслэлийн Боловсролын газрын холбогдох албаны хүмүүст ханддаг ч “Эдийн засгийн хөгжлийн яам концессийн гэрээгээр барихаар болсон. Тэнд ханд гэдэг” байж. Харин тус яамныхан “Концессийн гэрээгээр барина. Өвөл буулгаад, барилгын ажлыг хавар эхэлнэ” гэж байсан бол одоо татан буугдсанаар буух эзэн, буцах хаяггүй болжээ.
3. Таазнаас нь шавар, шохой унах болсноор 21 дүгээр цэцэрлэгийн барилгыг өнгөрсөн дөрөвдүгээр сард акталсан. Зургаан бүлгээ хоёр болгон цөөлж, үйл ажиллагаа явуулж байгаад энэ хичээлийн жилээс зөвхөн өргөтгөлдөө ахлах болон холимог бүлгээ авч байгаа. Нэг бүлгийн хүүхдийн тоо 60-70-д хүрчээ. Концессийн гэрээгээр цэцэрлэгийг буулгаж, барих ч хэзээ гэдэг нь асуултын тэмдэг байна.
4. Тавдугаар цэцэрлэгийг нураах шийдвэр өнгөрсөн гуравдугаар сард гарч, үйл ажиллагаагаа зогсоосон. Барилгыг нурааж, шинээр барих ажил дөрөвдүгээр сараас эхэлсэн бөгөөд 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг тун удахгүй ашиглалтад орно. Барилгыг “Олон тоосго” ХХК барьж буй. Он гаргаад л Улсын комисс хүлээн авах юм байна.
5. Шал нь энэ тэндээ хонхойж, хүчтэйхэн дэвсвэл цөмөрмөөр, хана нь цуурч, мөөгөнцөртсөн Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын урсгал засварт жилд ердөө 270 мянган төгрөг л төсөвлөдөг байж. 1964 онд ашиглалтад орсон гэх барилгыг хаанаас нь ч харсан элэгдэж, муудсан нь илт. Тус цогцолбор хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүдийг авдаг, манай улсын цорын ганц цэцэрлэг. Үйл ажиллагааг нь зогсоох мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт 2013 оны дөрөвдүгээр сард гарчээ. Гэвч цэцэрлэгийг буулгах хөрөнгө 2013 оны төсөвт суугаагүй учраас барилгыг дараа жил нь нураахаар болсон ч одоо хэр нь ганц ч тоосго буулгаагүй. Тус цэцэрлэгийнхэн ойролцоох 58 дугаар цэцэрлэгийн нэг жигүүрт хичээллэж байна. Стандартаараа бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэг анги 10 хүүхэдтэй байх ёстой бол өдгөө нэг ангид хоёр бүлгийн 40 хүүхэд хүмүүжиж байна. Өөрөөр хэлбэл, зургаан бүлгээ гурван ангид багтаан үйл ажиллагаа явуулж буй гэнэ. 58 дугаар цэцэрлэгт хоёр жил байрлахаар тохирсон бөгөөд хугацаа нь энэ хичээлийн жилд дуусна. Ирэх хичээлийн жилд тэд хаачихаа мэдэхгүй сууна.
Тус цогцолборын эрхлэгч Г.Буянжаргал “Анх манай цэцэрлэгийг нийслэлийн хөрөнгөөр барихаар төлөвлөсөн. Харин өдгөө концессийн гэрээгээр барихаар болсон ч дорвитой шийдэлд хүрсэн зүйл алга. Иймээс бид нийслэлийн хөр өнг өөр барих хүсэлтийг нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалайд тавьсан. Гэтэл одоо орлогч нарыг цөөлөхөөр болж. Ийм байхад энэ хүн бидний төлөө ажиллах эсэх нь эргэлзээтэй боллоо” гэв.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ