Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны өмгөөлөгч Д.Нармандахыг “Байгальд ээлтэй хүн” буландаа онцоллоо. Тэрбээр хувиасаа хөрөнгө гаргаж Сибирийн улиас 300 гаруй ширхгийг төрсөн нутаг Дорноговьдоо болон байрныхаа гадаа тарьсан юм. Түүнтэй ярилцлаа.
-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би Дорноговь аймгийн Зүүнбаянгийн цэргийн хотхонд өсөж, тэнд дунд сургуулиа төгссөн. Энэ жил сургуулийнхаа 70 жилийн ойгоор бэлэг болгож 5-11 дүгээр ангийн сурагчидтай хамтарч, сургуулийн хашаанд дөрвөн настай Сибирийн улиас 100 ширхгийг тарьсан. Мөн цэргүүдтэй цуг Зүүнбаянгийн цэргийн ангид 100, эмнэлгийн хашаанд 50, засмал зам дагуу болон захиргааны байрны гадаа 50 ширхэг мод тарьсан. Сибирийн улиас хөрс голдоггүй болохоор ямар ч орчинд ургадаг. Монголд ургадаг улиасыг бодвол хавар, зундаа үр нь задарч хөвөн хийсдэггүй. Арай том, илүү өндөр ургадаг. Би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 53 дугаар байрны оршин суугч. Байрныхаа гадаа Сибирийн мөнгөлөг улиас 30 ширхгийг тарьсан. Энэ нь Сибирийн улиаснаас илүү өндөр, хурдан ургадаг.
-Модоо хаанаас авдаг вэ. Хэчнээн хэмжээний зардал гарсан бэ?
-Хавар, намар мод, бутны үзэсгэлэн худалдаа Барилгачдын талбайд болдог. Тэндээс 4-5 настай мод худалдаж авдаг. Сибирийн мөнгөлөг улиас 30 ширхэг нь 300.000, Сибирийн улиас 300 ширхэг нь сая гаруй төгрөг болсон. Б.Бямбадорж гээд ойн инженер найз минь байдаг юм. Модыг маань зөөлцөж, тарихад тусалсан. Миний хувьд ЦЕГ-ын дэргэдэх сургалт, дадлагын төвд цагаар багшилдаг. Мод худалдаж авах, тарих зардлыг өөрийн цалингаасаа гаргасан.
-Мод тарих дуртай болоход чинь юу нөлөөлсөн бэ?
-Би өнгөрсөн онд ОХУ-ын Уралын их сургуульд Эрүүгийн процесс, криминалистика мэргэжлээр магистрийн зэрэг хамгаалсан. Тэнд суралцаж байхдаа дэлхийн уушги болсон Сибирь, Уралын ойгоор аялсан. Тэр үзэсгэлэнтэй ой мод, тэндээс ялгарч буй цэвэр агаар хүнийг мод ургамалд хайртай болгодог юм билээ. Тэгш тал дээр ургасан ой, дээгүүрээ манан татаад маш үзэсгэлэнтэй харагддаг. Амьсгалахад маш гоё чийглэг агаартай.
-Урал ой модноос гадна ногоон байгууламж ихтэй. Хойд хөршийнхөн хэр их мод тарьдаг юм бол?
Олон улсын жишгээр зөв төлөвлөлттэй хотын 70 хувь нь ногоон байгууламж байдаг. ОХУ-д орон сууц, барилга байгууламж барихдаа ногоон байгууламжийг нь давхар төлөвлөдөг. Ашиглалтад оруулахдаа ногоон байгууламжтай нь хамт хүлээлгэж өгдөг. Хойд хөршийн иргэд гэр бүл болж гал голомтоо асаахдаа бидний амьдрал энэ мод шиг цэцэглэж, өөдөө тэмүүлж байх болтугай хэмээн бэлгэдэж хамтдаа мод тарьдаг. Мөн шинэ хүн тосож авахдаа, хүн нас барахад буян үйлдэж мод тарина. Нэг мод таривал нэг насны буян, хоёр мод таривал хойд насны буян гэж хэлдэг. Монголчуудыг мод тарихад лам нар болон шашны хүмүүсийн хичээл зүтгэл хэрэгтэй. Монголчууд талийгаачдаа буян үйлдэнэ гэхээрээ л өргөл барьц барьж, суварга босгодог. Суварга босгосноос мод таривал илүү буян болно гэдгийг лам нар сайн ойлгуулж хэлбэл хүмүүс энэ чиглэлд хандах болов уу.
-Таны бодлоор хаана мод тарих нь илүү зөв бэ?
-Хүмүүс гэр орондоо цэвэрхэн байдаг хэрнээ орц, байр, хашааныхаа гадна талбайг төдийлэн анхаардаггүй. Амьдарч байгаа орчноосоо эхэлж мод тарих нь зөв гэж би боддог. Эхлээд гэрийнхээ гадаа, дараа нь сургуулиа төгсөхдөө сургуульдаа мод тарьж өгөх ёстой. Дараа нь өөрийн ажлын гадаа таривал тэр хүн ч гоё санагдана. Нэг зүйл хэлэхэд мод тарихдаа хот тохижилт болон СӨХ-ноос зөвшөөрөл авах хэрэгтэй юм билээ. Сантехник, цахилгааны шугаман дээр суулгасан модыг буцаагаад сугалчихдаг. Цаг зав, мөнгө төгрөг, хөдөлмөрөө зарцуулж тарьсан модыг байршил нь буруу гээд сугалчихвал харамсалтай биз дээ. Мөн модоо суулгасны дараа харуул, хамгаалалт их чухал. Байрны гадаа тарьсан модныхоо хоёрыг нь хугалуулсан. Мод тарих дургүй, тарьдаггүй хүмүүс байдаг. Тэглээ гээд бусдын тарьсан модыг сүйтгэдгээ болиосой.
-Манай улсын Байгаль орчны хууль тогтоомж сул, хэрэгжилт тааруу гэдэг. Таны бодлоор юунд анхаарах хэрэгтэй вэ?
200 жилийн настай мод 50-60 метр өндөр ургасан байдаг. Гэтэл ганц хоёр хүний болгоомжгүй үйлдэл, гал алдсанаас болж бүхэл бүтэн ой шатаж байна. Иймд ойн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийж, хүн хүчээ нэмж, техник тоног төхөөрөмжөө сайжруулах хэрэгтэй. Мөн мод бэлтгэл хийх гэж санаатай гал тавьдаг хүмүүс ч байдаг. Ой мод руу тамхи болон ил гал гаргах зүйлс авч орохыг хориглох ёстой. Байгальд хор хохирол учирсан тохиолдолд хариуцлагыг нь өнд өржүүлэх хэрэгтэй. Мод бут, ногоон байгууламж бол нийтийн өмч. Нийтийн ногоон өмчид хор хохирол учруулдаг хүмүүст үйлчлэх эрх зүйн зохицуулалтыг сайжруулах ёстой гэж боддог. Мод тайрч, галдаж байгаа хүмүүс дэлхийн уушгинаас зүсэм зүсмээр огтолж байна л гэсэн үг.
-Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Манай холбоо зургаан хуульчтай. Байгаль орчны эсрэг үйлдэж буй гэмт хэрэгтэй хуулийн хүрээнд тэмцдэг. Хохирол барагдуулах, шүүхэд нэхэмжлэл гаргах үйл ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцдог. Үйл ажиллагаа явуулсны төлбөр гэж бид авдаггүй. Сүүлийн нэг жишээ гэхэд Хөвсгөл далайн хажууд фосфорит олборлох гэж буй компанийн эсрэг шүүхэд гомдол гаргасан байгаа.
-Энэ хэрэг тэгээд ямар шатандаа явна вэ?
-Манай холбооны дэд тэргүүн Д.Туяацэцэг энэ хэрэг дээр ажиллаж байгаа. “Талст маргад” компанийн эсрэг нэхэмжлэл гаргасан. Энэ хэрэг анхан шатны шүүх дээр явж байна. БНХАУ, Өмнөд Солонгос зэрэг Зүүн өмнөд Азийн улс орнууд атомын цахилгаан станц барьснаас болж ундны усаа хордуулсан. Хөвсгөл далайг Монголын төдийгүй Азийн цэнгэг усны нөөц гэж үзэж болох юм. Гэтэл тэнд фосфорит олборлож эхэлснээр ойр орчмын газрын ус хоол хүнсэнд ашиглах боломжгүй болно. Усаа дагаад янз бүрийн өвчин эмгэг бий болдог. Хэдхэн хүн мөнгөтэй болохын тулд нэг улсын хүн амыг золиослох ямар шаардлага байна.
Т.БОЛОР-ЭРДЭНЭ