Дэлхийд гайхагдсан монгол наадам дэнж хотойлгон эхлэхэд ердөө хоёрхон хоног үлдлээ. Жилд ганц тохиодог Үндэсний их баяр наадмаа үзэх гэж монголчууд бид ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж, идээ цагаа, дээл хувцсаа зэхэн хүлээж сууна. Гэвч үнэндээ энэ жил Наадам маань дэлхийн гэж хэлэх нь битгий хэл улсын гэхэд ч хэцүү, хүчит бөхийн барилдаанд биш хэл аманд нь дэнж хотойх шинжтэй болоод явчихлаа. Наадам эхлэх өдрийг хоног тоолон хүлээж суудаг ард түмэн маань энэ жил эсрэгээр баяр дөхөх тусам бухимдаж, бараг эхлэх өдрийг нь хойшлуулж болохгүй юм байх даа гэх нь холгүй байна. Учир нь Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зүүний магнайд гарч, үнэн хүчийг үзүүлэн барилдахаа манай хоёр залуу дархан аварга мэдэгдээд байгаа юм.
Хэн хэн нь бууж өгөхгүй гэж зүтгэж байгаа энэ маргааныг Наадмаас өмнө шийдээсэй гэсэндээ бөхийн хорхойтнууд ийнхүү хүлээн суугаа хэрэг. Ингэх нь ч аргагүй, хэрэв маргааныг шийдэхгүй бол долдугаар сарын 11-нд хүчит бөхийн барилдаан эхлэхэд л хэн зүүний магнайд гарах вэ хэмээн хэрүүл маргаан дэгдэх нь ойлгомжтой. Өнгөрсөн жилийн туршлагаас харахад энэ жилийн маргаан хэдхэн цаг үргэлжлээд дуусах шинж алга. Байдал хэцүүдвэл бараг барилдааны оронд нударга зөрүүлцгээн, монгол бөхийн дэвжээ гомдоход хүрч ч магад. Шар хортой залуу дархан аваргуудын маргааныг таслах хууль, дүрэм гэгч нь Монгол Улсад алга бололтой. Үндэсний бөхийн холбооноос дархан аварга Г.Өсөхбаярыг зүүний магнайг тэргүүлнэ гэсэн бол дархан аварга А.Сүхбатыг зүүнээс босох ёстой гэсэн хүмүүс ч байна.
Хачирхалтай нь хууль дүрмээрээ бол хэн хэнийх нь зөв аж. Тийм болохоор л сүүлийн хэд хоног бөх, засуул, жирийн иргэн, улстөрчид хоёр талцан маргалдаж, эгээ л Монгол Улс задарсангүй. Зүүний магнай гэдэг Монгол бөхийн хамгийн дээд цолтон л эзэгнэдэг, их хүндэтгэл, соёл уламжлал, хэргэм зэрэг мөн. Энэ хүндэтгэлийг эдлэх гэж зүтгэж байгаа аваргуудад буруу өгөх аргагүй. Үндэсний бөхийн барилдааны дүрэм журмаа нарийн чанд тогтоогоогүй Үндэсний бөхийн холбооноос гадна нутгийн бөхөө дагуулан намирч, далдганан гүйдэг улстөрчид л буруутай. Бөхчүүдэд Ерөнхийлөгч цол олгож, УИХ-ын дэд дарга далай аварга цолны талаар хууль батлуулаад явж байдаг нь утгагүй. Энэ бүхнийг эрт шийдсэн бол өнөө жил ийм байдалд хүрэхгүй байлаа. Үндэсний бөхийн олон жилийн түүхэнд урьд өмнө дархан аваргууд зүүний магнай булаалалдан маргалдаж байсан түүх үгүй.
Ардын хувьсгалын 25 жилийн ойн Наадамд Маршал Х.Чойбалсангийн урилгаар “Их Монгол” хэмээх Х.Шаравжамц аварга зодоглосон байдаг. Тэгэхэд дархан аварга Б.Түвдэндорж, Х.Шаравжамц аваргыг хүндэтгэж, зүүний магнайгаа өгч байжээ. Мөн 1994 онд Ж.Мөнхбат аварга хөдөлмөрийн баатар цолоор шагнуулахад Д.Дамдин аварга “Төрийн шагнал авсан дүүдээ зүүний магнайг өгье” гэж хэлээд наадамд зодоглоогүй гэдэг. Монгол хэлэнд “совесть” гэдэг үг байдаггүй ч монгол бөхөд жудаг гэж зүйл байгааг харуулсан хоёр жишээ энэ. Тэгэхээр энэ жилийн Наадмын бөхийн барилдааныг хэрүүл маргаан, гацаанаас гаргаж, ард түмнийг элдэв бухимдалгүй наадуулах ганц арга нь жудаг, ёс суртахуун юм. “Хүн ахтай, дээл захтай” гэдэг. Үндэсний бөхийн түүхэнд төрөн гарсан есөн дархан аваргаас маргалдагч хоёр дархан аваргаас гадна дөрвөн дээд цолтон амьд сэрүүн бий.
Дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ нарыг энэ жилийн Наадамд зодоглохыг уриалж байна. Тэгвэл монгол бөхийн нэгэн үеийг эзэлж явсан их аваргуудын дэргэд залуучууд зүүний магнай булаацалдах эрхгүй болно. Гэхдээ мэдээж хамгийн чухал нь залуу дархан аваргууд Наадмаас өмнө хоорондоо эв түнжингээ олж, элдэв маргаанаа зогсоох хэрэгтэй. Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар наадамчин олон, улс эх орноо хүндэтгэн, хоёулхнаа эр хүн шиг уулзаад ярилц. Хоёрхон хоног үлдлээ. Ярилцаж шийдээд, гар барин тэврэлдэх бөх хүний жудгийг тань монгол бөхийн дэвжээ, ахмад бөхчүүд, ард олон чинь итгэж найдан хүлээж байна. Бөхийн орон Монгол Улс эв нэгдэлтэй наадсан цагт л бөмбөрцөг даяар “Дэлхийд ганцхан монгол наадам дэнж хотойлгон эхэллээ” гэж хэлэх болно.
М.СУГАРАА