УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар төв, суурин газар, аймаг, нийслэлийн хөрсний бохирдол, нүхэн жорлон, түүнээс шалтгаалсан өвчлөл, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар Эрүүл мэндийн болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар мэдээлэл танилцуулав.
Хөрсний бохирдол үүсгэж буй гол шалтгаанд нүхэн жорлон, ШТС-ууд, боловсруулах үйлдвэрүүд ордог байна. Үүнээс 2025 онд хийсэн судалгаагаар улсын хэмжээнд айл өрхийн 453 457, аж ахуйн нэгжийн 6356, нийтийн хэрэгцээний 669 нүхэн жорлон бий гэсэн тоо гарчээ. Гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлонгийн 93 хувь нь стандарт шаардлага хангаагүй аж. ШУА-иас 2021 онд хийсэн судалгаагаар дээж авсан газруудын 93 хувьд нян, хөгц, мөөгөнцөр илэрсэн, хөрсний бохирдол дунджаар 6.3 метрийн гүн хүртэл нэвчсэн байжээ. Мөн нийт дээжийн 71 хувьд нянгийн бохирдол илэрсэн гэв. Үүнд гэдэсний савханцар, гэдэсний бүлгийн эмгэг үүсгэгч нян багтжээ. Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан аргачлалын дагуу төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн 319 байгууллагын усан хангамж, ариун цэврийн байгууламж, хоёр хаягдлын менежментийг үнэлэхэд 76.2 хувь нь нэгдсэн ариутгах шугамд холбогдсон байсан гэнэ. Нийслэл, аймгийн хэмжээнд үзүүлэлт гайгүй байгаа ч сумдад ердөө 14.1 хувь нь л бохирын цооногт холбогдсон аж. Тиймээс 2025-2028 онд шат дараалалтайгаар нүхэн жорлонг бууруулж, боловсон болгох төлөвлөгөө гаргажээ. Өнгөрсөн онд долоо, энэ онд 15.6, 2027 онд 20.9, 2028 онд 49.9 хувийг нь “алга болгох” нь. Нэг жорлонг цэгцлэхэд 2-4 сая төгрөг хэрэгтэй юм байна. Товчхондоо, 2028 он гэхэд нүхэн жорлонг 50 хувиар багасгахаар зорьжээ. Аялал жуулчлалын байгууллагууд ядаж боловсон жорлонтой болох ёстой тухай үргэлж ярьдаг. Гэвч 2023 оны байдлаар 140 кэмп боловсон, 650 нь эко, 140 гаруй нь нүхэн жорлонтой байжээ. Хөрсний бохирдлыг бууруулахтай холбоотой олон тогтоол, шийдвэр байгаа ч хэрэгжилт нь тун хангалтгүйг энэ үеэр гишүүд шүүмжлэв.