Монголчууд бид шатахууны ханш болон махны үнийн өсөлтийг тун мэдрэг хүлээн авдаг. Магадгүй бензинээс илүүтэйгээр махны үнэ, нийлүүлтэд ач холбогдол өгдөг. Инфляцын өсөлтийн 20-30 хувийг махны үнэ дангаараа бүрдүүлж ирсэн нь ч үүнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, мах бол манай стратегийн хүнс мөн. Нөгөөтээгүүр, жил бүрийн хавар улсын хэмжээнд махны ханш нэмэгдэн, долоодугаар сараас буурч эхэлдэг. Гэхдээ энэ хавар хонь, үхэр, адуу гээд бүх төрлийн мах, дайвар бүтээгдэхүүний үнэ “суга” өслөө. Мөн намар бэлтгэж базаан, тогтсон үнээр борлуулж хэвшсэн нөөцийн махны үнийг ч хямд байна хэмээж, өнгөрсөн сард кг тутамд нь 20003000 төгрөгөөр нэмсэн. Үнэ бол зах зээлийн зарчимд суурилдаг, үүнийг эрэлт, нийлүүлэлтийн хуулиар тогтоодог гэдгийг мэдэхгүй хүн цөөн. Гэхдээ “мах магнаг болж, ханш нь хаданд гарсанд” монголчууд сэтгэл дундуур байж, хэн нэгэн нь зохицуулах, төрөөс арга хэмжээ авах хэрэгтэй гэдэгт санал нэг байгааг тоолгүй өнгөрч болохгүй нь.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн иргэн Г.Соёлмаа “Бөмбөгөр” худалдааны төвөөс өчигдөр үхрийн ястай мах дөрвөн кгыг 128 000, хонины нэг сүүл буюу хоёр кг гаруйг нь 55 000, хонины 1.5 кг орчим цул махыг 56 000 төгрөгөөр худалдан авлаа. Бас шөл гаргах санаатай үхрийн булууны нэг ширхэг ясыг 5000аар авч, нийт 244 000 төгрөг төллөө. Энэ хар даа, нэг торны дундуур л мах байгаа биз дээ. Манайх таван ам бүлтэй, хоёр ч хүүтэй айл. Хөвгүүд өсвөр насандаа их иддэг шүү дээ, ийм махаар долоо хоног ч хоол хийж хүрэхгүй. Тиймээс сүүлтэй, ногоотой хуушуур хийж, булууны ясны шөл бэлтгэж өгөх санаатай. Булууны ясыг л гэхэд ганц хоёрхон жилийн өмнө л 10002000 төгрөгөөр зардаг байсан. Одоо бол малын гаралтай бүх мах, дайвар бүтээгдэхүүн, ясны үнэ ч огцом өсчихөж” гэлээ. Тэгвэл Баянгол дүүргийн өндөр настан Г.Хүрэлхүү “Би 760 000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Энэ мөнгө хүнсэнд л арайхийж хүрнэ. Ялангуяа сүүлийн хоёр жилд хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүн сүү, өндөг, цөцгийн тос зэргийн үнэ тасралтгүй өслөө. Махны үнийг ярих ч юм биш. Борц кг нь 120 000-150 000 төгрөг гэж байна. Энэ сарын 1-нд хоёр кг үхрийн борц, гурван кг хонины мах худалдан авахад тэтгэвэрийнхээ талыг буюу 340 000 орчим төгрөг төллөө. Үлдсэн мөнгөөр нь эм аваад дууссан. Солонгост амьдардаг манай охин Монголын махны үнэ эндхийнхтэй ойролцоо болчхож. Солонгост нэг кг үхрийн дундаж зэрэглэлийн мах 15 000-25 000 воны үнэтэй байна. Солонгосчуудын авдаг цалин, тэтгэвэртэй харьцуулахад хямд үнэ гэж байна билээ. Манайх чинь мал аж ахуйн орон биш бил үү. Махны үнэ яагаад ингээд өсөөд буйн учрыг залуучууд та нар мэдэж байна уу” гэлээ.
МАХНЫ ҮНЭ ХОЁР ЖИЛД ХОЁР ДАХИН ӨСӨВ
Улаанбаатарын дийлэнх дэлгүүр, хүнсний захад энэ сарын дөрөвний байдлаар нэг кг үхрийн цул болон ястай мах кг нь хаана борлуулж буйгаасаа шалтгаалж 31 000-37 000, хо ниных 23 000-26 000, ямааных нь 18 000-21 000 төгрөгийн үнэтэй байжээ. Мөн адууны ястай махыг 16 000-18 000 төгрөгөөр үнэлсэн гэдгийг нийслэлийн Статистикийн газрын мэдээлэлд дурджээ. Энэ нь 2024 оныхоос мах тус бүрийн үнэ хоёр дахин, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 40-60 хувиар өссөн дүн юм. Бас хонины сүүл кг нь 25 000-26 000, элэг ширхэг нь 40005000, булууны яс ширхэг нь 5000-6000, үхэр болон хонины гүзээ кг нь 15 000, үхрийн хэл кг нь 35 000-40 000 төгрөгийн үнэд хүрсэн нь дайвар бүтээгдэхүүн, ясны ханш ч жилд бараг хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт боллоо. Махны үнэ ийнхүү өссөөр байгаа нь зах зээлийн зарчим бөгөөд малчдын орлого, монгол малын махны үнэ цэн нэмэгдэх боломж гэх хүмүүс цөөнгүй бий. Энэ талаар математикч Ж.Даваадулам “Эрэлтийг даган нийлүүлэлт нэмэгдэхгүй бол бараа, үйлчилгээний үнэ өсдөг номтой. Үүнийг манай орны хувьд мах идэх хүний тоо өсөн, мах аж ахуй дээр ажиллах хүчний тоо буурч, улмаар махны үнэ хаданд гарч буйгаар тайлбарлаж болно. Цаашид ч ийм шалтгаанаар махны үнэ хэд хүрэхийг хэлэх боломжгүй. Бас байгаль цаг уурын онцлог, малын тарга тэвээргээс шалтгаалан өвлийн сүүл, хавар, зуны эхэн сард бэлчээрийн малын махны нийлүүлэлт бараг зогсдог. Ийм үед хэрэглэх махны нөөцийг бүрдүүлж, фермийн аж ахуйг хөгжүүлээд ч үнийн өсөлтийг тогтоон барьж хүчрэхгүй. Учир нь бараа, бүтээгдэхүүнийг зөөх, хадгалах, түгээх сүлжээний зардал буюу шатахуун, цахилгааны үнэ мөн нөлөөлнө. Мал муулах, мах бэлтгэх, тээвэрлэхээс эхлээд, хадгалах хамгаалах, жижиглэн худалдах хүртэл олон шат дамжлага бий. Одоогоор бензиний үнийг хүчээр барьж байгаадаа л махны үнэ энэ зэрэгтэй тогтосхийж байх шиг. Тиймээс махны үнэ өслөө гээд халаглаад байх нь утгагүй, бас үр дүнгүй. Махны үнэ цаашид өсөх нь баараггүй” гэлээ.
Махны үнийг өсгөж буй нэг шалтгааныг экспортын хэмжээ нь жил ирэх бүр нэмэгдэж буйтай холбон тайлбарлаж болох байх. Тодруулбал, өнгөрсөн онд манай улсаас хонь, ямааны мах 21.9, үхрийн шинэ болон хөлдөөсөн мах 47.1, адууны мах 33.9, дайвар бүтээгдэхүүн 2.2 тонныг нийлүүлжээ. Эдгээрээс нийт 88.4 сая ам.долларын орлого олсон байна. Харин 2024 онд үхрийн шинэ болон хөлдөөсөн мах 208.5, хонь, ямааных 23.6, адууных 23.8 тонныг экспортолжээ. Эндээс 89.4 сая “ногоон”-ы орлого олсныг Гаалийн ерөнхий газрын тайланд дурджээ.
Экспортын орлогын өсөлтийн тухайд Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас “Бид чанартай, экологийн гаралтай цэвэр мах, махан бүтээгдэхүүний борлуулалтаа нэмэгдүүлэхийг үргэлж зорьж ирсэн. Үүний үр дүнд 2025 оны эцсийн байдлаар 85.624 тонн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлсэн. Энэ нь өмнөх жилийнхээсээ 20 хувиар өссөн үзүүлэлт. Энэхүү өсөлтийн үр дүнд өнгөрсөн онд махны экспортын орлого 345.3 сая ам.доллар болж түүхэн дээд хэмжээнд хүрсэн. 2025 онд экспортолсон нийт махны 34.6 тонн нь адууных бол 22.5 тонн нь боловсруулсан мах байв. Манай улсын экспортын махны хамгийн том худалдан авагч нь БНХАУ бөгөөд нийт зах зээлийн 62 хувийг эзэлдэг. 22 хувийг нь Иран, Ирак зэрэг Булангийн оронд нийлүүлдэг. Цар тахлын улмаас буураад байсан махны экспорт сүүлийн хэдэн жил ийнхүү эрчимжсэн. 2020-2022 онд экспортын хэмжээ дунджаар 45 хувиар буурч, 2022 онд 16 мянган тонн болтлоо багассан бол 2023 оноос сэргэн 85 мянган тонноос давсан түүхэн дээд хэмжээ” гэлээ.
Гэхдээ 2024, 2025 оны махны нийлүүлэлт болон экспортын орлогыг нарийвчлан харвал үхрийн хөлдөөсөн болон шинэ махыг кг-ыг нь дунджаар гурван ам.доллароор нийлүүлсэн байна. Адуу, хонь, ямааны мөн боловсруулсан махны үнийг нийлүүлж бодвол 2025 онд нэг кг бүтээгдэхүүнийг өнөөдрийн ханшаар дөрөв орчим ам.доллароор зарсан байх юм. Гэтэл одоогоор нэг кг хамгийн хямд адууны ястай махны үнэ 16 000 төгрөг буюу экспортын дүнгээс өндөр байгаа хэрэг. Үхрийн шинэ махны зах зээл дэх ханш, экспортынхоос бараг гурав дахин өндөр байгааг ч дээрх жишээнээс харж болно. Өөрөөр хэлбэл, махны нийлүүлэлтийн 60-аас дээш хувь нь ногддог урд хөршийнхөн манай махыг биднээс хямд үнээр авч идээд байгаа (зөвхөн нийлүүлэлтийнх нь үнийг тооцвол) гэхэд болох нь. Ийм дүнгээр мах борлуулж буй экспортлогчид үүнээсээ ч хямд үнээр махаа бэлтгэж таарна.
Тэгвэл махны экспортын үнийн талаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Дов чинсүрэн “Аж ахуйн нэгжүүд ямар үнээр бү тээгдэхүүнээ нийлүүлдгийг яам хянах, мэдэх боломжгүй. Тухайн улсынхаа харилцагчтай тохирч, борлуулалтаа хийдэг гэсэн үг. Яамны зүгээс экспортын шаардлагад нийцсэн, нийлүү лэлтээ тохиролцсон мах бэлтгэгчид цахимаар зөвшөөрөл олгодог. Махыг дотоодод борлуулах ханшаас экспортынх нь хямд байдаг бол иргэддээ зарчихвал илүү ашигтай биш үү. Бас мах борлуулах дүнгээ яаж мэдүүлж буй нь өөр хэрэг” гэлээ.

“МАЛТАЙ ИРГЭДИЙН ТОО ЦӨӨРЧ БАЙНА”
Махны ханш өсвөл,малчдын орлого сайжирна гэдэг эдийн засгийн дүгнэлт худлаа болж буй жишээ дурдъя. Энэ тухайд Говь-Алтай аймгийн Алтай сумын иргэн Б “Манай сумд сүүлийн 7-8 жил гантай байж, олигтой зун болоогүйн улмаас мал цөөрсөн. Малтай айл ер нь олон биш болсон шүү дээ. Бас мал, махаа зарах болохоор үнэ хямд, эргүүлж худалдан авах гэхээр өсчихдөг жишиг ч бий. Одоогоор хонь 350 000-400 000, ямаа 200 000 төгрөгийн үнэтэй байна. Намар үхэр дунджаар 1.5 сая төгрөг байсан. Хонь, ямааны махны гарцаас тооцоход ямааны мах кг нь 10 000, хониных нь 15 000 төгрөгийн үнэтэй байгаа хэрэг. Үхрийн мах бол 17 000 төгрөг хүрэхтэй, үгүйтэй л байсан. Ер нь малчдын амьжиргаа хүнд, ноолуураас өөр олигтой орлогогүй хэвээр л байна. Мах, сүү боловсруулж үнэд хүргэх үйлдвэр ч аймгийн хэмжээнд алга” гэсэн юм. Тэгвэл Төв аймгийн Батсүмбэр сумын нэгэн иргэн фэйсбүүктээ “Бүтэн үхэр аваад Улаанбаатар оръё гээд үнийг нь сураглаж зар тавьсан юм, энэ сарын 1-нд. Уг нь хотод мах үнэтэй, эрэлт ч их байна гэж харсан. Гэтэл кг-ыг нь 18 000 төгрөгт л авъя гэлээ. Бүр ихдээл 19 00-20 000 төгрөг хүрэх юм байна. Үхрийн шир 5000 төгрөг байна. Одоо бол мах хамгийн өндөр үнэтэй байдаг үе ч малчдад ашиг нь бага юм” гэлээ.
Манай улс өнгөрсөн өвөл 58.1 сая мал тоолуулсан нь 2024 оныхоос 0.8 хувиар өссөн дүн болсон. Малын тоо нь хүн амаасаа ч олон байдаг нь дэлхийд ховор үзүүлэлт байх. Энэ хэрээр мах хямд, эсвэл үнэ нь өсөхөд малчдад шууд утгаараа өгөөжтэй байдаг жишиг тогтмоор. Гэтэл тийм юм алга. Малчид ч, иргэд ч амьжиргаа доогуур, худалдан авах чадвар бага хэвээр. Бас малын тоо ийнхүү тасралтгүй өсөж байгаа нь бэлчээрийн даацыг бууруулж, цөлжилт үүсгэдэг томоохон шалтгаан болдог. Орон нутагт ган болж, мал үрэгдэн, тоо толгой нь буурч, маллах хүн цөөрч байгаа нь ч үүнтэй холбоотой. Товчхондоо бид, олон малынхаа ашгийг хаана, хаанаа гаргаж чадахгүй л байна. Уг нь улс орнууд юугаар баян байна түүгээрээ илүү их орлого олдог, иргэд нь ч тухайн бүтээгдэхүүнээ хямдавтар үнээр хэрэглэдэг, үргэлж хөгжүүлж, баяжуулж, баярхаж байдаг сан. Гэтэл эсрэгээрээ мал аж ахуйн орны иргэд бид махаа хятадуудад зардгаасаа хэд дахин өндөр үнээр худалдан авдаг болжээ, сүүлдээ.
С.Дулам