Ч.Болортуяа
Ой бол хүчилтөрөгчийн үйлдвэр. Хамгаалж чадвал ашгаа харамгүй өгдөг ногоон эдийн засаг. Гэвч уур амьсгалын өөрчлөлтөөс болж, манай улсад ойн сан хомсодсоор байна. Сүүлийн 100 жилд дэлхий 0.74 хэмээр дулаарсан байхад Монгол Улс 2.1 хэм буюу даруй гурав дахин их байгаа нь аюулын харанга дэлдэж буй. Ингэж хуурайшилт нэмэгдэн, усны горим алдагдсанаас түймэр гарч, түймрийн уршгаар хортон шавьж үржиж байгааг ой судлаачид хэлж байна. Ганц Монгол бус дэлхий нийтээрээ цөлжилтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж эхэлсэн. Үүний нэг жишээ нь “Ази, Номхон далайн бүс нутгийн Ойн тогтвортой менежмент, нөхөн сэргээх асуудал” сэдэвт олон улсын уулзалт. Өнгөрсөн онд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулсан уг уулзалт энэ удаа манай улсад болж байна. Уулзалтад БНХАУ, Узбекстан, Казахстан, Тажикистан зэрэг зургаан орны ойн чиглэлийн мэргэжилтнүүд оролцон, дөрвөн үндсэн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, туршлагаа хуваалцан, цаашид хийх ажлаа ярилцсан юм. Тодруулбал, ойн салбарын хөгжил, цаашид ямар бодлого явуулах, туршлага, ойн доройтолд нөлөөлж буй гол хүчин зүйл болох түймрээс сэргийлэх зэрэг чухал асуудлыг хөндсөн билээ. Хүний үйл ажиллагаанаас болж, цөлжилт нэмэгдэж буйг хуралд оролцогчид санал нэгтэй хэлэв. Дэлхийн долоон тэрбум гаруй хүний 1.6 тэрбум нь ойгоос хамааралтай амьдардаг юм байна. Тиймээс самар, жимс, эмийн ургамал зэрэг ойн дагалдах баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулахын зэрэгцээ нөхөн сэргээх нь чухал болохыг тэд онцолсон. БОНХАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагчаас манай улсын ойн нөөц, өнөөгийн байдлын талаар тодрууллаа.
Ц.Банзрагч: Цөлжсөн хойно нь мод тарих бус, сэргийлэх нь чухал
-Манай улс экологийн хувьд хамгийн эмзэг, уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж буй орны нэг. Жилийн дөрвөн улиралтай, ургамал ургах хугацаа нь богино байдаг нь цөлжилт үүсэх нэг шалтгаан болдог. Монгол орны нийт газар нутгийн найман хувийг ой эзэлдэг байсан бол 7.78 хувь болж буурсан. Тиймээс манай яамнаас 2020 он гэхэд ойгоор бүрхсэн талбайг 8.3, 2030 онд 9 хувьд хүргэхээр зорилт тавин ажиллаж байна. Энэ талаар Төрөөс ойн талаар баримтлах бодлогод тусгасан.
-Бүс нутгийн хэмжээнд ойн талаар баримтлах нэгдсэн бодлоготой болохоор зорьж байгаа юм байна. Энэ нь уулзалтын нэг үр дүн болов уу?
-Тийм. Бүс нутгийн хэмжээнд ойн талаар баримтлах урт хугацааны нэгдсэн стратеги боловсруулахаар боллоо. 2030 он хүртэл хэрэгжүүлэх Төрөөс ойн талаар баримтлах бодлогыг бусад орны мэргэжилтэн дэмжин, Монголын жишгээр удаан хугацааны бодлого гаргаж, харилцан уялдаатай байвал бүс нутгийн ойг хамгаалахад чухал ач холбогдолтой гэж үзсэн. Өөр нэг гол асуудал нь гадаадын төслийг эх орондоо хэрэгжүүлэхэд анхаарч байна. Хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх чиглэлээр манай БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх зарим орны төлөөлөлтэй уулзан, тодорхой үр дүнд хүрлээ. Ази, Номхон далайн ойн сүлжээ (APFNet) байгууллагаас 500 мянган ам.долларын санхүүжилтээр 4-5 жилд хэрэгжүүлэх төсөл санал болголоо. Уур амьсгалын өөрчлөлтийг хүн жолоодож чадахгүйгээс дасан зохицох нь чухал. Тиймээс мод тарилаа гэхэд ус бага хэрэглэх, гүний усыг сайн татдаг мод тарихаас эхлээд хийх ажил их байна. Цөлжсөн хойно нь мод тарихаас илүү цөлжилтөөс сэргийлэх нь чухал гэв.
Хуралд оролцсон Казахстан улсын Ногоон эдийн засаг, ойн мэргэжилтэн С.Иногамоваас тус улс ойгоо хэрхэн хамгаалдаг талаар асуухад “Манай улс нийт 44 сая га газар нутагтай. Үүний 85 хувь нь заримдаг цөл. Ойгоор бүрхэгдсэн талбай нь хоёр сая га. Арал тэнгисийн орчмоор ойн төгөл бий болгоход онцгой анхаарч байгаа. Тэнд олон зүйл мод тарьж, ус гаргах ажил хийж байна. Бидний туршлагаас үзэхэд цөлжилттэй тэмцэхэд хамгийн ашигтай нь заг. Хэдийгээр олон улсын зарим байгууллага загийг мод гэж тооцдоггүй ч модлог сайтай ургамал юм. Заг нь цөлийн бүсийн багахан хэмжээний хур тунадасыг өөртөө шингээн барьж чаддаг. Тиймээс Монгол Улс ч гэсэн заган ойн талбайгаагаа нэмэгдүүлэх, нөхөн сэргээхэд анхаарч ажиллахыг хуралд оролцогчид зөвлөсөн” гэв.
Манай улсад хүн ам ихээр суурьшсан хот газарт цөлжилт нэмэгдэж байгаа аж. Мал сүрэг хэт өссөнөөс бэлчээрийн даац муудан, хуурайшилтаас болж худаг ус цөөрчээ. Устай газраа бүх мал нь бөөгнөрсөнөөр усны цэг тойроод цөлжилт үүссэн юм байна. Түүнчлэн тариалалтын талбайг ойн зурвасаар хамгаалахгүй байгаагаас тариалалтын бүс нутгуудад цөлжилт нэмэгдсээр байгааг БОНХАЖЯ-ны мэргэжилтнүүд хэлж байв. Хуралд оролцогсод Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих аж.