Монголын үндэсний номын сан хэмээх их айлд өнөөдөр суудал, гүйдлээ олохгүй, төрийн албыг төрлийн алба болгосон, танил тал ар, өврийн хаалга, төсвийн хөрөнгийг завшихыг санаархсан хүмүүс цуглаа юу гэлтэй. Үндэсний номын сан бол Монгол Улсын эрт эдүгээгийн түүхийн чухал баримт бичиг, ном судар, соёлын үнэт өвийг хадгалж байдаг.
Тус номын сангийн захирал хууль журам зөрчиж, дээгүүр жаалж байгаад Үндэсний номын сангийн ажилтнууд төдийгүй, номын сангаар үйлчлүүлэгчид, Дундговь аймгийн иргэд хэлэх үгээ олж ядаж байна. Гэвч түүнийг улстөрчдийн татаасны хүн болохоор яаж ч чадахгүй, сайд нь хүртэл гайхширч суугаа гэх.
ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ БУС, НЭР ЗААН ХҮН ХАЛЖ БАЙГАА НЬ ХАЧИРХАЛТАЙ
АН-ынхан Засгийн эрх авснаас хойш шат шатанд төрийн алба хаагчдыг халж, сэлгэсэн. Ийм халаа сэлгээний үед буюу 2014 оны нэгдүгээр сарын 29-нд Үндэсний номын сангийн захирлаар ажиллаж байсан, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Х.Чилаажав өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн билээ.
Түүний оронд тухайн үеийн ССАЖ-ын сайд тушаал гаргаж, Дундговь аймгийн Номын сангийн даргаар ажиллаж байсан А.Нансалмааг Монголын үндэсний номын сангийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон юм. Гэвч тэрбээр уг албан тушаалд томилогдсоноосоо хойш эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэх явдал гарч байгаа талаар чих дэлсэх болов.
Үүний тод жишээ нь хуучин ажиллаж байсан газрынхаа дотоод хэрэгт оролцон тэр хүнийг халж, энэ хүнийг ажилд ав гэсэн чиглэл өгч байгаа гэнэ. Энэ талаар С.Буяннэмэхийн нэрэмжит Дундговь аймгийн Төв номын сангийнхан салбарынхаа сайдад албан тоот хүргүүлсэн байна. Уг албан тоотод “Үндэсний номын сангийн захирал А.Нансалмаа нь Дундговь аймгийн Номын сангийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Мөнхзулын нэр дээр 2014 оны есдүгээр сарын 18-нд 216 тоот чиглэл хүргүүлэх тухай бичиг явуулжээ.
Тус бичигт хүнийг ажлаас чөлөөлөх, томилохыг шууд нэр заан үүрэг болгосон нь байгууллагын дотоод хэрэгт оролцсон нь төрийн албан тушаалтны ёс зүйд нийцэхгүй асуудал гаргасаар байна” хэмээсэн байна. Арга ч үгүй биз. Өөр ажилд шилжин томилогдчихоод хуучин ажлынхаа дотоод хэрэгт оролцож байгаа нь төрийн албан хаагчид байх ёсгүй үйлдэл.
Тэгээд ч Монголын үндэсний номын сан нь аймаг, орон нутгийн номын сангуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах байгууллага болохоос бус, хэн нэгнийг томилж, чөлөөлөх тухай байгууллагын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцох, захирал нь ийм эрх бүхий албан тушаалтан биш байлтай.
А.Нансалмаа Дундговь аймгийн Номын сангийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлж, хүмүүсийн цалинг шамшигдуулах, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан үйлдэл гаргаж байсан тухай тус аймгийн аудитын байгууллагын дүгнэлт гарсан талаар аймгийн Номын сангийн ажилтнууд онцолжээ.
Тухайлбал, Дундговь аймгийн Номын сангийн одоогийн захирал нь А.Нансалмаагийн үеэл дүү бөгөөд түүнийг тэнд ажиллаж байхад нь фондын эрхлэгч, няраваар ажиллаж байсан хүн гэнэ. Төрийн алба, төрлийн алба болж буйгийн нэгэн тод жишээ энэ бололтой.
Тус номын санд ажиллаж буй хүмүүсийн БСШУ-ы сайдад хандсан албан тоотод мөнгө төгрөг ашиглаж, шамшигдуулсан тухай хэд хэдэн зүйл цухас дурджээ. Жишээ нь 2012 оны арванхоёрдугаар сард А.Нансалмаа номын сангийн даргаар ажиллаж байхдаа ажиллагсад тус бүрийнхээ нэр дээр 650 мянган төгрөг бэлнээр гаргуулж, 300 мянгыг нь буцааж хураан авсан.
2013 онд уншлагын танхимын 97 сандалд бүрээс хийлгэх нэрээр 650 мянган төгрөг гаргуулж, А.Нансалмаа авсан бөгөөд одоо болтол сандал нь бүрээсгүй байгаа гэх мэтээр хэд хэдэн ноцтой баримт дурдсаныг хууль хяналтын байгууллага анхааралдаа авч шалгахад нэг их буруудахгүй болов уу.
САЙДЫН ТУШААЛЫГ ҮЛ ОЙШООВ
Үндэсний номын сангийн өмнөх бүх удирдлага нь ямар нэг шийдвэр гаргахдаа Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэдэг байж. Харин захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр А.Нансалмаа ирснээс хойш Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэхгүй, өөрөө дур мэдэн шийдвэр гаргасныхаа дараа ёс төдий танилцуулсан болдог болжээ.
Үүний тод жишээ нь Монгол Улсын уран барилга, архитектурын өвөрмөц шийдэл бүхий Үндэсний номын сангийн гадна талын багануудыг цоолж, рекламны самбар байрлуулахаар болж 27 сая төгрөгөөр бартерийн гэрээ байгуулсан явдал. Хүн цөөтэй, амралтын өдөр хийсэн уг ажлаа хэзээ хойно Захиргааны зөвлөлд танилцуулсан байх юм.
Тэр үед олон нийтийн цахим сүлжээгээр “Архитектурын өвөрмөц шийдэлтэй, сонгодог загвартай барилгын унаган төрхийг алдагдууллаа” хэмээн бичиж байсан билээ. Бараг цагдаа, тагнуулынхан оролцож байж, Үндэсний номын сангийн барилгыг “эвдэх” ажлыг зогсоосон байх.
Түүнээс гадна энэ оны гуравдугаар сард тус номын сангийн үйлчилгээнд “Koha” гэх цахим программ нэвтрүүлэх гэж танилцуулгыг ажилтнуудынхаа дунд хийжээ. Номын сангийн мэргэжлийн ажилтнууд уг программтай нь танилцаад илт голсон гэнэ.
Гэтэл уг программыг хийх гэрээг 2014 оны арванхоёрдугаар сард хийж, 24 сая төгрөг программ бүтээгчдэд гаргаж өгөхөд бэлэн болсон байжээ. Энэ мэтээр ямар ч тендер, сонгон шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулж, олон чухал асуудлыг ганцаараа шийдэж байгаа нь ямар нэгэн ашиг сонирхолын зөрчил байгаа мэт санагдана.
Үндэсний номын сангаар үйлчлүүлэгчдийн гаргаж буй гол гомдол нь иргэдийн хувцсыг дэлгүүрийн тээш хадгалах шүүгээнд үрчийлгэн чихэж байгаатай холбоотой гэнэ. Уг төмөр шүүгээний мөнгийг Үндэсний номын сангаас нэгэн хувийн компанийн данс руу 2014 оны арванхоёрдугаар сард шилжүүлж, 2015 оны гуравдугаар сарын 21-нд өмнөд хөршөөс Улаанбаатар хотын Гаалийн газарт ирэхдээ Үндэсний номын сангийн захирал А.Нансалмаагийн нэр дээр бүртгүүлсэн байжээ.
Гэх мэтээр хөрөнгө мөнгөтэй холбоотой ийм асуудлууд тус номын санд нэлээд их гарах болж. Сайдынхаа тушаалыг үл ойшоож байгаа юм чинь Захиргааны зөвлөлийнхөнтэйгөө зөвлөлдөхгүй байх нь арга ч үгүй юм уу. БСШУ-ы сайдын 2005 оны хоёрдугаар сарын 8-ны тушаалаар баталсан Үндэсний номын сангийн удирдлага, зохион байгуулалтын бүтцийг тус номын сангийнхан саяхныг хүртэл мөрдөж ирэв. Гэтэл захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч хүрч ирээд түүнийг нь “эвджээ”.
Улмаар сайдын баталсан Үндэсний номын сангийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн, бүх фонд нэг хэлтэст харьяалагдах ёстой гэсэн муйхар шийдвэр гаргаж, холион бантан хутгаж өгсөн байх юм. Ингэснээр тус номын сангийн фонд, хэлтэс албадын уялдаа холбоо алдагдаж эхэлсэн байна. Улмаар халаа сэлгээг ч хийж, нутаг нугынхнаа Үндэсний номын сангийн онц чухал хэлтэс, албадад томилжээ.
Тухайлбал, шинээр байгуулсан захиргааны зөвлөлд нь нутаг усных нь дөрвөн хүн ажиллаж байгаа гэнэ. Мөн зарим ажилтандаа 1-7 удаа ажлаас чөлөөлөх мэдэгдэл хүртэл өгч байгаа аж. Авлигын эсрэг хуулийн 4.1.2-т зааснаар Үндэсний номын сангийн захирал, нягтлан бодогч нар нь тус хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтан. Тийм учраас албан тушаалд томилогдохын өмнө Хөрөнгө орлого, ашиг сонирхлын мэдүүлгээ АТГ-т гаргаж хянуулах ёстой.
Харамсалтай нь, нягтлан бодогчоо ажилд томилохдоо АТГ-т хандалгүй, шууд томилсон талаар Үндэсний номын сангийн учир мэдэх хүмүүс ярьж байна. Үндэсний номын сангийн захирлаар ажиллаж байгаа А.Нансалмаа нь Дундговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон юм билээ. Тэгэхээр энд ашиг сонирхлын зөрчил үүссэн байхыг үгүйсгэхгүй. Холбогдох хууль хяналтын байгууллага нь хянаж үзэхэд буруудахгүй болов уу.
Түүх соёлын хосгүй үнэт өв хадгалж байдаг, улсын онц чухал объект болсон Үндэсний номын санг ашиг сонирхлын зөрчилтэй, албан тушаал эрх мэдлээ ашиглахыг санаархсан хүнд хариуцуулж, нөгөө “Чононд хонь хадгалуулахын үлгэр” болж байгаа юм биш биз. БСШУ-ы сайд Л.Гантөмөр та, Үндэсний номын сангийнхаа үйл ажиллагаанд нэг аудитын шалгалт оруулаад үзэхэд ч буруудахгүй болов уу.
Г.РАВЖАА