Навчин дор нуугдсан гүзээлзгэний арааны шүлс асгаруулам амт, үнэрийг бодохоор уул руу гарч түүмээр санагдана. Том шил бариад ууланд гардаг ч түүсэн жимсээ идсээр байгаад хоосон шахуу савтай харьдагсан. Ер нь зуны аагим халуунд гүзээлзгэнэ, усан үзэм, тарвас зэрэг шүүслэг жимс амны цангаа сайн тайлдаг.
Гэхдээ би саяхныг хүртэл шар өнгөтэй тарвас идэхийг мөрөөдөх нь байтугай энэ орчлонд байдгийг нь ч мэдэхгүй явлаа. Хэрвээ байдаг бол манайхаас өөр оронд л ургадаг гэж төсөөлөх байв. Харин Цонжинболдогт байрлах “Ногоон сор” компанийн хүлэмжийн аж ахуй эрхлэгчид эдгээр жимсийг эх орныхоо хөрсөнд тариалж эхэлжээ.

Ингээд тус хүлэмжийн жимсний “уурхай”-гаас хийсэн сурвалжлагаа хүргэе. “Шинийг хийж бүтээх урам зоригоор дүүрэн залуу ажилчдаа би зүгээр суулгахыг хүсээгүй. Тиймээс бид Монголын хөрсөнд ургах боломжгүй гэж ярьдаг усан үзэм, гүзээлзгэнэ жимс тарихаар шийдсэн.
БНХАУ-д газар тариалан хөгжөөд олон жил болсон учраас хөрс нь тэжээлгүй болчихсон. Тиймээс тэд жимс, хүнсний ногоогоо олон төрлийн бодисоор бордож байж хурдан ургуулж, амттай болгодог. Харин манай орны хөрс тэднийхтэй харьцуулшгүй тэжээллэг. Гэтэл бид эрүүл мэнд, эдийн засгаараа хохирон байж импортын жимс, жимсгэнэ хэрэглэж байгаа нь харамсалтай” хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр ярив.
Тэрбээр БНСУ-д долоон жил хүлэмжинд ажилласан аж. Хүний нутагт хүнд хөдөлмөр эрхэлж байхдаа эх орондоо очиж, хүлэмжтэй болно гэсэн мөрөөдөл тээж явсан тухайгаа дурсах Н.Отгонбаяр одоо Цонжинболдогт гурван га хүлэмжтэй болжээ. “Ногоон сор” компанийн 30 гаруй хүлэмж, ажилчдын байр, сүүдрэвчээс бүрдсэн том хашаа нь эмх цэгцтэй, цэлгэр саруулхан харагдана.

Цэвэр агаарт эрүүл хүнс хэрэглэж, дуртай ажлаа хийж буй ажилчид нь ч найрсаг, хөгжилтэй юм. 2010 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн “Ногоон сор” хүлэмжийнхэн худалдан авагчдадаа өглөө бүр шинэ жимс хүргэх зорилготой ажилладаг гэсэн. Тиймдээ ч тэдний ажил өглөөний 05.00 цагаас эхэлнэ. Шарласан навч, илүү үндсээ түүж авсны дараа ургацаа хураадаг байна.
Тэд 2011 оноос Солонгос сортын усан үзэм тарьж эхэлсэн аж. Ямар ч ажлын эхлэл хэцүү байдаг учраас олон удаа туршиж, өнгөрсөн жил нэг тонн ургац хураан авч, борлуулалтад гаргажээ. Харин тэд энэ жил таван тонн усан үзэм хураах төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Энэ жилийн ургацаа хураахын тулд сар орчим хугацаа л үлдээд буй. Манай оронд усан үзэм ургуулсан туршлага байхгүй учраас худалдан авагчид тэдний бүтээгдэхүүнд итгэл үнэмшилгүй ханддаг байсан тухай тэд дурсаж байв.
Гэхдээ энэ бүхнийг тооцоолсон гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр ажилчдынхаа усан үзэм тарьж, хурааж авч буй үйл явцыг гэрэл зургаар баримтжуулжээ. Тиймээс “Ногоон сор” хүлэмжийн жимс борлуулдаг цэгүүдэд тус компанийн танилцуулга, зурагт хуудас тараагддаг байна. Усан үзэм, тарвас, өргөст хэмхийг ургуулахад нарны гэрэл хамгийн их шаардлагатай. Тиймээс эдгээр жимсийг зун л тарих боломжтой аж.

Гэхдээ ажилчдаа зүгээр суулгахгүйн тулд Н.Отгонбаяр өнгөрсөн жил “Чингис” бондын 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр долоон том хүлэмж барьжээ. Үүнд нь өвлийн хүлэмж багтаж буй. Манай улсад өвлийн 16 хүлэмжтэй том аж ахуйн нэгж бий. Харин “Ногоон сор” компанийнхан хүлэмжийн дулаанаа хийн халаалт болон бага оврын даралтын зуухаар шийдсэн бөгөөд уурын дулаан ашигладаг байна.
Мөн тоосгон хана нь өдрийн илчийг шингээн авч шөнө нь дулаанаа хүлэмж рүү ялгаруулна. Тэд өвлийн хүлэмждээ гүзээлзгэнэ, салатны навч тарьдаг. Жилдээ ганц удаа ургац хураан авдаг байсан монголчууд өвлийн хүлэмжтэй болсноор гуравдугаар сард эх орныхоо эрүүл хөрсөнд ургасан амтат гүзээлзгэнэ идэх боломжтой болжээ. Өвлийн хүлэмжээ тэд зуухаар халаадаг учраас ээлжээр ажилладаг байна.
Шөнөдөө гадаа -30 хэм хүрэхэд хүлэмжид нэмэх 20 хэм байх ёстой. Тэдний хүлэмжийг сонирхож, туршлага хуваалцах хүн маш олон байдаг гэсэн. Ахуйн хэрэгцээгээ хангах зорилготой хашаандаа ногоо тарихыг хүссэн иргэд ч зөвлөгөө авахаар зочилно. Биднийг “Ногоон сор” хүлэмжид очиход нэгэн шинэ төрлийн жимс тарьсан байсан нь хар хальстай, шар өнгийн тарвас юм.
Шар өнгөтэй нь энгийн тарвасыг бодвол жижиг хэлбэртэй, шүүслэг, чихэрлэг амттай. Мөн хальс нь маш нимгэн. Нэг тарвас ойролцоогоор хоёр кг жинтэй. Солонгос сортын энэхүү тарвас долоон мянган төгрөгийн үнэтэй борлуулагддаг гэсэн. “Ногоон сор” хүлэмжийнхэн 8000 ам.метр талбайд тарвас тариалж буй. Тэд тавдугаар сараас тарвасаа хураасан бөгөөд энэ жимс арваннэгдүгээр сар хүртэл үр өгөөжөө өгдөг байна. Эдний хүлэмж Цонжинболдогт байрладаг учраас жуулчид их ирдэг.
Тэд хүлэмжийн тарвасыг идээд яаж ургуулсан, ямар бордоо ашигласныг нь заавал лавладаг гэсэн. Н.Отгонбаярыг хүлэмжээ барьж эхлэхэд Цонжинболдогийн Чингисийн хөшөө баригдаж дуусаагүй байсан ч тэрбээр бүтээн байгуулалтыг дагаж хөгжил ирнэ гэдгийг мэдэж байжээ.
Тиймээс тэнд өдгөө хотынхон болоод жуулчдын хөл тасардаггүй. Хүлэмжинд ургадаг ногоо түргэн муудах хандлагатай байдаг тул ургацаа хураангуут шууд хэрэглэгчдэд нь хүргэх хэрэгтэй. Гэхдээ шим тэжээлтэй, шинэ хөрсөнд тарьсан болохоор эдний жимс зах зээлээс 1000-3000 төгрөгөөр илүү үнэтэй аж. Эднийх шинэ бүтээгдэхүүнээ аль болох ченжүүдийн гараар дамжуулалгүй иргэдэд бөөний үнээр хүргэх бодолтой байдаг гэсэн. Тиймээс нэрийн барааны дэлгүүрээ “Хар хорин” захын хажууд нээжээ.
Түүчлэн “Меркури”, “Саруул”, “Барс” захад бөөний үнээр өгдөг байна. Худалдан авагчид “Ногоон сор” хэмээх логогоор нь тэдний бүтээгдэхүүнийг таних боломжтой. “Ногоон сор” компанийг олон нийтэд танил болгосон өөр нэг бүтээгдэхүүн нь гүзээлзгэнэ. Зуны улиралд уулнаас л түүж идэх боломжтой зэрлэг гүзээлзгэнийг тэд жилийн дөрвөн улиралд хүлэмжинд тарьж, ургуулдаг.
“Ногоон сор” компанийн туслах агрономич Ж.Ганхуяг “Гүзээлзгэнэ нялх хүүхэдтэй адилхан арчилгаа шаарддаг. Хэт халуун, хүйтэнд тэсвэр муутай. Бид анхны ургацаа 2010 онд авсан. Гэхдээ гүзээлзгэнэ гэж харагдахааргүй хэлбэр муутай байсан учраас гадаад, дотоодын олон хүнээс зөвлөгөө авч, зөгийн тоос хүртээх ёстой гэдгийг мэдсэн юм. Тэгээд Дархан-Уул аймгаас 10 мянга гаруй зөгий авчирч, тоос хүртээхэд жинхэнэ гүзээлзгэнэ ургаж эхэлсэн шүү.
Анх зөгий нутагшуулах хэцүү байсан ч одоо манай гэр бүлийн нэг гишүүн шиг л дасан зохицсон” гэв. Тэд гүзээлзгэнээ 3000 ам.метр талбайтай гурван хүлэмжинд тариалж, сардаа гурван тонн ургац хураадаг юм билээ.
Жимсээ зуны улиралд 3-5 хоногт усална. Харин өвлийн улиралд 7-10 хоногт усалдаг. Харин гүзээлзгэнийг дуслын системээр усалдаг гэсэн. Ажиллагаа ихтэй учраас ихэнх ажилчид нь тэндээ байрлаж ажиллана. Ард иргэддээ шинэ хүнс хүргэж буй буянтай ажлаа тэд бахархан ярьсан. “Ногоон сор” хүлэмжийнхэн долоон га газрынхаа гуравны хоёрыг л ашиглаж байгаа аж. Тиймээс шинэ хүлэмж, олон нэр төрлийн ногоо тарих өргөн боломж байгаа гэнэ.
Тус компанийн гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр “Чингис” бондын зээл бидэнд маш их тус болсон. Эргэн төлөлтөө хийх хүнд байгаа ч бид хэзээ ч хойш суухгүй. Хүлэмжийн аж ахуй үр өгөөжтэй ч ашиг хөөсөн хүнд тохирохгүй ажил. Тарьж буй жимсээ үр хүүхэд шигээ хайрлах хүнийг л бид ажилд авдаг” гэсэн юм. Түүнчлэн тэрбээр хүлэмждээ амралтын зориулалттай талбай байгуулж, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхийн тулд цэцэрлэг барихаар төлөвлөж байгаа юм билээ.
“Ногоон сор” хүлэмжийн хамт олон биднийг өглөө хурааж авсан шинэхэн жимсээрээ дайлсан. Шар тарвас, гүзээлзгэнэ нь арааны шүлс асгаруулам амттай. Тэдний хүлэмжээр зочилсноос хойш би шар тарвасыг нь дахин идэхийг мөрөөдсөөр сууна. Саяхан хөл хүнд болсон найзад минь эмч нь урдаас орж ирсэн жимс идсэнээс хийжүүлсэн ундаа уусан нь дээр гэж хэлсэн гэсэн.
“Ногоон сор” компанийн гүйцэтгэх захирал Н.Отгонбаярын хэлсэнчлэн эрүүл мэнд, эдийн засгаараа хохирон байж урдаас орж ирсэн бүтээгдэхүүн хэрэглэх шаардлага бидэнд байхгүй. Иргэдийнхээ хэрэглээг бүрэн хангах хүлэмжийн “уурхай” улам өргөжин тэлнэ гэдэгт итгэнэ.
Э.НЯМДУЛАМ