Соёлын гавьяат зүтгэлтэн Алс өмнөдийн аян замын тэмдэглэлийг тэрлээч би вээр хоёр эргийг заагласан тэнгисийн хоолойн чанадад агч, манай орноос мянган бээрийн алсад орших алганы хонхор мэт далайн өнчин арал-Тайваньд анх удаа хөл тавьсан нь энэ.
Зургадугаар сарын 11-ний үүрээр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас МУИС-ийн нэр бүхий хоёр эрдэмтэн багштай нэг баг болж бид холын Хонконгийг зорин “Боинг-737” онгоцоор хөөрөв. Агаарын хөлгийн бүхээг бараг пиг дүүрэн зорчигч суужээ. Улаанбаатараас Тайбэй хүрэхэд өөрийн онгоцоор заавал Хонконгоор дамжин хүрдэг болоод хоёр гурван жил болжээ.
Дөрвөн цаг хугас нисээд Хонконгод газардаж хоёр цаг болоод тэндхийн аварга том агаарын хүлэг “Боинг-777”-д сууж эх газрын эргээс тасарч хөх усны давалгаан дээгүүр хөөрөн нэг цаг хагас аялаад Тайваний нийслэл Тайбэйд газардав. Онгоцны буудлаас гарч ирвэл манай төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Я.Ганбаатар болон Монгол Төвдийн хорооны ажилтан хоёр хүний хамт биднийг тосож авлаа.
Гадаа гарвал агаарын хэм цельсийн 36 хэм, үүлэн чөлөөний хурц нар авралгүйгээр төөнөн байлаа. Бидний аяллын зорилго бол Тайваний хааны ордны хүрээлэнгийн номын санд байгаа Монголын эрт эдүгээгийн түүхтэй холбоотой үнэлэхийн аргагүй судар сурвалж, ховор чухаг баримт бичиг, зураг сэлтийг үзэж сонирхон, хуулж, хуулбарлаж, буулгаж авах явдал байсан юм.
Биднийг хүлээж авсан байгууллага бол Тайваний хааны ордны музейн хүрээлэн байлаа. Очсон өдрийн маргаашаас эхлэн номын санд сууж, уулзалт хийж, үүгээр түүгээр үзэж сонирхон, цөөхөн хэдэн хоногт юухан хээхэн үзэх ажил эхлэв. Тэнд хүрсэн анхны өдрийн орой хааны ордонд Хятадын Гуанси-жуаны өөртөө засах орны Мяо үндэстний хувцас заслын үзүүлэн шоу болж бид урилгаар үзэж сонирхов.
Сэрүү татсан танхимд хуучир, шанз, лимбэ хөгжмийн аялгуу дуурсах нь айзам аяс нь монгол аялгууг санагдуулна. Гуанси бол Хятадын баруун өмнөдийн олон үндэстний өөртөө засах орон бөгөөд тэнд мяо, и, дай гэхчлэн хорин хэдэн төрлийн цөөн тоот үндэстэн оршин суудаг билээ. Тэдний хувцас засал бол ихэд өвөрмөц байдаг тул Тайваньд уригдаж ийм шоу үзүүлбэр зохион байгуулж байгаа юм гэнэ.
| Орчин цагийн хөгжил дэвшлийн өндөр түвшинд хүрсэн, дэд бүтэц нь үүнээс цааш яах ч билээ гэмээр санагдана. Газар доогуур метро, газар дээр хэд хэдэн түвшинд зам харгуй, бас агаарт өндөр замаар хэржээ. Газар нь алга дарамхан атал гарц орц зам гүүр нь түгжирч бөглөрөх тухай ойлголт ч үгүй санжээ. Тайваний хөгжил эх газрын Хятадын хөгжлөөс хол тасарсан үзэгдэнэ. Харин хүн зон нь яалт ч үгүй хятад. |
Энд дэг ёс чанд хатуу, нийгмийн шударга ёс нийтийн хүртээл болж чадсан газар байх ба бусармаг булай явдал үзээд өнгөрөөе ч гэсэн үл харагдах ажээ. Нэг үгээр хэлбэл нэгэнт цэгцэрсэн газар юм. Тайваньчууд ханз үсгийн хуучин бичлэгийг хэрэглэх агаад галиг үсэг нь ч баахан ялгаа зөрөөтэй байх юм. Бүтэн сайн өдөр бид хотын төв рүү хүрч үүгээр түүгээр сонирхоод таксинд сууж буудалдаа ирээд буухдаа би гэдэг бүтэлгүй хүн төлбөрөө хийгээд тэр хооронд яасан ч юм, түрүүвчээ таксины урд суудалд тавьж орхиод буусан байв.
Маргааш нь пайчусуо хэмээх цагдаагийн газарт очиж бүртгүүлсэнд суусан газраас нь эхлэн камерийн бичлэгээр шүүж шалгаад мөнөөх таксийг олж тогтоогоод бид жолоочтой нь холбоо барьж хариуг нь танд маргааш гэхэд хэлье гээд утасны дугаар аваад үлдэв. За даа, хэдэн арван мянган такси байхад ер юу л бол гээд буудал руугаа буцав. Тэгтэл маргааш өглөө нь мөнөөх цагдаагийн газраас утасдаж таны хэтэвчийг бид олсон, жолооч нь авчраад тушаасан, ирж хэтэвчээ авагтун гэв.
Тайваньд хүн байгаль хоёр бие биесээ түшин амьдардаг ажээ. Хотын төвд Чан Кайшигийн ордон музейг үзэхээр очтол тэнд охид хүүхдүүд суучихсан хушга самраар өехий цагаахан хэрэм тэжээж байх юм. Сүүлээ цацруулсан өхөөрдөм хөөрхөн хэрэм модноос уруудан буугаад хүмүүсийн гараас самар аваад цөмж бувар бувар гэж байхыг үзээд зургийг нь буулгаж авав.
Борооны дараа ойн чөлөөнд байх манай буурчийн газрын үүдний хар зам дээр цав цагаахан мэлхий, эмгэн хумс, хүрэлзгэнэ, чийгийн урт улаан хорхой гарч ирээд халуун цардмал замыг элэгдэн хэвтэх нь сонин. Манай буудлын үүдэнд алд дэлэм навчны доор гадил жимс багшран ургаж байв. Болц нь арай гүйцээгүй бололтой ногоорч харагдана. Зургадугаар сарын 20-нд Хятадын уламжлалт 10 том баярын нэг Дуан ужие болов. Дуан ужие гэх нь билгийн улирлын тавдугаар сарын шинийн 5-ны баяр бөгөөд эх газарт ч өргөн тэмдэглэдэг хятад үндэстний уламжлалт баяр юм.
Бие бие рүүгээ хүйтэн ус цацаж сэрүүцүүлдэг, жунз хэмээх хулсны навчинд боосон амталсан цагаан будаа, нухсан самар, тээрэмдсэн буурцаг иддэг ёс заншилтай ажээ. Бид ч усыг нь уусан тул ёсыг нь дагалдав. Төлөөлөгчийн газраас албан бичгээр хүсэлт тавьснаар бидний дөрвөн монголд их эзэн богд Чингис хааны иш хөрөг болон бас Юань улсын шизү Хубилай цэцэн хааны иш хөргийг үзүүлэв.
Магадгүй даян дэлхийд тарсан их хааны иш хөргийг харах нүдээр үзэн биширсэн бараг анхны монголчууд бид дөрөв болсон биз. Өмнө нь үзье гэсэн хүмүүс байсан ч дэг ёсыг нь гүйцээж чадаагүй тул хувь дутсан санжээ. Бүтэн цаг гаргаж үзүүлсэнд бид хувь заяандаа баярлаж иш хөргийн хажуугийн ханз үсгийн тайлбарыг үзэг гаргаж бичиж авъя гэсэнд зөвшөөрөв. Гэвч үзэг балаар бичиж болохгүй гээд үзүүрлэсэн харандаа гаргаж өгөв. Тэгээд би бичиж авсан юм.
Богд эзэн хааны иш хөргийн хажуугийн тайлбарт ханз үсгээр: “Юань улсын тайзу хаан буюу Чингис хаан Тэмүжин нэрээ халан сууринд 22 жил сууж, эцэг ину Есүхэй тулгуур удмын хаанд суу алдрыг бүтээж, амгаланг нээгээд, өлзий гийсэн хоёрдогч оны гутгаар барст хааны удамд алтан тамга бүтээж, зургаан оны сүүлээр яруу алдрыг цогцолж, эрхэм баярыг эдлээд, хоёрдогч оны улаагчин гахай жилд нэгэн зуурын уй гашуу дайрч төв чигчээр дөрвөн он элэв” гэжүхүй.
Тэнгэрийн цэцэн Хубилай хааны иш хөргийн ханз үсгийн тайлбарыг жич номд буулган тайлах болно. Энэ завсарт Тайбэйд тэрлэсэн мөчлөг шүлгээс нэгийг хэлмээр санагдав.
ИХ ХААНЫ ИШ ХӨРӨГ
Их эзэн Чингис хааныхаа
Иш хөргийг нүдээр үзэн баясав
Ирсэн хэрэг ёсчлон бүтсэн
Ийм хувь заяандаа хөгсөн баярлав
Хүж дэлхийд тархсан эзэн богдын хөргийг
Харах нүдээр үзээгүй хүн гэж үгүй
Хүчирхэг Тэмүжиний иш хөргийг
Хүрч үзсэн нь хэн бол, хэд бол гэж бодов
Түмэн оны их хүн Богд эзэн хар морин жилтэй
Түүний хэвтүүл цэргийн хойч би хөх морьтой
Алс өмнөдийн хөхөмдөг аралд зүтгэн ирж
Аугаа хаан эцгийнхээ иш хөргийг үзсэн би азтай
Тэнгэрлэг их Чингис хааны мэргэн ач
Түүхэнд агуу эзэнт улсыг цогцлоосон
Тэнгэрийн цэцэн Хубилай хааны иш хөрөг
Тэр мэт хамтдаа байхыг бас олж үзэв
2015.06.22.
Зургадугаар сарын 22 болов. Энэ өдрийг зуны туйл, халууны оргил хэмээмой. Гудамжинд гарвал халуу төөнөж, номын санд орвол даармаар байв. Тайвань доллар Хятадын юаниас тав дахин доогуур ханштай агаад 100-тын цаасан дэвгэртээс дорогш дан мөнгөн зоос гүйдэг ажээ. Автобусанд суувал 15 зоос, метронд орвол 20-30 зоос автомат кассанд хийнэ.
Хааны ордны музейн зүүн өмнөд этгээдэд номын сангийн цогцолбор байхын өмнө доохон талд нь Кунзын хөшөө байх агаад яг үүдэн дээр нь генералиссимус Чан Кайшигийн дурсгалын баримал байх ажээ. Тэнд зураг хөрөг дараад хотын төв орж Чан Кайшигийн дурсгалын ордныг үзэж цагийн халаа солигдох сүрдэм ёслолыг сонирхов.
Хүн амьтан дүүрэн бужигнах боловч огтхон ч дуу чимээ гарахгүй сүмбэ шиг бие хаатай төмөр тахтай ёслолын гуталтай цэргүүд гурав гурваар халаа сольж байгаа нь үнэхээр ёслол төгөлдөр агаад сүрдэн биширмээр байлаа. Тайбэйгээс мордохын өмнө төлөөлөгчийн газраар орж танилцав. Цомхон хэдэн ажилтантай манай худалдааны төлөөлөгчийн газар Тайбэй хотын төв хэсгийн өндөр асарт бачуухан боловч тохитой хоёр өрөөнд байрладаг ажээ.
Тэргүүн төлөөлөгч Элбэг биднийг дотноор хүлээн авч ярилцаад ажил төрөл амжилттай болсонд баяр хүргэв. Тайваньд тэндхийн иргэн, монгол гаралтай хүмүүс 500-гаад байдаг гэнэ. Харин манай судлаач эрдэмтэн, голдуу хувийн зардлаар сурдаг оюутан сурагчид гээд нийт 700 шахам хүн байдаг ажээ. Бидний очсон энэ арга хэмжээ анхных гэнэ.
Цаашид энэ арга хэмжээг үргэлжлүүлэх бодолтой байгаа юм байна. Ер нь ойрын жилүүдэд манайхаас соёл, урлагийн солилцоо, хүмүүнлэгийн талын айлчлалаар зочид төлөөлөгчид нэлээд очих болжээ. Манай урлагийнхан очиж тоглолт үзүүлж, Тайваньтай танилцсан гэнэ. Энэ оны есдүгээр сард дэлхийн яруу найргийн баяр Тайбэйд болох ба үүнд манай 15 зохиолч найрагчийн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг урьжээ.
Тайваний телевизийн хөтөлбөрүүдээр орой болгон Тайваний гоминданы намаас ерөнхийлөгчид нэр дэвшсэн Хун Сюжу хатагтайн тухай сурталчилгаа давтан давтан гарч байлаа. Бас бурхны шашны хуврагууд 24 цагаар дараалсан таван сувгаар тасралтгүй бурхны сургаал, насан хутгийн явдлыг тайлбарлаж байх нь сонин. Христосын, буддагийн, лалын сүмүүд энд тэнд ойн чөлөөнд голдуу халуун наранд зүүрмэглэн байх ажээ.
ХӨХ УСАН ДУНДААС ЭХ ОРНОО САНААШРАХУЙ
Зүйрлэшгүй холын өнчин арлаас
Зүүдэлгүй хөх тэнгисийн чанадаас
Зүрхэнд зүмбэрлэх Алтайгаа санав
Зүүдэнд хургах Хангайгаа бодов
Ууланд ургасан ширэнгэ дундаас
Ухаанд ургадаг эх орон санагдав
Усанд хажуулдсан арал дээрээс
Ус нутаг минь аньсаганд торолзов
Асарлах Алтай нүдэнд үзэгдэв
Халиун Хангай харцанд харагдав
Хөглөрөх Хэнтий хүсэлд ургав
Хөдөө тал минь сэтгэлд хургав
Хөхөмдөг арал дээрээс
Эх орноо санав би
Хөлбөрөх усан дундаас
Хөх Монголоо санаашрав би
2015.06. 22