АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Делано Рузвельтийн дөрөв дэх бүрэн эрх 1945 онд эхэлсэн юм. Тэр үед бүх юм сайн сайхан гэж хэлж болохоор, нацист Герман, түүний холбоотнууд ухарч, дэлхийн II дайны ялалт хаяанд ирчихсэн, Ялтын бага хурлаар Америк, ЗХУ, Англи харилцан ойлголцсон, дайны дараах байдлыг зохицуулах төлөвлөгөө боловсруулчихсан байлаа.
Гэтэл 1945 оны дөрөвдүгээр сарын 12-нд Рузвельт гэнэт нас барж, энх амгалан байдал тийм ч бат бөх биш мэт санагдах болов. Хоёр сарын дараа буюу наймдугаар сарын 6, 9-нд Америкийн шинэ Ерөнхийлөгч Гарри Трумений тушаалаар АНУ-ын Агаарын цэргийн хүчин Японд хоёр удаа атомын бөмбөг хаяж, дэлхийн зэвсэглэлийн түүхэнд аюултай хуудас нээв.
Хоёр жилийн дараа мөнөөх Трумен цэрэг дайны шинэ номлолоо тунхаглалаа. Энэ номлол шинэ өрсөлдөгч Зөвлөлүүдийн орныг тогтоон барихад чиглэж байв. Ийнхүү дэлхийн II дайн “хүйтэн” хэмээх шинэ дайн болж хувирлаа. Үйл явдлыг Рузвельтийг хүчээр үгүй хийх хэмжээнд хүртэл өрнүүлэх сонирхол тэр үед Их Британид байсан бөгөөд одоо ч байсаар байгаа юм.
Ерөнхийлөгч Рузвельтийн амьдралын сүүлчийн өдөр уран зураг дээр үлдсэн байна. Тэрбээр Оросын цагаач, зураач бүсгүй Элизабета Шуматовагаар хөргөө бүтээлгэж байх тэр агшинд зүрх нь зогссон аж. Америкийн эрин нүднийх нь өмнө бөхсөнийг эмээ Шуматова нь сайн санаж байсныг түүний ач хүү, одоо АНУ-д аж төрж буй Алексей ийн ярьжээ.
Гэргийнхээ нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Люси Мерсьед Ф.Рузвельт эртнээс сайн байсан бөгөөд түүнтэй суухын тулд эхнэрээсээ золтой л салчихаагүй гэдэг. Тэд энэ хэлхээ холбоогоо Люсийг нөхөрт гартал нь чанад нууцалж, аандаа тасарсан аж.
Тэгэхдээ энгийн нөхөрсөг харилцаа нь хадгалагдаж, өөрийн найз зураач Элизабета Шуматоваг Цагаан ордонд ирж, Ерөнхийлөгчийн хөргийг зурах тохиролцоонд Мерсье 1943 онд хүрч чадсан байна. Тэгээд 1943 оны хавар Шуматова АНУ-ын Ерөнхийлөгчийн жижиг хөргийг усан будгаар бүтээсэн нь Рузвельтэд их таалагдсан аж.
Рузвельтийн хөргийг дахин зурах саналыг 1945 оны гуравдугаар сарын эцсээр, Ерөнхийлөгчийг Ялтын бага хурлаас буцаж ирээд Жорж муж улсын Уорм-Спрингс хотод амарч байхад нь тавьсан байна. Тэгээд Мерсье, зураач хоёр Рузвельтийн байгаа газар руу явахад машиныг нь гэрэл зураг авдаг, бас орос цагаач жолоодож явжээ. Тэрбээр зураачийг ажлаа эхлэхийн өмнө Рузвельтийн зургийг дарж амжсан нь мөн л сүүлчийн зураг болсон гэдэг.
“1945 оны дөрөвдүгээр сарын 12- ны өглөө Мопсийг (Ерөнхийлөгч, Мерьсе хоёр зураач Шуматоваг ийн дууддаг байсан бөгөөд дотнын нөхөд, ойрын хүмүүс нь ч ингэж нэрлэдэг байв) зурах ажлаа эхлэхэд Ерөнхийлөгчийн сэтгэл санаа сайхан, хөгжүүн хөхүүн байв. Нүүр царайных нь өнгө жигтэйхэн сайхан байсанд зураачийн сэтгэл ч амар байв.
Ерөнхийлөгч саяхан гарын үсгээ зурсан бичиг баримтууд ширээн дээр нь хөглөрнө. Ерөнхийлөгч “Миний угаалгын газар” хэмээн наргиан болгоно. Мопси зурсаар, Ерөнхийлөгч хааяа харцаа дээш өргөнө. Тэгснээ гэнэт чичирхийлсэн гараараа толгойгоо нэг л сонин байдлаар илснээ “Толгой их өвдөж байна” гэж хэлжээ. Тэгээд толгойгоо доош гудайлгав.
Өрөөнд өөр дөрвөн хүн байсан ч, Мопсийг “Болохоо байлаа” гэж хашгирах хүртэл хэн нь ч, юу ч анзаарахгүй хоорондоо ярьсаар байв” гэж “New Yorker” сэтгүүлд нийтлэгдсэн дурсамждаа Алекс Шуматов ярьсан байдаг. Ерөнхийлөгч тархинд нь цус харваснаас нас барлаа гэж энэ өдрийн шөн ө нь эмч нар зарлалаа.
Рузвельтийн шарилыг оршуулах ажлыг маш богино хугацаанд яаравчлан хийсэн бөгөөд амьсгал хурааснаас нь хойш 60 хүрэхгүй цагийн дотор бүгдийг нь амжуулж, авсных нь тагийг нээлгүй нутаглуулсан байна. Төрөл төрөгсөд нь шаардсаар байсан ч, шарилд задлан шинжилгээ хийсэнгүй. Хүү Эллиот нь эцгийнхээ шарилыг оршуулахад оролцож амжсангүй.
Тэд 1943 онд Холбоотнуудын бага хурлын үеэр Тегеранд танилцсан байснаас Зөвлөлтийн удирдагч түүнтэй уулзаж ярилцахыг зөвшөөрсөн байв. Ярилцлагын албан ёсны хэсэг дуусаад (Энэ ярилцлага удалгүй “Look” сэтгүүлд хэвлэгджээ) Эллиот, Сталин хоёрын хооронд хувийн чанартай нэлээд шуугиан тарих шинжтэй яриа хөөрөө болсон байна.
Өөрийнх нь ээж, Ерөнхийлөгч Рузвельтийн бэлэвсэн гэргийг ЗХУ-ын нутаг дээр хөл тавихыг Зөвлөлтийн эрх баригчид яагаад гурван удаа зөвшөөрөөгүйг сэтгүүлч хүү нь мэдэхийг хүсэж байлаа. Үүнийг нөхрөө нас барсны дараа тэргүүн хатагтай агсны гаргасан авираар Сталин тайлбарласан аж. Сталины хэлснээр бол Рузвельт нас барсан тухай мэдээлэл Зөвлөлтийн ЭСЯ-нд хүрмэгц түүний тэргүүн Алексей Громыко цогцсыг нь үзэхээр Цагаан ордонд очихыг гурван удаа хүссэн байна.
Хатагтай Рузвельт мөн гурван удаа татгалзсан хариу өгснийг Сталин уучилсангүй. Яагаад ингэж хандсаныг нь Эллиот лавлахад “Тэд чиний эцгийг хордуулсан, намайг ч бас хордуулах гэж оролдсон” гэж Сталин хариулжээ. Рузвельтийн үхэлд Английн тусгай албадыг Зөвлөлтийн тэргүүн буруутгаж, ЗХУ, АНУ хоёр ойртохыг “Черчиллийн дээрэмчид” эсэргүүцэж байсан гэж хэлсэн аж.
Эллиот Рузвельтийн үгэнд америкчууд итгэсэнгүй. Эцгийг нь нас барсны дараахнаас түүнийг хэл ам тарьсан амьтан гэцгээх болсон байна. Эцгийнхээ явуулж байсан бодлогын талаар өгүүлсэн түүний “As He Sam It” ном ч үүнд нөлөөлсөн аж. 1946 онд хэвлэгдсэн энэ ном Вашингтонд ихээхэн шуугиан тарьжээ.
Ерөнхийлөгч Рузвельтийн талаар хүнийх нь хувьд ч, үзэл бодлынх нь хувьд ч энэ ном ташаа ойлголт өгсөн гэж Америкийн олон улстөрч үзсэн байна. Ерөнхийлөгч Рузвельт ЗХУ-ын эсрэг Америк-Английн холбоог шүүмжилж, Москватай ойртохын төлөө тэмцэж байсан гэсэн агуулгатай Эллиотын санаа онцгой шүүмжлэлд өртсөн байдаг.
Ерөнхийлөгч Рузвельтийг хордуулсан гэж Сталин үзэж байсныг 1986 онд Эллиот ярихад Америкт тун ч итгэл муутай ханджээ. Энэ нь хүйтэн дайн эхлээд бараг 40 жил болж байсантай холбоотой төдийгүй Вашингтон, Москва хоёр хамтарч ажиллах боломжийг бүтэшгүй зүйл гэж тэр үед үзэж байв.
Тухайн үеийн Америкийн нийгэм хүү Рузвельтийг амар амгалан байдалд өширхсөн, аугаа эцгийн адайр хүү гэж үзэх болсон байна. Эллиот Рузвельт нэг радио станцыг бүтэл муутай толгойлж, хөдөө нутагт аж ахуй эрхэлж, тэр ч бүү хэл Майами-Бич хотын Захирагч байж, тэгснээ мафитай ч холбогдож явжээ.
Нацизмыг ялсан Америкийн бэлгэ тэмдэг болсон Ерөнхийлөгчийн үхлийн шалтгааны талаарх таамаглал эцэстээ тогтсон тодорхой үзэл бодолгүй түүхчид хийгээд хуйвалдааны онол сонирхогчдын ярианы сэдэв болж орхив. Зөвлөлт, Оросын сэтгүүлч Валентин Зорин энэ явдлыг одоо хэр нь өөрийн нийтлэлүүддээ хуйвалдааны золиос хэмээн үзсээр байгаа юм.
1961 оны зургадугаар сард Вена хотод Никита Хрущевтай яриа хэлэлцээр хийх үеэр нь АНУ-ны Ерөнхийлөгч Жон Кеннедигээс Рузвельтийг хороосон талаар Зорин асуусан байна.
Талийгаач Ерөнхийлөгчийн шарилд задлан шинжилгээ хийхийг яагаад гэр бүлд нь зөвшөөрөхгүй байгааг сэтгүүлч сонирхоход “Задлан шинжилгэээ хийгээд хорны ул мөр илрүүллээ гэхэд Америкийн аугаа Ерөнхийлөгчийг босгоод ирж чадахгүй, гэтэл Ерөнхийлөгчөө хордуулж алдаг орны талаар дэлхий дахин ямар бодолтой үлдэх билээ” гэж Кеннеди хариулжээ.
Энэ үг Рузвельтийг алсан байхыг нотолсон ч үгүй, няцаасан ч үгүй. Гэтэл энэ яриа болсноос хоёр жилийн дараа Кеннедийг өөрийг нь буудаж алсан. Энэ нь санаатай аллага байсан нь хэнд ч эргэлзээгүй юм.
Р.ЖАРГАЛАНТ