XIX зууны дунд үеэс Европ дахинд аж үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, төмөр замын хэрэгцээ, шаардлага бүр ч их гарчээ. Улмаар төмөр замыг олон давхар сүлжээ болгосон ч галт тэрэгнүүд хоорондоо мөргөлдөж, замаасаа гарч онхолдох нь бараг л хэвийн үзэгдэл болсон байв. Харин зорчигчид нь галт тэргэнд явж байхдаа хэдэн өдрийн турш тодорхойгүй өвчнөөр өвддөг, ноцтой ба ялимгүй янз бүрийн шинж илэрдэг байсныг эмч нар дорвитой эмчилж чадалгүй тэгэсхийгээд өнгөрчээ. Энэхүү “галт тэрэгний өвчин”-ий шалтгаан нь тухайн үеийн ослуудаас үүдэлтэй бөгөөд энэ талаарх хүмүүсийн сөрөг бодол, түгшүүр, айдас нь бие махбодийн өвчинд хүргэсэн нь энэ ажээ. Бодол санаа нь өвчинд хүргэж буй хачирхалтай сэтгэлзүйн үзэгдлийг психосоматик гэдэг. Психосоматик өвчин нь бие эрхтэн тогтолцооны өвчлөлийн уг үндэс нь сэтгэлд байхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл хүний сэтгэцийн болон сэтгэл санааны байдал шууд утгаараа бие махбодид нөлөөлдөг.
Бид ер нь аливаа өвчнийг гадны вирус, бактериас л үүссэн гэж боддог. Үнэн хэрэгтээ өвчний талаас илүү хувь нь сэтгэлзүйн гаралтай байдгийг гадарладаг хүн цөөхөн байх. Бидний энэ дутагдал хэдэн тэрбум долларын зах зээлээр эргэлдэх дэлхийн эм, бэлдмэлийн компаниудын өгөөш болдог. Орчин үеийн анагаахын ихэнхи эрдэмтэд бүх өвчлөлийн 80 хувь нь психосоматик шинжтэй гэж үздэг. Уг нь монголчууд сэжгээр өвдөж сүжгээр эдгэрнэ гэж хэлэлцдэг хэрнээ эмийн 32 үйлдвэр, 1283 эмийн сан, 120 гаруй ханган нийлүүлэгчтэй байна. Ердөө ганцхан жилд 170 тэрбум төгрөгийг зөвхөн эм, тарианд зарцуулдаг гэжээ. Тийм бол нэг хүн жилд дунджаар өвчнөө эдгээхийн тулд 580 мянгөн төгрөгийг эм тарианд зарцуулдаг байна. Энэ нь сэтгэлзүйн үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлдэг Британ улсын жил бүр сэтгэл засал, зөвлөгөөний үйлчилгээндээ төлдөг даатгалын төлбөрөөс 7-9 дахин их юм.
Геронтологийн үндэсний төвийн дарга Р. Оюунханд "Монгол настнуудын дундах өвчлөлтийн тархалт" сэдэвт илтгэлдээ судалгаанд хамрагдсан 1000 ахмад настангуудын 16.5 хувьд нь сэтгэл гутрал, 18.8 хувьд нь сэтгэл түгших эмгэг байна. Тэнэгрэх эмгэг 1000 настан тутамд 36, нойрны хямрал 28, дэмийрэх эмгэг 2, айдсын эмгэг 2 тохиолдож байна. Мөн эдгээр хүмүүсийн талаас илүү хувь нь даралт ихсэх өвчтэй, ба нийтдээ 330 гаруй бие махбодын өвчтэй байна гэжээ. Энэ нь бие махбодын өвчин ба хэвийн бус сэтгэл санааны байдалтай холбоотой байгааг харуулж байна.
Ходоод гэдэсний шарх, ходоодны үрэвсэл нь ихэвчлэн сэтгэлзүйн гаралтай шинж тэмдэг юм. Удаан хугацаагаар сэтгэл санааны дарамтанд орох, тайван бус мэдрэмж ходоодны хүчлийг ялгаруулж ходоодны ханыг түлдэг байна. Сэтгэл санаагаар явчихсан хүмүүс эцэстээ ходоодны хорт хавдраар нас бардагийг бид солонгос сериалуудаас зөндөө л үзэж байсан. Бронхит, харшил зэрэг өвчний шалтгаан заримдаа гэр бүлийн маргаан, тавгүй уур амьсгалтай холбоотой, мөн дургүй хүндээ ийм байдлаар хариу үзүүлж бие дээр нь элдэв юм туурах, загантах шинж тэмдгүүд илэрдэг. Сэтгэл санааны байдал толгой эргэх, өвдөх, ам хатах, зүрхний цохилт хурдсах, гэдэс өвдөхөд бас нөлөөлдөг. Бага насны хүүхдүүд заримдаа гэр бүлийнхээ өөрт нь үзүүлж буй хайхрамжгүй байдлыг хий ханиалгаж, ялимгүй өвчин тусаж ухамсаргүйгээр тэдний анхаарлыг татахыг хичээнэ. Мөн өөр нэгэн жишээ дурьдахад яагаад хүүхэд орондоо шээдэгийн учир нь тухайн хүүхэд зарим хүмүүсийг (аав, ээж гэх мэт) маш ихээр санаж, тэдний тухай цаг үргэлж бодсоны улмаас үүсэх мэдрэлийн ядаргаа нь шөнийн нойронд шээсээ барьж дийлэхгүйд хүргэдэг.
Гэтэл истери буюу хий өвчин нь сэтгэлзүйн шалтгаантай ч бие махбодын өвчинд хүргэдэггүй, үүнийг эмчлэхийн тулд эргээд өвчин хаанаас эхэлснийг олж өвчтөний сэтгэлзүйг судлах хэрэгтэй болдог. Харин психосоматик нь бидний таагүй сэтгэл санаанаас бий болдогоороо истеритэй төстэй ч бодит бие махбодын өвчлөлд хүргэдэг. Тиймээс эмчлэхийн тулд дахиад л вирус, бактерийг устгаж, дараа нь сэтгэл санаагаа эмчлэх шаардлагатай. Хамгийн гол нь өвчнөө сэтгэлзүйн шалтгаантай гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм. Учир нь түүний бодит бус элдэв бодол санаа, айдас нь итгэл үнэмшлийнх нь нэг хэсэг байдаг. Тиймээс психосоматик хүмүүсийн биетэй нь биш, сэтгэлтэй нь харьцаж иррациональ итгэл үнэмшлийг өөрчлөх нь гарт баригдахгүй, нүдэнд үзэгдэхгүй өвчнийг шийдэх гол зорилго юм.
Л.Энхтүшиг