Хүй цөглөсөн нутгийнхаа тухай сийрүүлнэ гэхээр хөндүүр байна, сэтгэл минь. Төрсөн нутгаа төдийлэн сайн мэдэхгүй надад буурал аав, ээжийнхээ унасан газрын зөөлөн, угаасан усны тунгалгийг нь үгээр илэрхийлж чадахгүйдээ бүр ч ихээр гуниглана. Буйд алсхан ч бодол сэтгэлд минь ойр байдаг, энэ хорвоод ирснээ зарлан тунхаглаж, чарлан уйлсан хүй дарсан нутаг минь Сүхбаатар аймгийн Бүрэнцогт. Цаг хугацааны хүчит эргүүлэгт өртөөгүй, тэр л хэвээрээ үлдэж чадсан миний муу Бүрэнцогт. Хөгжил дэвшлийн хурдан салхинд туугдалгүй унаган төрхөө хадгалж чадсан уурхайчдын тосгон. Таныхаа элгийг цөмлөж төрсөн нь үнэн боловч, эрхэлж, наадах бага насаа энгэрт тань үдэж чадаагүй дээ, хүү нь. Битүүн өнгөрөөгөөд шинийн нэгний үүрээр Бүрэнцогтын уурхайн эмнэлэгт төрсөн намайг Цэнд хэмээх эмч эх барьж авсан юм гэнэ лээ.
Өвлийг бэлгэдэн болор хэмээн, үүрийг бэлгэшээн туяа гэж нэрийдсэн гэдэг. Намайг гуравхан настай байхад манайх Хэнтий аймгийн Бор-Өндөр тосгон руу нүүснээр би хоёр нутагтан болсон түүхтэй. Гянтболдын уурхайн тосгонд мэндэлсэн би жоншны их уурхай Бор-Өндөрт ирсэн минь хувь тавилан гэлтэй. Газрын гүнд, хэдэн зуун метрийн ёроолд чулуун ханан дотор эрэлхэг баатрууд л ажилладаг юм. Тэдний хүнд хөдөлмөрийн үр дүнд үр хүүхэд болон, элэг нэгт ард түмэн минь идэх талхтай яваа гэдэгт би итгэдэг. Миний аав Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Дух хэмээх газарт мэндэлсэн, тэр нутгийн унаган хүүхэд. Бор-Өндөрт ирээд л хад чулуутай ноцолдсоноос бус чулуу ч хөндөж үзээгүй хөдөөний хүн. Аавын минь аавынх адуун сүргээрээ алдартай байсан гэнэ лээ. Саарал азарга хэмээх үлгэр домогт л гардаг шиг хурдан буянаар аав минь нутаг усандаа танигдсан адуучин. Гэвч зах зээлийн шуурганд өртөн, мал хуйгаа зарж борлуулаад, үр хүүхдээ сургууль соёлын мөр хөөлгөхөөр төв суурин газар бараадсан нь Бор- Өндөр. Хүн эмнэлгээс өөр нүүр тахалчих барилгагүй хөдөө нутаг Бүрэнцогтыг бодвол Бор-Өндөр орос ах нарын барьсан таван давхар орон сууцнаас эхлээд Соёлын төв, ерөнхий боловсролын хоёр ч сургуультай, төмөр зам дагасан суурин газар байв аа.
Ингэж л би төрсөн нутгаасаа хар багадаа “хагацсан” юм. Намайг 10 нас хүрээгүй байхад аав ээж минь үр хүүхдүүдээ дагуулан төрсөн нутагт минь очсон билээ. Аавынхаа ээж (Гөеө гэж авгайлдаг), ах дүү нартайгаа дотно танилцаж буй минь тэр. Бүрэнцогтын төвөөс 10 хүрэхгүй км-ийн зайд орших Хар нуур хэмээх сайхан газарт гурван гэр айл байлаа. Харуй болсон хойно нохой шуугиулан очсон бид дундах том гэрт ороход Гөеө минь нус нулимс болон угтсансан. Бүүдгэр лааны гэрэлд аавтай минь адилхан буурай яаран сандран цай, хоол тогоон дээр үйж, шөнөжин ярьж хоносон. Бараан царайтай, нүүрээрээ дүүрэн мэнгэтэй буурал Гөеө минь биднийг долоон зун харуулдан хүлээсний эцэст уулзсан нь тэр. Гурван гэрийн захын хоёр нь аавын минь төрсөн дүүгийнх бол, нөгөө айл нь эгчийнх нь том хүүгийнх. Нуураа санасан нугас мэт нулимс дүүрэн нүдтэй хүмүүс хонь хурга нийлэх шиг л дуу шуу болцгоож уулзсанаас хойш би оюутны хоёрдугаар курст ортлоо жил бүрийн зун тэнд очдог боллоо. Хар нуурын эргээс холгүйхэн хаш мэт харагдах чандманилсан гурван гэр, очих болгонд минь яг л тэр хэвээрээ угтах дүр зураг. Талын салхи, таана хөмүүлийн үнэр, Гөеөгийн борцтой цай, өрөмтэй хуушуур, элдэв маяггүй хөдөөгийн найз нараа одоо ч гэсэн үгүйлсээр л явна. Гөеөгийн минь хуучин бор авдар хоймортоо байдгаараа л дүнхийж, дээр нь миний зураг бурхан аятай залаастай байдаг.
Гөеө минь зайлуул, насаараа тамхи татсан “гэмтэй”. Тэглээ гээд бие өвдлөө гэж ганц ч удаа үр хүүхдээ сандаргаж байгаагүй. Саахалтын залуус Гөеөгийн минь тамхинаас хугасалж загнуулна. Хот хүрээ газар шиг тамхи тариа элбэг биш ч өөрөөсөө нуудаг дүнсэн тамхиа харамлаад сүйд болохгүй ээ, хөөрхий. “Муу моньд чи тамхи татаж сууснаас малдаа яв” гэж таягддаг ч тэд бэргэсэн янзгүй улам дөхөж очоод л хамтдаа тамхилаад суучихна. Хүүхэд шиг зантай хөдөөгийн хөрслөг бор залуус тэр л хэвээрээ сэтгэлд минь үлдэж. Унасан газар, ураг төрлөө мэдсэн би зун, зуны эхээр гүйгүүл морь шиг очих бүрт минь ёс юм шиг шинэ хүн нэмэгдэн, чихэр горьдох дүү нар өссөөр л. Харин нөгөө л гурван гэр, доторх тавилга нь ч хуучнаараа. Өнгөрсөн зун очихдоо тараг уугаад тавьсан аяга минь хүртэл хуучин модон тавиур дээр хэвээрээ байгаа юм шиг уйтай хэрнээ дотно санагддагсан. Үеийнхээ хэдэн хүүхдүүдтэй төрсөн эгч дүүс шиг ижилссэн надад “баяртай” гээд буцах л хамгийн хэцүү. Алсран одох хүртэл минь гэрийнхээ гадаа жаазтай зураг мэт хөдөлгөөнгүйгээр харуулдан зогсох тэднийгээ би яаж мартах вэ. Хар нуурынхаа эрэгт очилгүй, хос тогоруугаа харалгүй таван жилийг үджээ.
Хүүхэд насны минь хамаг л нандин дурсамж тэнд үлдсэн. Хэн ч хэзээ ч арилгаж чадахааргүй гүн гүнзгийгээр зүрхэнд шингэсэн. Үеийн хөвгүүний Бүрэнцогтын дэлгүүрээс халуун зунаар өвөртөлж авчирсан шоколад хайлсан ч гэсэн амттай байсан. Хамаатныхаа хүүтэй тарваганд явж, бүхэл өдөржин хавх сахиж суусан тэр өдөр ядарсан ч гэсэн зугаатай байсан. Таана түүнэ гээд мотоцикль дээр сундлан салхи татуулан давхисан тэр мөч хэзээ ч мартагдахааргүй сайхан байж. Оюутан болохын өмнөх зун Гөеө минь “Хүй цөглөсөн нутгийнхаа хөрсөн дээр очиж хөрвөөчихөөд ир” гээд Шар (Гэрэлт-Од гэдэг нэртэй ч шар царайтай болохоор нь ингэж дуудна) ахтай минь хамт явуулж билээ. Шар ах минь наадмаар гаргаж өмсдөг урт торгон дээлээрээ гоёж, би ч ялгаагүй ээжийнхээ урласан дээлийг өмсөөд Бүрэнцогтын эмнэлэг рүү салхи татуулан давхисан. Яаж хөрвөөхийг мэдэхгүй ч их баяртай явснаа санадаг юм. Суурин газар гэхэд хөл хөдөлгөөн татруу, хэдхэн байшингаас өөр гялайж, гялтайх юмгүй Бүрэнцогтын төвд анх тэгж хөл тавьсан юм.
Миний мэндэлсэн эмнэлгийн туурь л тэнд үлджээ. Дөрвөн жилийн сургуулиас өөр дөмөг барилга даанч байсангүй. Хөгжил дагаад хүмүүс нь ч дайжиж. Нутгаа гэсэн хэдхэн хөгшчүүл болжмор аятай нүүдлийн шувууд дагалгүй үлджээ, тэнд. Шар ах минь нөгөө сайхан дээлээрээ шороон дээр хэд гурав хөрвөөгөөд авсан. Тэгснээ намайг хөрвөө хэмээн дохиж билээ. Тэндхийн хүмүүс тоглолт үзэж буй мэт шавахад ичсэн би хэд гурван атга шороо дээл рүүгээ цацчихаад, ахыгаа шоолон зогссонсон. Шар ахын өнөө ганган дээл хар шороогоор будагдсан ч жаргалтай нь аргагүй маасайж байсан нь өчигдөр мэт тодхон. Одоо бодох нь ээ, хүн болж мэндэлсэн хөрс шороондоо дээлээ урагдтал хөрвөөдөг байж дээ гэж харамсдаг. Гэхдээ дахин очих хувь байгаад талархнам. Санах нутаг, сарвайх олон минь намайг хүлээж суугаа даа. Ганцаараа биш дөрвүүлээ болоод Ганга нуур, Алтан овоондоо очно оо, би. Тэр дундаа цагтаа мандан цэцэглэж, олон аавын үрсийг амьдралтай нь залгуулсан Бүрэнцогтын уурхайдаа бүтэн сэтгэлтэй хүрнэ ээ, би. Монголын үе үеийн уурхайчдад зориулсан хөшөө миний нутагт сүндэрлэн буй.
Хөл нийлүүлэн алхсан
Бүрэнцогтын уурхайнхан
Хөг нийлүүлэн аялсан
Бүрэнцогтын залуус
Гавьяат уурхайчин Жамбаагийн ган өрмийн эрчистэй нутаг
Ардын багш Банзрагчийн ариун номын дэлгэмэл өлгий Ийм сайхан
Бүрэнцогтын уурхайд мэндэлсэн болохоор
Бүтэн заяатай явдаг билээ, хүү нь...