Гэмтэл согогийн үеийн тусламж үйлчилгээ, мэс засал, гэмтлийн дараах нөхөн сэргээх эмчилгээг цогцоор нь хийдэг гэмтлийн төрөлжсөн төв эмнэлэг болох зорилтоо “Мөнгөн гүүр” эмнэлгийнхэн цаг хугацаатай уралдан тун амжилттай ахиулсаар байна.
Хэдхэн хоногийн өмнө тус эмнэлэгт БНСУ-ын Сөүл хотын “Choice”эмнэлгийн захирал Му Жи Ён хүрэлцэн иржээ. Мэс заслын хэд хэдэн шинэ аргачлалыг Монголд нутагшуулахаар зорьж буй тэд Солонгосоос хоёр дахь доктороо урьж авчраад байгаа нь энэ.
Тухайлбал, сүүлийн үед манайханд зонхилон тохиолдох болсон нурууны диск шахагдан гаргах өвчний үед томоохон зүслэг хийлгүй, унтуулгагүй хөнгөн мэс ажилбараар хэрхэн эмчлэх тухай тархи, нуруу нугасны эмч Му Жи Ён доктор монгол эмч нарыг дагалдуулан сургах юм.
Түүнтэй уулзаж ярилцлаа.

-Таныг “Мөнгөн гүүр” эмнэлгийн урилгаар Монголд шинэ төрлийн мэс ажилбар нутагшуулахаар ирсэн гэж дууллаа. Тэр дундаа манайхны хамгийн их сонирхдог зүйл буюу нурууны диск шахагдан гарсан үед хийх мэс ажилбар тань ямар онцлогтой, юугаараа давуу болохыг манай уншигчдад хэлж өгнө үү?
-Би Монголд цөөнгүй удаа ирж байсан. Тэгэхэд үзэж байсан өвчтөнүүдийн яриа, рентгэн зураг, оношоос харж байхад 1980-1990-ээд онд Солонгост их түгээмэл байсан бэхэлгээний хагалгааг одоо Монголд түлхүү хэрэглэдэг нь анзаарагдсан.
Нугалам дор хадаас зоогоод, бэхэлж өгдөг тэр хагалгаанаас одоо олон улсад татгалздаг болсон. Сүүлийн үеийн өвчтөнүүд ч гэсэн аль болохоор зүслэг хийхгүй, унтуулахгүйгээр мэдээ алдуулдаг мэс ажилбар байдаг уу гэж их асуудаг болсон.
Монголчууд ч гэсэн мэс заслын бус аргаар эмчлүүлэхийг хүсдэг юм билээ. Тиймээс “Мөнгөн гүүр” эмнэлэгт ирсэн миний гол зорилго бол Монголд төдийлэн хийдэггүй хэд хэдэн төрлийн мэс засал, тэр дундаа хоёр төрлийн шинэ мэс ажилбарыг нутагшуулах.
Эхнийх нь L диск хэмээх эмчилгээний шинэ арга. Нуруу, хүзүүний үе хоорондын жийргэвч мөгөөрс цүлхийн гарч, нугас болон мэдрэлийн ёзооруудыг дардаг.
Үүнийг мэс заслын аргаар эмчлэхдээ дискийг сугалж авалгүйгээр, дотроос нь эмчилдэг арга 2010 онд дэлхийн ангаах ухаанд нэвтэрсэн. Тусгай төхөөрөмжийн уян хошуу булчинд тариа хийж байгаа юм шигдискэн завсар нэвтэрч, шахагдаж гарсан эвэрхийг олж очоод, дотроос нь эмчилдэг гэсэн үг.
Ингэснээр цүлхийж гарсан эвэрхий дотогш татагдан орж, нөгөө дарагдсан нугас, мэдрэлийн ёзоорууд чөлөөлөгдөнө гэсэн үг. Мэс ажилбарыг хэсгийн мэдээ алдуулаад, хамгийн уртдаа нэг цаг орчим хийдэг юм. Тэгээд нэгээс хоёр хоногийн дараа л эмнэлгээс гарах боломжтой.
Тиймээс энэ мэс ажилбар маань өвчтөнд зовиур багатай, хямд төсөр, үр дүн ч сайтай эмчилгээний шинэ арга.
-Мэс ажилбарын дараа өвчтөний нуруу дахин өвдөж, өвчин сэдрэх тохиодол байх уу?
-Тухайн өвчтөний өөрийнх нь сахилга бат, мэс ажилбарын дараа хэр гамтай байсан зэргээс шалтгаалаад цөөн тохиолдолд өвчин дахин сэдэрч болно. Гэхдээ энэ нь 10-15 хувийн магадлалтай. Хамгийн гол нь эрт болон дунд үедээ оношлуулаад, эмчлүүлвэл эмчилгээний үр дүн тэр хэрээрээ өндөр байх юм.
Гэтэл монголчууд эрүүл мэнддээ тийм ч анхаардаггүй улс шиг санагддаг. Өвчнөө даамжруулж, бүр босож чадахгүй болсон хойноо л эмнэлгийг зорьдог.
Зайлшгүй мэс заслаар дискээ эмчлүүлэх шаардлагатай байхад нурууны бариа засал, зүү төөнүүр гэхчилэн өөр газраар явсаар цаг алддаг.
Зарим нь бөөрний өвчинтэй андуурч, эмчлүүлээд дахиад өөр өвчин нэмчихээд ирэх жишээтэй. Энэ бол ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол тааруу байгаагийн илэрхийлэл.
-Та яг онож хэллээ. Монголд сүүлийн үед суудлын ажлаас улбаатай нуруу нугасны өвчтэй хүмүүсийн тоо огцом нэмэгдэж байгаа. Ийм үед хувь хүмүүсийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхээс гадна, эмнэлгийн байгууллага, яам, төр, засгаас ямар арга хэмжээ авах ёстой гэж та зөвлөх вэ?
-Нуруу нугасны өвчлөл хийгээд эмчилгээний аргуудын талаар ард түмэнд нэгдсэн ойлголт өгөх хэрэгтэй гэж бодож байна. Ингэвэл тэгэх ёстой гэсэн тов тодорхой стандарт хэрэгтэй байна. Солонгост тухайлбал миний нуруу өвдвөл эхлээд хаана очиж, дараа нь ямар арга хэмжээ авах ёстой гэдэг ойлголт хүн бүхэнд байдаг.
Гэтэл монголчууд өөрсдөдөө тааж онош тавьдаг юм шиг санагдсан. Монгол хүмүүст миний онцгойлон захидаг зүйл бол дасгал хөдөлгөөн сайн хий, жингээ хэвийн хэмжээнд барьж сураарай гэдэг зөвлөгөө. Байнгын дасгал хөдөлгөөнтэй байж, биеийн тамираар биеэ эмчлэх нь маш чухал шүү. Идэр, дунд насныхан атлаа маш их хөшүүн хүн олон тааралддаг.
Мөн дээрээс нь илүүдэл жинтэй хүн олон байна. Энэ хоёр асуудлыг цэгцэлж чадвал нурууны өвчнөөс сэргийлж чадна. Нэгэнт өвдсөн хойно нь бол эмнэлгүүд өвчтөнүүдэд олон улсын түвшинд нийцсэн, чанартай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх нь чухал.
Тиймээс бид өвчтөнүүдэд заавал айхтар том мэс засал хийлгүй хөнгөхөн мэс ажилбарын аргаар эмчлэх аргыг Монголд нутагшуулахаар ажиллаж байна.
Цаашид энэ аргыг илүү олон эмнэлэгт нэвтрүүлээсэй. Бас томоохон мэс заслын санхүүжилтийг улсаас нийгмийн даатгалаас нь гаргадаг тэр тогтолцоо руу монголчуудыг удахгүй орно байх гэж найддаг.
Монголд бас үе мөчний өвчин их байдаг юм билээ. Хөдөөгүүр биднийг үзлэгээр явж байхад өвдгөөр нь хатгадаг гээд доголсон хүмүүс их таарч байсан. Болдогсон бол тэр хүмүүсийг бүгдийг нь авчраад өвдөгний дурангийн хагалгаагаар эмчлээд өгмөөр санагдсан.
-L дискний мэс ажилбарыг хэдэн төгрөгөөр хийж байгаа вэ. Солонгост очиж хийлгэснээс мэдээж хямд байх, тийм үү?
-“Мөнгөн гүүр” эмнэлгийнхэн L дискний эмчилгээг Монголд нутагшуулах зорилго тавьж байгаа учраас мэс ажилбарыг харьцангуй хямд өртгөөр хийж байгаа.
Мэс ажилбарт хэрэглэдэг бүх зүйл, төхөөрөмж нь хүртэл нэг удаагийнх байдаг. Тиймээс 3 сая төгрөгөөр мэс ажилбар хийнэ гэдэг бол харьцангуй доод үнэ.
Солонгост очоод энэ мэс ажилбарыг хийлгэвэл нийт зардал нь 20 шахам сая төгрөг болох тооцоо байсан санагдаж байна.
-Монголд нутагшуулахаар зорьж буй нөгөө нэг мэс ажилбарын арга нь юу вэ?
-Нугасны баруун, зүүн тийш гарах мэдрэлийн ёзоорын зай гэж байдаг. Амьдралыг буруу хэвшил, эрхэлж буй ажлын онцлог, насжилт гээд олон хүчин зүйлээс болж тэрхүү зай нарийсдаг юм.
Тэрхүү нарийссан зайг бид тусгай төхөөрөмжөөр сэтгүүрдэн, зайг тэлж өгдөг арга. Энэ нь бас л өвчтөнд зовиур багатай, шинэлэг эмчилгээний арга юм.
-Техник, тоног төхөөрөмжийн хангамж, боловсон хүчний хувьд Солонгост хийдэг мэс ажилбарыг яг тэндэх шиг өндөр түвшинд хийх боломж манайд хангалттай бий юү?
-“Мөнгөн гүүр” эмнэлгийн хувьд гэмтлийн төрөлжсөн эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг учраас үндсэн бааз суурь сайтай. Тоног төхөөрөмжүүд нь сүүлийн үеийнх, эмч, мэргэжилтнүүдийн ур чадвар ч сайн гэж боддог.
Хамгийн гол нь гадаад, дотоод гэлтгүй эмч нарынх нь хоорондын харилцаа, мэргэжлийн түвшинд биентэйгээ зөвлөлдөх, ойлголцох талаар маш сайн гэдэг нь анзаарагдсан.
Мэдээж цаашид илүү нарийн мэс засал, томоохон хагалгаа хийх болбол гаднаас авах шаардлагатай тоног төхөөрөмж байна. Эхнээс нь зарим тоног төхөөрөмжөө Америк руу захиалсан гэсэн. Би ч бас өөрийнхөө багаж хэрэгслээс нэлээдийг авчирсан байгаа.
Тиймээс энд ажиллах нэг жилийн хугацаанд бид илүү олон төрлийн мэс засал, томоохон хагалгаанууд хийнэ гэж итгэж байна.
Орчин үеийн техник, тоног төхөөрөмж, технологи, боловсон хүчнээр хангагдсан дэлхийн жишигт нийцсэн гэмтлийн төрөлжсөн төв эмнэлэг болохоор зорьж буй “Мөнгөн гүүр” эмнэлэг долдугаар сарын 1-нээс эхлэн 24 цагаар өвчтөн хүлээж авдаг болжээ.
Тэднийх Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн нэгэн адил үзлэгээ үнэгүй хийж, зөвлөгөө өгөөд, шинжилгээгээ харин төлбөртэй авдаг аж.
Л.ЧИМЭГ