Японд тарган хүнийг даргаар томилдоггүй юм гэнэ лээ. Өөртөө анхаарал тавьж чаддаггүй хүн өрөөл бусдыг удирдана, тэгээд байгууллагаа, улс орноо хөгжүүлнэ гэдэг юу л бол гэж үздэгээс тэр. Харин манайд улс төр, урлаг, соёл, спортынхон, ер нь аль ч салбарт, тэр дундаа удирдах албан тушаалд тарган хүн байх нь олонтаа. Жилдээ нэг тэмдэглэдэг эрийн гурван наадмаар ч тогоо шиг гэдэстэй бөхчүүд хээв нэг дэвэн дэвсээр гарч ирж харагддаг. Дээхнэ үед бөхчүүд ийм тарган байгаагүй л гэлцэх юм билээ. Өдгөө таргалахгүй л бол зүлэг ногоон дэвжээн дээр гарахаасаа өмнө хийсчих гээд байдаг бололтой.
Гэтэл дэлхий дахинаа таргалалтыг “Чимээгүй тахал” хэмээн үзэж, үүний эсрэг аян өрнүүлж байх жишээтэй. Харин манайхан “Бузрынх бус буяных” гэсэн ганц үгээр түрий барьсаар илүүдэл жин, таргалалт 2005 оноос хойш эрчимтэй нэмэгдэж, хүн амын 50 хувийг хамарлаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Мянганы сорилтын сан, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн 2009 онд хийсэн судалгаагаар манай 15-64 насны хүн амын 42.7 хувь нь илүүдэл жин, таргалалттай байсан бол дөрвөн жилийн дараах судалгаагаар энэ тоо 54.4 хувь болж нэмэгджээ.
Өөрөөр хэлбэл, хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жин, таргалалттай болж. Дөрөвхөн жилийн дотор таргалалт 10 гаруй хувиар нэмэгдсэн, түүнээс хойш хоёр жил өнгөрөхөд ч олигтой ажил хийгээгүйгээс харвал Монголд гурван хүн тутмын хоёр нь тарган болсон байх магадлалтай. Гэтэл 2014 онд хийсэн судалгаагаар дэлхийн долоон тэрбум хүний 1.9 тэрбум нь илүүдэл жин, таргалалттай байх юм. Дэлхийд долоон хүн тутмын хоёр нь тарган байхад Монголд гурван хүн тутмын хоёр нь тарган байна гэдэг бид олон улсын дунджаас даруй хоёр дахин “урд явна” гэсэн үг. Энэ бол бахархах зүйл биш. Шалтгаанаас нь хамаарч хоол тэжээл, өвчин эмгэгээс үүдсэн гэх мэтээр ангилдаг бөгөөд хэзээ ч хэвийн таргалалт гэж байдаггүй юм байна.
Тухайн хүний хийж байгаа ажил хөдөлмөр, түүнд зарцуулж байгаа энерги, биеийн өндөр зэргээс хамаарч хүнд байх ёстой жин гэж бий. Тэр жингээс хэтэрвэл илүүдэл жинтэй, хэт илүү бол таргалалттай гэж үздэг аж. Эрчүүд ихэнхдээ гэдсээрээ таргалдаг. Тэгвэл үүнийг төвийн таргалалт гэдэг бөгөөд олон өвчлөлийн үндэс суурь болдог юм байна. Хэвлийн таргалалт мөн үү, үгүй юү гэдгийг мэдэхийн тулд бүсэлхийн тойргийг хэмжиж үздэг аж. Эмэгтэй хүний бэлхүүс 88 см-ээс, эрэгтэй хүнийх 102 см-ээс дээш байвал хэвлийн таргалалттай гэж ойлгох нь.
Илүүдэл жин, таргалалт нь чихрийн шижин, зүрх судасны өвчин, судас хатуурах, даралт ихсэх, хорт хавдрын өвчлөлийн үндсэн шалтгаан болдог.
Үүний улмаас хорвоогийн мөнх бусыг үзэгсэд жилээс жилд нэмэгдэж, зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин нь үхлийн шалтгааныг тэргүүлдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар жил бүр 3.8 сая хүн чихрийн шижин өвчний улмаас хорвоог орхиж байна. Чихрийн шижинтэй хүмүүсийн тал хувь нь 40-59 насныхан. Тэдний 70 гаруй хувь нь хөгжиж буй оронд амьдардаг аж. Эдгээр өвчний эмчилгээний зардал өндөр, өвдсөний дараа хөдөлмөрийн чадвар алдагдах магадлал ихтэй байдаг учраас таргалалт нь хамгийн их хор уршигтайд тооцогддог байна. Жишээлбэл, зүрх судасны дутагдал, зүрхний шигдээс өвчнөөс үүдэлтэй судас тэлэх мэс засал нь хамгийн багаар бодоход 35.000 ам.долларын үнэтэй байдаг аж. Өмнө нь таргалалт, илүүдэл жин нь өндөр орлоготой орнуудын тулгамдсан бэрхшээл байсан бол орчин үед дундаж болон бага орлоготой орнуудад ч тохиолдох болсон.
Таргалалтыг ядуусын өвчин гэх нь бий. Зөв хооллох соёлд суралцаагүй, нөгөө талаас өлсөж өлсөж, олдсон үед нь их хэмжээгээр иддэгээс ийн нэрлэдэг гэх. Энэ жишгээр харвал манайх ядуусын орон болох нь. Гэхдээ Азийн орнуудын улс төр, эдийн засгийн байдал тогтворжиж, хоол хүнс сайжрахын зэрэгцээ илчлэг нэмэгдсэн, гадуур хооллох болсон, хөдөлгөөн багассан нь таргалалтын гол шалтгаан болжээ. Хөгжиж буй орнуудад 17.6 сая хүүхэд тарган байгаагаас 61 хувь буюу 10 сая нь Азид байдаг гэнэ. Түүнчлэн тарган хүмүүс жирийн хүмүүсээс долоон насаар бага насалж, нас барах тохиолдол 3-4 дахин их байгааг эрдэмтэд тогтоожээ. Бидний зарцуулж байгаа, авч байгаа энерги тэнцүү байвал илүүдэл өөх хуримтлагддаггүй. Хоол тэжээлээс авсан илчлэг нь ажил хөдөлмөр, хөдөлгөөнд зарцуулж байгаа энергиэсээ их болохоор өөх болж хуримтлагдан, таргалалт үүсдэг гэж үзэх нь бий. Иймээс суугаа ажилтай, оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс илчлэгтэй хоол идэхээс аль болох татгалзах хэрэгтэй гэнэ. Харин биеийн хүч шаардсан хөдөлмөр эрхэлдэг хүн түүндээ тэнцэхүйц хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Өөртөө тохирсон эрүүл хоол хүнс хэрэглэх нь таргалахгүй байх хамгийн энгийн арга. Харин манайд эрүүл хүнс хэрэглэх, байнгын дасгал хөдөлгөөн хийх боломж байдаггүй.
Финландад 25 жилийн өмнө хүн амын дундах таргалалт, өвчлөл манайх шиг их байжээ. Харин тэдний туршлага тун энгийн. Тэд хоол үйлдвэрлэгчидтэйгээ тэмцсэн байна.Тухайлбал, үйлдвэрлэгчдэд нарийн боов, талхныхаа давс, элсэн чихэр, боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний өөх, тосыг бага багаар хасах шаардлага тавьж, гэрээ байгуулжээ. Нийтийн хоолны газартаа ч ийм шаардлага тавьсан байна. Харин энэ шаардлагыг биелүүлээгүй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Ийн чимх чимхээр багасгасны үр дүнд өдгөө тус улсын иргэд давсгүй талх, өөх тос багатай хүнс хэрэглэх болж, өвчлөл ч тэр хэрээр багассан байна. Шинэчлэлийн Засгийн газрын үед салбарын яамнаас ийм төрлийн шаардлагыг томоохон аж ахуйн нэгжид тавьсан ч тэр нь нэр төдий байсаар дараагийн засагтай золгож, замхарсан. Финландын туршлагыг хэрэгжүүлэхэд буруудах зүйл үгүй.
Тэгж байж гэмээнэ бид эрүүл хооллоно, таргалахгүй, өвдөхгүй. Тэрнээс эрүүл хүнсгүй, гүйх талбайгүй байж иргэдээ “Таргаллаа, турсангүй” гээд байж болохгүй. Үнэндээ дэлгүүр, зах, худалдааны төвүүдэд байхгүй бараа үгүй ч тэдгээр нь элсэн чихэр, давс, өөх тос зэрэг шаардлагагүй бодис ихтэй, хүний амтлах мэдрэмжинд зориулагдсан байдаг. Энэ л шалтгаанаар идсэнийхээ хэрээр таргалдаг ч эргээд эрдэс бодисын дутагдалд ордог байна. Цус харвалт, хавдар залуужсан нь ч хоол хүнстэй холбоотой.
Бид өдрийн ихэнх цагийг ажил дээрээ өнгөрүүлж, хоолны газар хооллодог. Гэсэн атлаа тэр хоолныхоо тослог, илчлэгийн хэмжээг мэддэггүй. Үүнд тавьдаг хяналтын тогтолцоо ч манайд алга. Мэргэжлийн хяналтын байгууллага гал тогоо нь цэвэрхэн байна уу, хүнсний бүтээгдэхүүнээ зааврын дагуу хадгалдаг уу зэрэгт л хяналт тавихаас хоолонд хэдий хэмжээний гурил, илчлэг, өөх тос, тослог байгааг шалгадаггүй. Ер нь тэгээд эрүүл ахуйн шалгалтаа ч олигтой хийж чаддаггүй.
Мэргэжлийн хяналтын байгууллага төлөвлөгөөгөөр болон иргэд гомдол гаргавал л шалгах эрхтэй. Өөрөөр хэлбэл, “Төдөнд шалгана шүү. Бэлтгэж байгаарай” гэчихээд шалгадаг гажиг жишиг тогтоод уджээ. Төлөвлөөгүй, иргэдийн гомдол ирээгүй байхад байцаагч шалгах эрхгүй. Эс бөгөөс албан тушаалаа хэтрүүлсэн хэргээр ажлаасаа халагдах гэмтэй. Энэ бүх механизмыг бүхлээр өөрчилж байж, бид таргалалттай тэмцэнэ. Тарган байгаа нь дан ганц хувь хүний буруу биш төр засгийн ч буруу.
Таргалалтын шалтгаан:
Илүүдэл хоол тэжээл
Хөдөлгөөний хомсдол
Гадаад орчны нөлөө. Үүнд: алхах, зугаалах зам талбай хомсдох, орц ихтэй хоол идэх, хоолны зар сурталчилгаа их цацагдах зэрэг орно.
Удмын таргалалт
Зарим өвчний үеийн гормоны өөрчлөлт
Зарим эмийн хэрэглээ
Жирэмслэлт
Нойрны дутагдал
Сэтгэл санааны гутралаас болж зарим хүн хэт их иддэг
Тамхи татах үед биеийн илчлэг шатаах явц удааширдаг
Хөгшрөлт нь булчингийн сулралыг үүсгэдэг тул таргалалт үүсэх нөхцөл бүрдүүлдэг
Таргалалтаас үүсэх өвчин эмгэг:
Чихрийн шижин
Зүрх судасны өвчин, түүний дотор зүрхний шигдээс
Судас хатуурах өвчин
Даралт ихсэх
Цус харвалт
Хорт хавдар
Илүүдэл жингээ бодох арга
Эмч нар таргалалтыг хянах зорилгоор биеийн жингийн индекс зохиожээ. Биеийн жингийн индексийг бодохдоо жингийнхээ квадратыг өндрийн хэмжээнд хувааж гаргадаг. Жишээ нь 58 кг жин, 164 см өндөртэй хүн байлаа гэж бодоход биеийн индексийг 58х58:164=20.5 гэж гаргана.
Илүүдэл жингийн хэмжээ:
18.5 болон түүнээс бага: Хэвийн хэмжээнээс бага жинтэй
18.5-22.9: Хэвийн
23-24.9: Бага зэргийн өсөлттэй
25.0-29.9: Таргалалтын I шат, дунд зэргийн таргалалттай
30 болон түүнээс их: Хэт таргалалттай