ОХУ-ын Байгал нуурыг хамгаалах комиссын ээлжит хуралдаан болж, дэлхийн хамгийн том цэнгэг уст нуурын экологийн байдлыг авч хэлэлцжээ. Байгал нуурын усны хэмжээ багасаж, цаашдаа ширгэж магадгүй гэсэн мэдээлэл гарсны дараа буюу энэ оны дөрөвдүгээр сарын 13-нд ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамнаас тус нуурын асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн, долдугаар сарын 10-нд Усны нөөцийн газраас Байгал нуурын усны хэмжээ, экологийн байдлыг Эрх үү мужийн эдийн засаг, нийгмийн шаардлагатай уялдуулан судлах, нуурын цутгалыг хянах, шинэчлэн сайжруулах ажил хийх албан тоот гаргажээ. Байгал нуурыг хамгаалах комиссын хурлаар Эгийн гол, Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барих Монголын төслийн талаар авч хэлэлцжээ. ОХУ-ын ШУА-ийн доктор А.П.Федотов “Монголчууд Эгийн голын усан цахилгаан станцын тендерийг саяхан зарлалаа.
Эгийн гол Хөвсгөл нуураас эх авч, Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Хөвсгөл бол Төв Азид Байгалын дараа орох цэнгэг устай нуур. Тэд Сэлэнгэ мөрөн дээр бас Шүрэнгийн цахилгаан станц барихаар зэхэж байна. Энэ хоёр цахилгаан станцыг барьснаар эрчим хүчний хомсдолоос гарна гэж монголчууд үздэг. Харин бид газар дээр нь очиж судалгаа хийгээд Эгийн гол, Шүрэнгийн усан цахилгаан станц нь монголчуудад ч, манайд ч ашиггүй гэдгийг тогтоосон. Хөвсгөл нуур бүс нутгийн чийгшлийн өөрчлөлтөд маш мэдрэмтгий. Түүхэн баримтаас үзэхэд мөст өлтийн үед Хөвсг өлийн усны түвшин одоогийнхоос 120-150 метр бага, эх авсан гол байхгүй байлаа. Үүнээс 5000 жилийн дараа ч бас ус нь багасаж, найрлага нь өөрчлөгдсөний улмаас эх авсан голгүй болж байсан юм” гэж ярьжээ.
Мөн “Жилд 120-170 ммээс бага хур тунадас ороход л Хөвсгөл нуураас эх авдаг гол горхи бүгд хатаж, ширгэнэ. Сүүлийн 50 жилийн баримтаас үзэхэд Хөвсгөл нуурын усны түвшин удахгүй “үхлийн хэмжээ”-нд хүрэх гэж байна. Хэрэв энэ хоёр усан цахилгаан станцыг барих юм бол Сэлэнгэ мөрний ус илт багасна. Гэхдээ Сэлэнгэ мөрний усны 70 хувь нь манай нутагт байдаг болохоор Байгал нуурт тийм ч их нөлөө үзүүлэхгүй. Харин ус нь багассанаар Сэлэнгэд Орхон гол цутгадаг хэсэг бохирдолттой болох нь гарцаагүй. Учир нь Орхон гол дээр Монголын химийн үйлдвэр, алт, уул уурхайн газрууд байрладаг. ЮНЕСКО-д болсон хурлын үеэр монголчууд Шүрэн, Эгийн голын цахилгаан станцыг анхны төслөөс нь хэд дахин том хэмжээтэй барихаар Америк, Япон, Хятадын хөрөнгө оруулагчидтай тохирсон гэж ярилцаж байсан” гэж хэлсэн байна. Монголд хийсэн судалгааны ажлыг ахалсан академич П.Д.Гунин Сэлэнгэ мөрний сав газарт алтны 200 гаруй уурхай бий.
Тэдний ихэнх нь хоцрогдсон технологиор алт олборлодог хэмээн шүүмжилсэн байна. Тэрбээр цахилгаан станц барьснаар Сэлэнгэ мөрөнд загас жараахай амьдрах нөхцөлгүй болно. Ялангуяа тус голд түрсээ шахдаг, “Улаан ном”-нд орсон хилэм загас устан алга болно. Далан барьж, голын урсгалыг өөрчилснөөр Сэлэнгэ мөрний байгаль, амьд ертөнц өөрчлөгдөх болно гэжээ. ОХУ-ын хүсэлтээр ЮНЕСКО энэ асуудлыг өнгөрсөн зургадугаар сард хурлаараа авч хэлэлцсэн билээ. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооноос ОХУ, Монгол улсад хандан цахилгаан станцын төслүүд Байгал нуурт ямар нөлөө үзүүлэхийг хамтран судлахыг уриалсан. Мөн дэлхийн хосгүй өв болох Байгал нуурыг хамгаалахын төлөө Дэлхийн өвийн хорооноос судалгаа шинжилгээ хийж дуустал “Эгийн гол”, “Шүрэн” төслөөс татгалзахыг монголчуудад санал болгосон юм. ЮНЕСКОгоос 2016 оны хоёрдугаар сарын 1-нд Монгол, Орос хоёр улсаас усан цахилгаан станцын асуудлыг хэрхэн шийдэх талаар гаргасан саналыг хүлээн авч, 40 дүгээр чуулганаараа хэлэлцэхээр болжээ.
Байгал нуурыг хамгаалах комиссоос хөрш Монголд Байгал, Сэлэнгэ мөрний асуудлыг нэг мөсөн шийдэх хэд хэдэн хувилбар санал болгохоор ярилцсан байна. Энэ үеэр эрчим хүчний хомсдолд ороод байгаа Монгол Улсыг Ангар-Енисейн цахилгаан станцаас эрчим хүчээр хангах, хямдхан эрчим хүчээр бүтэн улсыг хангаж чадах авсаархан цөмийн цахилгаан станц барьж өгөх гэсэн санал гаргасан байна. ОХУ-ын эрдэмтэд Сэлэнгэ мөрний усыг л оролдохгүй бол монголчуудад цахилгаан станц барьж өгч, үнэгүй эрчим хүчээр хангасан ч болно гэсэн байр суурьтай байгаа аж. Үүнээс шалтгаалсан уу ямартай ч ОХУ долдугаар сарын 1-нээс Монголд нийлүүлдэг эрчим хүчнийхээ үнийг нэмсэн юм.