Долдугаар сарын эхний долоо хоногийн сүүлээс наймдугаар сарын дунд үе хүртэл шарилж, луулийн төрлийн ургамал цэцэглэн, дохиурын тоос нь агаарт хэт ихэссэнээр хүн амын дунд ургамлын тоосны шалтгаант харшил үүсгэдэг. Ийм харшилтай хүмүүс ид сайхан зуны цагаар гадагш гарах эрхээ хязгаарлуулж, гэртээ бүгэхээс өөр аргагүй болдог билээ.
Тэгвэл мэргэжлийн эмч “Шарилжтай найзлах ёстой” гэж зөвлөж байна. Түүгээр ч барахгүй зүлэг тарих гэж зовж байхаар хамгийн хямд өртгөөр хотыг ногоон бүрхэвчтэй болгох арга нь шарилж хэмээв. Харшил үүсгэгч ургамлууд хийгээд, түүнээс хэрхэн сэргийлэх талаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Харшил судлалын лабораторийн эрхлэгч, доктор, профессор Б.Сангидоржтой уулзаж ярилцлаа.
-Манай улсад ургамлын тоосны харшил нийт харшлын өвчний хэдэн хувийг эзэлж байна вэ?
-Ургамлын тоосны харшлаар дэлхийн хүн амын 3-5 хувь нь өвчилдөг гэсэн судалгаа бий. Улс орон бүрт өвчлөлийн тохиолдол харьцангуй. Манай улсын хүн амын дунд нийт харшлын 80 хувийг ургамлын тоосны харшил эзэлдэг. Ургамлын тоосны харшил дотроо янз бүр. Мод, сөөг ургамлын, үет, үрслэг ургамлын, хөл газрын ургамлын цэцгийн дохиурын тоосноос үүдэлтэй харшил гэж хуваадаг. Өвчний үүсч буй байдлаар нь хавар цагийн, зуны, бас зун, намрын харшил гэж ангилдаг.
Мод, сөөг ургамлаас зонхилогч нь улиасны тоосны харшил юм. Энэ төрлийн харшил дэлхий нийтэд харьцангуй бага. Гэхдээ Америк, бусад орнуудад их байдаг. Манай суурин газрын хүн амын дунд улиасны тоосны харшил түгээмэл. Үет ургамлын тоосны харшил бас их бий. Манай орны судалгаагаар үет ургамлаас нугын биелэг, ахар сорт арвай, соргог согоовор, биелэг гэсэн дөрвөн төрлийн арваад зүйл үет ургамлыг харшлын шалтгаантай гэж үзээд үүнээс оношлуур бэлтгэж авсан. Хамгийн аюултай харшил үүсгээд байгаа нь хүмүүсийн хогийн ургамал гэж нэрлэдэг, судлаачид хөл газрын ургамал гэдэг, нийлмэл хэсэгтний овгийн шарилжийн төрлийн ургамал юм.
Ийм төрлийн ургамал дэлхий нийтэд 500- гаад зүйл тархсан байдаг. Манай оронд бол 105- 106 зүйл тэмдэглэгдсэн. Тэдгээрээс бид 40-өөд зүйлийг нь харшлын шалтгаантай, энэ дотроо 20 орчмыг нь харшил үүсгэх аюултай ургамал гэж нэрлээд байгаа юм. Мөн шорной, бударгана гэх мэт луулийн овгийн олон төрлүүдээс харшил үүсгэх нөхцөл бүрддэг. Тэндээс цагаан луулийн тоосны харшил манайд цөөнгүй тохиолдож байгаа.
Ургамлын харшлаар өвчилж байгаа хүмүүсийн 80 гаруй хувь нь шарилжийн төрлийн ургамлын цэцгийн тоосноос үүсэлтэй харшилтай байна. Сүүлийн үед ийм харшилтай хүн харьцангуй ихсэж байна. Эхэндээ хотынхон их өвчилдөг байсан бүл сүүлдээ хөдөөгийн иргэд ч ийм харшилтай болсон.
-Энэ нь ямар шалтгаантай вэ?
-Бидний аюултай гэж нэрлээд байгаа 10-аад зүйлийн шарилж маань хаа сайгүй тархаж, цэцэглэснээс болсон хэрэг л дээ. Хүн, ургамлын амьдралын орчин хоорондоо маш нягт болсонтой холбоотой. Энэ нь ямар учиртай вэ гэхээр ургамлын нөмрөг маань суурин газруудад мөхөж устан, ялангуяа ургамлын зүйлүүд эрс багасаж байна. Ингэхээр байгальд хамгийн тэсвэртэй, хөл газрын ургамлууд ногоон нөхөөс болж гарч ирдэг. Шарилж их хэмжээгээр ургаад ирэхээр хөрс нь сайжраад, дараагийн ургамал ургах нөхцөл бүрддэг.
Их хэмжээний шарилж ургаж, цэцэглэснээс болж цэцгийн тоос нь агаар хөрсөнд тоосжилт бий болгож, тэр нь хүний амьсгалын зам, арьсны салстанд буугаад харшил үүсгэж байгаа юм. Манайд их хэмжээний шарилж ургадаг учраас шарилжны тоосжилт хаа сайгүй байдаг. Нийт хүн амын 3-5 хүртэл хувь нь өвчлөх бололцоотой болчихлоо. Хотын хүн амын хувьд 2-3 хувь нь өвчлөх нөхцөл бүрдсэн байна. Ийм учраас бид шарилжтай зөв харьцах ёстой юм. Шарилж устгах тухай бид жил болгон ярьдаг.
Устгаад устахгүй. Шарилж зулгаавал дахиад л ургана, дахин хөрс, тоосжилт бий болно. Шарилж байгалийн ногоон нөхөөс учраас өөрийн үүргээ л гүйцэтгэж байгаа шүү дээ. Шарилжтай бид найзлах хэрэгтэй, зөв ашиглах ёстой. Эмийн түүхий эд болгодог бол одоо бид ногоон байгууламж болгож ашиглах хэрэгтэй. Их хэмжээний зүлэг тарина гэж байснаас ногоон байгууламж болгоод цэцэглүүлэхгүйгээр 7-10 см-ийн өндөртэй хадаад байх юм бол тоос гарахгүй, үрлэхгүй. Нэг настай шарилжуудыг тайрвал жилийн дараа алга болно. Хоёр настнууд ч аяндаа хумигдана. Тэгээд олон наст, үет ургамал гарч ирснээр байгаль сэргэх нөхцөл бүрддэг юм.
-Нийслэлийн хэмжээнд хаа сайгүй байгаа энэ их шарилжийг бүгдийг нь хадаж тайрах хүчин чадал, нөөц манайд байна уу?
-Байгаа. Бид 2003 оноос энэ ажлыг Чингэлтэй дүүргийн ЗДТГ-тай хамтарч эхлүүлсэн. Тэр үед Засаг дарга нь Д.Очирбат байлаа. Эмч, эмийн ургамал судалдаг хүн байсан учраас бидний санаачилгыг маш сайхан хүлээж авсан. Сүүлийн үед энэ ажил маш эрчимтэй явж байгаа. Улаанбаатар хотын төвийн хэсгийн шарилжуудыг хадсанаар цэцэглэх үрлэлт нь багассан. Агаар дахь тоосжилтын хэмжээ харьцангуй буурсан. Хотын төвийн шарилжны үнэр, тоосжилт байхгүй болсон шүү дээ. Гэтэл хотын зах, гэр хороолол, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хашаа, мөн хог новш ихтэй газруудад их хэмжээгээр ургаж байна.
Үүнийг зулгаах, хадуулах ажлыг тодорхой хэмжээнд хийснээр харьцангуй үр дүнтэй байгаа. Үүнд Захирагчийн ажлын алба анхаарч, өнгөрсөн жил нийтийн эзэмшлийн зам талбайн шарилжийг хадах ажлын тендер зарлан компаниудад хариуцуулсан. Энэ жил нийслэлийн Эрүүл мэндийн газартай бид хамтарч ажиллан, өрхийн эмч нарт сургалт явуулсан.
Ургамлын харшлаас сэргийлэх гурван сарын аян зохион байгуулж байгаа. Айл өрх, албан байгууллагууд орчныхоо 50 метрийн шарилж, хөл газрын бусад ургамлуудыг хадаж, цэцэглүүлж, үрлүүлэхгүй байх, эсвэл зулгаасан бол тэнд нь олон настын үр тарьж, зүлэгжүүлэх ажлыг зохион байгуулалттайгаар хийж эхэлсэн. Нийт ард түмэнд эрүүл мэнд, экологийн боловсрол олгох, эмч нарт мэргэшүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, чадавхижуулах ажил хийж байгаа. Ингэхээр ургамлын тоосны харшлаас ойрын хугацаанд бүрэн салах бололцоотой.
-Харшлаас сэргийлэх, түүнийг эмчлэх хамгийн шилдэг арга юу вэ?
-Дэлхий нийтэд хамгийн сонгомол эмчилгээ бол харшил төрүүлэгчээс нь гаргаж авсан вакцин тариулах. Харшлын вакциныг бид сүүлийн таван жил хийж байна. Шинжлэх ухаан технологийн сан, МҮХАҮТ-ын Инновацийн төслийн баг туслалцаа үзүүлж, дэмжиж ажиллаж байна.
Үүний үр дүнд бид дэлхийн нийтийн жишигт хүрсэн технологи олсон. Вакцинаа тарилга, цацлага хэлбэрээр гаргаж авсан. Шахмал хэлбэрийн вакцин гаргах технологийг Казахстаны мэргэжлийн хүмүүстэй хамтран судалгаа хийж, Монголд энэ жилээс нэвтрүүлж эхэллээ. Цаашдаа Франц, Итали, Чех, Германы дэлхийд нэртэй компаниуд, ижил төстэй мэргэжлийн лабаораториудтай хамтарч ажиллах зорилго тавин ажиллаж байгаа. Ингэхээр мөдхөн ургамлын тоосны харшлаас айх аюул багасна. Тийм цаг ойртож байна.