Гантай жил зуд болдог гэж хууччуул ярьдаг. Малчдын цээжинд шар ус хуруулж, хотон дахь хэдийг нь хуйгаар нь хамж одож байсан айхтар бичин жил ирэх онд тохиож буй. Төрийн тэргүүнээсээ эхлээд өвлийн бэлтгэлээ эртнээс базаах, тарга хүч муутай, онд орохооргүй малаа зах зээлд нийлүүлэх хэрэгтэй, үгүй бол байгаль авахаа авна шүү хэмээн хатуухан сануулж байна. Халуун зунаар хар зуд зөгнөж, муу амлах гэсэндээ биш, болзошгүй аюулд эртнээс бэлтгэлтэй байхыг л анхааруулж буй хэрэг.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ онд олон жилийн дунджаас их хэмжээний хур тунадас унана гэсэн боловч эсрэгээрээ нутгийн дийлэнх хэсгээр гантай, өвсний гарц тааруу байгаа. Мөн зундаа өдөр нь маш халуун, шөнөдөө сэрүүн байгаа нь өвөлжилт хүндэрч магадгүйн шинж гэж байгаль дэлхийтэйгээ харьцаж, мэдээлэл авч сурсан хашир малчид ярьж байна. Тиймээс айсуй хахир өвөлд бэлдэх хэрэгтэй боллоо.
БЭЛЧЭЭРИЙН ДААЦ БА ӨВС ТЭЖЭЭЛИЙН ДУТАГДАЛ
Энэ оны эхний хагасын байдлаар манай улсад 66.4 сая толгой мал тоологдсон аж. Дотоодын хэрэглээ болон экспортыг хасвал энэ өвөл 54 сая мал өвөлжинө гэж салбарын яамныхан тооцжээ. Хавар хатуухан эхэлж, зуншлага оройтсоноос болж дийлэнх нутгаар мал тарга хүч авч чадаагүй байгаа. Өвсний гарц муу тул өвөл багахан цас дарахад л хамар хатгах юмгүй болно.
Тиймээс өвс тэжээлийн нөөцөө зузаалах шаардлагатай. Малаа тэжээх 30 хоногийн нөөцтэй байхад өвөл алзахгүй гэж салбарын яамныхан мэдээлж байна. Гэтэл одоогийн байдлаар шаардлагатай өвс, тэжээлийн ердөө 30 гаруйхан хувь нь л улсын нөөцөд байгаа аж. Дутагдаж буй нөөцийг хаанаас, хэрхэн бэлдэх вэ гэдэг нь тодорхойгүй байна. Манай улсын хадлангийн гол бүс ДарханУул, Сэлэнгэ, Булган, Төв, Хэнтий аймагт зуншлага тааруу байгаагаас малчид хадлан авч чадахгүй нь. Мөн өнгөрсөн хаврын удаан үргэлжилсэн цасан шуурганаар хангайн бүсийн аймгууд нөөцөлсөн өвсөө баржээ.
Дээр нь өнгөрсөн тавдугаар сарын олон хоногийн түймрээс болж Дорнод, Сүхбаатар аймгийнхан нөөцөө шавхжээ. Энэ өвөл манай улсад 50 гаруй сая мал өвөлжинө гэж тооцвол 1.4 сая тонн хадлан, 70 гаруй мянган тонн тэжээл шаардлагатай гэдгийг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч П.Ганхуяг ярьж байна.
Малаа тэжээх 30 хоногийн нөөцтэй байхад өвөл алзахгүй гэж салбарын яамныхан мэдээлж байна. Гэтэл одоогийн байдлаар шаардлагатай өвс, тэжээлийн ердөө 30 гаруйхан хувь нь л улсын нөөцөд байгаа аж. Дутагдаж буй нөөцийг хаанаас, хэрхэн бэлдэх вэ гэдэг нь тодорхойгүй байна.
Тиймээс шаардлагатай нөөцийг бэлтгэхийн тулд зуншлага сайн байгаа Дорнод, Сүхбаатар аймгийн урд талын сумдын нутаг дахь 600 гаруй га газраас бусад аймгийн малчдад хадлан авах боломжийг олгож байгаа аж. Энэ асуудлыг ирэх даваа гаригийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм байна. Гэхдээ эдгээр аймгийн нутгаас хадлан авахыг хүсвэл тухайн аймаг, сумын иргэд нэгдсэн зохион байгуулалттай ажиллах хэрэгтэй болох нь.
Мөн энэ жил үр тарианы болц муу байгаагаас ургац алдахад хүрээд байна. Гүйцэд болоогүй ногоон тариаг малын тэжээлд ашиглах боломжтой. Засгийн газар тариаланчидтай эртхэн тохиролцож, ногоон тариаг хураах ажилд бэлдэх хэрэгтэй гэдгийг ахмад мэргэжилтнүүд сануулж байна. Түүнчлэн энэ жил отрын гол бүс нутгаар нүүдэл хийх боломжгүй. Зуншлага тааруу, өвс тэжээлийн нөөц дутагдалтайгаас гадна оторлох нутаг олдохгүй байгаа нь байдлыг улам л дордуулж байна.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр өнгөрсөн сартай долдугаар сар харьцуулахад хур ихтэй байгаа учир өвсний гарц нэмэгдэж байгаа. Тухайлбал, олон өдрийн борооноор Өмнөговь, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд гээд баруун болон төвийн бүсийн зарим аймагт ган тайлагджээ. Гэсэн ч мал тарга тэвээрэг авах, тариа буудай ургах хугацаа нэгэнт оройтжээ. Учир нь мал хаврын нялх ногооноос эхлээд намар дуустал шим тэжээл авдаг. Гэтэл тарга авах гол үе болох зургадугаар сард ногоо ургаагүйгээс мал таргалаагүй. Зарим нутгаар зуншлага жигдэрч, өвсний гарц нэмэгдсэн ч одоо мал өөхөн тарга авахаас биш махан тарга авч чадахгүй аж.
64 МЯНГАН ТОНН МАХЭКСПОРТЛОХООР ТӨЛӨВЛӨЖЭЭ
Манай улсын төв болон хангайн бүсийнаймгуудад өвөлжилт хүндхэн болж мэдэхээрбайгааг Цаг уур, орчны шинжилгээний газраасгаргасан мэдээнээс харж болно. Энэ бүснутгийн аймгуудад манай улсын нийт малын 40гаруй хувь нь бэлчээрлэдэг. Нэгэнт зуншлагамуу, өвс тэжээлийн нөөц хомс, бүс нутгийн бэлчээрийн даац хэтэрчихсэн байгаа учраас “Тамирын голыг долоох шахан байж цуглуулсан хэдийг маань хоёр гуравхан хулгана идчихлээ гэж үү” хэмээн Итгэлт баян халагладагтай адил өнгөрсөн хойно нь хашгирч суухгүйн тулд тамир муутай, онд орохоогүй заримыг нь тарга тэвээрэг авахуулаад намраас хүнсний хэрэгцээнд нийлүүлэх талаар эртнээс бодох нь хамгийн зөв хувилбар гэж олон хүн ярьж буй юм.
Энэ онд дотоодын хэрэгцээнд зориулан 8-9 сая толгой мал хүнсэнд хэрэглэнэ гэсэн тооцоо бий. Үүнээс гадна экспортод 64 мянган тонн мах гаргах боломжтой гэж салбарын яам үзэж байгаа аж. Өнгөрсөн оны хувьд манай улс ердөө 3000 мянган тонныг л гаргасан бөгөөд энэ жил мах экспортлох чиглэлээр нэлээд ажил хийгээд байна. Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат “Манай хоёр хөршийн импортлогчид адуу, үхрийн мах нийлүүлэх хүсэлт бидэнд тавьж байгаа. Үхрийн махыг их хэмжээгээр экспортлох боломж бага. Харин адууны мах экспортлох боломжтой.
Ер нь ийм үед мах комбинатуудтай гэрээ хийж, малаа урин дулаан үед нийлүүлэх газар нь дөхүүлж чадсан хүн л хожно. Түүнээс биш хэн мал авах бол гэж харж суугаад нэмэргүй” гэв. Экспортоос гадна дотоодод жилд 10 гаруй мянган тонн махыг Дархан-Уул, Орхон, Улаанбаатар хотод бэлдэж байна. Өмнө нь нөөцийн мах бэлтгэх ажлыг мах нядлах үйлдвэр, агуулахтай бүх компани гүйцэтгэдэг байсан.
Харин сүүлийн үед тендерт шалгарсан нэг л компани энэ ажлыг хариуцаж буй. Тиймээс энэ онд махны нийлүүлэлт нэмэгдэхээр байгаа учир мах бэлтгэх ажлыг боломжит бүх компаниар хийлгэх хэрэгтэй гэж Махны холбооныхон үзэж буй. Мөн аймаг, сумын удирдлагууд хуучин нийгмийн үед ажиллаж байсан шиг хот суурин газарт мах нийлүүлэх ажлыг зохион байгуулалттайгаар хийх боломжтой. Зуд гэдэг бол хариуцлагын шалгуур. Хариуцлагагүй газар хаана байна, тэнд нүүрлэнэ хэмээн Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж гуай хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлжээ.
Найр наадмаа одоо өндөрлөж, малчид энд тэндхийн ойн баяр хэсэж явахын оронд гар хадуураа бариад ойн цоорхойн өвс, жалга, өвөлжөө бууцны халгай, шарилжийг ч болов гололгүй хадаад бэлдэх нь чухал байна. Өвс, тэжээлээ бэлтгэх, отор нүүдэл хийх, өвөлжөө бууцаа засаж янзлах гээд малчдын ажил одооноос ундарч байна. Мөн зуд бол зөвхөн малчид, хөдөөгийнхний асуудал биш учраас тэнд байдал хүндэрвэл хот суурин газрынхан яаж тус дэм болох вэ гэдгээ одооноос бодох хэрэгтэй юм. Энэ өвөл байгалийн хадлан тэжээл хомс байх учраас гурилын үйлдвэрүүдийн тэжээл үнэд орно.
Сүүлийн жилүүдэд зуншлага сайн, өвөл өнтэй байснаас малын тэжээлийг тодорхой хэмжээгээр хоёр хөрш рүү экспортолж байсан юм. Тэгвэл энэ жил тэжээл хомсдох учраас үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ дотооддоо нийлүүлэхэд анхаарах хэрэгтэй аж. Энэ мэтчлэн зохион байгуулалтын ажил Засгийн газраас эхлээд, аймаг, сумын удирдлагууд, малчид, хот суурин газрынханд ч шаардлагатай байгаа. Одооноос бэлтгэлээ сайн базаачихвал байгаль, цаг уурын сорилтод сандралгүй, өвлийг өнтэй давах боломж бий.