“Шингэрүүлсэн хийн аж ахуй эрхлэгчдийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Баатардоржоос зарим зүйлийг тодрууллаа.
-Хийн хэрэглээнд танайх хяналт тавьдаг уу?
-Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу Мэргэжлийн хяналтын байгууллага Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон бусад хууль, стандарт, норм, дүрмийн дагуу хяналт тавьдаг. Мөн хэрэглэгчдийн ашиглаж байгаа хийн баллон, тоног төхөөрөмжинд манай аж ахуйн нэгж байгууллагууд байнгын үзлэг, шалгалт хийдэг. Хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны дүрмээр хий нийлүүлэгч байгууллага нь хэрэглэгчдэд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх үүрэгтэй. Хэрэглэгч тухайн хийн баллон, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг бүрэн хариуцна гэж заасан байдаг.
-Шингэрүүлсэн хийг ямар тохиолдолд ашиглахыг хориглодог вэ?
-Ашиглалтын шаардлага хангахгүй болсон хийн баллон, плитка, тоног төхөөрөмж, уян холбоосыг хэрэглэхийг хориглоно. Мөн хийн баллоныг байгалийн гэрэлтүүлэггүй өрөө, тасалгаа, зоорийн давхар, шатны хонгил, цахилгааны шийтний өрөө, орон сууцны хоёроос дээш давхар бүхий барилгад байрлуулахыг хориглодог.
-Хоёроос дээш давхар барилга болон зоорийн давхарт хий хэрэглэхийг хориглодог ч ихэнх хоолны газрууд үүнийг зөрчиж, үйл ажиллагаа явуулдаг. Тэдэнд ямар хариуцлага ногдуулдаг вэ?
-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хоёр, улсын хэмжээнд нэг байцаагч үүнд хяналт тавин ажилладаг. Үнэндээ эдгээр байцаагч хаанаа ч хүрэхгүй байна. Тэд дан ганц шингэрүүлсэн хийн хэрэглээг хариуцахгүй, газрын тосны бүтээгдэхүүн, дэд бүтэц гээд давхар олон салбар хариуцдаг. Цаашдаа хийн хэрэглээ улам өснө. Иймд мэргэжлийн хяналтын байгууллага энэ орон тоогоо нэмэх, чиг үүргээ салгах шаардлагатай.
Ер нь гарч байгаа ослын шалтгааныг судалж үзэхэд норм, дүрэм зөрчсөн гэхээсээ илүүтэй тэдгээрийн хоцрогдролоос үүдэлтэй. Эдгээр норм дүрмийг 2000, 2002 онд ОХУ-аас шууд хуулбарласан. Өнөөдрийг хүртэл нэмэлт өөрчлөлт оруулаагүй. Иргэд, аж ахуйн нэгжийн хооронд олон үл ойлголцол гардаг. Үүнийг зохицуулж чадахгүй байгаа нь осол гарах бас нэг том шалтгаан юм. Барилгын норм ба дүрэм 42-01-04-ийн 9.49 дэх заалтад орон сууцны хоёроос дээш давхар бүхий барилга дотор хийн баллон байрлуулахыг хориглодог. Гэтэл үйл ажиллагаа явуулж буй нийтийн хоолны газрууд нь ихэвчлэн орон сууцны өргөтгөл, зоорийн давхар, нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг тухай дээр ярьсан. Үүнээс болоод нийтийн хоолны газрууд, орон сууцанд амьдарч байгаа иргэд хий хэрэглэх газраа зориудаар нууж, өөр хаяган дээр худалдан авах, өөрсдөө холболт угсралт хийж байна.
Иймд тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар зураг төсөл, угсралт хийлгэсэн, хий алдагдсан үед мэдэрдэг, автоматаар хаадаг аюулгүй ажиллагааны нэмэлт тоног төхөөрөмжүүд суурилуулсан тохиолдолд орон сууцны давхар харгалзахгүйгээр 10 кг хүртэл хийн баллоныг байрлуулахыг зөвшөөрөх шаардлагатай. Манайх шиг нийтийн хоолны газрууд нь орон сууцны өргөтгөл, нэгдүгээр давхарт байрлаж байгаа ийм нөхцөлд дээрх зохицуулалт маш оновчтой хувилбар. Эл асуудлыг холбогдох яам, газруудад тавьдаг ч өнөөг хүртэл шийдэгдэхгүй байна.
-Шингэрүүлсэн хий нийлүүлдэг долоон компани байдаг гэсэн. Тэд ямар шалгуур хангаж байж зөвшөөрөл авдаг вэ?
-Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөлтэй холбогдсон нарийвчилсан журамд заасан шаардлагуудыг хангасан аж ахуйн нэгж байгууллагад Уул уурхайн яамнаас тусгай зөвшөөрөл олгодог. Мөн хууль, журмаар тусгай зөвшөөрөл хүсэгч нь заавал манай холбооны гишүүн байх ёстой.
-Баллоны хугацаа дуусахыг яаж мэдэх вэ?
-Монгол Улсад ОХУ, БНХАУ, БНСУ-д үйлдвэрлэсэн хийн баллон ашиглаж байна. Хийн баллоны бариул дээр үйлдвэрлэсэн он, дуусах хугацааг бичсэн байдаг. Хэрэв таны хийн баллоны хугацаа дууссан бол нийлүүлэгч байгууллагад хандаж уг баллоноо ашиглалтаас хасуулж, шинэ баллон худалдан авах шаардлагатай.
-Баллон дунджаар хэдэн жилийн хугацаатай үйлдвэрлэгддэг вэ?
-Үйлдвэрлэсэн улс, оноосоо хамаараад харилцан адилгүй. Дунджаар 4-8 жил байдаг. Гэхдээ үүнийг шууд утгаар нь ойлгоход учир дутагдалтай. Манай улсад хийн баллон баталгаажуулах нэгдсэн төв байхгүй. Эл асуудалд төр засгийн бодлого тодорхойлдог холбогдох албан тушаалтнууд анхаарах шаардлагатай. Жишээ нь, аж ахуйн нэгж байгууллагууд хугацаа нь дууссан баллоныг ашиглалтаас хасах, устгах, актлах, шинэ баллон худалдан авах шаардлага тавихад иргэд “Хувийн өмчид халдлаа.
Шинэ баллон худалдан авах санхүүгийн чадамж алга. Танайхаар баллоноо цэнэглүүлэхгүй өөр газраар цэнэглүүлнэ” гэдэг. Хэрэглэгчээ алдахгүй, осол гаргахгүйн тулд тухайн компани хэрэглэгчийн баллоныг өөрийнхөө хөрөнгөөр сольдог. Энэ нь аж ахуйн нэгж байгууллагуудад санхүүгийн дарамт болж байна. Сүүлийн мэдээгээр компаниудын хэрэглэгчдээс хураан авсан баллон 10.000-д хүрсэн. БНСУ-д акталсан баллоных нь тоогоор аж ахуйн нэгж байгууллагууддаа санхүүгийн дэмжлэг үзүүлдэг туршлага байна. Харин манайд бол хэрэглэгч, аж ахуйн нэгж хоорондоо зохиц гээд орхидог.
-Хийг хэдий хугацаанд хадгалдаг вэ?
-Хий нь бусад бүтээгдэхүүний адил муудаж, чанараа алддаггүй. Гэхдээ цаг уурын нөлөөгөөр баллон доторх даралт өсөж буурч байдаг тул аюулгүй ажиллагаа талаасаа удаан хадгалахгүй байх шаардлагатай.