“Лос Анжелес таймс” сонины Бээжин дэх салбарын дарга, сэтгүүлч Барбара Демикийн “Атаархах зүйл үгүй” номонд 2000-аад оны эхээр Хойд Солонгосын гудамжинд хог гэхээр зүйл нэг ч харагддаггүй байсан тухай бичсэн байдаг. Гэхдээ тэд цэвэрч нямбай, хатуу чанга дэглэмтэйдээ гудамжаа цэвэрхэн байлгасан хэрэг биш юм. Харин хойд солонгосчуудад хаях зүйл байхгүй болтлоо үгүйрч, хаясан хогоо бүхий л аргаар дахин ашиглаж, идэх боломжгүй зүйлийг ч хоол болгож байсан тухай тэр номонд өгүүлдэг.
Өдөр бүр мах идэж, өлсөж ундаасч сураагүй манайханд хогийг ингэж “нандигнах” хол санагдана. Гэхдээ хогондоо дарагдахгүйн тулд бага хаягдал гаргаж, дахин боловсруулах шаардлага бий юү гэвэл тийм. Улаанчулуут гэхээр л золбин нохой, зовсон хүн нүдэнд харагддаг. Гэхдээ тэр орчимд хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хэд хэд бий.
2013 онд БНСУ-ын “КОЙКА” олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр нээгдсэн ч одоогоор үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа аж. Харин тус үйлдвэрийн ойролцоо монголчууд гялгар уут, вакуум цонх, хуванцар савны хаягдлаар төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна.
ХУВАНЦАР САВ ХУВИРГАГЧИД
Тоосгон, жижиг байшингийн гадна гялгар уут, хуванцар сав хөглөрнө. Хажууд нь траншейний таг, шонгуудыг цэгцтэй өржээ. Энэ бол хуванцар сав, гялгар уут дахин боловсруулж 40 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Сан оргиу” компанийн байр юм. Дархан-Уул аймагт төвтэй “Сан оргиу” компани өмнө нь нийслэлд хоёр удаа салбараа нээж байсан ч санхүүгийн бэрхшээлээс болж үйл ажиллагаагаа өргөжүүлж чадааг үй ажээ. Харин Улаанчулуутад нээсэн энэ салбар нь олон жил тогтвортой ажиллаж байгаа гэнэ.
Гялгар уут хөрсөнд маш удаан шингэдэг. Харин хуванцар сав нь зөв хэрэглээ мэт боловч байгаль орчныг хамгийн их сүйтгэдэг бүтээгдэхүүний нэг юм. Гэтэл манайхан ундны усаа хүртэл хуванцар саванд хадгалдаг. 2004 онд хоёрдогч түүхий эд борлуулдаг байсан Г.Олонбаяр байгальд сөрөг нөлөөтэй эдгээр хаягдлыг дахин боловсруулахаар судалж, туршаад “Сан оргиу” компаниа байгуулсан юм байна. Тэрбээр эхлээд Дархан-Уул аймагт судалгаа хийжээ.

Тус аймагт 23 мянга гаруй өрх айл амьдардаг. Нэг өрхөөс сард хамгийн багадаа таван кг хаягдал хуванцар гардаг бөгөөд эдгээр хаягдлын ихэнхийг гялгар уут эзэлдэг учраас түүхий эд амархан олддог ажээ. Тиймээс тэд хогийн цэг дээрээс уут, хуванцар сав түүдэг иргэдээс түүхий эдээ худалдан авахаас гадна байгууллагуудтай гэрээ байгуулж хаягдал авдаг болсон байна.
“Сан оргиу” компанийн менежер Д.Болортунгалагийн хэлж байгаагаар тэд зарим бүтээгдэх үүнээ шууд хэвэнд цутгадаг бол заримыг нь угсарч эвлүүлдэг аж. Тиймээс бүтээгдэхүүний үнэ харилцан адилгүй байдаг гэнэ. Нэг түшлэгтэй сандал хийхэд 50 кг гялгар уут ордог учраас 85 мянган төгрөгөөр борлуулна. Эдний бүтээгдэхүүнээс хамгийн их борлуулалттай нь хашааны шон, сандал, траншейний таг гэсэн. Модон шон 10-15 жил болоод мууддаг бол хуванцрыг нь хэдэн зуун жил ч ашиглаж болдгоороо давуу талтай аж.
Гэхдээ “Сан оргиу” компанийнхан шонгийн өнгө үзэмжийг сайжруулж чадахгүй, технологийн хувьд гологдох тохиолдол гардаг байна. Хэнтий, Орхон, Ховд зэрэг аймгийн Хот тохижилтын газрынхан, шинээр барилга байшин барьж байгаа компаниуд эдний бүтээгдэхүүнийг худалдан авах сонирхолтой байдаг гэсэн.
Тус компанийн менежер Д.Болортунгалаг “Гаднаас ижил төрлийн бүтээгдэхүүн оруулж ирэхгүй бол манай үйлдвэрийн хөгжилд ихээхэн түлхэц болно. Хүйтний улиралд хуванцар амархан царцдаг, дээр нь үйлдвэрлэл явуулж буй байр халаалтгүй зэргээс бид жилд таван сар л ажилладаг.
Хамгийн гол нь бэлэн бүтээгдэхүүнээ борлуулж чадвал үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломжтой” гэв. Үнэхээр тэдний үйлдвэрлэл явуулж буй байр жижиг, тохь муутай харагдаж байлаа.
ЦОНХНЫ ХАЯГДАЛ АШИГЛАХ НЬ
“Сан оргиу”-гийн хажууханд нь байрлах “Тэр их нуур” үйлдвэрийн байр том хэмжээтэй, цэгцтэй харагдав. Вакуум цонхны хаягдлаар хуванцар хоолой үйлдвэрлэдэг тус компани 2005 оноос үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
Анх 50 ам метр талбайтай гарааш дотор үйлдвэрлэлээ эхлүүлж байсан ч өнгөрсөн жил Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас томоохон байр гаргаж өгчээ. БНХАУ-ын тоног төхөөрөмжөөр ажилладаг тус үйлдвэр жилдээ 200 тонн цонхны хаягдал авч, боловсруулдаг аж.
Тус үйлдвэрийнхэн вакуум цонхны компаниас нэг кг хаягдлыг 350 төгрөгөөр худалдаж авдаг байна. “Тэр их нуур” үйлдвэр дөрвөн дамжлагаар үйл ажиллагаагаа явуулдаг.

Эхлээд буталгааны хэсэгт том хаягдлыг жижиг бэлдэц болгоно. Харин дараа нь жижиг хэсгүүдээ цавуутай холих хэсэгт оруулдаг байна. Үүний дараа бэлдэцээ хийж, хамгийн сүүлд хуванцар хоолой бэлэн болно. Тэд 12 цагт 150 ширхэг хоолой үйлдвэрлэдэг.
Ингээд бэлэн болсон бүтээгдэхүүнээ кабель, худгийн компаниудад борлуулдаг гэнэ. 2007 он хүртэл “Тэр их нуур”-аас өөр вакуум цонхны хаягдал боловсруулдаг үйлдвэр байгаагүй. Харин одоо “Тэр их нуур”-ынхантай ижил үйл ажиллагаатай хоёр үйлдвэр бий.
Тус үйлдвэрийн ойролцоо амьдардаг айлууд хог дахин боловсруулах үйл явц хортой гэж ойлгодог учраас эсэргүүцэл үзүүлдэг тухай үйлдвэрийн дарга П.Амгалан ярьж байв. Гэхдээ олон жил үйлдвэрт ажилласан ажилчдын эрүүл мэнд муудаагүй учраас хортой зүйл байхгүй гэж тэрбээр хэллээ.
МОНГОЛДОО ШАТАХУУН ҮЙЛДВЭРЛЭЖЭЭ
Сурвалжлах багийн маань дараагийн очсон газар бол хаягдал тос дахин боловсруулах “Ахуй мандал” үйлдвэр юм. Тус үйлдвэр Багахангай дүүрэгт 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Энэ хугацаанд тус үйлдвэр хоёр сая гаруй хаягдал тосыг дахин боловсруулж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.
Хог тэр дундаа аюултай хог хаягдал дахин боловсруулдаг тус үйлдвэрийнхэн “Монгол эко түлш” (дизель түлш), М100 маркийн мазут үйлдвэрлэдэг. Өдөрт 4-5 тонн хаягдал тос дахин боловсруулж 2-3 тонн дизель түлш гарган авдаг аж. Гэхдээ хаягдал тосны бохирдол, чанараас хамаарч гарах бүтээгдэхүүний хэмжээ өөрчлөгддөг байна.

“Манайхан нэг хэсэг Монголын үйлдвэрийн бүтээгдэхүүн чанар муутай гэсэн ойлголттой байсан. Гэхдээ жил ирэх бүр энэ сэтгэлгээ өөрчлөгдөж байна” хэмээн тус үйлдвэрийн дарга Нямцэрэн хэлэв. Эднийх Төв аймгийн Баян сумын “Баян мандал” нэртэй шатахуун түгээх станцаар бүтээгдэхүүнээ борлуулдаг учраас Замын-Үүд Улаанбаатарын хооронд тээвэр хийдэг машинууд “Ахуй мандал”-ын байнгын хэрэглэгч болжээ. Түүнчлэн тус компани үйлдвэрлэсэн түлшээ хамтран ажилладаг уурхайнууддаа нийлүүлдэг байна.
“Ахуй мандал”-ынхан үйлдвэрийнхээ ажилчдад онол давамгайлсан сургалтаар хичээл зааж, ирээдүйн инженерүүдээ бэлтгэдэг аж. Тэд үйлдвэрийнхээ өргөтгөлийн төслөө хэрэгж үүлэхээр төлөвлөж буй ч хөрөнгө оруулалт, барьцаа зэрэг асуудалтай тулгарч байгаа гэнэ. Түүнчлэн түүхий эд болох тос нь үйлдвэрт ирэхээс өмнө ченж нарын гар дамждаг учраас заримдаа өндөр үнээр худалдаж авах тохиолдол ч байдаг аж.
Гэхдээ “Оюутолгой”, “Энержи ресурс”, МАК зэрэг уул уурхайн томоохон компани, тос, тосолгооны төвүүдтэй гэрээгээр хамтран ажилладаг учраас зарим нь хаягдал тосоо тэдэнд үнэгүй өгдөг байна. Төр засгийн удирдлагууд “Ахуй мандал” үйлдвэртэй танилцаж, өндөр сэтгэгдэлтэй буцдаг ч дорвитой дэмжлэг үзүүлдэггүй аж. Гэхдээ саяхан батлагдсан Үйлдвэрлэлийг дэмжих хууль үр өгөөжөө өгнө гэдэгт итгэж байгаагаа тэд хэллээ.
Тус компани олон улсад хүлээн зөвшөөр өгдсөн, БНХАУ-ын байгальд ээлтэй тоног төхөөрөмж ашигладаг. Механик ажиллагаа багатай тус тоног төхөөрөмж нь жилийн дөрвөн улирал ажиллах боломжтой гэсэн.
Түүнчлэн тус үйлдвэр цахилгааны 4 кВт-ын 380-ын дэд станц, цахилгаан тасарсан үед ашигладаг нэмэлт генератортай аж. Хэмнэлтийн тухай ярихаар зөвхөн мөнгөө хэмнэх тухай бодсоны хэрэггүй. Байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулж, баялаг бүтээж буй дээрх үйлдвэрийн тоог нэмэгдүүлэхийн тулд төр засгаас гадна бидний оролцоо чухал байна.
Энэ ажил нь хаягдал бага гаргах, хогоо ялгаж хаяхаас эхэлнэ. Одоо ажиллаж буй ихэнх үйлдвэр хуучирсан технологиор үйл ажиллагаагаа явуулж буй. Гэтэл гадаад оронд хог хаягдлыг олон шат дамжлагаар боловсруулж, эрчим хүч гаргаж авдаг. Зарим нь бордоо болгон ашиглана. Хог бүхэн хог биш гэдгийг ойлгох цаг иржээ.