Хятад аль ч талаараа агуу улс гэдэгтэй маргаад дэмий биз. Дэлхийн бараа эргэлтийн талаас дээш хувийг урд хөршийнхөн эзэлдэг гэсэн тооцоо бий. Дэлхийн ДНБ-ийг бараа, үйлчилгээний худалдан авах чадвараар тооцвол нийт дэлхийн эдийн засгийнх нь 16.48 хувийг энэ улс дангаараа бүрдүүлдэг гэсэн баримт байна. Ялангуяа өдөр тутмын өргөн хэрэглээ болсон хувцас, хоол хүнсний үйлдвэрлэлээрээ дэлхийн өнцөг булан бүрт хүрсэн улс бол Хятад шүү дээ. Вашингтон, Парис, Ром, Ханой, Йоханнесбург, Сидней гээд хаана ч байсан “Хятадад үйлдвэрлэв” гэсэн шошготой таарна. Тэр бүү хэл, мөсөн туйлд босгосон майхан хүртэл чухамхүү Хятадынх л байгаа. Бид өдөр тутамдаа салшгүй холбогддог урд хөршийнхөндөө зарим талаар тун таагүй байдаг. Тэр нь урт удаан жилийн түүхэн холбоо биш, гутал, хувцас, будаа, гурил, төмсний чанарын асуудал. Нэг хэсэг Хятадад үйлдвэрлэсэн бүх зүйл чанартай, сайн гэж ойлгодог байсан монголчууд зах зээлийн харилцаанд шилжсэнээр энэ нь харьцангуй ойлголт болохыг мэдэрсэн. Бүр яс махандаа шингэтэл мэдэрсэн. Тэгээд Хятадын бүтээгдэхүүн хулхи гэсэн түгээмэл ойлголттой болчихсоныг үгүйсгэх аргагүй. Гэхдээ энэ бол харьцангуй ойлголт. Хятадын бараа бүтээгдэхүүн чанарын дээд ба доод түвшинд хоёуланд нь хамаардгийг харин сүүлийн үед мэдэрч эхлээд буй. Илүү зүйл нуршсаны учир нь урд хөршийнхөн хуурамч бараа үйлдвэрлэлээрээ алдартайг сануулах гэсэн юм. Цүнх, гутал зэргийн бараа бол юу ч биш, өндөг, байцааг хүртэл хэдэн бодис хутгах төдийхнөөр хийчихдэг энэ улсад хүүхэд хуурамчаар үйлдвэрлэжээ гэвэл гайхах хэрэггүй биз. Ингээд хятадуудын хийсэн хамгийн муухай үйл буюу хуурамч бүтээгдэхүүний талаар товчлон хүргэе. Эдгээрийг тус улсын хууль хяналтын байгууллагууд илрүүлэн, холбогдох хүмүүсийг нь баривчилж, зохих шийтгэлийг нь хүлээлгэсэн юм байна.
Гоймон

2010 онд Хятадын Засгийн газар хуурамч гоймон үйлдвэрлэгчдийг бөөнөөр нь илрүүлэн, баривчилсан талаараа мэдээлж байсан. Ялзарч, муудсан үр тарианы хаягдлыг химийн нэгэн төрлийн бодистой хольж, боловсруулах аргаар хийсэн эл бүтээгдэхүүн хүний мэдрэлийн системд аажмаар нөлөөлж, саажуулах үйлчилгээтэй байсан нь тогтоогдсон аж. Тус улсын Гуандун мужийн Дунгуань хотын 50 үйлдвэрт эл хуурамч гоймонг хийж байсан бөгөөд тухайн үед орон нутагт түгээхээр бэлтгэсэн байсан 500 тонн бүтээгдэхүүнийг нь устгалд оруулжээ.
Үхрийн мах болсон хулгана

2011 онд болсон нэгэн явдлаас үүдэн гахайн аж ахуй эрхлэгчдийн жинхэнэ царайг илчилсэн гэнэ. Нэгэн бүсгүй оройн хоолондоо гахайн мах шаржээ. Хоолоо хийчихээд, үлдсэн жаахан хэсгийг нь хөргөгчдөө хийхээ мартчихаж. Тэгээд шөнө ус уухаар гал тогоондоо ортол ширээн дээр нь хөх туяатай зүйл гэрэлтэн харагдахаар нь үзтэл нөгөөх мах байж. Маргааш өглөө нь шинжлүүлэхэд тэрхүү мах гэрэлтдэг нянгаар бохирдсон байжээ. Энэ бол нянгаар бохирдсон махны тухай асуудал. Хэтрүүлэн хэлэхэд энэ бол юу ч биш, одоо дурдах хуурамч махны хажууд шүү дээ. Сүүлийн хэдхэн жилийн хугацаанд Хятадын хууль хяналтын байгууллагынхан хархны мах бөөнөөр борлуулдаг байсан 900 хүнийг баривчилжээ. Тэдний олонх Цянсу болон Шанхайд үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд тухайн үед 20 тонн мах устгасан аж. Хятадууд янз бүрийн амьтны мах иддэг учраас энэ ямар хамаатай вэ гэсэн асуулт ургана. Хамгийн гол нь тэд харх үржүүлж, нядлаад махыг нь үхэр, хониных “болгодог” байжээ. Ингэхийн тулд үнэр, амтыг өөрчлөх янз бүрийн химийн бодис хийж, “өсгөж , тарга тэвээрэгтэй” том болгохоор мөн л хачирхалтай шингэнд тодорхой хугацаагаар байлгадаг гэнэ.
Цардуул, тэгээд жаахан хаЯгдал

Хальс, цагаан, шар уураг гээд бүгд тус тусдаа байдаг өндгийг хуурамчаар хийнэ гэхээр сонин шүү. Хольж, хутгаад, найруулчихсан нийлмэл бүтээгдэхүүн биш учраас өндөг хуурамчаар хийх нь хамгийн хэцүү байх гэтэл үгүй аж. Хятадын хүнсний хэд хэдэн компани хамтран хуурамч өндөг хийснийг илрүүлэн, шинжлэхэд өтгөрүүлэгч, цардуул, амт, үнэр оруулдаг хүнсний нэмэгдэл химийн бодисууд, тэгээд жаахан хаягдал бүтээгдэхүүн байжээ. Харин хувиараа аж ахуй эрхлэгч нөхдүүдийн хийсэн өндгөнд хүнсэнд хэрэглэхийг хориглосон бодис орсон байж. 2006 онд Хятадын томоохон гурван хотын худалдааны төвүүдээс илрүүлсэн юм байна. Гэвч хуурамч өндөг үйлдвэрлэх нь бүр мөсөн зогсоогүйг Японы нэгэн телевизийн сэтгүүлчид илчилсэн. Ингээд ч зогссонгүй, 2012 онд тус улсын Шаньдун, Гуандун зэрэг мужид химийн аргаар гарган авсан резинэн өндөг бөөн шуугиан тарьсан. Альгинат натри, карбонат кальци, парафин, гипс, будагч бодис “өндөг” болсон талаар бид цаг тухайд нь мэдээлсэн билээ.
Цементэн ЧӨмӨгтэй хушга


Хушганы хоосон яс хууран мэхлэгчдэд асар их ашиг авчирчээ. Хятад бол төрөл бүрийн самрын орон. Тэдгээрийн дундаас хушганы тариалангаараа алдартай. Тэгвэл эл самрын хоосон ясыг эргүүлэн ашиглаж, дотор нь цемент, цаас хийгээд зарсан хэрэг урд хөршид гарсан. Хушга нэлээд үнэтэй самар. Зах зээлийн үнээс даруй хэд дахин бага үнээр, бөөнөөр нь борлуулсан хуурамч хушгыг хил давуулан наймаалсан нь ч тогтоогдсон байдаг.
Цаасан шанзтай БУУЗ

Бээжингийн нэгэн гудамжинд цяоцы буюу Хятадын уламжлалт банш зардаг хоолны газарт хуулийн байгууллагынхан 2007 онд шалгалт хийжээ. Тус газарт махны оронд цаас хийсэн бууз зарж байгаа талаар мэдээлэл иргэдээс ирсэн байна. Тэгтэл хайрцаг хийдэг хатуу цаасыг химийн бодист дэвтээсний дараа гахайн өөх болон амтлагчуудтай хольж, буузны шанз бэлтгэж байгаад эзэд нь газар дээрээ баригдсан байна.Энэ мэтээр хүнсний бүтээгдэхүүнийг хуурамчаар хийхээс гадна хятадууд химийн элдэв бодисыг хүнсэнд хууль бусаар хэрэглэх, бордоо болгох явдал элбэг. Түүний нэг жишээ нь, Тун Вэньтэй холбоотой. Тэрбээр 2011 онд жүдогийн 78 кг-ын жинд дэлхийн аварга болсон Хятадын бахархалт тамирчин. Тухайн жилийн гуравдугаар сард Хятадын олон муж, хотын иргэд гахайн маханд хордсон хэрэг гарчээ. Багтраа өвчний үед хэрэглэдэг эмийн найрлагад ордог кленбутерол хэмээх бодистой мах ийнхүү балаг тарьсан бөгөөд үүнийг 1980-аад оны үед фермерүүд гахайгаа богино хугацаанд томруулах зорилгоор өргөн хэрэглэж байсан гэнэ. Түүнийх нь хор уршиг хожим 2002 онд илэрсэн учраас Хятадад эл бодисыг мал, амьтны тэжээлд хэрэглэхийг хориглож байжээ. Тэгтэл 2012 онд Тун Вэнийн цусны шинжилгээнээс кленбутерол илэрч бөөн шуугиан тарьсан бөгөөд түүнийг допингийн хүчээр дэлхийн аварга болсон гэх маргаан дэгдсэн билээ.Үүнээс гадна өнгөрсөн жил хуулийн байгууллагынхан 14 мужийн нутагт нэгэн зэрэг явуулсан нууц ажиллагаагаараа махны хууль бус наймаа эрхлэгчдийг баривчлан, хөлдөөсөн 100.000 тонн мах хураажээ. 480 сая ам.доллараар үнэлэгдэх их хэмжээний тахианы мах хадгалах хугацаа хэтэрсэн буюу нядалснаас даруй 40 жил өнгөрсөн байсан гэнэ. “Жэньминь жибао”-д мэдээлснээр Шаньсу мужийн хяналт шалгалтын албаныхан эл хэргийг илрүүлсэн юм байна. Хуурамч биш ч гэсэн хүний эрүүл мэндэд яваандаа нөлөөлөх химийн бодисыг хятадууд өргөн хэрэглэдэг аж. Түүний нэг жишээ гэвэл, сам хорхойн өнгийг сайжруулахад хэрэглэдэг бодис. Чан хэмээх цуу шиг бодисонд байлгасан сам хорхой шаргалтаад “хөөрхөн” харагддаг тул өндөр үнээр борлуулдаг гэнэ. Харин бодисонд оруулаагүй бол улцгар, өнгө муутай учраас маш хямд борлуулдаг юм байна. Тиймээс ийнхүү өнгийг нь засдаг аж. 2011 онд Хятадын хэвлэлүүд Шаньси мужийн Тайюань хотод төмсний хаягдал, баримлын шаварт ордог бодисоор хийсэн будаа илрүүлсэн талаар мэдээлж байжээ. Тухайн хотын хоол хүнсний холбооныхны гомдлоор хуурамч будаа үйлдвэрлэгчдийг одоог хүртэл эрэн сурвалжилж байгаа аж. Үүнээс гадна тус хотын худалдаанд хуурамч дарс их хэмжээгээр нийлүүлсэн явдал гарч байжээ.

Ж.ХААН