Хуучин нийгэм солигдох үед нэг хэсэг манай дэлгүүрүүдийн лангуун дээр давснаас өөр бараа байгааг үй гэдэг. Яг энэ зурвас үед байгуулагдсан Монголын хөрөнгийн биржийг дэлгүүр гэвэл саяхныг хүртэл мөн л давснаас өөр бараагүй байв. Сүүлийн үед зарим компани шинээр IPO болон нэмэлт хувьцаа гаргаж, Засгийн газрын үнэт цаасны жижиглэнгийн арилжааг энд хийж бүтээгдэхүүн нэмэгдэж байгаа боловч найман нэрийн барааны дэлг үүрийн түвшнээс ахисангүй.
Уг нь дэлхийн томчуулын хэрэглэдэг Лондоны хөрөнгийн биржийн MIT арилжааны системийг ашигладаг, чадварлаг хүний нөөцтэй гээд харвал аль хэдийнэ супермаркет болчихсон байлтай. Үүнийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс (ҮЦТТТХТ) гаргасан судалгаа баталж байна. Анх Монголын хөрөнгийн биржийг байгуулахад 475 компани бүртгэлтэй байсан. Харин одоогийн байдлаар ҮЦТТТХТ-ийн дансанд 319 компанийн хувьцаа хадгалагдаж байгаа бөгөөд үүний 90 орчим хувь нь 1000 гаруйхан хүний гарт байна.
Үлдсэн 10 хувь нь 331.000 хүний мэдэлд буй аж. Тиймээс жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалж, олон хөрөнгө оруулагч татъя гэвэл төвлөрлийг сааруулах ёстой гэж судлаачид ярьж байна. Хөрөнгийн зах зээл өндөр хөгжсөн зарим оронд хувьцааны багцын төвлөрөл 60-70 хувиас илүүгүй байхыг журмаар зохицуулсан байдаг.
Харин манайд ийм зохицуулалт байдаггүйгээс хэдхэн хувьцаа эзэмшигч компанийг бараг бүхлээр нь атгаж буй. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд нийтдээ 20 сая гаруй хувьцаа гаргасан бол үүний 17.6 сая ширхэг нь цөөн хүний мэдэлд байна.
Энэ зах зээлийн гол хүндрэл бол хөрөнгө оруулагчид төлөвлөсөн хэмжээгээрээ хувьцаа худалдан авч, хүссэн үедээ зарж чаддаггүй буюу хөрвөх чадвар муу байгаа нь гэж зарим эдийн засагч ярьж байгаа. Дэлхийн банк улс орнуудын хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварын индекс гаргадаг.
Тухайн орны хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээг жилийнх нь үнэт цаасны арилжааны дүнд харьцуулан уг индексийг тооцдог. Зах зээл хөгжсөн зарим оронд энэ харьцаа нь нэг рүү дөхд өг бол манайд үнэхээр чамлахаар үзүүлэлттэй. Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн бирж сүүлийн үед хувьцааны төвлөрлийг бууруулах талаар хөндөж байгаа.
Гэвч тамга хөзөр тэдэнд биш томоохон хувьцаа эзэмшигчдэд буй аж. Өөрөөр хэлбэл, нэмэлт хувьцаа гарга, заримыг нь зар, эсвэл хаалтай бол гэж шаардах боломжгүй. Тэд өөрсдөө санх үүжилт шаардлагатай бол нэмэлт хувьцаа гаргах, эсвэл хаалттай болох сонголт хийх юм.
“Гаули” үнэт цаасны компанийн хөрөнгө оруулалтын шинжээч Г.Мөнх-Эрдэнэ “Үнэт цаасны зах зээлийн хууль эрх зүйн орчин анхнаасаа тодорхой бус байсан учраас компанийн эзэд хувьцаагаа төвлөрүүлчихсэн. Энэ нь хувийн өмч учраас нэгэнт өнгөрсөн асуудлыг яаж ч зохицуулах боломжгүй” гэв.
Монголын хөрөнгийн бирж төвл өрлийг бууруулахын тулд нээлттэй хувьцаат компаниудыг гурав ангилан тодорхой шалгуур тавьж байна. Тухайлбал, хоёрдугаар ангилалд багтсан компанийн олон нийтэд чөлөөтэй арилжих хувьцааны хэмжээ 15, нэгдүгээр ангиллынх бол 25 хувиас багагүй байх гэж зааж өгдөг. Харин гуравдугаар ангилалд ямар нэг шалгуур тавьдаггүй аж.
Энэ нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, гадаадынхан манай компанийн хувьцаанд хөрөнгө оруулах зэрэгт чиглэж байгаа юм. Мөн тухайн компанийн ангилал ахих тусам нэр хүнд нь өснө. Ингээд ирэх оны наймдугаар сарын 1-ний өдрөөс өмнө уг шаардлагыг хангаж нэмэлт хувьцаа гаргах, эсвэл хувьцааны тодорхой хэсгээ зарах, хаалттай болох зэрэг сонголтыг компаниуд хийх ёстой.
Хэрэв тэгээгүй тохиолдолд Хөрөнгийн биржийн бүртгэлээс хасах, эсвэл ангилал бууруулах зэрэг арга хэмжээ авах ёстой ч хэрэгжих боломж бага гэнэ. Мөн Компанийн тухай хуульд тухайн компанийн 75 хувиас дээш хэсэг нь нэг буюу нэгдмэл сонирхолтой этгээдэд төвлөрсөн тохиолдолд жижиг хувьцаа эзэмшигчид нь тэдэнд хувьцаагаа зараад гарах эрхтэй аж. Энэ нь нэг талаас компанийн эзэд хувьцаагаа илүү төвл өрүүлэх, нөгөө талаас жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаална гэсэн үг. Гэвч иргэд энэ талаар мэддэгг үйгээс хохирсоор байгаа юм.