Монголын эдийн засаг хямарсныг хүн бүр мэднэ. Тэгвэл дээд боловсролын салбарт давхар хямрал нүүрлэж, ирэх хичээлийн жил урьд урьдаас хэцүү болох нь. Өмнө нь их, дээд сургуулиуд хүүхдээ багтааж ядан, оюутнууд босго оноог давж чадалгүй, хаалганы цаана үлддэг байсан бол энэ жил хувийн сургууль гэлтгүй төрийн өмчийн томоохон сургуулиуд ч оюутан элсүүлэхийн тулд гуйх нь холгүй юм болж байна гэнэ.
Учир нь өнгөрсөн хавар анхны XII анги төгссөн юм. Энэ л шалтгаанаар ерөнхий боловсролын сургууль төгсөгчид хоёр дахин цөөрч, их, дээд сургуульд элсэгчид ч тэр хэрээр багасчээ. Тодруулбал, энэ жил ерөнхий боловсролын сургуулийг 19.300 орчим хүүхэд төгсөж, өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 20.450 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн.
Энэ нь өнгөрсөн оныхоос хоёр дахин бага тоо. Сургалтын төлбөрөөс шууд хамааралтай манай сургуулиудад энэ нь хүндхэн цохилт боллоо. Төрийн өмчийн томоохон сургуулиудад нөхцөл байдал төдийлэн хүндээр тусахгүй ч гэлээ нөлөө үзүүлэх нь тодорхой. БСШУЯ жил бүр их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид элсүүлэх оюутны тоог баталдаг.
Ингэхдээ хяналтын тоог сургуулийн хүчин чадал, багшийн хүрэлцээ, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт зэргийг үндэслэн тогтоодог. Тэгвэл энэ жил хяналтын тоог ерөнхий боловсролын сургууль төгсөгчидтэй уялдуулж, өмнөх жилүүдээс багаар тооцсон байна. Ойролцоогоор ирэх хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид 18 мянга орчим оюутан элсэнэ гэж үзжээ. 2013-2014 оны хичээлийн жилд МУИС-д 4130, МУБИС-д 2803, СУИС-д 1220, ШУТИС-д 5605, ХААИС-д 2270, нийт 36.7 мянган оюутан их, дээд сургуульд элсэж байсан.
Үүнтэй харьцуулахад ирэх хичээлийн жилд дээд боловсрол эзэмшихээр элсэгчдийн тоо даруй хоёр дахин цөөрсөн байгаа юм. Тодруулбал, МУИС-д 3500, МУБИС-д 2500, СУИС-д 1000, ШУТИС-д 3980, ХААИС-д 1600, АШУҮИС-д 1400 оюутан элсүүлэх хяналтын тоо баталжээ. Гэтэл МУИС-ийн долоон бүрэлдэхүүн сургуулийн хоёр нь буюу Шинжлэх ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн элсэлт тоондоо хүрэлгүй, дахин онлайнаар бүртгэж байгаа гэнэ.
АШУҮИС элсэлтийн ерөнхий шалгалтад 560- аас дээш оноотой элсэгчдийг бүртгэдэг байсан бол өдгөө босго оноогоо 400 болгон бууруулжээ. Тэгсэн ч элсэгчдээ авч дуусаагүй, элсэлт 70 орчим хувьтай яваа бөгөөд энэ сарын 7-ноос дахин элсэлт зохион байгуулах хуваарь гаргахаар төлөвлөжээ. ХААИС 1600 хүүхэд элсүүлэхээс 1400 хүүхэд томилолт авсан байна. Тус сургуулийнхан одоохондоо шаардлагагүй мэт харагдах, ирээдүйд маш чухал мэргэжлийн хөтөлбөртэй учраас элсэгчид хяналтын тоондоо хүрдэггүйг онцолсон.
Төрийн өмчийн томоохон сургуулиудаас цор ганц МУБИС л хяналтын тоондоо хүрч, оюутан элсүүлжээ. Багш бэлтгэдэг сургуулиудад Засгийн газраас онцгойлон анхаарч, элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан хүүхдүүдийг сургалтын төлбөрөөс хөнгөлдөг учраас тэр гэнэ. Үлдсэн бүх сургууль элсэлтээ тоондоо хүргэж авч чадаагүй байна.
Төрийн өмчийн сургуулиуд ч яах вэ, яаж ийгээд элсэлтээ авчих нь. Харин хувийн өмчийн сургуулиуд хаалгаа барихад хүрээд байна. “Идэр” дээд сургууль энэ жил 150 хүүхэд элсүүлэхээс 100 гаруй хүүхэд бүртгүүлсэн гэнэ. Энэ мэт цөөхөн хүүхэдтэй хувийн сургуулиуд арга ядахдаа сургалтын үйл ажиллагаагаа хэрхэн үргэлжлүүлэх талаар хямралын үеийн төлөвлөгөө хүртэл боловсруулсан сурагтай. Энэ нь өдрийн ангийн элсэгчдийнхээ оронд орой, эчнээ, магистрын элсэгчдийнхээ тоог нэмэх.
Салбарын яамнаас энэ чиглэлд хязгаар тогтоодоггүй учраас тэр юм байна. Их, дээд сургуулиудад өнгөрсөн хичээлийн жилээс дээд боловсролын шинэчлэл хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд сургуулиуд бүтцээ өөрчилж, хөтөлбөрүүдээ шинэчлэн, элсэлтээ онлайнаар зохион байгуулж, дэлхийн хэмжээний судалгааны сургууль болохоор зорьж буй.
Оюутан олон байх тусмаа сургуулийн санхүүд сайн ч дэлхийн хэмжээний судалгааны сургууль болохын тулд бакалаврын түвшний элсэгчдээ цөөрүүлж, ахисан түвшинд элсэгчдээ нэмэх хэрэгтэй гэж учир мэдэх нэг нь өгүүлж байна. Их, дээд сургуульд элсэх оюутан байхгүй байгаагийн сайн тал нь энэ. Харин муу нь ерөнхий боловсролын сургууль төгссөн болгон ирэх хичээлийн жилд дээд боловсрол эзэмших нь.
Сургуулиуд судалгааных болох зорилтоо биелүүлэн, элсэгчдээ цөөлж байгаа нь сайн хэрэг ч төгсөгчид нь ирээдүйд сургуулийнх нь чанар, амжилтыг илэрхийлэх нүүр царай болох нь юу л бол.