Монгол болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын эрчим хүчний салбарын ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан өчигдөр Эрчим хүчний яамны байранд боллоо. Хуралдаанд ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, БНХАУ-ын Эрчим хүчний удирдах газрын дэд дарга Жан Юүчин болон бусад албаныхан оролцож, Монгол, Хятадын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн юм. Манай улсад давуу тал бий.
Тэр нь дэлхийд эрчим хүчний хэрэглээгээрээ тэргүүлэгч Хятад улстай хиллэсэн газар зүйн онцлог юм. Энэ нь хил дамнасан шугам сүлжээг бий болгож эрчим хүч экспортлох том боломжийг олгож байна. Тиймээс эрчим хүч үйлдвэрлэх байгалийн түүхий эдийн асар их нөөцтэй орны хувьд дээрх давуу талаа ашиглан энэ салбарт тогтвортой, найдвартай тоглогч байж эдийн засгийн болоод бусад салбарын хөгжлөө өндөр түвшинд хүргэх шаардлагатай байгаа юм. Хятад улсын хувьд эрчим хүчний салбар дахь хөгжлийн бодлогоо таван жилээр тодорхойлдог. 2020 он хүртэл баримтлах бодлогынхоо хүрээнд тус улс нүүрснээс гарган авах эрчим хүчний хэрэглээ болоод нүүрсхүчлийн хийг 3.4 хувиар бууруулах зорилт тавьсан байна.
Тэгэхээр ирэх таван жилд Хятадын хэрэглэх эрчим хүчний гол эх үүсвэр нь сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхи, усан цахилгаан станц болж байгаа юм. Тэгвэл манай улс эрчим хүч худалдах болон энэ салбарт Хятадтай харилцах хамтын ажиллагаа ямар түвшинд явж байгаа талаар ЭХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Товуудоржоос тодрууллаа. Тэрбээр “Өмнө нь бид Хятадын зээл тусламжаар “Дөргөний усан цахилгаан станц”, “Амгалангийн цахилгаан станц” зэрэг жижиг төсөл хэрэгжүүлсэн.
Харин одоо Хятад улс руу эрчим хүч экспортолж, эдийн засгаа сайжруулах шаардлага, боломж гарч ирээд байна. Хамгийн эхэнд хэрэгжүүлэх томоохон төсөл бол “Эгийн голын усан цахилгаан станц” бөгөөд одоогоор зээл авах тухай ярьж байгаа. Мөн томоохон нүүрсний уурхайнуудыг түшиглэсэн цахилгаан станц барих тухай ч хэлэлцэж байна” гэв. Харин Хятадын тал Монголын улс төрийн байдлыг тогтворгүй гэж үнэллээ. Өөрөөр хэлбэл, Хятадын Эрчим хүчний удирдах газрын мэргэжилтн үүдийн тавьсан илтгэлд Тавантолгойн ордод түшиглэсэн нүүрсний хийн станц барих асуудал хөндөгдсөн бөгөөд Хятадын талаас гацсан зүйл байхгүй, гагцхүү Монголын УИХ шийдвэрээ гаргахгүй удаж байгаа гэнэ.
Түүнчлэн “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх зээл манай улсын Засгийн газрын тогтворгүй байдлаас болж удааширч байгаа аж. Мөн ЭХЯ-ны мэдээлж буйгаар манай улс одоо яригдаж байгаа төсөл, хөтөлбөрүүдээ цаг алдалгүй хэрэгжүүлээд явбал 2020 оноос Хятад улсад эрчим хүч экспортолж эхлэх гэнэ. Харин дэд бүтцийн асуудлыг хоёр тал ярилцаж байгаа хэмээн ЭХЯны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт хэлсэн юм.
Түүнчлэн үнэ тарифын гэрээний хувьд тэрбээр “Эрчим хүч худалдах, худалдан авах нь амаргүй ажил. Тиймээс бид эрх зүйн орчныг нь бүрдүүлэхийн тулд дээрх гэрээг батлах шаардлагатай байгаа. Нэг ёсондоо улс төрийн дэмжлэг авч баталснаар экспортод чиглэсэн эрчим хүч үйлдвэрлэх боломж бүрдэнэ” гэв. Харин эрчим хүч экспортлох асуудлаар хоёр тал ярьж байгаа нь сайн хэрэг ч улс төрийн тогтворгүй байдлаас болж 2020 он гэхэд ч энэ ажил эхэлж амжихгүй гэж шинжээчид үзэж байна. Мөн экспортлох тухай ярихын өмнө Оюутолгойг эрчим хүчээр хангагч нь одоо ч Хятад улс хэвээрээ байгааг тэмдэглэлээ.
Г.БАЛЖИННЯМ