Түүхийн ухааны доктор Д.Сэрдарам олон хүнийг экологич сэтгэлгээтэй болгож, мод тарих бус, ургуулах нь чухал гэдгийг ойлгуулах хүсэлтэй нэгэн. Залуучуудын сэтгэлгээг өөрчилж, цахим хэрэгслээс бага ч гэсэн хэрэгтэй мэдээлэл олоосой гэж хүссэндээ тэрбээр үргэлж шинэ, “шимтэй” зүйлсийг фэйсбүүктээ бичдэг. Арван жил мод тарьж, ургуулж буй түүний ярилцлагыг хүргэе.
Та түүхийн ухааны доктор хүн. Бичиг цаасны тэр их ажлын хажуугаар мод тарих клуб байгуулж, тун идэвхтэй ажилладаг гэж дуулсан?
-Социализмын үед залуу байгальчдын станц гэж байсан. Тэндхийн ургамал судлалын багш байгаль хамгаалах сэтгэхүйг бидэнд маш сайн суулгасан. Тиймээс л багаасаа мод тарьж, ургуулах сонирхолтой болсон юм. Дараа нь БНСУ-д сурч байхдаа энэ сэтгэлгээгээ улам хөгжүүлсэн. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ “Мод бол түлш биш” гэдэг ойлголтыг ард түмнийхээ сэтгэхүйд суулгаж чадсан хүн. Тиймээс Солонгос ургамлын орон болтлоо цэцэглэж байна. Гэтэл манайд модыг түлээ, сандал, ширээ хийх түүхий эд гэж ойлгодог. Уг нь мод амьд байхдаа л гайхамшигтай харагддаг шүү дээ. Би модыг амьд байгалийн зураач гэж ойлгодог. БНСУ-д сурч байхдаа цэцэрлэгт хүрээлэнд цагийн ажил хийдэг байлаа. Сөүл хотын хоёр ч цэцэрлэгт хүрээлэнд миний тарьсан мод бий.
-Тэгээд нутагтаа ирээд клуб байгуулъя гэж шийдсэн үү?
-Хүүхэд залуусыг нэгтгэх шинэ орчин, арга зам хэрэгтэй байна. Дээр үед хамтын хөдөлмөрийн үр шимийг хүртэх боломж их гардаг байж. Дайчилгаагаар илгээлтийн эзэд болж очдог ч залуучууд хамтын хөдөлмөр, ажлын үр шимийн тухай ойлголттой үлддэг байсан. Гэтэл одоогийн залуучуудад тийм боломж алга. Тэдний хүсэл, зорилгыг нэгтгэж чадвал бид хамтдаа хөгжинө. Тиймээс 2006 онд мод тарих клубээ байгуулсан. Анх фэйсбүүкээр дамжуулж гишүүд элсүүлдэг байлаа.
-Мод тарих үндэсний өдрийг хүмүүс аргацаасан, сурталчилгаа хэлбэрээр өнг өрөөж байх шиг санагддаг?
-Санал нэг байна. Мод тарих өдрийг ургуулах өдөр болгож өөрчлөх хэрэгтэй. Түүнчлэн энэ өдрийг сурталчилгаа маягаар ашиглах хүн их байна. Нэг модыг хэдэн төгрөгөөр тарьдаг вэ гэж надаас олон хүн асуудаг. Хүүхдээ өсгөхдөө хэдэн төгрөг зарцуулж байгаагаа эцэг эх нь тооцоолдоггүй биз дээ. Уг нь үүнтэй л адилхан юм. Гэхдээ Мод тарих үндэсний өдөртэй болно гэдэг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлиг нь П.Очирбат гуайн овог удмаа сэргээе гэдэгтэй адил чухал байсан. Манайхан найз нөхөд, албан байгууллагаараа хаана ч хамаагүй очиж, мод шороонд булаад орхиж байгаа. Уг нь манайхаас бусад оронд мод өөрийн гэсэн үнэлгээтэй байдаг. Англид хамгийн үнэтэй мод байдаг гэсэн.
-Энэ жил хуурайшилт ихтэй учраас мод тарихад бэрхшээлтэй байна гэсэн үү?
-Энэ жил ган ихтэй байгаа учраас тарьсан модоо арчилж, тордсон ч үхсээр байна. Өнг өрсөн тавдугаар сард клубийн 1000 гишүүн зургаан газарт 12 мянга гаруй мод тарьсан. Энэ модны найман мянга гаруй нь л амьдрах боломжтой. Их санхүүжилт гаргаад, олон хүн дайчилж усалсан ч байгалийн ганг давах боломжгүй. Гэхдээ бид усалсаар л байгаа. Манайд мод услах стандарт алга. Бид тариаланч бус хэрэглээний сэтгэлгээтэй учраас модоо тарьж чадахгүй байна. Нийслэлийн ногоон байгууламж хариуцаж буй хүмүүс мэргэжилтнийхээ үгийг сонсох хэрэгтэй. Бага мөнгөөр ч цэцэрлэгт хүрээлэн байгуулж болно. Улаанбаатар хотын ногоон байгууламж харамсмаар дүр төрхтэй байгаа.
-Танд хэрэв Улаанбаатар хотын ногоон байгууламжийг хариуцуулбал хамгийн түр үүнд юу хийх вэ?
-Хамгийн эхлээд бүх газрыг эзэнтэй болгож, цэцэрлэгжүүлэлт хийх уралдаан зарлана. Өндөр барилга барихаасаа өмнө орчноо тохижуулах хэрэгтэй. Мод бүрийг эзэнтэй болгож, арчилж ургуулна. Сэтгэл байвал бүтэхгүй зүйл үгүй. Уг нь ногоон байгууламжийг сайжруулахад тийм ч их хөрөнгө шаардлагагүй.
-Танай клубийнхэн хэдэн мод тарьсан бэ?
-Анх нэг сая мод ургуулах зорилготой байсан. Гэхдээ одоо тарьсан модоо тоолохгүй байхаар шийдсэн. Хамгийн гол нь хүмүүст экологич сэтгэлгээ суулгах хэрэгтэй байна. Дээд сургуулиа төгсөөд төлөвшчихсөн залууст ийм сэтгэлгээ суулгахад бэрхшээлтэй. Тиймээс ахлах болон дээд сургуулийн нэгдүгээр курсийнхнийг үйл ажиллагаандаа хамруулахыг зорьж байна. Бид клубээ байгуулснаас хойш 400 мянга орчим мод тарьсан. Энэ жил 260 мянга гаруй мод ургуулж байна. 2008-2010 онд бидний тарьсан модны ихэнх хувь нь ургаж байсан. Гэтэл таван жил зүгээр ургасан мод энэ жил хатаж, үхэж байна.
-Хүмүүсийн сэтгэхүйг өөрчлөх хэцүү гэж хэллээ. Клубээ байгуулснаас хойш хэчнээн хүнийг экологич сэтгэлгээтэй болгов?
-Клубийн үйл ажиллагаанд байнга оролцдог 600 гаруй хүн бий. Би гишүүд, сурагчдынхаа ахлагч, багш гэдэг утгаар тэдэнтэй харилцдагг үй. Найз нь юм шиг харилцахаар тэдэнд ч амар байдаг юм. Миний найзуудын хүүхдүүд ч надтай үеийн юм шиг харилцдаг. Экологич сэтгэлгээтэй болж, мод ургуулж бай гэж загнахаас илүүтэй үйл хөдлөлөөрөө харуулахыг зорьдог.
-Танай клубийн ихэнх гишүүн орон нутагт байдаг гэж сонссон?
-Тийм ээ. Орон нутгийн гишүүд маань тэвчээртэй, хүнд ажил хийж сурсан байдаг учраас мод тарих, ургуулах ажилд их хэрэг болдог. Хотын хүүхдүүдийг бодвол байгальтай ойр байдаг тул сэтгэлгээ нь өөр. Гишүүдтэйгээ ойр ойрхон уулзаж, хотын соёлыг сурталчилдаг. Тэд бие биенээсээ олон зүйл сурдаг. Клубээс олон ч хос мэндэлсэн. Би заримдаа “Мод тариад байна уу, амьдрал тариад байна уу” гэж хошигнодог юм.
-Сайн дурын ажил учраас санхүүжилт олох хэцүү байх. Саяхан “Мицүбиши” корпорацаас зарласан төсөлд танайх шалгарсан гэсэн үү?
-Би найман жил “албан ёсны гуйлгачин” байлаа. Найз болон танилууд маань мод тарих үеэр миний утсыг бараг авдаггүй (инээв). Харин энэ жил “Мицүбиши” корпорацаас зарласан төсөлд хамрагдаж, шалгарсан. Тэд энэ жил зохиогдох бүх арга хэмжээг ивээн тэтгэхээр болсон. Гэхдээ манай клубтэй хамтарч ажилладаг “Ногоон-Ази” төрийн бус байгууллага, “Тэнгэрийн фонд”, “Монгол газар” зэрэг олон компани бий. Сайн дурын ажлыг маань ивээн тэтгэж, мод тарьж буй гишүүдийн унаа, хоолны зардлыг даадаг тэдэндээ баярладаг. Бид хандив өгсөн бүх хүнийг баярлуулахаар Наадмаар урьдаг юм. Зарим хүн урилга авахаараа хандив өгөх ёстой гэж бодоод ирдэггүй. Энэ жил “My club” санхүүжилтдээ санаа зовохооргүй болсон учраас утсыг минь аваарай гэж найзууддаа хэлмээр байна (инээв).
-Та ШУТИС-д хичээл заахын хажуугаар олон ажил хийх юм. Яаж амжуулдаг юм бэ?
-Солонгост сурч байхаасаа л сайн дурын ажил хийгээд сурчихсан гэх үү дээ. Гэхдээ хүмүүс намайг гэр бүлдээ анхаардаггүй, хэтэрхий их туйлширлаа гэж зэмлэдэг юм. Би гэр бүлдээ хамгийн их анхаардаг. Орчин үед боломж их байна. Би ихэнх ажлаа цахим хэрэгслээр амжуулдаг. Өдөрт гурван удаа шүдээ угааж хэвшсэн хүнээс энэ бүхнийг яаж амжуулж байгааг нь асуудаггүй биз дээ. Үүнтэй адил би эдгээр ажлыг хийгээд хэвшчихсэн.
-Фэйсбүүктээ мод тарьж, ургуулахаас гадна байгаль орчны бүхий л асуудлын талаар хөндөж, бичсэн байдаг. Таныхаар Монголын байгаль орчин тийм хүнд байдалд байна уу?
-Би оюутан байхдаа Монголоо бараг бүтэн тойрсон. Одоо харин хөдөө явахаас айдаг. Хэнтийд очоод үнэхээр их харамссан. Дэлхийн дулаарал гэхээсээ илүү хүний үйл ажиллагаанаас болж сүйдсэн байгалиа харах хэцүү юм. Байгаль орчны төлөө санаа зовнидог хүмүүсийг бичиж, ярихгүй байхын аргагүй байдалд хүргэж байна. Энгийн асуудлыг ч шийдэж чадахгүй, дэвэргээд байдаг болохоор заримдаа бухимддаг юм. Тэгэхээр хүмүүс намайг хэтэрхий сэнтэг гэж ойлгож магадгүй. Надаар хэлүүлэхгүй, бүхнийг хийж бүтээвэл сайн л байна.