П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн 60 жилийн ой ирэх есдүгээр сард тохионо. Монголд мэс заслын анагаах ухааны үндэс суурийг тавьсан ууган тасгийн гал голомтыг маналцан, үе үеийн алтан гартай эмч нарынхаа үйл хэргийг үргэлжлүүлж яваа нэгэн эмчтэй ярилцлаа. Түүнийг Дашбазарын Эрдэнэболд гэдэг.
-Таныг гурван гавьяатын шавь гэж дуулсан. Эмч болох хүнийг цаашид ямар замаар явах зүг чигийг нь зааж өгдөг мэргэжлийн багш их чухал гэдэг. Та яаж яваад гурвын гурван багштай болсон юм бэ?
-Тийм шүү. Би өөрийгөө их хувь заяатай хүн гэж боддог. Алс хөдөөгийн жирийн нэг малчны хүү 2006 онд хөдөлмөрийн баатар, ардын эмч Н.Баасанжав багшийнхаа үүсгэн байгуулсан “Ач” анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Тэгээд Н.Баасанжав багшийн зөвлөснөөр П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн хамт олны дунд зөвлөх эмч Ч.Пунцаг багшийнхаа удирдлагад мэс заслын эмчийн мэргэжил эзэмшихээр ирж байлаа. Зөвлөх эмч нар хүн болгонтой тулж ажиллах цаг зав хомс учраас Ч.Пунцаг багш маань намайг У.Оргил багшид хариуцуулан өгч, мэс заслын эмчийн цагаан толгойг эхнээс нь заалгаж, олон төрлийн мэс засалд нь гар угаан тусалж байсан даа. Багшийнхаа удирдлагад анх удаа мухар олгой авах мэс заслыг гардан хийснээ одоо ч тод санадаг.
Гэвч У.Оргил багш маань 2007 онд Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн эрхлэгч, зөвлөх эмчээр ажиллахаар болсон тул намайг дотнын найз, хамтран зүтгэгч М.Ганбаатар эмчид даалгаж, мэс заслын эрдэмд үргэлжлүүлэн сургахыг захисан юм билээ. Ингээд миний бие М.Ганбаатар багшийн шавь болж, одоо ч тасагтаа хамт ажилласаар байна. Ч.Пунцаг, У.Оргил, М.Ганбаатар багш нар маань 2010-2014 онд гурвуулаа Монгол Улсын хүний гавьяат эмч хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн юм.
-Та яагаад заавал мэс заслын эмч болохоор шийдсэн юм бэ. Н.Баасанжав эмчийн нөлөө байв уу?
-Тэгж хэлж болох байх аа. Энд нэг зүйлийг хэлэхгүй өнгөрч боломгүй байна. Хүний хувь тавилан гэдэг сонин юм шүү. Би Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрж, өссөн. Малчны хүүхдүүд дотуур байранд хэрхэн сурч хүмүүждэг жишгээр л дунд сургуулиа төгссөн. Төгсөөд Анагаахын дээд сургуульд орохоор шалгалт өгсөн боловч тэнцээгүй, Анагаахын дундад нь орсон юм. Хүний бага эмч мэргэжлээрээ сумандаа хоёр жил ажилласан. Нэг хавар алсын дуудлагаар очсон айл маань тавган антеннтай байсан.
1990-ээд оны сүүлчээр гэртээ суугаад зурагт үздэг малчин айл тийм ч олон байгаагүй шүү дээ. Гэтэл яг тэр үед хүний гавьяат эмч Н.Баасанжав гэдэг хүний тухай нэвтрүүлэг гарч таарсан. Ирээдүйн багшийгаа ажил, амьдралын гараагаа хэрхэн эхэлж, хүн ардынхаа эрүүл энхийн төлөө яаж зүтгэж байсныг үзээд, “Энэ хүн шиг л эмч болох юм шүү” гэж бодож билээ. Харин зун нь Азарга багийн дарга Цагаанлунх гуайнд очоод сонин гарчиглаад сууж байтал өнөөх зурагтаар харсан Н.Баасанжав эмч маань “Ач” гэдэг анагаах ухааны дээд сургууль нээж байгаа тухай мэдсэн. Тэгээд гэрийнхэндээ учраа хэлээд, шууд хот руу ирсэн. Чагнаа гээд хамаатныхаа ахыг дагуулж, сургууль дээр нь очоод Н.Баасанжав багштайгаа уулзаж байлаа.
-Хэрэв хавар нь зурагтаар тэр хүний тухай нэвтрүүлэг үзээгүй бол, зун нь сонин дээрээс шинэ сургуулийнх нь тухай олж мэдээгүй бол та хөдөөнөө бага эмч хийгээд явж байж ч мэдэх нь ээ?
-Тийм шүү. Юм бүхэн цаанаа учиртай гэдэг л тэр байх. Сургуулиа төгсөөд хөдөө явах уу, хотод ажиллах уу гээд эргэлзэж байхад минь мөн л Н.Баасанжав багш “Чамд хаана ч ажиллах боломж бий. Тиймээс хотод байж, илүү ихийг сурч мэдэх хэрэгтэй” гээд сургуульдаа багшаар үлдээсэн. Удалгүй гуравдугаар эмнэлэг рүү намайг “хөтөлж” аваачиж өгсөн дөө.
-Удахгүй танай тасгийн 60 жилийн ой болно. Монголд анх удаа гэсэн тодотголтой томоохон хагалгаануудыг танайхан гадаад эмч нартай хамтран хийдэг болсон. Түүхт ойнхоо босгон дээр ололт амжилтаа дүгнээд хэлбэл олон улсын жишгээс хаахна яваа бол?
-Ерөнхий мэс заслын чиглэлээр Монголд хийгдэж байгаа томоохон хагалгаанууд орчин үеийн ямар л техник хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглаж байна, тэр болгоныг эмнэлэгтээ нэвтрүүлэхийг удирдлагууд маань зорьж байна. Ялангуяа элэг, цөс, нойр булчирхай, уушги, бүдүүн, шулуун гэдэсний мэс заслыг манайхан өөртэйгөө ижил түвшний улсын эмнэлгүүд болон өндөр статустай хувийн хэвшлийнхэнтэй харьцуулахад олон улсын жишигт нь арай илүү ойртуулсан.
Тэгснээр гадагшаа явж, өндөр өртгөөр эмчлүүлдэг монгол хүмүүсийн тоо тодорхой хувиар буурсан шүү дээ. “Монголд эмчлэх боломжгүй өвчин байна” гэсэн хариуг цаашид цөөн хүн сонсоосой гэж жирийн эмчийн хувьд хүсэж явдаг юм. Үүний төлөө манай үе үеийн алтан гартай эмч нар зүтгэсэн, тэднийг залгамжлан яваа хойч үеийнхэн бид ч зүтгэсээр байна.
-Манай улс зах зээлийн эдийн засагт шилжээд 25 жил болж байхад социализмын үеийн зарчмаараа яваад байгаа хоёрхон салбарын нэг нь эрүүл мэнд. Үргэлж төр засгаас мөнгө царайчилж, хэрэгтэй аппаратаа ч дуртай үедээ авч чаддаггүй улсын эмнэлэгт ажилладаг залуу хүнд “Уг нь ингэвэл зүгээр юм” гэх бодол байдаг л биз дээ?
-Сумын бага эмчээс нь эхлээд дээд шатлалын улсын эмнэлэгт ажиллаж байгаа хүний хувьд анзаарахад манай эрүүл мэндийн салбар бусад орныг бодоход эдийн засгийн чадамж үнэхээр тааруу санагддаг. Энэ нь эрүүл мэндийн салбарын бүтэц, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, хууль эрх зүйн орчин нь зах зээлтэйгээ уялдаж, шинэчлэгдээгүйтэй холбоотой.
Эрүүл мэндийн салбарын энэ гажуудал манай тасагт ч нөлөөлдөг. Хагалгааны багаж хэрэгсэл шинээр авах, орчин үеийн өндөр технологи нэвтрүүлэх гэхэд чамгүй бэрхшээл туулдаг. Жишээ нь, бид сүүлийн хоёр, гурван жилийн турш хармоник гээд томоохон мэс засалд хамгийн чухал аппарат авах гэж захиаллаа. Бүтчих болов уу гээд бэлтгэлээ хангаад л хүлээж байна. Хармоник аппараттай болбол цаг хугацаа, оёх, боох материалаас эхлээд багагүй хөрөнгө мөнгө ч хэмнэх юм. Жишээ нь, бид ходоод, гэдэс гэх мэт эд эрхтэнийг чөлөөлж, мэс засал хийхдээ холбоо судсуудыг боосны дараа хайчилж, оёдог.
Энэ олон үйлдлийг хэмнэж, ганц удаа түлээд, өөрөө цусаа тогтоогоод, хайчилдаг юм. Ер нь бол төр засгийн тогтвортой, зөв бодлогоор эрүүл мэндийн салбарт менежмент хийх хэрэгтэй гэдгийг бүгд ярьдаг ч өнөө хэр хэрэгжээгүй л байна. Эмнэлгүүдийн санх үүжилтийг 100 хувь төрөөс хараат байлгах бус, тасаг, нэгжүүдийг хүртэл бие даасан санхүүжилттэй болгох зэргээр эдийн засгийн зарим нэг эрх чөлөөг өөрсдөд нь олгох асуудлыг хуульчлаад өгвөл байдал дээрдэнэ.
-Энэ жил гэхэд л эмийн төсвийг танаснаас болоод эмнэлгүүд хүндхэн байдалд ороход хүрсэн. Танайд эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж ямархуу байна вэ?
-Эмнэлгийн төсөв хүндхэн байгаа нь сүүлийн хоёр, гурван сар эмч бидэнд хүртэл ажиглагдах болсон. Төсөв байхгүй гээд хүнийг эмчлэхгүй буцаах, эсвэл дутуу эмчлэх эрх байхгүй. Тэр тусмаа манай тасгийн хувьд зөвхөн мэс засал хийгээд хүнийг бүрэн эдгээнэ гэсэн үг биш шүү дээ. Тухайн хүнд суурь өвчин байна уу, мэс заслын өмнөх болон дараах хүндрэл гарвал яах вэ гээд бүх эмчилгээ ном журмынхаа дагуу цогцоор хийгдэх ёстой. Гэтэл одоо төсөв мөнгө хангалтгүй байгаа учраас зарим тохиолдолд ар гэрийнхнээр нь шаардлагатай эм, тариаг гаргуулах үе цөөнгүй байна.
-Саяхан батлагдсан Нийгмийн даатгалын хуулийн шинэчлэл таныхаар хэр сайн болсон бэ?
-Аль болохоор ард түмний нуруун дээр ирэх ачааг хөнгөвчилж, улсаас авах санхүүжилтийг бодолцож, олон талыг хамруулсан хууль болсон байна билээ. Гадаадын өндөр хөгжилтэй оронд сурч, хөдөлмөрлөдөг манай үеийн олон залуу энэ хуулийн төсөлд саналаа хүргүүлсэн. Орох нь орсон л доо. Гэхдээ зарим чухал санаанууд нь бас орхигдсон байсан. Тухайлбал, нэг иргэний даатгалын сангаас хүртэх оношилгоо, эмчилгээний зардлыг хэд дахин өсгөснөөр гурав дахь шатлалын эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдлээ. Энэ бол эрүүл мэнддээ санаа тавьж байгаа ард иргэдийн буруу биш л дээ.
Хамгийн гол нь үүнийг зөв л зохион байгуулах ёстой байсан юм. Уг нь бидний оруулсан санал бол гурав дахь шатлалын эмнэлэгт хандсан, хүний халааснаасаа гаргах мөнгө нь их, хоёр дахь нь арай бага, нэг дэх шатны буюу сум, өрхийн эмнэлэгтээ хандаад эмчилгээ оношилгоо хийлгэвэл үнэгүй байдаг тэр тогтолцоо байсан. Өндөр хөгжилтэй оронд ийм байдаг учраас хүмүүс нь өвдсөн хойноо бус, өвдөхөөсөө өмнө эмнэлэгтханддаг юм байна.
Тэгэхгүй байгаа учраас манайхан машиндаа үнэтэй дугуй авч тавьдаг мөртлөө өөрийнхөө эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэлж чаддаггүй. Өөр нэг чухал зүйл бол манайд өнөөдөр эмч, мэргэжилтнийг бэлтгэх сургалтын оновчтой бодлого зайлшгүй хэрэгтэй. Зургаан жил сурч, төгссөний дараа 2-4 жил нарийн мэргэжил эзэмших сургалтад хамрагддаг. Гэтэл тэр хооронд амьдрал зохиочихсон хүмүүс үргэлжлүүлэн сурахад санхүүгийн хүндрэлтэй тулгардаг.
Тиймээс өндөр хөгжилтэй оронд байдаг шиг төгсөлтийн дараах резидентийн сургалтыг нь цалинтай болгох шаардлагатай байна. Тэгэхгүй бол ар амьдралаа авч явахын тулд залуус сургалтынхаа хажуугаар өөр ажил хийгээд, мэргэжилдээ анхаарал хандуулахгүй цалгардаад байна. Үүнээс болоод манайхны яриад байгаа чанаргүй, чадваргүй эмч нар төрөх эхлэл тавигдаж байна. Амьдралаа гаргуунд нь орхиод, зөвхөн сайн эмч болохын төлөө явж байгаа залуус байгааг үгүйсгэхгүй л дээ. Гэхдээ энэ нь тийм ч олон биш.
-Мэс заслын эмч бусдаас юугаараа өөр вэ. Та мэргэжил нэгтнүүдээ төлөөлөөд ажлынхаа онцлогийг хэлж өгөөч?
-Мэс заслын эмч бол асар өндөр хариуцлагатай, ачаалалтай мэргэжил. Хүний биед мэс “хүргэх” онцгой эрх бидэнд л бий. Энэ утгаараа бусад нарийн мэргэжлийн эмч нарынхаас бидний ажил өөр. Бусад эмчийн адил өвчтөнөө үзээд, эмчилгээ бичиж, шинжилгээнд явуулдаг. Мөн мэс засал хийдэг. Бусад оронд бол мэс заслын эмчийг хортой нөхцөлд ажилладаг гээд цалин хангамж нь ахиу байдаг.
Цусны үнэр, идээ буглааны үнэр, ариутгагч болон унтуулгын гээд олон янзын химийн бодистой орчинд хэдэн цагаар ажилладаг учраас тэр шүү дээ. Харин манайд болохоор дотрын эмч, мэс заслын эмч хоёр яг адилхан цалин авдаг. Өөрөөр хэлбэл, Дорж өнөөдөр 10 хагалгаа, Дондог хоёр мэс засал хийсэн байхад хоёулаа адилхан л цалин авна.
Энэ мэт гажуу тогтолцоо улсын эмнэлэгт ажилладаг мэс заслын залуу эмч нарын урам зоригийг мохоодог болов уу гэж боддог. Хувийн томоохон эмнэлгүүдэд одооноос энэ зарчим үйлчилж эхэлсэн байна билээ. Цаашид улсын эмнэлгүүдэд ч нэвтрэх болов уу гэж найддаг.
Монгол оронд яаралтай мэс заслын өвчний дотор нас баралтын хувиар нэлээд дээгүүр байр эзэлдэг “Нойр булчирхайн үхжилт үрэвслийн оношилгоо, эмчилгээ” гэсэн сэдвээр Д.Эрдэнэболд эмч докторын зэрэг хамгаалахаар судалгаа хийж буй гэсэн. Удахгүй болох түүхт 60 жилийнхээ ойг тохиолдуулан хүний гавьяат эмч М.Ганбаатар эрхлэгчтэй Ерөнхий мэс заслын тасгийн хамт олондоо халуун баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүссэн түүний үгийг сониноороо дайя.