06.30 цаг. Тэнгэрт хурсан бараан үүлсийг ажиглахад юу юугүй борооших нь уу гэлтэй. Гэтэл зүүн уулын хаяанаас үүлэн завсраар цухуйх наран авхайн бараанаар тэнгэр түр цэлмэх шиг болов.
Тэртээд бас солонго татжээ. Хүүхэд байхдаа тэнгэрийн солонгыг барьж авахаар хөөдөг байсан сайхан дурсамж эрхгүй сэтгэлд буулаа. Уул, үүл, солонго, өндөр барилга улсын нийслэл Улаанбаатарын өнгийг улам бүр тодотгоно. Өнгөрсөн мягмар гаригт нийслэлийн өглөөний амьдралыг сурвалжлахаар ургах нартай уралдан боссон минь энэ. Нар мандаад удаагүй учир гудамж, талбай эл хуль, энд тэнд ганц, хоёр хүн л харагдана.
Сүүлийн үед хотынхон ажил, амралтын өдөр гэлтгүй Богд ууланд гардаг болсныг мэдэх тул тэндээс сурвалжлагаа эхлүүлэхээр шийдэв. Шивэрч эхэлсэн бороо удалгүй ширүүсэв. Ийм үед ууланд гардаг хүн байдаг болов уу хэмээн эргэлзсэн минь андуурал аж. Машинтай, явган хүмүүс цуварсаар “Чингисийн өргөө” амралтын газарт хүрээд, шүхэр барин уулын орой руу мацаж харагдана. Хүмүүс ингэж явсаар жим гаргажээ. Арван минут хүрэхтэй үгүйтэй болоход гурван машин хүн ирэв. Тэдний төлөөлөл болох эхнэр, нөхөр хоёр ууланд гардаг болоод жил гаруй болсон гэнэ. Ажлынхнаа дагаж анх ууланд авирсан эхнэр нь нөхрөө уруу татсан юм байна. Долоо хоногт хоёр удаа ингэж алхдаг. Эрүүл мэндэд нь ч өөрчлөлт гарч эхэлснийг тэд онцлов. Ууланд ганцаараа авирахад айх зүйлгүй, хэрэм, туулай зэрэг ойн “иргэд”-тэй үргэлж таардаг гэнэ. Тэднээс дутахгүй уулчдын анхаарлыг татдаг хүмүүс бол спортынхон. О.Балжинням аварга гэхэд ууланд шавь нартайгаа үргэлж гардаг юм байна.
“Өнөөдөр ажлын өдөр, бас бороотой учраас хүн цөөн байна” хэмээн нэгэн бүсгүй хэллээ. Амралтын өдөр бол уртаас урт “хүн цуваа” үүсдэг аж. Уулнаас буухдаа хог түүж, ой цэвэрлэдэг залуус ч байдаг гэсэн. Ойд 30 минут алхахад уушги цэвэрлэгддэг учраас үнэгүй бөгөөд үр ашигтай энэ спортоор хичээллэгсэд Улаанбаатарт олон болжээ. Уулын бэлээс манан дундах Улаанбаатарыг тольдоход “Уулс тийшээ хаяа тэлсэн Үүлс дээшээ дээвэр тулсан Улсын минь чандмань эрдэнэ Улаанбаатар сайхаан” хэмээсэн Төрийн шагналт, зохиолч Дэндэвийн Пүрэвдорж агсны найраглал санаанд буулаа.
06.55 цаг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорилоо. Зам сэлүүхэн, автобусны буудал руу хэдэн хүнтэй алхана. Богд уулын замаар Туул гол үерлэсэн харагдана. Өнгөрсөн жил ийм байгаагүй, бараг л “нүд аньсан” янзтай байж билээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зогсоолд 30 гаруй машин байв. Өглөөгүүр машин тавихад төлбөр авдаггүй аж. Биднийг очиход сагсан бөмбөг, талбайн теннис тоглож, гүйж, алхаж байгаа хүн олон байсан. 50 гаруй настай нэгэн эрэгтэй хог цэвэрлэж байгаатай таарлаа.
Түрээсийн ажилтан Б.Лхагвадорж хэмээн өөрийгөө танилцуулсан тэрбээр энд гурван жил ажиллаж байгаа бөгөөд урд шөнө үйлчлүүлэгч олонтой байснаас ажил дээрээ хоножээ. Бусад үед бол 07.00 цагийн үед ажилдаа ирдэг юм байна. Түүний ярьснаар хүмүүс үүрээр 04.30 цагийн үеэс л гүйж эхэлдэг гэнэ. Хэдийгээр хүмүүс эрүүл мэнддээ анхаарч гүйж, спортоор хичээллэдэг болсон ч хог хаяхаа болихгүй байгааг тэрбээр учирласан. Бороо улам ширүүссээр. Ач охиноо бороонд норгохгүйн тулд тэргийг нь хар уутаар “хуягласан” Р.Даваадорж “Би гурван жилийн өмнөөс энд энд ирж, алхах болсон. Тэтгэвэрт гарахаар энд манаач, эсвэл цэвэрлэгч хийж хариуг нь барина даа. Гэр бүлийнхэн маань надтай цуг алхдаг. Тэд өнөөдөр борооноос айгаад ирсэнгүй. Айдаггүйгээрээ ач бид хоёр л явж байна.
Нэг л өглөө алхахгүй бол бие хүндрээд байдаг болсон. Өглөө 06.00 цагт босоод 30 минут алхан, 30 минут дасгал хийгээд ажилдаа явахад яг таардаг. Тогтмол алхдаг хүмүүс бол бороо, шуургатай байсан ч ажрахгүй ирдэг” гэлээ. Нас сүүдэр 70 хүрсэн ч ануухан харагдах Д.Мягмар гуай цэцэрлэгт хүрээлэн байгуулагдахаас өмнө голын эрэг дагуу алхдаг байжээ. Харин хүрээлэн байгуулагдсанаар энд ирэх болжээ. Хаа байсан “Сансар” худалдааны төвөөс өглөө бүр 05.30 цагт явган ирээд, гурван цаг алхаж, гүйн, дасгал хийгээд буцдаг аж. Ийм маршрутаар сүүлийн 20 гаруй жил амьдарчээ. Ийм ч учраас эмнэлэгт очдоггүй, бие нь ч өвддөггүй гэсэн. “Өөртөө хөрөнгө оруулж яваа минь энэ” хэмээн тэрбээр даруухан өгүүлсэн. Түүний цаахна бороог үл анзааран, хэдэн хүн талбайн теннис тоглож байлаа.
Тэд “Улаанбаатар” теннисний холбооныхон. Улсын аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэж байгаа гэнэ. Хүссэн хэн бүхэн энд тоглох боломжтой юм билээ. Тэд өдөр бүр 07.00-09.00, 19.00-21.00 цагийн хооронд бэлтгэл хийдэг гэсэн. Тэдний нэг Ч.Билгүүндорж талбайн теннисийг “Хөлөөрөө гүйж, гараараар цохиж, толгойгоороо хождог спорт” хэмээн тодотгосон.
Энэ хүртэл уулзсан хүмүүс маань насанд хүрэгчид. Харин хүүхдүүд сагсан бөмбөг тоглож байлаа. XI ангийн сурагч Т.Батбилэг долоо хоногт гурван удаа XIII хороолоос гүйж ирээд, сагс тоглодог юм билээ. Ийн тоглохын тулд 06.00 цагт босдог ч дуртай зүйлээ хийхэд хэцүү байхгүй. Энд нэг л зүйл дутагдаж байлаа. Тэр нь дэлгүүр, мухлаг, цайны газар. Уг нь бий л дээ. Өглөө эрт ажилладагүй учраас эртэч хүмүүст тийм үйлчилгээ дутмаг санагдсан. Ер нь эндхийнх гэлтгүй Улаанбаатар хотод өглөө эрт ажилладаг хоолны газар, кафе хуруу дарам цөөхөн байдгийг анзаарлаа.
08.15 цаг. Улаанбаатарын амьдрал ид буцалж эхэллээ. Сонин хэвлэл ямар зам туулж, хэрхэн танд хүрдгийг мэдэх үү. Хэвлэлээ шуудангаар захиалдаг хүмүүсээс бусад нь сонин борлуулах цэгээс авдаг. Сонинг үйлдвэрээс биржид хүргэж, тэндээс борлуулагчид авна. Бидний дараагийн өртөө Хэвлэлийн бирж. Нэг үгээр, хэвлэлийн бөөний цэг гэж ойлгож болно. Улаанбаатар хотод ийм бирж хоёр байдаг. Нэгэнд нь ихэвчлэн өдөр тутмын сонин борлуулдаг бол нөгөөд нь шар сонин, зар мэдээ, сэтгүүл голдуу байдаг. Хуучнаар “Ардын эрх” сонины байранд байрлах Хэвлэлийн биржид очив. 06.00-07.30 цагийн хооронд хамгийн их ачаалалтай, сонин авахын тулд хүмүүс дугаарладаг гэнэ. Харин биднийг очих үед хүн харьцангуй цөөн байв. Энд хэвлэлийг 20 хувиар хямд буюу 500 төгрөгийн сонинг 400-гаар зардаг. XI хорооллын “Таны дэлгүүр”-т хэвлэл борлуулдаг эгчийнхээ оронд дүү Х.Тэлмүүн нь сонин, сэтгүүл авахаар иржээ. Тэрбээр “Би өдөр тутмын 12 сонин авлаа. Ням гаригаас бусад өдөр ирж, сонин авдаг. Зарагдаагүй сонингоо маргаашийнх нь дугаараар солино. Зарим хүн “Шар сонинг хар энергитэй” гээд авдаггүй” гэсэн. Биржийн ажилтнууд “Өдөр бүр харилцан адилгүй тооны сонин борлогддог. Чуулган завсарласан үед борлуулалт багасдаг” хэмээн ярилаа. Тэд нийслэлийн холбогдох байгууллагаас иргэдэд оюуны талх хүргэдэг сонин борлуулах цэгийг шахах болсныг шүүмжилж байв.
09.30 цаг. Бороо түр зогсоод, дахиад л шивэрч эхэлнэ. Нийслэлийнхэн борооноос уйдаж, залхаж байгаа нь илт. “Өгөөж, чихэр боов” компанийн түгээлтийн машинтай таарав. Машин “Бөмбөгөр” худалдааны төвийн дэргэд очоод зогслоо. Гэвч машинаас хүн буусангүй. Тус төв 10.00 цагт онгойх учраас жолооч болон ачигч онгойхыг нь хүлээж буй нь энэ аж. Тэдний ажил 08.00 цагт эхэлдэг бөгөөд 20 гаруй машин түгээдэг гэнэ. Тус компанийн жолооч Ч.Ундрах “Нэг машинд 184 авдар нарийн боов багтдаг.
Эхлээд ачигчтайгаа нэрийн дэлгүүрүүдээр бүтээгдэхүүнээ хүргэж, дараа нь менежертэйгээ бусад дэлгүүрт өгдөг. Өдөрт 2-3 удаа түгээлт хийдэг” гэв. Гэрээтэй дэлгүүрүүд нь үйлдвэрийн үнээр борлуулдаг юм байна. Ачигч О.Чойжин нь энэ жил оюутан болох гэнэ. Тэрбээр “Би анх удаа ажил хийж байна. Өглөө эрт босоод, ажилдаа явна гэж бодох хамгийн сайхан. Анхныхаа цалинг удахгүй авна” гэлээ. 09.45 цаг. “Бөмбөгөр” худалдааны төв хэдий нээгдээг үй ч урд хаалга хавиар хүн олон байлаа. Учир нь энд 05.00 цагаас тухайн өдөр зарах махыг худалдагч нар “Дэнжийн мянга” захаас авчирдаг аж. Зарим худалдагч махаа аваад, таксины жолоочоороо явуулдаг юм байна. Түүнийг нь Т.Болдбаатар найзтайгаа хамт буулган, өлгөж, худалдааны төвийг онгойтол хадгалдаг. Үхэр, адууны бүтэн махыг 2000 төгрөгөөр, хонь, ямааныхыг 300 төгрөгөөр зөөдөг юм байна. Худалдагч бүрийн барааг ялгахын тулд гялгар уут уях зэргээр тэмдэг тавьжээ.
10.20 цаг. Бороо зогсож, тэнгэр цэлмэлээ. Улсын их дэлгүүрийн хогийг ачиж байгаа хүмүүстэй таарлаа. Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний компанийн жолооч, ачигч хоёр өглөө 06.00 цагаас хог ачиж эхэлжээ. Ингээд хамаад явдаг ч, буцаад ирэхэд л бөөн хог гаргаад тавьчихсан байдаг нь хамгийн зовлонтой гэнэ. Жолооч Ч.Болд “Иргэд хогоо гаргаж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ хогны машин ирэхээс өмнө тогтсон цагт гаргадаг болмоор байна” гэж ярив. Тэд өдөрт хамгийн багадаа гурван машин хог ачдаг. Заримдаа зургаан машин дүүрэн хог ачих нь бий. Хогоо юу ч үгүй ачаад явах нь тэдний хувьд аз жаргал гэсэн. Улаанбаатарын нэг л өглөөний нэгээхэн хэсгийг сурвалжилсан минь энэ.