“Хүннү молл” орж, хүн боллоо гэсэн үг цахим ертөнцөөр тарж, хүн бүрийн амнаас л гардаг болоод байсан. Тэгвэл Мөрөн-Хатгалын зам ашиглалтад орсноор энэ үг “Хөвсгөл явж, хүн боллоо” гэж солигдоод байгаа билээ. Үнэхээр Монголын хамгийн үзэсгэлэнтэй, сайхан байгальтай энэ аймгийг үзээгүй хүн, Монголд маш олон байлаа. Хүсэл байвч зам тээвэр, худалдаа, үйлчилгээ гээд дэд бүтэц хөгжөөгүй тул чаддаггүй байсан юм.
Харин шинэ зам баригдаж, явахад саадгүй болсноор хөлтэй болгон Хөвсгөлийг зорьж эхэллээ. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэдээгээр энэ зун 70 мянган жуулчин тус аймагт очсон гэнэ. Үүний ихэнх нь монголчууд аж. Харамсалтай нь Хөвсгөл аймаг гадаад, дотоодын аялагчдын “довтолгоо”-нд бэлэн байсангүй. Бензиний хомсдол үүсэж, банкуудын АТМ ажиллаагүй гээд л олон асуудал гарсныг энд дурдах гэсэнгүй. Харин хөвсгөлчүүдийн ухамсар, цаашилбал хатгалчуудын хүн чанарын тухай хөндөх гэсэн юм.
Мөрөнд орж ирэхэд л мөнгө үнэртдэг гэж хэлж болно. Хөвсгөл нуур орж, амрахыг хүссэн жуулчид энд хүчээ сэлбээд Хатгалыг зорьдог уламжлалтай. Гэвч үнэндээ энд хүч чадлаа сэлбэж, эрч хүч авах нь битгий хэл стресст ороод гарна. Уг нь гадаад, дотоодын жуулчид заавал Мөрөнгөөр дайрдаг, Хөвсгөлийн жуулчлалаас тэнд мөнгө орж ирдэг л газар. Гудамжаар нь ч жуулчид олонтой. Даанч Дархан, Булганаар дамжин, аян замдаа ядарсан тэднийг хүн гэж үзэх газар байхгүй нь харамсалтай.
Аймгийнх нь төвийн хэдэн зочид буудлаас гарч, хэдхэн метр алхахад л гүн харанхуй нөмрөн авах бөгөөд гадаад бүү хэл Улаанбаатарын жуулчид айж, цочирдоод зугаалж ч чадахгүй. Хэдхэн хоногийн өмнө очиход Мөрөн даяараа ус тасарч, усанд орох нь бүү хэл уух ус хайсаар өдрийг барав. Зочид буудлын үйлчилгээ, тохь тух гэж байхгүйн дээр “Та нар Хөвсгөл нуурыг үзэхгүй гээд хаа холдох вэ” гэсэн дээрэлхүү үзэлтэй.
Зочид буудалд хоносон хүмүүс 07.30 цагаас өглөөний цайгаа уугаад Хатгал явж, “Сүхбаатар” хөлөг онгоцонд суух давчуу хуваарьтай улсууд байдаг. 12.00, 15.00 цагаас онгоцны аялал эхэлдэг учраас хоцрохгүйн тулд өглөө эрт цайндаа орж байгаа нь тэр. Даанч Мөрөнгийн нэгэн зочид буудлын өглөөний хоол 08 цаг болоод ч эхэлсэнгүй. Үйлчлэгчээс асуувал “Тогооч ирээгүй” гээд таг.
Учрыг лавлавал “Утсаа авахгүй л байна. Уг нь өчигдөр эрт ирээрэй гэж хэлсэн. Амралтаа авна гээд байсан амарчихсан байж магадгүй” гэсэн хариулт өглөө. Уг нь өглөөний хоол гэж жимсний чанамалтай талх, шарсан өндөг, цай л даа. Хэн ч хийж чадах энэхүү цайг хийлгэх гэж үйлчлэгчийг ятгасан ч хүний ажил хийхгүй гэсээр 09.00 цаг хүрэв. Ингээд Өмнөд Солонгосын жуулчдыг ахалж явсан хөтөч бүсгүй талхан дээр чанамал түрхэж, өндөг шарснаар Мөрөнг орхилоо. Уг нь буугаад л мордох газар тул хөнгөн шуурхай үйлчлэх ёстойсон.
Аялал жуулчлалаар мөнгө олж байгаа гэхэд арай дэндүү үйлчилгээг энд харав. Гэхдээ цаашаа Хатгал ороход үүнээс илүү зүйл хүлээж байгаа гэж санасангүй. Үйлчилгээ муу хэмээн гомдол гаргахад Мөрөнгийн нэгэн залуу “Та нар Хатгалыг ямар гэж бодно. Хүн болгон нь жуулчдаас хэдэн төгрөг яаж салгах вэ гэж хичээдэг. Тэндхийн хүүхдүүд айхтар шүү” гэж хэлсэн юм.
Үнэхээр л Хатгал орох замын дагуу бяцхан хүүхдүүд юм зараад зогсож байх юм. Аадар бороон дунд “Нэрс аваарай, нэрс аваарай” хэмээн зогсох хүүхдүүдийг харсан гадаад битгий хэл дотоодын жуулчдын толгойд “Хүүхдийн тэвчишг үй хөдөлмөр” гэсэн үг өөрийн эрхгүй орж ирэх бөгөөд өрөвдсөндөө машинаа зогсоож, зарж байгаа барааг нь худалдан авна.
Үнэндээ тэдэнд хүүхэд нас гэж алга. Гадны хүн хараад ичиж, бишүүрхдэг хөдөөний ориг хүүхэд ч тэнд байхгүй. Тав, зургаахан настай ч нүдэнд нь хэдийнэ шунал шингэж, хүнийг аль болох хуурч мэхлэхийг бодож байгаа нь анзаарагдана. Борооноор гэртээ байж болдоггүй юм байх даа гэж санаа зовтол нутгийн нэгэн бүсгүй “Харин ч бороо орж, шуурга шуурахаар хүүхдүүдээ гаргана шүү дээ. Хүмүүс өрөвдөөд бараа нь сайн гүйдэг юм” гэж байна.
Үнэхээр эх орны нэр хүнд, аялал жуулчлалын ашиг орлогыг унагааж байгаа газар тэнд л байна. Харин эх дэлхий Хөвсгөл аймагт харамгүй сайхан байгаль хайрлажээ. Цэв цэнхэр Хөвсгөл нуур, ой хөвч уул. Аялагч жуулчлагч бүрийн мөр өөдлийн газар. Энд Монголын хамгийн том, Азид хоёрт орох цэнгэг уст Хөвсгөл нуурыг үзэж, Монголын хамгийн том хөлөг онгоц “Сүхбаатар”- аар аялна гэдэг сэтгэл хөдөлгөхгүй байхын аргагүй.
Гэвч дахиад л асуудалтай тулгарна. Усан онгоцонд сууж, нуурын үзэсгэлэнг тольдон, зураг хөрөг даруулах хүсэлтэй очсон хүмүүст тасалбараа худалдаж авах нь хүртэл төвөгтэй. Хатгал руу оронгуут зарлалын самбар байх хэдий ч “Өдөр бүрийн 12.00 болон 15.00 цагт усан онгоц хөдөлнө” гэхээс өөр мэдээлэл байхгүй. Тэр хавиар л нэг тасалбараа хаанаас авах вэ гэж төөрч будилсан хүмүүс хөлхөж, бие биенээсээ сураг ажиг тавина.
Утасны дугаар олж залган асуухад “Хүүхэд 10 мянга, том хүн 23 мянга” гэж хэлээд л уцаарлан утсаа шидэж орхих аж. Ирсэн зочдыг угтан, хүлээж авахгүй юм аа гэхэд тосгоныхоо газрын зургийг англи, монгол тайлбартайгаар хадаад, аяллын маршрутаа танилцуулсан сурталчилгаа хиймээр. Ганц нэгээрээ яваа гадаадын жуулчид бол харь гаригт очсон мэт л ертөнцөөс тасарч, овсгоо муу хөтөчтэй хэд нь төөрч алхсаар л таарна.
Үзэсгэлэнт сайхан Хөвсгөл нуур, ой хөвч уул гэсэн байгалийн сайхнаараа олон түмнийг татаж, аялал жуулчлалын бизнесээр ард олныхоо амьдралыг сайжруулах боломж Монголын ямар ч аймгаас илүү Хөвсгөлд л байна. Харин тэдэнд монгол хүний зочломтгой сайхан зан, өгөөмөр сэтгэл л дутагдаж байна.
Ингэж будилсаар эрхбиш эх орондоо байгаа юм хойно “Сүхбаатар” онгоцоо олж очлоо. Харин онгоцонд суух тасалбарыг зарах гэж тэнд багахан хэмжээний дайн болдог юм байна. Тусгайлсан байр гэж үгүй, жирийн саравчинд нэг залуу тасалбар зараад зогсож байна. Хариулт мөнгө халааснаасаа гаргах, тасалбарыг өгөх гээд үйлээ үзэж байх юм.
Андуурч сольж, хүнд буруу юм өгчихөөд араас нь “Хөөш, наадах чинь чинийх биш. Аваад ир” гээд л загнана. Өглөөнөөс эхлэн зарж борлуулбал ийм дараалал үүсэхгүй дээ гэж бодовч “Сүхбаатар” хөлөг онгоц зогсоолд орж ирэхэд л энд тасалбар зарж эхэлдэг юм байна. Яагаад тасалбар зарах газар нээгээд, тогтмол ажиллуулж, цахимаар худалдаа хийж болдоггүй нь гайхалтай. Уг нь Монголдоо ганц хөлөг онгоцны үйлчилгээг сурталчилсан, ойлгомжтой зарлалын самбар хийгээд тавих тийм ч хүнд ажил биш.
Ёстой л “Үзвэл үз, байвал бай” гэсэн Хатгал нутгийнхны аархал ил тод харагдана. Уг нь бол “Сүхбаатар” онгоцонд суухад 0-8 насны хүүхэд, өндөр настан үнэ төлбөргүй, 8-12 нас хүртэл 10.000 төг, 12-оос дээш бол 23.000 төгрөгөөр үйлчилдэг, боломжийн үнэтэй. Ихэрүүд болон төрсөн өдөр нь таарсан хүнд үнэгүй үйлчилдэг, хөлөг дээр дууны тэмцээн зохиох гээд л юм сэтгэж, хийж байгаа зүйл байна.
Тайлбарлагчийн яриа “Онгоцон дээр титаникдэж болохгүй” гэсэн үгээр эхлэх бөгөөд энэ нь алдарт “Титаник” киног дуурайн зургаа авахуулах гэсэн хүүхэд, залуус их байдгаас болсон бололтой. Англиар тайлбарлахгүй ч хөтөчтэй жуулчдад бол бэрхшээл байхгүй. Харин хөлгийн ахмадын яриа хүний сэтгэлд сэв суулгахаар аймшигтай аж.
“Энэ хойно төдөн онд онгоц живсэн, тэр урд машин живж, төдөн хүн амь насаа алдаж байлаа” гэсэн дан хар бараан зүйл ярьж, өрөөнөөсөө хуучны эвдэрхий сандал гаргаж ирээд живсэн онгоцных хэмээн сайрхах нь үзэсгэлэнт байгальд амарч яваа хүмүүст огт таалагдсанг үй. Гадаадын жуулчид ахмадын яриаг сонсоод айж эмээж байгаагаа ч нуухгүй байлаа. Тэгээд ч өнгө будаг нь халцарсан хөлөг онгоц их юм бодож очсон хүмүүсийн санаанд хүрсэнгүй. Нэг удаад 50 хүнд үйлчилдэг гэхээр уг нь онгоцоо засах хөрөнгө баймаарсан даа. Хатгалд хийдэг хоол бүхэн шорвог.
Баруун аймгийнхан давс ихтэй хоол иддэг байж болох ч аялагч жуулчдад зориулан, аятайхан хоол хийж болмоорсон доо. Монгол үндэсний хоол идэх хүсэлт гаргасан гадаадын жуулчидтай хамт хорхог идэхээр боллоо. 250 мянган төгрөгийн үнэтэй хорхог тал нь түүхий байсан ч үйлчлэгч залуус “Аа муусайн гадаадынханд юу ч өгсөн яадаг юм. Угаасаа наадуул чинь бараг иддэггүй юм” гэж хээв нэг хэлж байх юм.
Хорхогны үнийг буулгах гэсэн ч хөдлөөгүй мөртлөө үлдсэн махыг нь аваад яваад өглөө. Уг нь аялал жуулчлал гэдэг бол хүнд үйлчилдэг салбар. Хэн сайн үйлчилж, үнэ мөнгөний уян хатан бодлого явуулж байгаа нь хожих гэсэн зах зээл, өрсөлдөөн тэнд алга. Нэг нутгийн хэдэн айлууд үнэ тогтоогоод байгаа тул үйлчилгээ сайжрах нь тэдэнд огт хамаагүй.
Тэндхийн айлууд жуулчдыг гэртээ буулгаж мөнгө саах дуртай боловч сэтгэлд хүртэл үйлчлэх тухайд ойлголтгүй. Бид хөдөөний хээг үй, сайхан эр бүдүүн хадуун зангаа гаргаж байна даа гэж бодох ч зочноо хүндэлж сурсан гадаадынханд бол хачирхалтай санагдаж байгаа нь ойлгомжтой. Хатгалын жуулчны баазад ажиллаж байгаа хүмүүсийн амнаас “Хэдэн хужаа, солонгос эмээ, өвөө, шонхрууд, халтарууд” хэмээн арьсны үзлээр ялгаварласан үг байнга гарна.
Аялал жуулчлалын салбар дан харилцаан дээр суурилдаг бизнес тул энэ мэтийн алдааг засаж, зочин, гийчин гэх мэт үг нэвтрүүлэн, хэрэглэж хэвших шаардлагатай байна. Гадаад, дотоодын жуулчдын хөлд даруулсан Хөвсгөл нутгийнханд хүнтэй харилцах хичээл заах цаг нэгэнт болжээ. Мэргэжлийн үйлчилгээний ажилтан биш нутгийн иргэд гэдэг нь ойлгомжтой ч харьцаагаа сайжруулж, соёлжин, ухамсраа дээшлүүлж, жудагтай байхг үй бол нийслэлээс нэг компани салбараа нээхэд л хамаг үйлчлэгчийг нь хамаад авчих цаг ойрхон байна.
Үзэсгэлэнт сайхан Хөвсг өл нуур, ой хөвч уул гэсэн байгалийн сайхнаараа олон түмнийг татаж, аялал жуулчлалын бизнесээр ард олныхоо амьдралыг сайжруулах боломж Монголын ямар ч аймгаас илүү тэнд л бий. Харин тэдэнд монгол хүний зочломтгой сайхан зан, өгөөмөр сэтгэл л дутагдаж байна. “Найрсаг Улаанбаатар” гэдэг шиг “Элэгсэг Хөвсгөл”, “Инээмсэглэсэн Хатгал” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж болмоор юм шиг.
Энэ зун 70 мянган жуулчин ирсэн гэхээр ирэх жил тоо нь улам өсөх нь ойлгомжтой. Харин тэднийг үргээлгүй, тогтоож, жил бүр ирдэг болгох нь Хөвсгөл нутгийнхны зорилго. Хол ойрын зочид цугларсан энэ нутагт байгалийн сайхан бүрэлдэн тогтсон шигээ хүний найрсаг сайхан харьцаа байвал утаагүй үйлдвэрлэлээр улам хөгжих ирээдүй байгаа.