“Хөдөлмөр амралтын зуслан” гэх нэр томъёо шинэ зууны багачуудад пянз, “араажав” шиг л хол хөндий, мэдэхгүй танихгүй зүйл шиг санагдана. Харин эцэг эхчүүдэд эл нэр өмнөх нийгмийн үеийн өнгөрч улирсан түүхийг сануулах, дурсамж сэргээсэн газар. Ургах нартай уралдан босоод үнээгээ сааж, өдөр нь ногооны талбайн зэрлэг зулгааж, хөлсөө дуслуулан хүнсээ базаасны дүнд хүүхдүүд аяга тараг, ширхэг ногоо ч ямар их хүч хөдөлмөрөөр бий болдгийг ойлгож, тэр хэрээр хөдөлмөрийн үнэ цэнийг ухаардаг.
Тиймдээ ч нүүдэлчин ахуйгаас холдож, малчдын өдөр тутмын ажлын талаар төсөөлөлгүй болсон орчин цагийн багачуудад хөдөлмөр амралтын зуслан хэрэгтэй гэж үзэх эцэг эхчүүд ч цөөнгүй байдаг юм билээ. Утасны сүлжээ байтугай цахилгаангүй газар сурагчдыг гэрт байрлуулж, үнээ саалган, мод хагалуулж, хоол хийх ажилд туслуулдаг “Хөдөлмөр” зуслангийн талаарх мэдээлэл эрхгүй анхаарал татав. Тус зуслан “Шинэ Монгол” дунд сургуулийн харьяа аж. Өдгөө Орхон, Увс зэрэг аймагт хөдөлмөр амралтын зуслан үйл ажиллагаа явуулж буй ч монгол ахуйгаас хамгийн их холдсон нийслэлийн багачуудад зориулсан эл төрлийн зуслан “Хөдөлмөр”-өөс өөр байдаггүй юм билээ. Тиймээс “Шинэ Монгол” дунд сургуулийн захирал П.Наранбаярын хариуцан ажиллуулж буй тус зуслан руу хүлгийн жолоо заллаа.
10.00 Гурван жилийн өмн ө байгуулсан “Хөдөлмөр” зусланд түрүү жилээс Японы сурагчид ирж амрах болсон гэнэ. Төв аймгийн Баянчандмань сумын Доргонотын аманд байрлах зусланд амрахаар ирсэн япон сурагчид 10.00 цагт “Шинэ Монгол” дунд сургуулийн урдаас хөдөллөө. Энэ жил Ивакура хотоос 14 сурагч, гурван багш ирсэн байв.

10.20 “Хөдөлмөр” зусланд амрах сурагчид хөнжил, даавуугаа бэлдэж очдог. Япон сурагчид ч мөн адил хөнжил, мешокоо бэлдэж очих ёстой ч энэ удаагийн аялалд оролцогчид амжаагүй гэнэ. Тиймээс П.Наранбаяр багш япон сурагчдад гудас, хөнжил бэлдэх ажлыг хариуцан үлдлээ. Багш нар япон сурагчдын хөнжил, гудсыг цуглуулан машинд ачиж байх үеэр “Шинэ Монгол” сургуулийн дунд ангийн сурагч гэрээсээ хөнжил авчирч, тусалж байгаа харагдсан.
11.00 Тоо ёсоор хөнжил, гудас цуглуулж дуусаад бид зусланг чиглэн замдаа гарлаа. Хөнжил, гудас бэлдэн зогсох зуур хүүхдээ “Шинэ Монгол” сургуульд элсүүлэх хүсэлтэй эцэг эхчүүд элсэлт, бүртгэлийн талаар лавлахаар П.Наранбаяр багштай уулзаж, бидэнд үг солих зав бараг л гараагүй юм. Тиймээс замд гарсан даруй би “Хөдөлмөр зусланд өөр сургуулийн сурагчид амарч болох уу” гэж асуун, тус зуслангийн талаар мэдээлэл цуглуулах ажилдаа оров.
“Манай сургууль сурагчдад зөвхөн мэдлэг олгох бус, бие бялдрын хөгжил, зөв хүмүүжлийг эн тэнцүү олгохыг гол зорилгоо болгодог. Тиймээс бие бялдрын болоод зан төлөвшлийн хүмүүжил олгох зорилгоор тус зусланг байгуулсан. Манай сургуулийн сурагч бүр 6-10 дугаар ангидаа “Хөдөлмөр” зусланд 8-10 хоногийн хугацаатай амардаг. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд нэг ээлжиндээ дунджаар 40-50 хүүхэд амраадаг. Тиймээс зөвхөн манай сурагчид уг зусланд амарч байна” хэмээн тэрбээр зуслангаа танилцуулсан.
12.00 Үд дунд бид Баянчандмань сумын төвд түр саатлаа. П.Наранбаяр багш зуслангийн асуудлаар тус сумын Засаг дарга Б.Баярнэмэхтэй уулзахаар Засаг даргын тамгын газрын байрыг зорив. Зам зуур “Орон нутагт үйл ажиллагаа явуулахад тухайн орон нутгийн иргэд, удирдлагын дэмжлэгээс их зүйл шалтгаалдаг. Харин Баянчандмань сумын Засаг дарга биднийг ажлыг талархан хүлээн авч, зөвшөөрөл олгосноор барахгүй гурван жилийн турш дэмжиж, их тусалж байгаа” хэмээн танилцуулахаа ч мартсангүй. Засаг даргын өрөөнд ороход бидний тун уриалгахан хүлээж авлаа.
Тэрбээр зуслангийн ажилтай танилцахаар явж байгааг минь сонсоод “Ж.Галбадрах багш намайг засаг даргын ажлаа хүлээн авахаас өмнө зуслан байгуулахаар газар эзэмших зөвшөөрөл хүсээд байсан юм билээ. Хөдөлмөр амралтын зуслан байгуулж, хүүхдүүдийг монгол ахуйтай танилцуулна гэсэн санаа нь надад их таалагдсан учир дэмжсэн. Гурван жилийн турш хамтран ажиллаж байна. П.Наранбаяр багш энэ сурагчдаараа хонь хариулуулахаар төлөвлөж байгаагаа хэлээд хүсэлт гаргасан юм. Бид нутгийн иргэдтэй ярилцаж, тохироод хариулах мал бэлдсэн байсан боловч энэ жил зуншлага муу, гандуу байсан учир ажил болгож амжсангүй” хэмээн хамтын ажиллагааныхаа талаар товчхон танилцуулав.

Харин П.Наранбаяр багш сурагчдыг амарч байх хугацаанд нутгийн туульчдаар тууль хайлуулж, сурагчдад ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн дэлхийн жагсаалтад багтсан монгол ардын аман зохиолын нэн эртний төрөлтэй танилцуулах ажил зохион байгуулах хүсэлтэй байгаа бөгөөд үүнд орон нутгийн удирдлагын дэмжлэг хэрэгтэйг ярилаа. Түүнчлэн жуулчдад зориулсан хуанли хийх ажилд Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах хүсэлтэй байгаа аж.
Хэдийд ямар ургамал цэцэглэдэг, тухайн ургамал ямар онцлогтой, нутгийн аль хэсэгт түлхүү ургадаг гэх мэтчилэн жуулчдад хэрэгтэй сонирхолтой мэдээллийг багтаасан хуанлиг сурагчид өөрсдөө хийх тул нэг талаас тэдэнд эх орныхоо газарзүйн онцлогийг судалж, мэдлэгийг өөрсдөө бүтээлчээр олж авах боломж бүрдүүлэх бол жуулчдад хэдийд хаана очвол байгалийн сонирхолтой бүтээлтэй танилцаж болох талаар гарын авлага болох чухал ач холбогдолтой ажил гэнэ. Уг хоёр асуудалд Засаг дарга Б.Баярнэмэх тусалж ажиллахаа амласнаар бид цааш хөдөллөө.
12.30 Нар дээр хөөрч, зулай дээрээс халуу төөнөж байх үеэр бид зуслангийн авто зогсоолд ирлээ. Сурагчид багш нарыгаа ирэх үед хаалганы хоёр талд эгнэн зогсож, хүндэтгэл үзүүлдэг юм билээ. Харилцааны соёл мэндлэхээс эхэлдэг. Тиймдээ ч тус сургууль мэндлэх ёсыг чухалчилдаг аж. Сурагчид багш нараа хүндэтгэн мэхийн мэндэлсний дараа Нараа багш (сурагчид багшийгаа ийн дууддаг аж) эгнэн зогссон сурагчдаасаа “За даарсан уу, олон хоног бороо ороод зутрав уу” хэмээн дотночлон асууна.

Авч ирсэн ундаануудаа энэ удаагийн ээлжийг хариуцан ажиллаж буй биеийн тамирын багшид өгөөд “Багш нь ундаа авчирсан уугаарай” гэхэд хүүхдүүд “Ашгүй дээ, уух юм олдохгүй байсан юм” хэмээн амамандаа шаагилдана.
13.00 Эргэхээр ирсэн ээж, аавдаа эрхлэх адил сонин сайхнаа хуучлах сурагчид удалгүй жагсаж, өдрийн хоолоо идэхээр явлаа. “Хөдөлмөр” зуслан ганцхан тогоочтой. Ногоо арилгаж, хэрчих, гурил зуурч элдэх гээд туслах ажлыг охид дөрвөн бүлэгт хуваагдан жижүүрлэж, ээлжлэн хийдэг аж. Хоолны үеэр аяга таваг, халбага сэрээ тараах ажлыг ч жижүүр охид амжуулдаг. Ээж аавынхаа “Хоолоо идээрэй” гэх дуудлагаар ширээний ард сууж, тухалдаг бол энд мод хагалж, усыг нь зөөн, гурилыг нь зуурч, ногоог нь бэлдэж өөрийн чадахаар хоол хийхэд оролцсон учир хоол бүрээ амтархан иддэг нь илт. Зуслангийн даамал өвөөгийн сонирхуулснаар хөвгүүд заримдаа гурван таваг хоол идчихдэг гэнэ. Гадаа дэвсгэр дээр үеийн найзуудтайгаа зэрэгцэн сууж хооллох нь хүүхдүүдэд соньхон, зугаатай байдаг бололтой.
14.00 Хоолны дараа аяга угаах ажлыг ч тогооч багшийг гар хүргэхгүйгээр жижүүр охид амжуулчихдаг. Харин хөвгүүд аяга угаах ус бүлээсгэх ажлыг хариуцна. Мод хөрөөдөж, хагалан, өглөө оройдоо ойролцоох булгаас морин тэргээр ус зөөдөг гэнэ. Энэ жил гандуу байгаа учир ундны усаа авдаг булаг нь ширгэж, нэг км гаруй зайтай байрладаг жуулчны баазын худгаас ус зөөж байгаа гэсэн. Жижүүр нь ажилдаа шамдаж байх зуур бусад хүүхдүүд сагсан бөмбөг гар бөмбөгийн талбайд тоглоно. Харин П.Наранбаяр багш зуслангийн ажилтай танилцлаа.

Тус зусланд таван гэрт хүүхдүүд охид, хөвгүүдээр хуваагдан байрладаг. Хамгийн сонирхолтой нь ээлж солигдох бүрт аль нэг гэрийг буулгаж, шинээр барина. Тэгэхдээ бүр энэ ажилд хүүхдүүд гар бие оролцдог гэнэ. Япон сурагчдад танилцуулахаар биднийг очсон өдөр урдаасаа хоёр дахь гэрийг буулгаж, дахин барихаар боллоо. Тэнд бас номын сан бий. Хөвгүүд ихэвчлэн сагсан бөмбөгийн талбайд өнждөг бол охид адал явдлаар дүүрэн ертөнцөөр аялж, номын сангийн дэргэд хоргодно.
Нараа багш даамал өвөөгөөс “Ойрын өдрүүдэд бороотой байсан болохоор та хэд маань зутрав уу” хэмээн асуухад “Манай хүүхдүүд бороотойд ч сагсан бөмбөгийн талбай дээрээ л өнждөг юм. Шалба норчихоод гэр рүүгээ гүйж орж хувцсаа сольчихоод л гараад ирнэ” хэмээн инээмсэглэн хариулсан. Даамал өвөөгийн өгүүлснээр хүүхдүүд бороотой өдрүүдэд ч зугаатай өнждөг гэнэ. Бүр усархаг борооноор нүцгэлчихээд толгойгоо, зарим нь хоолны байшингийн дээврээс урсах усан дор зогсон биеэ угааж байсан удаатай гэнэ.
15.00 Хүүхдүүд өглөө 08.30 цагт босож, зуслангийн хашаагаа тойрч гүйгээд, 09.00 цагт өглөөний унд уух гэх мэтээр өдрийн дэглэмтэй байдаг гэнэ. Харин өнөөдөр япон сурагчид ирсэн тул гэр буулгаж, барьж, тэдэнтэй танилцаж, хамт тоглох гээд цагийн хуваарь нь урьд өдрүүдийнхээс өөрчлөгджээ. Өдрийн хамгийн том бөгөөд чухал ажил бол гэрээ буулгаж, барих.
Зуслангийн даамал өвөө, ээлж хариуцсан биеийн тамирын багш ахлан гэрийн бүрээс, туургыг тайлж, унь буулган, тэр бүртээ хүүхдүүдэд хэрхэн тайлж буулгах, бас буцааж барихыг нэг бүрчлэн тайлбарлана. Япон сурагчид ч унь өлгөж, монгол ахуйтай танилцаж байгаа харагдсан. Багш нарынхаа үгийг анхааран чагнаж байсан сурагчид удалгүй анхаарал сарниж, хоорондоо тоглож эхэллээ. Нараа багш “Хүүхдүүд л болсон хойно тоглохоо түрүүнд тавьдаг юм. Энэ ээлжинд зургадугаар ангийнхан амарч байгаа.

Анги дэвшиж, зусландаа олон дахин амрах бүрт хүүхдүүд суралцдаг” хэмээсэн. Унь өлгөх завсраар сагсан бөмбөгийн талбай руу гүйж, хөөцөлдөн тоглох тул гэр барих ажил ч нэлээд сунжрав. Саяхан л хоёр талд бөөгнөж, бие биенээсээ дөлж байсан монгол, япон сурагчид энэ үеэр хэдийнэ нөхөрлөөд эхэлчихэж. Хоорондоо танилцаж, хөвгүүд “Би хамгийн хурдан гүйдэг нь, би хамгийн чадалтай нь” хэмээн япон охидод өөрийгөө танилцуулж байгаа харагдсан.
Хүүхдүүдийг гэр барьж байх зуур “Шинэ Монгол” сургуультай хамтран ажиллаж, сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж буй Олон улсын аялал жуулчлалын солилцооны нийгэмлэгийн тэргүүнтэй уулзаж Монголын талаарх сэтгэгдлийг нь сонирхлоо.
-Сурагч солилцооны эл хөтөлбөрийг Ивакура хотынхон хэр сайн мэддэг вэ?
-Бид хөтөлбөрийнхөө талаарх мэдээллийг дунд сургуулиудаар явж танилцуулдаг. Сургуулиар ормогц л энэ жил Монгол руу явна биз дээ гэж асуудаг. Энэ жил 60 гаруй сурагч Монгол руу явах хүсэлт гаргасан. Ийм хүсэл эрмэлзлийг харгалзаж, мөн багаар ажиллах чадвар зэргийг нь харж байгаад солилцоогоор явах сурагчдаа сонгосон.
-Танай нийгэмлэг өөр ямар ямар оронд сурагчдыг солилцоогоор явуулдаг вэ?
-Сурагчдад зориулсан хөтөлбөрийг зөвхөн Монголд хэрэгжүүлж байна. Эл хөтөлбөр маань хоёр орны хүүхдүүд хоорондоо нөхөрлөх боломж олгохоос гадна япон хүүхдүүдийг амьдрах чадварт сургадаг, унаган байгалийг үзүүлдэг гээд олон талын ач холбогдолтой. Тиймээс ч хотын захиргаа биднийг дэмжиж санхүүжүүлдэг.
Зөвхөн Монголд ирсэн хүүхдүүд төдийгүй солилцоогоор очсон монгол хүүхдүүдийг гэртээ байрлуулсан айлууд ч энэ жил дахиад монгол хүүхэд гэртээ байрлуулмаар байна гэж их дуртай хүлээж авдаг.
-Японд үүн шиг хөдөө байрладаг зуслан бий юү?
-Хотод барилгад хүүхдүүдийг хүлээн авч, элдэв сургалт, арга хэмжээ зохион байгуулдаг зуслан байдаг ч Монголынх шиг ийм хөдөө байрладаг зуслан байхгүй. Зусланд амрахаар ирсэн хүүхдүүд ч Монголд ирээд хамгийн их сэтгэл хөдөлгөсөн зүйл бол байгаль хэмээн найзууддаа сонирхуулж байсан. Бас монголчуудын огт танихгүй атал хэзээний дотно найз нөхөд юм шиг элгэмсэг хүлээн авдаг байдал таалагдсан гэсэн.
Үнэхээр ч гэр барьж дуусах үед л япон хүүхдүүд монгол сурагчидтай найзалчихаж. Нараа багшийн хэлснээр тэд маргааш нь гэхэд л бие биенээсээ алхам ч холдохгүй дотно болчихдог гэнэ.
17.00 Монгол найзууддаа зориулж үдийн хоолны дараа цаасан шувуу урлаж байсан япон сурагчид түүнийгээ хөөргөх гэнэ. Харин түүнээс өмнө жижүүр охидын, тогооч багшийнхаа хамт бүрсэн таргийг уух цаг болжээ. Өмнөх зуунд эзэгтэй бүр сүүгээ боловсруулж, тараг, ааруул, аарцаа бэлдчихдэг байсан бол өнөө үед хотын эзэгтэй нар энэ ажлаас ихэд төсөөрсөн нь нууц биш.
Харин “Хөдөлмөр” зусланд амарсан сурагчид үнээ сааж, сүүгээрээ цагаан идээ боловсруулж сурдаг гэнэ. Тэр ч байтугай хөвгүүдэд хонь гаргах, мах эвдэхийг ч заадаг аж. Маргаашийн хөтөлбөрт хонь гаргах ажил багтсан. Энэ удаагийн ээлжийнхэн эхний жилээ амарч байгаа тул хонь гаргах ажилд туслалцуулна гэсэн. Харин анги ахих тусам амь таслахаас бусад ажлыг гардаж хийдэг болдог хэмээн Нараа багш тайлбарласан.
18.00 Оройн сэрүү бууж, салхилж эхэлмэгц япон сурагчдын урласан цаасан шувууг тэнгэрт хөөргөх сонирхолтой бөгөөд адармаатай ажилд хүүхдүүд гар нийлэн оролцлоо. Адармаатай хэмээхийн учир нь гараар хийсэн цаасан шувуу зөв цагт уяаг нь суллаж тавихгүй бол тийм ч амархан агаарт хөөрчихдөггүй аж. Өндөрлөг хэсгээс цаасан шувууныхаа уяаг атгасан хүүхдүүд уруудан салхи сөрөн гүйж, инээд хөөр, дуу шуугиан болно.
Зарим нь модон саравчинд шинэ танилынхаа талаар хууч хөөрнө. Хүүхдүүдийн ярианд оролцохоор дэргэд нь суухад “Би том болоод зурагчин болно”, “Япон охидын нэрийн хуудсыг авсан уу. Надад тэр шар өмдтэй хөөрхөн охины нэрийн хуудсыг өгчих л дөө”, “Аав ээжийнхээ ажил дээр очих гоё шүү” гэх төрөл бүрийн сэдвээр яриа өрнүүлнэ. “Зуслан нь таалагдаж байна уу” гэх асуултад харин дуу нэгтэй “Гоё байна” хэмээн хариулсан.
Тоглож наадахын хажуугаар томчуудын ажлаас хамжилцаж, амьдралын ухаанаас суралцаж буй хүүхдүүддээ баяртай гэж хэлээд буцах цаг боллоо. Харин хүүхдүүд оройн хоолоо идэж, сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулах том ажилтай үлдсэн. Үдэш бүр 22.00 цагт унтахаар хэвтдэг тул бусад зуслангийнх шиг бүжиг зохиодоггүй гэнэ. Гэхдээ диско бүжиг зохиодоггүй гээд гомдоллодоггүй нь илт.
Сүүдрэвчинд суусан хүүхдүүд “Бид оройн тойрог хийдэг” гэж тайлбарлаад “Хөлтэй хөөртэй өдөр өнгөрч...” хэмээх дуугаа дуулж өгөхөө ч мартсангүй. Хүүхдийн зусланд болсон хөгжилтэй түүхүүд олон. Тэрэгний ганц морь нь ялаа, шумуулаа үргээх гэж өдөржин толгой сэжлэн байхыг харсан охид өрөвдөхдөө энгэсэг түрхэн хээр морио цагаан толгойтой болгож байсан удаатай гэсэн. Тэд дараагийн хөгжилтэй түүхээ бүтээхээр багш нараа баяртай хэмээн далласаар хоцорлоо.