БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Куала-Лумпур хотод болж буй АСЕАН-ы уулзалтад оролцох үеэрээ Зүүн өмнөд Азийн орнуудыг “Шинэ торгоны зам” төсөлд нэгдэн орохыг уриалж, улс орон бүр өөрт ногдох ашиг хүртэх болно гэж амлалаа. Бүх нийтийн анхаарлыг татаж, дэлхийн эдийн засаг, улс төрийн тогтолцоог бүрмөсөн өөрчилнө гэж буй “Шинэ торгоны зам” төсөл гэж юу вэ? Анх энэ төслийн санааг БНХАУ-ын дарга Си Зиньпин 2013 онд Казахстанд айлчлах үеэрээ танилцуулсан билээ.
Энэ төсөл “Шинэ торгоны замын эдийн засгийн бүс”, “XXI зууны далайн торгоны зам” гэсэн хоёр хэсэгтэй бөгөөд бүс нутгийн зам тээвэр, дэд бүтцийг хөгжүүлэх үндсэн зорилготой. “Шинэ торгоны замын эдийн засгийн бүс” нь Азийг Европ, Ойрхи Дорнодтой, далайн зам нь Азийг Зүүн Африк, Европтой холбох юм. Энэ төслийг Евразид нөлөөг өө тогтоох Өрнө, Дорнын тэмцлийн эхлэл гэж ч үзэж болно. Шанхайгаас Берлин хүртэл Хятад, ОХУ, Беларусь, Герман, Казахстан зэрэг орныг дайран өнгөрөх 12 мянган км урт, эдийн засгийн шинэ коридор байгуулах гэж байна.
Энэ коридорын дагуу хурдны төмөр зам, авто замын сүлжээ, эрчим хүчний шугам, цахилгаан, дулааны сүлжээ барин, шинэ торгоны замын дагуух хот, боомт цэцэглэн хөгжин ө гэж хятадууд ярьж байгаа. “XXI зууны далайн торгоны зам” төслийн хүрээнд Хятад улс Төв Ази, Энэтхэгийн далайгаар дамжин, Газрын дундад тэнгис, Персийн булангийн орнуудтай шууд холбогдох аж.
Энэ асар том төсөл хэрэгжсэний дараа Ази, Европ, Африк тивийг холбосон 4.4 тэрбум хүн амтай, 21 их наяд ам.долларын бараа эргэлттэй, шинэ эдийн засгийн бүс бий болох юм. Хятад улс “Шинэ торгоны зам” төслийн зам тээвэр, дэд бүтцэд 40 тэрбум ам.доллар гаргаж, дайран өнгөрөх улс орнуудад зээл тусламж, хамтарсан төслийн шугамаар найман их наяд ам.доллар өгөх гэнэ.
Маш их мөнгө. Тийм болохоор л эдийн засгийн хямралд буй Төв Азийн улс орнууд энэ төсөлд оролцож, эх орноороо дайруулахын төлөө зүтгэж байна. Иран, Турк, Египет, Пакистан улс хэдийнэ оролцохоо мэдэгдэж, АНУ л байдлыг харзнасан маягтай байх аж. Харин Казахстан, Азербайжанд төсөл хэдийнэ хэрэгжээд эхэлсэн. Ерөнхийлөгч Н.Назарбаев Алматыгаас Хятадын Хоргос хүртэлх хурдны замын Казахстан дахь хэсгийг 2016 он гэхэд ашиглалтад оруулна гэж мэдэгдсэн бол Хятадын тал өөрийн хэсгийг хэдийнэ бариад дуусчихсан байгаа аж.
“Шинэ торгоны зам” төслийн хүрээнд Шихэцзы (Хятад)-Достык (Казахстан) - Актау-Аляты (Азербайжан) чиглэлээр ачааны хурдан галт тэрэгний туршилтыг өнгөрсөн сард хийлээ. Долдугаар сарын 28-нд Хятадаас гарсан галт тэрэг тавхан хоногийн дараа Актау-Алятыд ирсэн байна. Өмнө нь энэ чиглэлд ачаа тээвэрлэхэд 25-40 хоног зарцуулдаг байжээ. Ирэх есдүгээр сард ХятадКазахстан- Азербайжан-Гүрж-Турк чиглэлээр дараагийн туршилтын галт тэргийг аялуулахаар төлөвлөж байна.
ДЭЛХИЙ ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨХ ВЭ
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том төсөл болох “Шинэ торгоны зам”-ыг хэрэгжүүлэхэд олон арван жил, маш их хөрөнгө мөнгө шаардлагатай нь ойлгомжтой. Энэ төсөл дэлхийг хэрхэн өөрчлөх талаар тодорхой шинжилгээ судалгаа байхгүй ч том хөрөнгө оруулагч, компаниуд ашиг олохын тулд төсөлд нэгдэн орохоор зүтгэж буй нь илт байна.
Хятад улсын санаачилгаар байгуулагдсан Азийн дэд бүтцийн хөгжлийн банк ч энэ төслийн ажилд л зориулан хөрөнгө гаргана гэдгээ зарласан. Ийм том хэмжээний төслийг хэрэгжүүлэх замд саад бэрхшээл олон тохиолдох нь гарцаагүй. АНУ, Барууны орнууд ч шинэ төслийг зүгээр хараад суухгүй нь ойлгомжтой. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Хэрэв бид энэ бүс нутагт дүрэм журмаа тогтоохгүй бол Хятад биднээс урьтах болно” хэмээн анхааруулсан байдаг. Гэхдээ дэлхийн эдийн засгийн өсөлт бараг зогсож, Европ хямралаас гарах мөдгүй байгаа энэ үед Хятад шиг хөрөнгө мөнгөтэй улс алга болжээ.
“Vale” мэтийн уул уурхайн олон компани үндсэн ажлаа орхин, шинэ хурдны зам барихад хэдий хэмжээний мөнгө орох бол гэдгийг тооцоолж эхлээд байна. “Шинэ торгоны зам” төсөл хэрэгжиж эхэлснээр уул уурхай, барилгын салбар дахин цэцэглэн мандах юм. Энэ төсөл олон тооны ажлын байр бий болгон, эдийн засгийн бараг бүх салбар хөгжиж, худалдаа наймаа өсөх нь гарцаагүй. Мөн эдийн засгийн үр ашгаас гадна технологи, соёлын солилцоо урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрэх болно.
МОНГОЛД ЮУ ОНОГДОХ ВЭ
“Шинэ торгоны зам” төслийн маршрутыг харахад Монгол Улсыг дайраагүй тойроод гарсан байх аж. Мэдээж, 2013 онд анх Си Зиньпин төслөө танилцуулж байхад түүнд итгэхгүй хүн олон байсан. Казахстан гэхэд л “Шинэ торгоны зам”-ын үр дүнд улс орноо Хятадын хямд бараанд даруулж, хятад ажилчдад эзлэгдэнэ гэж болгоомжилж байлаа. Тэгвэл одоо Казахстан улс төслийг ашигтай хэмээн үзэж, аль болох идэвхтэй оролцохыг хичээж байна. Харин хойд хөрш ОХУ-д Хятадтай санал нийлэхгүй зүйл олон бий.
Нэгдүгээрт, ОХУ-ын байгуулсан Евразийн эдийн засгийн холбоо нь үнэндээ Хятадын “Шинэ торгоны зам” төсөлтэй тун төстэй. Даанч хуучин ЗХУ-ын үеэс уламжилж ирсэн, хүнд суртал, зохион байгуулалт муутайгаас газар авалгүй, байрандаа эргэлдээд байгаа. Харин Монгол Улс “Талын зам” төсөл хоёр хөршдөө санал болгоод сууж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санал болгосон энэ төсөл нь Орос, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг холбосон авто зам, төмөр зам, газрын тос болон хийн хоолой, эрчим хүчний шугамыг онцлох “Таван шугам” хэмээн нийтэд нь “Талын зам” хэмээн нэрийдэж буй.
Харамсалтай нь хоёр хөрш маань байгалийн хийн хоёр ч том хоолойг манай нутгаар дайруулахгүй байхаар шийдвэрлэсэн нь байгалийн хийтэй болж, Европ Азийг холбосон транзит тээврээс мөнгө цохиод сууж байх гэсэн манай мөрөөдлийг хийсгэсэн билээ. Хятадын “Шинэ торгоны зам” төсөл ч Монголыг зүүн, баруунаар тойрч гарахаар зураг, төлөвлөгөө хийгдсэн нь “Талын зам” төсөл бүтэхгүй болсныг харуулав. Гэхдээ хятадууд “Шинэ торгоны зам” төслийн хүрээндээ ОХУ-Монгол-Хятад гэсэн эдийн засгийн коридор байгуулахыг санал болгож, энэ нь хөрш гурван орны хамтын ажиллагааны шинэ шат болно гэж мэдэгдсэн.
Хэрэв энэ төсөл хэрэгжвэл манайд 997 км хурдны зам, тус бүр 1100 км эрчим хүчний шугам, байгалийн хий болон газрын тос дамжуулах хоолой барих дэд бүтцийн ажил зэрэг их бүтээн байгуулалт хийх юм. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд, “Манай гурван улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх асар их боломж бий. Бидний санал болгосон ОХУ-Монгол-Хятадын эдийн засгийн коридор нь манай “Шинэ торгоны замын эдийн засгийн бүс”, Монголын “Талын зам”, ОХУ-ын “Евразийн эдийн засгийн коридор” төслийн үзэл санааг нэгтгэсэн ажил хэрэг болох юм” гэж дурдсан байна.
Нэг талаас харахад Хятадын тал манай төслийг дэмжиж байгаа мэт боловч нөгөө талаас өөрийн “Шинэ торгоны зам” төсөлдөө шингээн оруулж байгаа бололтой. Тэд Монгол, Оросын Засгийн газар ийм хамтарсан коридор байгуулах шаардлагатайг ойлгон хүлээж авч, дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн. Энэ санал ч бас шинэ зүйл биш. Хятадууд Монгол, Орос улстай аялал жуулчлалын “Торгоны зам”, “Цайны зам” төсөл хэрэгжүүлэх гэж олон жил оролдсон. “ОХУМонгол- Хятадын эдийн засгийн коридорийг эдийн засгийн талаас нь авч үзэхэд Хятад, Орос хоёрт л хамгийн ашигтай. Монгол жирийн нэг хамтрагч чигээрээ үлдэнэ.
Геополитикийн талаасаа Европыг Хятадтай холбох нь зөвхөн Хятадад л ашигтай” гэж ОХУ-ын FBS компанийн эдийн засагч Денис Тетюшин үзэж байгаа юм. Гэхдээ байгалийн асар их баялагтай, Азийн төвд орших Монгол Улс эдийн засгийн коридорт нэгдэн орсноор улам хөгжинө гэж тэрбээр тэмдэглэсэн. Оросын шинжээчид “Монгол бол ЗХУ-ын үеэс л манай нөлөөний бүс нутаг.
Гурван улсын эдийн засгийн коридор байгуулснаар Монголын нэр хүнд, нөлөө өсөх болно. Москва-Бээжингийн хурдан галт тэрэгний шугам барих, Алс Дорнодын хөгжлийн төлөвлөгөөнд ч монголчууд чухал үүрэгтэй. Хятадын санал болгосон эдийн засгийн коридорыг хүлээн зөвшөөрөх нь Монгол, Орос улсад ашигтай. Учир нь ОХУ оролцох эсэхээс огт хамааралгүй хятадууд төслөө хэрэгжүүлэх болно. Хятад улс “Шинэ торгоны зам”-ын төлөө санхүү, эдийн засгийн маш хүчтэй тогтолцоо бүрдүүлж байна.
Үүнийг төсөлд оролцогч орнууд дэд бүтцийн хөгжилдөө ашиглаж болно. Мөн Малайз, Камбож, Мьянмар, Тайландын зах зээлд гарах боломжтой. Харилцан ашигтай төсөл тул заавал оролцох ёстой” гэж үзэж байна. Тэгэхээр бид ч гэсэн дэлхий ертөнцийг өөрчлөх “Шинэ торгоны зам” төсөлд багтан орж, өөрийн авах ёстой хувийг хүртэх нь зүйтэй.
Өвөг дээдэс нь үүсгэн байгуулж, хянаж байсан Торгоны замаас үр ач нар нь юу ч үгүй хоцорч таарахгүй. Яагаад “Шинэ торгоны зам” төсөл манай нутгийг алгасан гарах гэж? Энэ төсөлд оролцсоноор хөрөнгө оруулалт нэмэгдэн, бүтээн байгуулалт өрнөж, эрчим хүч, уул уурхайн салбарын хөгжил шинэ түвшинд гарна. Эцэст нь монголчууд бид хожиж үлдэх учиртай.