Монголчууд бид өнгөрөгч амралтын өдрүүдэд үндэсний өв уламжлал, ёс заншлаараа амьсгалж, бахархаж, бардамнаж өнжлөө. Улсын наадмын сонин хачны тухай яриа, уур амьсгал намжаагүй байхад болсон болоод ч тэр үү “Даншиг наадам-Хүрээ цам” наадам олон хүний анхаарлыг татсан. Нөгөө талаар Даншиг наадам гэж дуулж байснаас хэдий үеэс гаралтай, ямар утга учиртай болохыг нь нарийн сайн мэдэхгүй байсан нь тэдний анхаарлыг ийн хүчтэй татсан болов уу. Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Бурханы шашны сүм хийдүүд, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан тус наадам Соёмбот туг, Өндөр гэгээний дүрийг залснаар эхэлсэн. Энэ наадмын эрийн гурван наадам Хүй долоон худагт нэг дор болсноороо онцлогтой. Олон хүний анхаарлыг татсан нэг зүйл бол яахын аргагүй бөхийн барилдаан байсан юм. Бөхчүүд ямар нэгэн цолгүй, сугалаагаар барилдсан нь барилдааныг нэн сонирхолтой болгосон. Даваа бүрийн өмнө хэн нь хэнийгээ сугалсан бол гэж сэтгэл дэнслэн хүлээх нь наадамчин олонд таатай байлаа. Бөх сонирхогчид улсын баяр наадам гэлтгүй барилдаанууд бөхчүүдийн хэн нь хэнийгээ амлаж, хэн хэнтэйгээ тунахыг бараг урьдчилаад хэлчихдэг. Харин энэ наадамд тэгэх боломжгүй. Хоёр аварга хоорондоо таарахыг ч үгүйсгэх аргагүй. Зарим нэг барилдааны дараа наадамчин олонд тэр нь тэрийгээ найраад, тэрэнд өгчихлөө гэх хардалт үлддэг. Сүүлийн жилүүдэд үзээгүй шударга барилдаан үзэж байгаадаа наадамчин олон баяртай байгаа нь анзаарагдаж байв. Түүхийн хуудас сөхвөл Даншиг наадам нь Түшээт хан аймгийн Гомбодоржийн таван настай хүү Занабазарыг шашны тэргүүн анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжилж, Шар бөсийн хот байгуулан тахиж, их баяр наадмыг 1639 онд Цагааннуур хэмээх газар хийснээс үүсэлтэй. Энэ үеэс Долоон хошуу даншиг наадам хэмээх нэр үүссэн юм. Харин хэдий үеэс даншиг өргөх гэж нэрлэсэн нь тодорхой бус боловч ихэвчлэн “Богдод хот өргөх ёслол” хэмээн нэрлэж байжээ. Даншиг гэдэг нь монголоор бат оршил гэсэн утгатай. Шашин төрийн ёслолыг багтаасан энэ баяр нь Монголчууд Манжийн эрхшээлд байсан үед ч тасралтгүй үргэлжилсэн ба тэр үед Даншиг өргөх хэмээн нэрлэж байсан. Харин Манжийн эрхшээлд орсноос хойшхи анхны Даншиг одоогийн Богд Хан уулын Төр хурах, Шажин хурахын аманд зохиогдож байсан байна. Тэр үеэс Жавзандамба хутагтад Халхын дөрвөн аймаг, шавь таван газраас гурван жилд нэг удаа даншиг өргөх болжээ. Энэ үед Даншиг наадмаас цар хүрээгээр арай бага Тайлгын наадам буюу Арван засгийн наадмыг жил бүр зохиож байсан юм. Даншиг буюу бат оршлыг зуны сүүл сард өргөдөг байсан бөгөөд наадмын товыг Хүрээний эрдэнэ шанзодба нарын газраас сонгон, урьдаас зарладаг байсан байна. Даншиг өргөх ёслолын дэс дарааг Магсар хурцын тэмдэглэснээс харвал “Асарт сайд нар болон консулууд сууна. Асарын баруун гар талд тэргүүн сайдууд, элчин нар, зүүн гар талд дэд сайдууд сууна” гэжээ. Бат оршил өргөснийг тохиолдуулан бөх барилдах, нэхий харвуулах, хурдан морь урулдуулах наадам хийдэг уламжлалтай байсан. Халхын хэмжээний бат оршил өргөх наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд аварга, арслан цол олгож байв. Начин, заан, арслан, аварга цолны чимгийг XVIII зууны эхэн үеэс олгож эхэлжээ. Даншиг наадам болдог байх үед сайн харваачид олноор төрөн гарсан байдаг. Бадруулт төрийн 11-р он (1884) оны Даншигт Халхын 103 харваач өрсөлдсөнөөс 15 харваач 20, 13 харваач 19, 24 харваач 18, 33 харваач 17, гурван харваач 16 онож, шагнуулжээ. Тэр үед хошуу хошуудын иргэдээр тусгай сур харвах сургуулилилалт хийлгэж, шалгарсан харваачдыг нэг сарын турш Их хүрээнд давтан сургадаг байсан гэдэг. 1876 онд гаргасан сур харваны дүрэм нь 11 зүйлтэй байсан аж. Даншиг наадмын салшгүй нэг хэсэг болох хурдан морины уралдаан нь анхандаа их нас, соёлон, хязаалан гурван насны морь уралдаж байсан бол хожим нь азарга, шүдлэн, жороо морины уралдаан нэмэгджээ.
Д.ЛУВСАНЖАМЦ: МОНГОЛЧУУД ДАНШИГ НААДМЫН МӨН ЧАНАРЫГ ЗӨВ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ
Энэ үеэр Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүлэгч, гавж Д.Лувсанжамцтай цөөн хором ярилцлаа.
-Даншиг наадмыг олон жилийн дараа сэргээж байна. Энэ удаад зохион байгуулалтын хувьд юун дээр голчлон анхаарав?
-Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэ ойн хүрээнд зохион байгуулж буй олон арга хэмжээний нэг нь энэ наадам. Монголчууд бид дэлхийн хаана ч нүүр бардам бахархах баялаг сайхан түүхийн эзэд болсон ард түмэн шүү дээ. Энэ сайхан өв уламжлалаа сэргээж, ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх нь бид бүхний үүрэг юм. Тиймээс өмнө нь болдог байсан “Соёмбо” наадмыг сэргээж энэ удаад “Хүрээ цам” нэртэйгээр зохион байгуулж байна. Энэ удаагийн наадмын шашин номынх нь үйл ажиллагаанд манай сүм хийдийн лам нар ивэвхитэй оролцож байгаа. “Соёмбо” наадмын дэг ёс, өмнөх үеийн ёс заншлын дагуу зохион байгуулах тал дээр маш их анхаарсан.
-“Соёмбо” наадам хэдэн төрлөөр болдог байсан бэ? Энэ наадам бүх төрлөөр нь болж байгаа юу?
-“Соёмбо” наадам маш олон төрлөөр болдог байсан. Тэднээс энэ удаагийн наадмыг цамын дэг ёс, лам нар ном хаялцах, уншлага, балин тахил урлах зэрэг гурван төрлөөр нь зохион байгуулж байна. Зарим хүн цамыг зөвхөн бүжгээр ойлгодог. Энэ бол дотроо маш өргөн утга, агуулга бүхий өв соёл л доо.
-Дараа жилээс ямар төрлүүдийг нэмэхээр төлөвлөж байгаа вэ?
-Ном орчуулах, тайлбарлах, илтгэл тавих зэрэг олон сайхан өв соёл манай шашинд бий. Манай ард түмэн Даншиг наадмын мөн чанарыг ойлгож, утга учрыг нь сайн судалж, мэдэх хэрэгтэй.
-Нийт хэдэн лам оролцов?
-21 аймаг, нийслэл хотын 150 гаруй сүмийн 700 гаруй лам оролцлоо. Наадамчин олны сэтгэгдлээс хуваалцлаа.
БЗД-ийн иргэн М.Сарангэрэл: Хур бороо ихтэй, зуншлага сайтай үед болж байгаа болоод ч тэрүү байгаль дэлхийгээ дагаад наадамчин олны сэтгэл санаа тэнэгэр байна. Монголчууд бид үндэсний өв уламжлалаа эрхэмлэх хэрэгтэй. Би Даншиг наадам гэж сонсож байснаас ямар учиртай болохыг нь мэддэггүй байсан. Энэ наадмыг үзээд тодорхой хэмжээний мэдлэгтэй боллоо. Балин урлах, лам нарын ном хаялцаж байгаа нь их сонирхолтой санагдлаа. Зарим хүн найр наадам мундсан биш дахиад нэг нэмэгдчихлээ гэж ундууцаж байгаа бололтой. Миний хувьд тийм бодол огт төрөхгүй байна. Дараа жил болох сураг дуулсан. Заавал ирж үзнэ.
Хан-Уул дүүргийн иргэн Ш.Гомбодорж: Үнэнийг хэлэхэд миний анхаарлыг шашин төрийн ёслол нь ер татаагүй. Би бөхийн хорхойтой хүн. Бөхийн барилдааныг үзэх гэж Хүй долоон худагийг зорьж ирлээ. Бөхчүүдийг сугалаагаар барилдуулж байгаа нь их сонирхол татаж байна. Сүүлийн жилүүдэд найраагүй шударга барилдаан тун ховордоод байгаа. Харин энэ наадамд ямар ч найраа хийх боломжгүй нь барилдааныг улам сонирхолтой болгож, өрсөлдөөнийг нэмлээ.
Хөвсгөл аймгийн харъяат Л.Давааням: Монголчууд бид шарын шашныг дагснаараа хэзээ ч онож байгаагүй. Бид нар Эзэн Чингис хааны үеэс мөнх тэнгэртэйгээ харилцаж, бөө мөргөлийг шүтсээр ирсэн. Бид нар улсын наадмаараа баярлаж цэнгээд болоод байгаа шүү дээ. Бүс, аймгийн энэ болон наадмын хажуугаар бас нэг ийм наадам. Дараа жил дахиад зохион байгуулна гэж байх шиг байсан. Улсын наадмаараа баярлачихаад дахиад Даншиг наадам..... Энэ олон баяр наадам, баяр цэнгээнээ жаахан цэгцлэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй улам л нэмээд байх юм.