Монголын Бурхан шашны сүм хийдүүд Нийслэлийн ЗДТГ-тай хамтран энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Хүй долоон худагт “Даншиг наадам-Хүрээ цам-2015” наадмыг зохион байгууллаа. Энэ жилийн Улсын баяр наадмаар зуншлага нэлээдгүй гандуу байсан тул монгол түмэн санасандаа хүртэл цэнгэн наадаж чадаагүй гэхэд болно. Харин Улсын наадмын дараагаар тэнгэр хангай хураа хайрласан тул байгаль дэлхий зүсээ хувирган ногоон өнгөөр хучигдсан.
Тиймээс даншиг наадмыг зорих наадамчин олны хөл тоо томшгүй байлаа. Хэзээнээс наадамлах дуртай монгол түмэн Хүй мандалын торгон ногоон дэвжээг хоёр хоног бүрхэн наадсан нь хүн бүрийн сэтгэлд өег санагдаж байв. Хамгийн сүүлчийн Даншиг наадам 1922 онд болсон гээд бодохоор монголчууд бид даншиг наадмаа хийхгүй 93 жилийн нүүр үзсэн байна. Тиймдээ ч Даншиг наадмаа санасан олон их байсан биз ээ. Даншгийн бөхийн барилдаан нэгийн даваанаас эхлэн сугалаагаар явагдсан нь хүн бүрийн анхаарлыг зүй ёсоор татаж байв.
Улсын баяр наадмын дараа шинээр цол авсан бөхчүүдийг цолоо мөнгөөр авсан найраа хийсэн хэмээн ярих болсон өнөө үед сугалаагаар барилдуулж байгаа нь авууштай зүйл байлаа. Бөхийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, гарьд Б.Гончигдамба, заан Ц.Мягмарсүрэн, харцага Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Б.Пүрэвсайхан тэргүүтэй 256 хүчтэн зодоглож үнэн хүчийг үзэн уран мэхийг уралдуулан барилдлаа. Гэхдээ бөхчүүдийг улсын цолоор дуудуулан барилдаагүй гэдгийг энд дурьдах нь зүйтэй болов уу. Тус наадамд бөхчүүд зөвхөн аймаг, сумынхаа нэрээр цоллуулан гарч барилдсан билээ.
Нэгийн даваанд улсын аварга С.Мөнхбат, аймгийн арслан Ч.Эрдэнэчулуунаар, Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан П.Бүрэнтөгс, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат аймгийн харцага Б.Төрмагнайгаар тус тус Даншиг наадмын анхны даваагаа авлаа. Тус давааны хамгийн хатуу сугалааг улсын харцага Ө.Бат-Орших татсан бөгөөд тэрбээр Архангай аймгийн Булган сумын харьяат улсын начин Ч.Ганзоригтой таарсан байв. Хоёр бөхийн барилдаан харцага Ө.Бат-Оршихийн даваагаар өндөрлөв.
Тус даваанд улсын харцага Б.Пүрэвсайхан улсын начин Л.Нямсүрэнтэй таарсан ч Завханы начин гарч ирээгүй тул Ховдын харцага гар амар нэг давсан юм. Мөн улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва аймгийн заан Л.Цээсүрэнтэй барилдах сугалаа сугалсан ч аймгийн заан Л.Цээсүрэн гарч барилдсангүй. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат Т.Өсөх-Ирээдүй Завхан аймгийн заан Т.Бэгзсүрэнгээр даваагаа авсан юм.
ХАМГИЙН ХАТУУ СУГАЛАА
Хоёрын даваанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж, Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын харцага Ө.Бат-Орших нар сугалаагаар таарсан байв. Бөх сонирхогчид шилдэг хоёр харцагын барилдааныг ийм дор даваанд үзнэ гэж бодоогүй болов уу. Сугалаагаар барилдаж байгаа тул яах ч билээ дээ. Хоёр бөх хэдхэн хоногийн өмнө Увс аймгийн түүхт 90 жилийн ойд тунан барилдаж, Ө.Бат-Орших даацтай хутгаж даваагаа ахиулж байсан.
Тиймээс энэ удаа Со харцагын хувьд даагаа нэхэх барилдаан байлаа. Хөвсгөлийн харцага ч нэг бөхөд ойр ойрхон хоёр унахгүй гэдгээ харуулан тохой сөхөж хавираад өрсөлдөгчөө орхив. Мөн хоёрын даваанд улсын арслан П.Бүрэнтөгс Сэлэнгэ аймгийн заан Б.Эрдэнэбаярыг урдаа гүйлгэн суйлаад дутуудангуут мордоод мэхээ гүйцээлээ. Улсын арслан Н.Батсуурь нутгийн дүү сумын заан Г.Гансүхээр даваагаа ахиулав.
ХҮЧ ШАВХСАН ОЛОН БАРИЛДААНТАЙ ГУРВЫН ДАВАА
Гурвын даваанд улсын арслан П.Бүрэнтөгс Баянхонгор аймгийн арслан Н.Золбоотой учраа таарч урдуураа гүйлгэн тойгдоод мэхээ даалгав. Улсын арслан Н.Батсуурь Дорнод аймгийн арслан П.Мөнхбаттай сугалаагаар таарч, даваагаа авлаа. Булган аймгийн Сайхан сумын харьяат улсын харцага Н.Түвшинбаяр, аймгийн арслан Ц.Чимэддоржийн баруун хөлийг шүүрч мэхээ гүйцээв.
Тус даваанд улсын аварга С.Мөнхбат, аймгийн арслан Б.Эрдэнэхүүгээр, улсын харцага Б.Пүрэвсайхан улсын начин Б.Бадамсүрэнгээр, улсын начин Б.Насандэлгэр, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатараар, улсын начин Р.Пүрэвдагва, аймгийн начин Азбаяраар тус тус даваагаа ахиулав. Мөн аймгийн арслан Д.Анар, аймгийн заан Ц.Бямба-Очир, аймгийн арслан Ц.Мөнхбаяр, Ч.Хөхчирэнгэр нарын олон шилдэг хүчтэнүүд хоорондоо таарч хүч үзсэн юм.
ЦОЛНЫ ӨМНӨХ ДАВААНЫ СУГАЛАА ШИРҮҮН БАЙЛАА
Шинэ зууны анхны Даншиг наадмын дөрвийн давааны сугалаа тун чанга болов. Улсын аварга С.Мөнхбат аймгийн хурц арслан О.Гантулгатай таарч, даваагаа ахиуллаа. Тэгвэл улсын арслан П.Бүрэнтөгс, улсын харцага Н.Түвшинбаярыг шуудагнаас зүүн мордож мушгиад өвдөг шороодуулсан бол арслан Н.Батсуурь харцага Б.Пүрэвсайхантай даагаа нэхэх барилдаан хийсэн ч баралгүй баруун зайлуулан уналаа. Энэ хоёр бөх Увс аймгийн 90 жилийн ойгоор учраа таарч, Б.Пүрэвсайхан давж байсан удаатай.
Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамба Хэнтий аймгийн начин Д.Аззаяаг харцагадаж зүүн мордоод давсан бол улсын харцага Ц.Содномдорж, улсын начин Л.Цэрэнтогтохыг шуудагнаас давхар тохох мэхээр орхиж, үзэгчдийн “цөсийг хөөргөв.” Харин улсын заан Д.Баасандорж, аймгийн арслан Ч.Хөхчирэнгэрийг мордсон ч мэхээ дутуу хийж өөрөө өвдөг шороодлоо. Мөн улсын начин Б.Насандэлгэр аймгийн арслан Д.Амарсайханы мэдрэмжтэй бусгаанд тогтолгүй өвдөглөв. Архангай аймгийн Булган сумын харьяат улсын өсөх идэр начин Р.Пүрэвдавга Ховд аймгийн арслан О.Бадамгаравыг төвөггүйхэн шахаж татаад унагасан юм.
УЛСЫН НААДМААР АВААГҮЙ ЦОЛОО ДАНШГААР ХҮРТЭВ
Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан Оргихын Хангай аль хэдийнэ бөх сонирхогчдын танил болсон хүчтэн. Тэрбээр 2014 оны Улсын баяр наадмын начны тааварт нэрлэгдэж байсан ч хашир заан Б.Сайнбаярыг бараагүй. Харин энэ жил ардын төрийнхөө наадамд аймгийн арслан Н.Золбоо, улсын гарьд Ш.Жаргалсайхан нараар гурав, дөрөв давж анх удаа улсын начны даваанд зодоглож үзсэн. Гэвч О.Хангайг амлах хүчтэн байсангүй. Тэрбээр аймгийн арслан Ч.Ганзоригтой тунан барилдаж, өвдөг шороодсон юм. Ховд нутгийн идэрхэн хүчтэн Улсын наадмаар аваагүй начин цолоо Даншгаар хүртлээ. Тэрбээр улсын арслан П.Бүрэнтөгстэй тавын даваанд таарч, орхисноор Даншгийн начин цол авав. Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат аймгийн арслан Д.Амарсайхан цэргийн начин Д.Цэрэнтогтохоор тав давж Даншгийн начин цолд хүрлээ. Мэдрэмжтэй барилддаг энэ залуу Улсын баяраар ч начны тааварт нэрлэгддэг хүчтэн дээ.
НЭГ ЖИЛ ХОЁР ӨӨР НАЧИН ЦОЛ ХҮРТЛЭЭ
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат улсын начин Болдбаатарын Батжаргал энэ жилийн Улсын баяраар хүчит арслан Х.Мөнхбаатарыг орхин начин цолны босго алхсан. Тэрбээр ХХI зууны анхны Даншиг наадмаар Хөвсгөл аймгийн арслан Ч.Хөхчирэнгэрээр тав давж, Даншгийн начин цолд хүрэв. Б.Батжаргал ийнхүү нэг жил хоёр өөр наадмын начин цолыг хүртсэн бөх боллоо. Тэрбээр зургаагийн даваанд улсын начин Р.Пүрэвдагвын гар таллан дайрсан мэхэнд өвдөг шороодсон юм.
ТӨРИЙН НААДМААР ДАВААГҮЙ ДАВААГ ДАНШГААР ГЭТЛЭВ
Булган аймгийн Могод сумын харьяат улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Эрдэнэбилэгийн Энхбат улсын наадамд гурван удаа тав давсан шилдэг хүчтэн. Түүний цолоо ахиулахыг хүлээж суудаг бөх сонирхогчид олон. Тэгвэл Э.Энхбат начин Даншиг наадмаар Төрийн наадмаар давж үзээгүй зургаагийн давааг давж, үзэгч олноо баярлуулав. Гэхдээ Даншигт харцага цол өгөхгүй гэсэн тул өсөх идэр начин боллоо. Э.Энхбат начин улсын аварга С.Мөнхбатыг тавын даваанд өргөхөд нь хөмрөөд дороо хийсэн бол зургаа дээр аймгийн арслан О.Хангайг орхисон юм.
СО ХАРЦАГА ЗААНЫ ЭНТЭЙ БӨХ
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Цэдэвийн Содномдорж энэ жил улсын наадмаар харцага цолоо батлан зааны даваанд хүч үзсэн. Со харцагыг наадамчин олон улсын зааны энтэй бөх хэмээн үнэлдэг. Содномдорж харцага энэ жилийн Даншгаар хамгийн хүнд барилдаануудыг хийсээр зургаа давж, өсөх идэр чимэгтэй начин болов. Тэрбээр тавын даваанд улсын харцага Т.Өсөх-Ирээдүйг өвдөг шороодуулсан бол зургаагийн даваанд улсын харцага Б.Пүрэвсайхантай хүч шавхсан барилдаан хийлээ. Хоёр харцагын барилдаан тэнцүүхэн өрнөсөн бөгөөд Пүрэвсайхан мордоход нь Со харцага сөрж хутгаад мэхээ даалгасан юм. Ийнхүү Содномдорж харцага нэг жил хоёр удаа заан цолны даваанд боссон ч харамсалтай нь өвдөг шороодлоо.
ЗАВХАН НУТГААС ДАНШГИЙН ЗААН ЦОЛТОН ТӨРӨВ
Улсын баяр наадамд сүүлийн таван жил завсаргүй шөвгөрсөн хүчтэн бол Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамба. Тэрбээр шинэ зууны анхны Даншиг наадмаар одтой сайхан барилдаж, долоо даван заан цол хүртлээ. Гончигоо гарьд тавын даваанд Өвөрхангай аймгийн начин Д.Наранцогтыг хаясан бол зургаагийн даваанд аймгийн арслан Д.Амарсайханыг гуд татан мэхээ гүйцээсэн юм. Ингээд Даншгийн зааны даваанд улсын начин Э.Энхбатын хөмрөөнд үлдэж, тугаа тойрон үзүүр, түрүү булаалдахаар үлдэв.
АР САЙХАН ХАНГАЙ НУТГИЙН ХҮҮ ДИЙЛДСЭНГҮЙ
Архангай аймгийн Булган сумын харьяат улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва ХХI зууны анхны Даншиг наадмын арслан болох хувьтай байжээ. Даншгаар түүнийг зогсоох хүчтэн хараахан байсангүй. Тэрбээр тавын даваанд улсын заан М.Өсөхбаярыг орхисон бол зургаа дээр улсын начин Бо.Батжаргалыг өвдөг шороодуулсан юм. Өсөх идэр начин долоогийн даваанд улсын харцага Ц.Содномдоржийг шахаж татаж унагасан. Тэрбээр наймын даваанд улсын гарьд Б.Гончигдамбыг баруун тонгороод мэхээ гүйцээн энэ зууны анхны Даншгийн арслан хэмээн дуудуулахаар боллоо.
Үзүүр, түрүүний бөхчүүдийн сэтгэгдэлийг танд хүргэж байна. Р.Пүрэвдагва: Энэ сайхан Хүй мандалын дэнж дээр болсон ХХI зууны анхны Даншиг наадамд түрүүлсэндээ баяртай байна. Хүй мандалын торгон ногоон дэнжийг бүрхэн дэнж хотойтол наадсан монгол түмэндээ баярлалаа. Б.Гончигдамба: Даншиг наадамд сайхан барилдаж үзүүрлэсэндээ баяртай байна. Завхан нутгийн ард түмэн болон монголын нийт ард түмэндээ ийнхүү сайхан наадмыг мэндийг хүргэе.
ЭНЭ ЗУУНЫ АНХНЫ ДАНШИГТ ТӨВ АЙМГИЙН ХУРДАН ХҮЛГҮҮД ӨНГӨЛЖ УРАЛДАВ
XXI зууны анхны Даншиг наадмын хурдан соёолон, азарга, их насны морьдын уралдаан элдэв маргаан будлиангүй сайхан боллоо. Даншиг наадмын адуун сүргийн манлай азарганы уралдаанд 110 алтан туурт гарааны зурхайгаас эргэснээс Төв аймгийн Баянцагаан сумын уяач Хишигийн Баярбатын хээр азарга түрүүлэн ирж түмэн олноо баясгав. Аман хүзүүнд Булган аймгийн Дашинчилэн сумын уяач Дашчирэвийн Зоригоогийн бор азарга хурдалсан бол Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Батмөнхийн Шагдаржавын хүрэн халзан азарга айргийн гуравт, Булган аймгийн Орхон сумын уяач Бямбасүрэнгийн Батсайханы саарал айргийн дөрөвт, Завхан аймгийн Идэр сумын уяач Шагдаррагчаагийн Үнэнбатын дэлбэг хээр айргийн тавд тус тус давхисан юм.
6.Төв аймгийн Жаргалант сумын уугуул Б.Гантөмөрийн зээрд. Уг зээрд азарга саяхан болсон Увс аймгийн 90 жилийн ойн, Баруун бүсийн хурдад айргийн гурваар орсон хурдан буян билээ.
7.Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Батболдын чандмань бор
8.Хэнтий аймгйин Цэнхэрмандал сумын уугуул Д.Мөнхдэлгэрийн хонгор
9.Төв аймгийн Аргалант сумын уяач Б.Тэмүүжингийн зээрд
10.Улаанбаатар хотын уяач Ц.Мөнхсүхийн зээрд халзан тус тус хурдлав. Соёолонгийн уралдаанд 121 шандаст хүлэг бүртгүүлснээс есөн соёолон хасагдаж, 112 нь гараанаас нэгэн зэрэг эргэсэн юм. Ингээд барианд орох мөчид Төв аймгийн Бүрэн сумын Өлзийдаваагийн Жамаагийн хул соёолон магнайдаа тоос хүргэлгүй хурдлан ирж, торгон жолоогоо өргүүллээ. Төв аймгийн Баянжаргалан сумын уяач Бумбаны Мөнхтүвшингийн хонгор халзан үрээ аман хүзүүдэж уясан эзэн унасан хүүхдээ баярлуулав. Дундговь аймгийн Адаацаг сумын уяач Ойдовдоржийн Ганбаагийн хонгор халзан айргийн гуравт, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уяач Жигжидийн Хоролбаатарын ембүү хээр айргийн дөрөвт, Төв аймгийн Жаргалант сумын уяач Баттөмөрийн Гантөмөрийн хүрэн халзан хязаалан айргийн тавд тус тус хурдлав. Тус хязаалан Даншиг наадамд нас ахин уралдсан аргагүй аргамаг хүлэг гэдгээ батлан айрагдлаа.
6.Төв аймгийн Сэргэлэн сумын уяач У.Ганхүүгийн хул. Уг үрээг 12 натсай Н.Очират унаж давхиулсан байна.
7.Улаанбаатар хотын уугуул Д.Батсайханы хонгор. Хонгор үрээг долоон настай Г.Халиунболд унасан юм.
8.Ховд аймгийн уяач С.Мэндсугарын хар. Хар соёолонг 12 настай Ц.Мөнхзул унажээ.
9.Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Ө.Отгонбаатарын хүрэн халзан тус тус давхисан юм. Тус үрээг долоон настай Г.Санжаасүрэн унаж хурдлуулав. Их насны морьдын уралдаанд 121 шандаст хүлэг тоосоо өргөж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн уяач Н.Мөнхбаясгалангийн зээрд халзан морь түрүүлэн ирж, тод магнай, торгон жолоогоо өргүүлэв. НЗДТГ-ын уяач С.Очирбатын хүрэн халзан аман хүзүүдлээ. Төв аймгийн Лүн сумын уяач А.Эрхэмбаярын хүрэн айргийн гуравт, Төв амгийн Борнуур сумын Ч.Буянхүүгийн хул айргийн дөрөвт, Төв аймгийн Баянчандмань сумын уяач С.Чинбатын сартай хүрэн морь тус тус хурдалжээ.